Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2018-01-29 |
Дугаар | 160 |
Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Энхтайваны Чингис |
Шүүгдэгч | Д.Б |
Зүйл хэсэг | 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах |
Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, нарийн бичгийн дарга Г.Номин, улсын яллагч Н.Гэрэлмаа, шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн 1706 03837 0077 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Моносын 1 дүгээр гудамжны 446 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар аймгийн шүүхийн 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан 3 жилийг хорих ял шийтгэгдэж байсан, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Д Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д Б нь 2017 оны 12 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Моносын 1 дүгээр гудамжны 446 тоотод эхнэр Ч.Батзулыг хардалтын улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв. Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ч.Батзулын мэдүүлэг /хх-6-8/, шүүгдэгч Д.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-30-31/, шинжээчийн 15127 дугаартай дүгнэлт /хх-12-13/, шүүгдэгч Д.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-20/, шүүгдэгч Д.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Д Б нь 2017 оны 12 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Моносын 1 дүгээр гудамжны 446 тоотод эхнэр Ч.Батзулыг хардалтын улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь: Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Батзулын өгсөн: “Би нөхөр Д.Бтэй амьдраад 3 жил болж байна. 2 настай хүүтэй. 2017 оны 12 дугаар сарын 3-нд ажлынхантайгаа пиво ууж байгаад 22 цагийн үед гэртээ ирсэн чинь миний утсанд “сайн уу” гэсэн мессеж ирсэнээс болж хардаж хэрүүл маргаан эхэлсэн. Тэгээд “чам шиг янханыг мэдэхгүй хэн байдаг юм бэ” гэж доромжлоод байхаар нь уурлаад данхтай цайгаа хана руу шидсэн. Гэрээсээ явна байнга хардалттай байж чадахгүй явлаа гээд хувцсаа өмсөөд гарах гэсэн чинь үснээс зулгааж хамар руу 2 удаа цохиж цус гаргасан. Доошоо цөхрөөд суусан чинь уучлал гуйгаад хамрын цусыг цэвэрлээд унтацгаасан...Миний биед учирсан гэмтлийг манай нөхөр Д.Б учруулсан, намайг өмнө цохиж, зодож байсан асуудал байхгүй." /хх-6-8/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад Д.Бгийн яллагдагчаар өгсөн: “...Миний уур хүрч босоод баруун гараа атгаж байгаад эхнэрийнхээ нүүр рүү 2 удаа цохиход эхнэр нүүрээ дараад доошоо тонгойх үед чихний ар хэсэг рүү нь дахиад нэг удаа цохисон юм.” хх-ийн 30-31/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр №15127 дугаартай дүгнэлтэд: 1. Ч.Батзулын биед хамрын нуруу, хоёр нүдний дотор булан доод зовхи, зүүн чамархай, хүзүү, зүүг өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-12-13/ гэх дүгнэлт,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-20/, -Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч Ч.Батзул нь эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол, саналгүй болно. Хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. Шүүхээс шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Д Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Бг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Б нь шүүх оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай. 5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөр төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |