Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2018-10-08 |
Дугаар | 1387 |
Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Энхтайваны Чингис |
Шүүгдэгч | П Б С |
Зүйл хэсэг | 11.4.1. - Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах |
Улсын яллагч | Д.Уянга |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин, Улсын яллагч Д.Уянга, Шүүгдэгч Пак Бон Су, түүний орчуулагч Ё.Эрдэнэбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П Б С холбогдох эрүүгийн 1806069471603 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Бүгд найрамдах Солонгос улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Бүгд найрамдах Солонгос Улсад төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой. эдийн засагч мэргэжилтэй. ял шийтгэлгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 8 дугаар хороо тоотод түр оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай / хувийн дугаар-1 6/, /TT1:M /, П Б С .
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П Б С нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Соман плазагийн 305 тоотод иргэн С.Энхжинг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П Б С мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Энхжингийн мэдүүлэг /хх-8/, гэрч Г.Гандаваагийн мэдүүлэг /хх-9/, гэрч Лий Суннам-ын мэдүүлэг /хх-10/, шинжээчийн дүгнэлт /хх-17/, шүүгдэгч П Б С гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-30-31/, шүүгдэгч П Б С гийн гадаадын иргэний талаарх интерполын үндэсний товчоонд мэдэгдэх тэмдэглэл /хх-39/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч П Б С нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Соман плазагийн 305 тоотод иргэн С.Энхжинг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч хохирогч С.Энхжингийн өгсөн: “2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өглөө 11 цаг өнгөрч байх үед манай ажил дээр захиралтай уулзахаар үл таних Солонгос улсын иргэн ирсэн. Солонгос залуу орж ирээд захирал руу дуу нь хадаад орилоод байсан.....бид нарын ажилла нөхцөл байдлыг доголдуулж амгалан тайван байдал алдагдуулж байсан болохоор албан өрөөнөөс гарахыг шаардахад бид нарыг зодох гээд байсан. ...тэгээд бид нар хаалгаар гаргаж байх үед эргэж хараад миний хэвлий хэсэг рүү өшиглөж намайг унагаасан. ...яг цохиулах үед хэвлий хэсэгт хүчтэй өвдөлт мэдрэгдэж нүд харанхуйлан босч чадахгүй байсан.” /хх-8/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Гандаваагийн өгсөн: “Би хамгаалагч дуудахаар доод давхар руу буугаад буцаад ирэхэд манай менежер уйлаад хэвлийгээ дараад зогсож байсан юу болсон бэ гэхэд нөгөө Солонгос намайг өшиглөсөн гэж хэлсэн. Хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд Солонгос залуу менежер Энхжинг өшиглөөд унагааж байгаа бичлэг бичигдсэн байсан.” /хх-9/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Лий Суннам-ын өгсөн: “Квон Мюн Су ардаас гарыг нь бариад тэвэрсэн байхад Энхжингийн хэвлийн тус газар нэг удаа өшиглөхөд Энхжин бөгсөөрөө газар шалан дээр унасан тэгзэд БНСУ-ын иргэн П Б С Энхжинг өшиглөж унагаачихаад “би өшиглөөгүй” гээд хэрүүл хийгээд маргалдаад байсан.” /хх-10/ гэх мэдүүлэг,
Шинжээчийн дүгнэлт: 1. С.Энхжин-н биед ахар сүүлний 3 дугар нугаламын хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ахар сүүлний хугарал гэмтэл нь хүндэвтэр, тархи доргилт гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-17/,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч П Б С гийн яллагдагчаар өгсөн: “ Би тэр эмэгтэйг 1 удаа өшиглөсөн. Миний буруу, энэ үйлдэлдээ харамсаж байна. /хх-30-31/, Мөрдөн байцаалтад шүүгдэгч П Б С гийн гадаадын иргэний талаарх интерполын үндэсний товчоонд мэдэгдэх тэмдэглэл /хх-39/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч П Б С нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Соман плазагийн 305 тоотод иргэн С.Энхжинг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар П Б С д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч П Б С д 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч П Б С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч П Б С г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П Б С г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар П Б С нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П Б С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, П Б С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, П Б С гийн гадаад паспортыг хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П Б С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П Б С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС
|
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |