Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2019-02-14 |
Дугаар | 263 |
Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Энхтайваны Чингис |
Шүүгдэгч | Ш.Т |
Зүйл хэсэг | 11.4.1. - Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах |
Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа, Улсын яллагч Ц.Гантулгабат, Шүүгдэгч Ш.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Т холбогдох эрүүгийн 1806 08469 0066 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эх, эхнэр, дүү, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1Б хэсэг, Б.Доржийн гудамжны тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Ш.Т .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ш.Т нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон төгөл” хотхоны орчимд иргэн А.Төгөлдөрийг цохисоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч А.Төгөлдөрийн өгсөн мэдүүлэг /хх-8-10/, гэрч Б.Уянгын өгсөн мэдүүлэг /хх-13/, насанд хүрээгүй гэрч П.Тэргэлийн өгсөн мэдүүлэг /хх-14-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12365 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай дүгнэлт /хх-26-27/, шүүгдэгч Ш.Т урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-50/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Т нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон төгөл” хотхоны орчимд иргэн А.Төгөлдөрийг цохисоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Төгөлдөрийн өгсөн: “...”Эко” захын урд талын туслах замаар 96-08 УБП улсын дугаартай тоёота сай машинтай явж байх үедээ саад тойроход өөдөөс ирж байсан 61-24 УБӨ улсын дугаартай саарал өнгийн приус машин надтай зөрсөн. Цонх онгорхой байсан ба “саад тойрч байхад хүлээгээч” гэж хэлэхэд тэр машины жолооч миний нүүр рүү машин дотроосоо нэг удаа нүүрэн тус газарт цохисон. Миний хамарнаас цус гарч “чи намайг цохилоо шүү, би цагдаа дуудлаа” гэхэд “цагдаагаа дууд” гэж хэлээд яваад өгсөн. Тухайн машины жолооч 30 орчим насны залуу байсан.” /хх-8-10/ гэх мэдүүлэг, Мөн түүний Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан: “...А.Төгөлдөр миний бие 303.000 төгрөгийг хүлээн авсан учир өөр гомдол санал гэх зүйлгүй байхгүй болно” /хх-55/ гэх хүсэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Уянгын өгсөн: “...Урсгал сөрөөд цагаан машин орж ирсэн ба нөхөр Ш.Т “ухраач ээ” гэхэд дайрч орж ирээд машины толь шүргэсэн. Нөхөр Ш.Т цонхоор “чи яаж яваад байгаа юм” гэж хэлсэн. Нөгөө машины жолооч залуу цонхоо онгойлгоод ёжтойгоор “чи гөлөг шиг дайрчихаад” гэж хэлсэн. Би хүүхдээ хөхүүлж байхад нөхөр Ш.Т гараа далайх шиг болсон.” /хх-13/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч П.Тэргэлийн өгсөн: ...”Ногоон төгөл” хотхоны орчим А.Төгөлдөр намайг хичээл рүү хүргэж өгөх гээд явж байсан. Тэгтэл түгжрэл болсон. Тэгээд хажуу талын машины нэг ах А.Төгөлдөр ахтай хэрэлдээд байсан. Тэгээд нөгөө ах А.Төгөлдөр ахын нүүр рүү 1 удаа гараараа цохиод яваад өгсөн. А.Төгөлдөр ахын хамарнаас цус гарсан.” /хх-14-15/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12365 дугаартай дүгнэлтэд: 1. А.Төгөлдөрийн биед баруун хоншоор ясны цөмөрсөн хугарал, баруун дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-20/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай дүгнэлтэд:
2. А.Төгөлдөрийн биед баруун хоншоор ясны цөмөрсөн хугарал, баруун дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт гэмтэл учирсан ба баруун хоншоор ясны өмнөд ханын цөмөрсөн хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. А.Төгөлдөрийн биед учирсан гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 12-нд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.” /хх-26-27/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Тэмүүгийн яллагдагчаар өгсөн: “...Тэгээд би айлгах санаатай гараа далайхад нүүрэнд нь хүрчихсэн. Салаад машинаа хөдөлгөөд явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” /хх-44-45/,
Амбулаторын түр карт /хх-18/, “Натур эмнэлэг” компьютерт томографийн оношлогоо /хх-19/, Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-38-39, 52-54/, Шүүгдэгч Ш.Тэмүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-57/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ. Иймд шүүгдэгч Ш.Т 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон төгөл” хотхоны орчимд иргэн А.Төгөлдөрийг цохисоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүгдэгч Ш.Т нь хохирогч А.Төгөлдөрт нь учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Ш.Т хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Т г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар Ш.Тэмүүгээг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ш.Т нь шүүхээс оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ш.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ш.Т нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ш.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ш.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |