Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-05-05
Дугаар 50
Хэргийн индекс 137/2019/0046/Э
Шүүх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх
Шүүгч Батжаргалын Нармандах
Шүүгдэгч Д.Б, Ө.У
Зүйл хэсэг 24.3.1. - Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах
Улсын яллагч Э.Тулгаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Нийслэлийн прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Т овогт Ө.У-г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Б овогт Д.Б нарт зүйлчилж ирүүлснийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

2.  Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдан авч улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг, шүүгдэгч Ө.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар тээвэрлэн улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У, Д.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Шүүгдэгч Ө.У, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Дорноговь аймгийн Замын-Үүд дэх мэргэжлийн хяналтын газрын агуулахад хадгалагдаж байгаа нэг бүр нь 25 кг савлагаатай 40 шуудай кальци гипохлоридийг улсын орлого болгохоор Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 800,000 төгрөгийг шүүгдэгч Д.Б, Ө.У нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.У, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.Н

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.