Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-05-31
Дугаар 680
Хэргийн индекс 185/2019/0528/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лувсандоржийн Одончимэг
Шүүгдэгч Э.О
Зүйл хэсэг 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч Я.Мөнхзаяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

          Улсын яллагч Я.Мөнхзаяа,

          Шүүгдэгч Э.Онарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Э.Од холбогдох эрүүгийн 1909010190508 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Интермед” эмнэлэгт үйлчлэгч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн Найрамдалд оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагаан 25 дугаар гудамжны 11 тоотод оршин суудаг гэх, урьд 2004 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 273 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 72 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө 1 жил 6 cap 2 хоног тэнсэн суллагдсан, Боржигон овогт Э.О, регистрийн дугаар НЫ84080269.

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүгдэгч Э.Онь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Смайл” баарны гадаа хохирогч Ж.Ухувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Э.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Э.Онь 2019 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Смайл" баарны гадаа хохирогч Ж.У-ийн биед духны зүүн хэсэг, хамрын уг нуруу, баруун зүүн хацар хүзүүний урд доод хэсэгт зулгаралтууд, баруун гарын тохойн үений суналт, зургарал, хамар 2 нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

     Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 9-нд шилжих шөнө “Смайл” бааранд Э, О, Ол нар намайг дуудсан. Би тус бааранд ороод шууд бүжгийн талбай дээр бүжиглэсэн. Би бүжиглэж байхдаа ширээрүү харахад миний найз Эрхэмтуяаруу салаавч гаргаж байсан. Би ширээн дээрээ очоод О-ийг гаръя гэхэд хажуу талын буланд хэвтэж байсан үл таних У босож ирэнгүүтээ О-гийг мөрлөсөн. Тэгэхээр нь би дуугай эргээд сууж байтал О босож ирээд гадаа гараад алалцъя, чи угаасаа ийм их хүн дагуулж ирээд бид нартай зодолдох гэж орж ирсэн юм биш үү гэхээр нь би гаръя гээд баарнаас гарсан. Баарнаас гарангуут О-гийг танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн дараад унагаасан байсан. Би -ийг салгах гээд очиход Э, О хоёр намайг хашлаган дээр унагаасан. Би эргээд тэр хоёртой зууралдсаар байгаад босож ирээд байж байтал үл таних У намайг өшиглөсөн. Би уурандаа хоёр алгадаад үснээсээ зулгаасан. Манай нөхөр ирээд машинд суулгасан. Нэг мэдэхэд 2 цагдаа ирээд намайг аваад явсан ” гэх мэдүүлэг, 

          Хохирогч Ж.У-ийн "...2019 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах "Смайл" баарны гадаа шөнийн 00-01 цагийн үед би нэг ухаан ороход газар хэвтэж байсан. Тухайн үед гурван үл таних эмэгтэй намайг нийлээд зодож байсан. Нэг эмэгтэй нь миний хамарруу гараараа цохиход би ухаан орж сэргэсэн. Дараа нь хүмүүс намайг тэр эмэгтэйчүүдээс салгасан чинь надтай явж байсан О надад хандаж У эгчээ таны нүүр ямар аймар болчихсон юм бэ гэж хэлсэн. ...Тухайн үед О манай найз О-ийн найз эмэгтэйтэй муудалцсан гэж сонссон. Энэ үед би согтуу тасарчихсан бааранд байсан. Надтай ямар шалтгаанаар маргалдсаныг сайн мэдэхгүй байна. Тухайн үед би халамцуу байсан. ...О нь намайг баарны гадаа унасан байхад миний хамарруу нилээд олон удаа цохисон. Тэгээд О-ийн нөхөр бид хоёрыг салгаад О-г машиндаа суулгаад аваад явсан" гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

            Хохирогч Ж.У-ийн дахин өгсөн "...Тухайн үед хэрэг болсон газар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Смайл” баарны гадна талбай юм. ...Одоо Э.Онь миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулж, гэм буруугаа хүлээж надаас уучлалт гуйсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..." гэх мэдүүлэг, /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3214 дугаартай "..Урантуяагийн биед духны зүүн хэсэг, хамрын уг нуруу, баруун зүүн хацар, хүзүүний урд доод хэсэгт зулгаралтууд, баруун гарны тохойны үений суналт, зулгарал, хамар 2 нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байж болно. ... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

          Гэрч Н.О-ийн "...2019 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах "Смайл" бааранд Отүүний нөхөр болон манай найз хүүхэн Баагий бид нар орж үйлчлүүлсэн. Тухайн үед эрэгтэй, эмэгтэй үл таних хоёр хүн болон нэг үл таних эмэгтэй ширээ тулаад тасраад ширээн дээрээ нилээн муудчихсан хэвтэж байсан. Удалгүй надад архи юмуу пиво нэг хүн өгч байх шиг байсан ба тэр архи согтууруулах ундааг нь би уугаад ширээнээсээ босоод бүжгийн талбай дээр бүжиглэж байтал гэнэт зодоон болсон байсан. Дараа нь би тус баарнаас гараад явах гэтэл баарны үүдэнд О, У хоёр хоорондоо үсдэлцээд нэг нэгнийгээ хөлөөрөө тийрж өшиглөөд дараа нь У-г О доороо оруулаад зодоод байсан. О-ийн нөхөр бид хоёр тэр хоёрыг салгаад тамхи татуулаад хоёр талд нь яриулж байтал У-ийн ээж нь ирсэн үйл явдал болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

          Гэрч Г.Э-гийн "...2019 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих О, У эгч бид гурав Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Смайл” бааранд хамт сууж байтал О над руу нилээн олон удаа гар утсаараа залгасан байсан. Би найз охин О-дээ гар утас өгсөн чинь О бааранд хоёр найз эмэгтэйгээ нөхөртэйгөө хамт дагуулаад ороод ирсэн. Тухайн үед бид нар хоорондоо мэндлээд нэг нэгэндээ баярын мэнд хүргээд байж байтал О-ийн дагуулж ирсэн нэг эмэгтэй намайг сайн уу баярын мэнд гэж хэлсэн чинь чи хэн юм май гэж хэлээд салаавч гаргахаар нь би хүүе ээ та чинь яасан аймар юм бэ, адилхан эмэгтэй улсууд байж нэг нэгэнрүүгээ салаавч гаргаад гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй чи хэн юм чамайг танихгүй юм байна гэж хэлсний дараа О найзыгаа тайвшруулсан. Үүний дараа бөөнөөрөө ширээнд сууж байгаад архи ууцгаасан. Нэг мэдсэн чинь би баарны үүдэнд О-д үсдүүлээд зогсож байсан. Дараа нь манай О гэх найз намайг Одонгуагаас салгаад байж байтал Урантуяа эгч гарч иртэл О, У эгчийг үсдэж дараад зодоод байсан. Яг яаж цохиж зодсоныг нь сайн санахгүй байгаа. О, У-г зодож байсан. ...Тухайн хэрэг явдал Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Смайл баарны бүжгийн талбай болон гадна үүдэнд зодоон болсон." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

          Гэрч Д.О-ийн "...би гаднаас О болон түүний найз гэх үл таних хоёр эмэгтэй түүний нөхөр дөрвийг тосож аваад баарлуу орсон. Баарлуу ороод ширээн дээр суулгаад босоод явсан. Дараа нь би бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад баарнаас гарсан чинь Урантуяа эгчийг О доороо хийгээд зодож байсан. Би О-гаас тухайн үед У-г салгаж аваад ямар хаашаа юм бэ хүн зодоод гэж хэлсэн чинь хэрүүл болоод нөгөө хоёртой маргалдаад байж байтал цаад гудамжинд О найз Э-г үсдээд зогсож байсан. ...Тухайн үед О,У эгчийг үснээс зулгааж,  нүүрлүү нь цохихоор нь би Урантуяа эгчийг болиоч гэж хэлээд салгах гэсэн боловч намайг О үсдэж дараад нүүррүү маань өшиглөсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

          Гэрч Б.Б-ын "...Би О-тай анх 2017 онд танилцаад одоог хүртэл хамтран амьдарч байна. Одоогоор албан ёсны гэрлэлтийн баталгаагүй байгаа. Дундаасаа нэг охинтой. У-г сайн танихгүй. ...Бааранд ороход лангууны наад талын ширээнд үл таних залуучууд байсан ба О, О- хоёрыг дуудсан хүмүүс сууж байсан. Дараа нь би уг баарнаас гарч машинаа зогсоол дээр байрлуулах гээд зогсоогоод байж байтал баарны гадаа гэнэт зодоон болсон. Ингээд баарны үүдэнд очтол О-ийн дээр үл таних залуу болон нэг эмэгтэй хоёр гараад зодож байсан. Тэр хоёрыг О-гаас салгаад эхнэр Одонгуагаа асуутал баарны цаана байрлах замын хайлсны хажууд О-г хоёр үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үснээс нь зулгаагаад зогсож байсан. ...Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тэр үед надаас бусад нь бүгд архи уусан согтуу байсан. ...Урантуяа эхнэр О-г гараараа нүүрнээс нь барьж түлхээд хоорондоо цохилцоод зодолдоод ирэхээр нь би тэр хоёрыг салгасан. Би тухайн үед хэн нь хэнийгээ яаж цохисныг нь олж хараагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

          Шүүгдэгч Э.О-ийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 43, 45 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Шүүгдэгч Э.Онь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн

зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Э.Онь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.О-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

          Иймд шүүх шүүгдэгч Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Э.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Э.О-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.О-г шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Онь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Онь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.         

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ОДОНЧИМЭГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.