Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-06-21
Дугаар 613
Хэргийн индекс 185/2019/0570/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сүхээгийн Оюунчимэг
Шүүгдэгч Н.А
Зүйл хэсэг 17.2.1. - Дээрэмдэх
Улсын яллагч Э.Х
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,                                         

Улсын яллагч Э.Халиун,

Шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-г журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н-гийн А-д холбогдох эрүүгийн 1809036480274 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 32-399-Б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УХ 94110115 / Боржигон овогт Н-гийн А нь:

 

- 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Автомакс машин угаалгын газраас Асус маркийн нөүтбүүк хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Р.Оюунцэцэгт 680.000 төгрөгний хохирол учруулсан,

- Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тольт” авто угаалгын газарт ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ж.Мөнхбатын гар цүнхнээс бэлэн 400.000 төгрөгийг нууцаар хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,  

- Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их хөдөлгөөн” нэртэй авто угаалгын газарт иргэн Г.Бат-Эрдэнийн эзэмшлийн 96-28 УБЦ улсын дугаартай Приүс-20 загварын тээврийн хэрэгслээс Самсунг Эс-6 эдж загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч,  324.000 төгрөгний хохирол учруулсан,

- Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр хорооллын орчим 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэн Э.Эрдэнэзаяагийн “Самсунг Эс-6 эдж” загварын гар утсыг “ээжтэйгээ ярьчихаад өгье” гэж хуурч, бусдын эд хөрөнгийг залилан авч, 288.000 төгрөгний хохирол учруулсан,

- Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МАНА” нэртзй авто угаалгын газарт 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэн Б.Отгонсүхийн өмчлөлийн “Самсунг Эс-8” загварын гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч, бусдын эд хөрөнгийг залилан авч, 1.200.000 төгрөгний

хохирол учруулсан.

- Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 3-5 тоотод байрлах иргэн И.Гантулгын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хууль бусаар нэвтэрч, түрийвчэнд байсан мөнгийг нууцаар авч, 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    Хохирогч Ж.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Талх чихэр ХХК-ний урд байрлах Тольт авто угаалгын газрыг ажилуулдаг юм. 2018 оны 08 дугаар сарын 23-ны Фэйсбүүк зараар угаалгын газарт ажиллах өөрийгөө Ганбаатар гэж танилцуулсан эрэгтэй хүнтэй ярьж тохироод эхний өдөр дадлагаар ажиллаж үзэхээр болоод ажиллуулсан. Гэвч тухайн өдөртөө 1 цаг орчим болоод 1 машин угаачихаад угаалгын хүлээлгийн өрөөнд байрлах текний араас цүнхэнд байсан хэтэвчнээс бэлэн 400.000 төгрөгийг аваад явчихсан байсан. Араас нь залгатал утсаа авахгүй байсан. Ямар ч байсан Дэгжин чөтгөр гэсэн фэйсбүүк хаягтай утасны дугаар нь 88333215 гэжээ. / 1 дүгээр хавтас  17-19 /

 

Хохирогч Э.Эрдэнэзаяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын ард зүс таних Н.Аы гэрт намайг дуудахаар нь очсон. Намайг очиход миний гар утсыг аваад “ Ээжтэйгээ ярьчихаад өгье “ гэж хэлээд утас аваад гараад явсан. Би хэсэг хугацааны дараа араас нь гараад харахад байхгүй байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 70-71 /

 

Хохирогч Г.Бат-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их хөдөлгөөн” төвийн авто угаалгын газрыг түрээслэж ажиллуулж эхэлсэн. Уг авто угаалгын газар угаагч ажилд авна гэж үнэгүй.мн сайтад зар тавьсан юм. Тэгээд зарын дагуу 10:00 цагийн үед 88333215 гэсэн дугаараас өмнөх өдөр нь залгаж байсан залуу ирээд өөрийгөө Баяраа гэж танилцуулж орой 22:00 цаг хүртэл ажилласан юм. Тэгээд нөгөө залуу гар утсаараа хүнтэй яриад миний 9628-УБЦ улсын дугаартай цайвар ногоон өнгийн приус-20 маркийн автомашины хажууд зогсож байсан бөгөөд гаднах куртик нь манай угаалгын газрын жижиг өрөөнд байсан юм. Тэгээд нөгөө залуу гэнэт алга болчихсон бөгөөд би орж ирэхгүй удаад байхаар нь өөрийнхөө автомашин дээрээ очоод харахад миний автомашин дотор байсан Самсунг эс 6 эджи маркийн гар утас алдагдсан байсан. Би уг гар утсыг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хорооллын Теди төвөөс 360.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 129-131 /

 

Хохирогч И.Гантулга мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: … 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би  “Үнэгүй.мн” зарын цэг дээр цагийн ажилд авна. 20-35 орчим насны гэсэн зар тавьсны дагуу 88333215 дугаартай залууг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 3-5 тоотод авч ирж 13 цаг гээд хашааны зэрлэг зулгаахаар болсон юм. Би гэрээсээ гарахаасаа өмнө дэлгүүр явах гээд сейфнээсээ 510.000 төгрөг авч хийгээд гоо сайханы ширээн дээр түрийвчээ үлдээгээд явсан байсан. Орой ирээд байж байтал 22 цагийн үед Баасанжав “ Би өчигдрийн орлогыг бурханы өмнө тавьсан байна. Та аваагүй юм уу “ гээд аваад ирсэн. Тэгээд би мөнгөө сэйф рүү хийх гээд очтол сейфний кодыг хөдөлсөн байхаар нь би гэнэт гайхаад кодоо хийх гэснээ болиод түрийвчиндээ хийсэн мөнгөө үзтэл түрийвчинд мөнгө байхгүй байсан гэжээ. / 1 дүгээр хавтас  213-219 /

 

Хохирогч Б.Отгонсүх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний бие Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МАНА” нэртэй авто угаалгын газрыг түрээслэн ажиллуулдаг бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед зарын дагуу өөрийгөө Ганбаа гэж танилцуулсан 22 орчим настай залуу 88333215 гэсэн дугаарын утсаар холбоо барьж ажилд орсон.   Орой 19 цагийн үед миний Самсунг Эс 8 маркийн гар утсыг яриад өгье гэж хэлээд авсан. 11-63 УБС улсын дугаартай Ландкруйзер прадо маркийн автомашиныг угааж байсан. Машиндаа мөн угаалгын мөнгийг нь өгөлгүй миний утсыг аваад явсан. Бичиг баримт байхгүй маргааш өгнө гэж хэлээд ажилд орсон юм. Хүзүүнийхээ төвөнх хэсэг дээрээ хээ дүрс бүхий том шивээстэй залуу байсан гэжээ. / 2 дугаар хавтас 14-16 /

 

Иргэний нэхэмжлэгч С.Бумбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн хэрэг гарсан өдөр манай нөхөр Отгонсүх надад хэлэхдээ “ Манай авто угаалгын газарт угаагчаар ажилд орсон залуу миний Самсунг галакси эс-8 маркийн гар утсыг “ Утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлээд аваад нэг машин угааж байснаа тэр чигтээ яваад өгчихлөө. Дахиж холбоо барьж болохгүй байна. Гар утсаа хүнд алдчихлаа “ гэж хэлж байсныг санаж байна гэжээ. / 2 дугаар хавтас 19-20  /

 

Хохирогч Р.Оюунгэрэл мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би хувиараа авто угаалын газар түрээслэж гэмтлийн эмнэлгийн голын зам дагуу ажиллуулдаг байсан юм. Тэгсэн чинь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр А гэж залуу манай ажил дээр ирээд анкет бөглөж өгөөд ажилд орохоор болсон. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манай авто угаалгын газар ажиллаж байгаад хүүхдүүдийг унтаж байх үед 06 цагийн үед манай ажлын А5115 маркийн нөүтбүүкийг цүнхэндээ хийгээд хулгайлаад гараад явсан байсан. Тухайн үед манай ажил шөнийн цагаар ажилладаг байсан гэжээ. / 2 дугаар хавтас 65-67  /

 

Гэрч Г.Даваахүү мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 09-нд 20-25 орчим насны залуу манайд ажилд орсон. Өөрийгөө танилцуулахдаа Баяраа гэж танилцуулсан. Баяраа гэх залуу хоёр дахь өдрөө ажиллаж байгаад манай нөхрийн эзэмшлийн 96-28 УБЦ улсын дугаартай Приүс-20 маркийн автомашинаас манай нөхрийн Самсунг эс-6 эдж загварын гар утсыг авч явсан байсан. Тэгээд би маргааш нь өөрөө нөхрийнхөө утас руу залгасан чинь Баяраа гэж дууддаг залуу би маргааш гар утсыг нь аваачиж өгнө гэж хэлээд алга болсон гэжээ. / 1 дүгээр хавтас 142 /

 

Яллагдагч Н.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтлийн эмнэлэгийн дунд зам дагуу байрлах Автомакс нэртэй машин угаалгын газраас эмэгтэй хүний Асус маркийн нөүтбүүкийг хулгайлан авч танихгүй явуулын хүнд 100.000 гаран мянган төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөө үрээд дуусгасан. Мөн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг Тольт нэртэй авто угаалгын газарт 1 хоног ажлаад тэр өдөр эзэн эрэгтэйгийнх нь гар цүнхнээс бэлэн 400.000 төгрөгийг хулгайлж авсан. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цамбагаравын автобусны буудлын хойд талд байдаг Их хөдөлгөөн нэртэй угаалгын газарт автомашин угааж байгаад тухайн угааж байсан Приүс-20 загварын тээврийн хэрэгслээс Самсунг эс-6 эдж загварын гар утсыг хулгайлан авч Хархорин захын тэнд танихгүй явуулын хүнд зарсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг 1 дүгээр хорооллын орчим 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өөрийн танил Э.Эрдэнэзаяагийн Самсунг эс-6 эдж загварын гар утсыг утсаар чинь ээжтэйгээ ярьчихаад өгье гэж хэлээд утсыг нь авч гараад Хархорин захын тэнд танихгүй хүнд 30.000 төгрөгөөр зарсан. Бас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мана нэртэй авто угаалгын газарт угаалга хийж байхдаа 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр түрээслэгч эзнийхээ Самсунг эс-8 загварын гар утсыг утсаар чинь ярьчихаад өгье гэж худлаа хэлж аваад танихгүй хүнд зарсан. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 3-5 тоотод байрлах иргэн И.Гантулгын хашаанд зэрлэг зулгаах ажил хийж байгаад байшинг нь эзгүй байх хойгуур цонхоор нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэвтрэн орж түрийвчинд байсан 510.000 төгрөгийг хулгайлан авч үрсэн. Зүйл ангийн хувьд гаргах санал хүсэлт байхгүй гэжээ. / 2 дугаар хавтас 132-133 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтас 81-82, 144-146, 1 дүгээр хавтас 240, 2 дугаар хавтас 29-30, 2 дугаар хавтас 74-75 /

 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 208-210 /

 

Эд зүйлийн үнэлгээ / 1 дүгээр хавтас 11 /

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 85-88 /

 

Шүүгдэгч Н.А-ыг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 46-47, 110-112, 166-170, 231-233, 2 дугаар хавтас 132-133 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1 дүгээр хавтас 171  / зэрэг болно.

Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдэх үед би сэтгэл санааны хувьд хүнд байдалд байсан. Үүнийгээ хэлэх боломжгүй байна. 16 наснаасаа хойш ганцаараа гадуур байр түрээслэн амьдарч байгаа. Эдгээр хохирогч нарын эд зүйлүүдийг авсан нь үнэн. Авсан зүйлүүдээ явуулын хүмүүст зарж, мөнгөөр нь байрны мөнгө болон хоол унд авч байсан. Анх мөнгө хэрэгтэй болохоор  нь хулгай хийсэн бөгөөд тэгээд болоод байх юм байна гээд дараа дараагийн хулгайг хийсэн.

Үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Төрсөн эцэг, эх маань нас барсан бөгөөд өргөж авсан эцэг, эхтэйгээ таардаггүй байсан болохоор гадуур амьдрах болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо ажил хийж төлнө. Хоригдох хугацаандаа их зүйлийг ойлгосон гэв.

Шүүгдэгч Н.А нь:

- 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Автомакс” машин угаалгын газраас Асус маркийн нөүтбүүк хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Р.Оюунгэрэлд 680.000 төгрөгний хохирол,

- 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тольт” авто угаалгын газарт ажиллаж байхдаа иргэн Ж.Мөнхбатын гар цүнхнээс бэлэн 400.000 төгрөгийг нууцаар хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,  

- 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их хөдөлгөөн” нэртэй авто угаалгын газарт иргэн Г.Бат-Эрдэнийн эзэмшлийн 96-28 УБЦ улсын дугаартай Приүс-20 загварын тээврийн хэрэгслээс Самсунг Эс-6 эдж загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч,  324.000 төгрөгний хохирол,

- 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр хорооллын орчим иргэн Э.Эрдэнэзаяагийн “Самсунг Эс-6 эдж” загварын гар утсыг “ээжтэйгээ ярьчихаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч, 288.000 төгрөгний хохирол,

- 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МАНА” нэртэй авто угаалгын газарт иргэн Б.Отгонсүхийн өмчлөлийн “Самсунг Эс-8” загварын гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг авч 1.200.000 төгрөгний хохирол,

- 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 3-5 тоотод байрлах иргэн И.Гантулгын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, түрийвчэнд байсан мөнгийг нууцаар авч, 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Зарын дагуу өөрийгөө Ганбаатар гэж танилцуулсан эрэгтэй тэр өдөртөө 1 цаг орчим болоод 1 машин угаачихаад угаалгын хүлээлгийн өрөөний текний ард цүнхэнд байсан хэтэвчнээс бэлэн 400.000 төгрөгийг аваад явчихсан байсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Ж.Мөнхбатын мэдүүлэг / 1 дүгээр хавтас  17-19 /,  ... Зүс таних залуу миний гар утсыг аваад “ Ээжтэйгээ ярьчихаад өгье “ гэж хэлээд утас авч гараад тэр чигтээ явчихсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Эрдэнэзаяагийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 70-71 /,  ... Зарын дагуу өөрийгөө Баяраа гэж танилцуулж, орой 22:00 цаг хүртэл ажилласан. Гэнэт алга болчихоор нь өөрийнхөө автомашин дээрээ очоод харахад миний автомашинд байсан Самсунг эс 6 эджи маркийн гар утас алдагдсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Бат-Эрдэнийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 129-131 /,   ... Зарын дагуу 88333215 дугаартай залууг хашааны зэрлэг зулгаалгасан. Орой нь мөнгөө сэйф рүү хийх гэтэл кодыг хөдөлсөн байхаар нь би гэнэт гайхаад түрийвчиндээ хийсэн мөнгөө үзтэл байхгүй байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч И.Гантулгын мэдүүлэг / 1 дүгээр хавтас  213-219 /,  ... Зарын дагуу өөрийгөө Ганбаа гэж танилцуулсан залуу миний Самсунг Эс 8 маркийн гар утсыг яриад өгье гэж хэлээд авсан. 11-63 УБС улсын дугаартай Ландкруйзер прадо маркийн автомашиныг угааж байснаа угаалгын мөнгийг нь өгөлгүй миний утсыг аваад явсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Отгонсүхийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 14-16 /,  ... манай нөхөр Отгонсүх надад хэлэхдээ “ Манай авто угаалгын газарт угаагчаар ажилд орсон залуу миний Самсунг галакси эс-8 маркийн гар утсыг “ Утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлээд аваад нэг машин угааж байснаа тэр чигтээ яваад өгчихлөө гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч С.Бумбатын мэдүүлэг / 2 дугаар хавтас 19-20  /,  ... А гэж өөрийгөө танилцуулсан залуу манай авто угаалгын газар ажиллаж байгаад хүүхдүүдийг унтаж байх үед 06 цагийн үед манай ажлын А5115 маркийн нөүтбүүкийг хулгайлаад явсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Р.Оюунгэрэлийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 65-67  /,  ... Би маргааш нь өөрөө нөхрийнхөө утас руу залгасан чинь Баяраа гэх залуу “ Би маргааш гар утсыг нь аваачиж өгнө “ гэж хэлээд алга болсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Даваахүүгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 142 /,  ...Үйлдсэн хэргүүдээ мөрдөн шалгалтын явцад хүлээн мэдүүлсэн яллагдагч Н.Аы мэдүүлэг / 2 дугаар хавтас 132-133 /, Хохирогч нарын эд зүйлүүдийг үнэлсэн “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтас 11, 81-82, 144-146, 1 дүгээр хавтас 240, 2 дугаар хавтас 29-30, 2 дугаар хавтас 74-75 /, ... Гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 208-210 /,  ...Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтас 85-88 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан,  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.А нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний хувийн байдал, учруулсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан ялыг оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.А нь 122 хоног цагдан хоригдсонг эдлэх ялд оруулан тоолж, түүнээс 3.402.000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Оюунгэрэлд 680.000 төгрөг, Ж.Мөнхбатад 400.000 төгрөг, Г.Бат-Эрдэнэд 324.000 төгрөг, Э.Эрдэнэзаяад 288.000 төгрөг, Б.Отгонсүхэд 1.200.000 төгрөг, И.Гантулгад 510.000 төгрөг тус тус олгож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:            

       

1. Шүүгдэгч Боржигон овогт Н-гийн А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н-гийн А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1 дэх хэсэгт зааснаар 2 / хоёр / жилийн хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-г журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-г журамлан Н.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, 2 сарын хорих ялыг 2 жилийн хорих ял дээр нэмж, биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.А-ы эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Ааас 3.402.000 төгрөг гаргуулан хохирогч Р.Оюунгэрэлд 680.000 төгрөг, Ж.Мөнхбатад 400.000 төгрөг, Г.Бат-Эрдэнэд 324.000 төгрөг, Э.Эрдэнэзаяад 288.000 төгрөг, Б.Отгонсүхэд 1.200.000 төгрөг, И.Гантулгад 510.000 төгрөг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Н.А-ы цагдан хоригдсон 122 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.                                                                                                                                                                                                                   

8. Н.А-д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Н.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ

 

 

 

           

 

           

                                                         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.