Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-06-24
Дугаар 619
Хэргийн индекс 185/2019/0597/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сүхээгийн Оюунчимэг
Шүүгдэгч Г.А
Зүйл хэсэг 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч П.Г
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,                                         

Улсын яллагч П.Ганбаатар,

Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, 

Хохирогч Д.Батбаяр, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

                                                                              

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Г-н А-д холбогдох эрүүгийн 1909012540488 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, “Юүй Юань Монголиа Майнинг” ХХК-д менежер ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энконта Тауны 305-112 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ВЮ 96120511 / Өөлд овогт Г-н А нь:

 

- 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туушин” зочид буудлын орчим иргэн Д.Батбаярыг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас зодож,  эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, тархи, доргилт, зүүн нүдний зовхи, хамрын нураанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Батбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Айлофт” бааранд найзуудын хамт орж бүжиглэж байгаад гараад машинд суугаад найзыгаа хүлээгээд сууж байхад араас сигналдаад байхаар нь би ганц нэг хараалын үг хэлсэн. Тэгсэн чинь А гэх залуу машинаасаа бууж ирээд юм хэлэлгүй миний хамар, нүд рүү гараараа 1-2 удаа цохиж энэ гэмтлийг учруулсан, гомдолтой байна гэжээ. / хх 5 /

 

Гэрч Н.Баттулга мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Батбаяр цонхоор орилж хашгираад машинаа холдуул энэ тэр гээд байсан. Тэгсэн чинь баруун талд зогсож байсан машинаас нэг залуу бууж ирээд миний талаас “ Чи юу гээд байгаа юм бэ “ гэхээр нь би “ Манай найз согтсон байна “ гэхэд нөгөө залуу явсан чинь араас нь Батбаяр юм хэлээд байсан. Яг юу гэж хэлсэн болохыг мэдэхгүй байна. Тэгсэн чинь нөгөө залуу ирээд Батбаярын нүүр рүү гараараа цохиод машиндаа суугаад шууд яваад өгсөн гэжээ. / хх 7 /

 

Гэрч Э.Өлзийбадрах мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би бүжгийн талбай дээр бүжиглэж байтал Батбаяр ирээд явъя гэсэн. Тэгээд араас нь гараад утсаар яриад зогсож байтал тэр хоёр машиндаа сууж байсан. Тэгээд намайг яваад очиход Батбаярын хамарнаас цус гарсан байхаар нь яасан гэхэд хүнд цохиулчихлаа гэсэн. Тэгээд цагдаа дуудсан, болсон асуудлыг би хараагүй гэжээ.  / хх 8 /

Яллагдагч Г.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хаана ямар хүн цохисноо санахгүй байна. Би анх мэдүүлэг өгөхдөө согтуу байсан болохоор буруу ярьсан байж магадгүй гэжээ. / хх 24 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3830 дугаар дүгнэлтэнд:

1. Д.Батбаярын биед хамар ясны цөмөрсөн хугарал, тархи, доргилт, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. / хх 10 /                 

 

“ Хас “ банкны 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 8/3716 тоот албан бичиг, Камерын бичлэг / хх  /

 

Шүүгдэгч Г.А-ийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 23-24 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 13 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч  хацарт нь би нэг удаа цохьсон. Тухайн үед надаас өөр хүн цохиогүй. Би зүйл ангийг зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлнө  гэв.

Хохирогч Д.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 24-ний шөнө баарнаас гараад найзтайгаа хамт зогсоолоос машинаа авах гээд явж байхад Жи класс маркийн автомашинтай А гарах уулзвар дээр зогсож байсан. Гэтэл бидний араас машинаа холдуул гээд сигналдаад байсан. Би найздаа “Чи нэгдүгээр эгнээ рүү ороод Өлзийбадрахыг авчих” гэж хэлсэн. Машинтай ирчихээд “наад хогоо холдуул” гээд байсан. Найз нь ирээд “манай найзыг уучлаарай” гэж хэлээд аваад явсан. Дараа нь А дахиж ирээд машины урд хаалгыг онгойлгоод намайг нэг удаа цохьсон. Миний хамраас цус гарсан. Н.Баттулга ирж салгаад, цагдаа дуудсан. Миний тархи доргисон, хамар ясны хугаралтай гарсан. Эмнэлэгт үзүүлэхэд хамрын хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Одоо байнга нэг талын хамар битүүрч, толгой руу их хатгаж өвддөг. Би хүчилтөрөгчийн 79 хувийг л авч байгаа, үүнээс болоод тархины судасны нарийсал болсон. Удвал унаж татдаг болох магадлалтай гэсэн. Шүүгдэгч надаас уучлалт гуйгаагүй. 203.000 төгрөгний бодит зардал гарсанг авсан. Хамрын хагалгааны 2.495.000 төгрөгийг цаашид  нэхэмжилнэ. Г.Аээс өөр хүн намайг цохиогүй гэв.

 

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туушин” зочид буудлын орчим иргэн Д.Батбаярыг хэл амаар доромжиллоо гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, тархи, доргилт, зүүн нүдний зовхи, хамрын нураанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  Үүнд: ... машинд суугаад найзыгаа хүлээгээд сууж байхад араас сигналдаад байхаар нь би ганц нэг хараалын үг хэлсэн. Тэгсэн чинь А гэх залуу машинаасаа бууж ирээд юм хэлэлгүй миний хамар, нүд рүү гараараа 1-2 удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Батбаярын мэдүүлэг / хх 5 /, ...Нөгөө залуу ирээд Батбаярын нүүр рүү гараараа цохиод машиндаа суугаад шууд яваад өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Баттулгын мэдүүлэг / хх 7 /, ...Намайг яваад очиход Батбаярын хамарнаас цус гарсан байхаар нь яасан гэхэд хүнд цохиулчихлаа гэсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Өлзийбадрахын мэдүүлэг / хх 8 /, …Д.Батбаярын биед хамар ясны цөмөрсөн хугарал, тархи, доргилт, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3830 дугаар дүгнэлт / хх 10 /, ...камерын бичлэг зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Г.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 203.000 төгрөгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн цаашдын эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг болон түүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Д.Батбаяр нь хамрын хагалгаа хийлгэсэн зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд түүний тархины судасны нарийсал болсон. Удвал унаж татдаг болох магадлалтай гэсэн нь нотлогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                                                                            

1. Шүүгдэгч Өөлд овогт Г-н А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч  Г-н А-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.А нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ

           

                                                         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.