Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-03-22
Дугаар 2019/ШЦТ/93
Хэргийн индекс 171/2019/0095/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч С.Сэлэнгэ
Зүйл хэсэг 17.3.1. - Залилах
Улсын яллагч Л.Оюунтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                                  

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч С.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Сд холбогдох эрүүгийн 1825008240100 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн С.С

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч С.С Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эврика” барилгын материалын худалдааны төвд худалдаа эрхэлдэг Н.Амаржаргалыг Уурхайчин багийн 3-22-р байранд засвар хийж байгаа, байрны эзэн мобайль банкаар мөнгийг нь шилжүүлнэ гэж хуурч мэхлэн 2018 оны 11 дүгээр сарын 18, 21-ний өдрүүдэд хоёр удаагийн үйлдлээр нийт 437,000 төгрөгийн барилгын материал авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С мэдүүлсэн:  Гэм буруугаа хүлээж байгаа. Хохирлыг төлсөн. Хот руу буцах гэсэн чинь зардалгүй болоод ийм юм хийсэн. Засварын хөлсөө урьдчилж аваад мөнгөгүй болсон байсан гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Эврика барилгын материалын дэлгүүр гэсэн зарлагын баримт /хх-ийн 10-11-р хуудас/

-ХААН банкны Н.Амаржаргалын эзэмшлийн 5090486927 тоот депозит дансны хуулга /хх-ийн 12-13-р хуудас/

-Н.Амаржаргалын хөтөлдөг орлогын дэвтэрийн хуулбар /хх-ийн 16-р хуудас/

-Хохирогч Н.Амаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн “....2018 оны 11 сарын 14-ний өдрийн 12 цагийн үед байх намайг ажил дээрээ сууж байхад 40 гаран насны, барилгын засварын хувцастай эмэгтэй хүрч ирээд эхэлж надаас 17.000 болон 30.000 төгрөгний барилгын материал худалдаж авсан. Дээрх барилгын материалын тооцоог хийхдээ миний Хаан банкны дансны дугаарыг авч утсаар хэн нэгэнтэй ярьж байгаад Мобайл банкаар шилжүүлсэн. Үүнээс хэд хоногийн дараа намайг гэр хороололд байхад дээрх эмэгтэй 99883975 дугаарын утаснаас залгаснаа барилгын материал авах гэсэн юмаа гэхээр нь би очих болоогүй байна, хажуу лангууны хүнд хэлээд авчих гэж хэлсэн. Удаа ч үгүй миний дансанд 7500 төгрөг орж ирсэн. Үүний дараа 11 сарын 18-ны өдөр 308.000 төгрөгний барилгын материалыг дээрх эмэгтэй өөрөө орж ирж аваад дансны дугаарыг минь мөн авсан. Маргааш нь дээрх хүүхэн рүү залгаж мөнгөө яасан вэ гэхэд засвар хийж байгаа байрны эзэн нь ГОК-д ажилдаг хуралтай байгаа байх. Мөнгийг чинь найдвартай хийнэ гэж хэлсэн. Дараа нь 11 сарын 21-ний өдөр дээрх эмэгтэй дахиж надтай ирж уулзаад байрны засвар дуусах гээд байдаг, өмнөх 308.000 төгрөгний тооцоотой хамт нэг мөр хийнэ гэж хэлэхээр нь итгээд 135.000 төгрөгний материал өгсөн. Нийтдээ 443,000 төгрөг болсон бөгөөд мөн л миний дансны дугаарыг аваад явсан. Тэр өдрийн орой нь залгатал одоо хийнэ, байрны эзэнд нь хэлье гэж хэлээд таг болсон. Маргааш нь дахиж залгатал удахгүй гэж хэлээд сүүлрүүгээ утсаа авахаа болиод алга болсон. Надад дээрх эмэгтэй анх хэлэхдээ 3-22-р байрны 2-р орцны 2 давхарт засвар хийж байгаа гэж хэлсэн, дугаар нь хэд юм гэхэд номергүй юм байна лээ гэж байсан. Утсаа авахгүй болчихоор нь би 2-р орц руу орж үзтэл засвар хийж байгаа айл байгаагүй. Харин тус байрны 1-р орцны 07 тоотод засвар хийж айл байгаа гэсэн боловч цоожтой байсан, хажуу айлаас нь асуутал засвар хийгээд дуусчихсан байх гэж хэлж байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/

-Гэрч Д.Эрдэнтүлхүүрийн мөрдөн байцаалтад өгсөн  “....Манай байранд засвар  хийж байсан Сэлэнгэ 2018 оны 11 сарын 16-ны өдрийн 13 цагийн үед над руу залгаад барилгын материал дутчихлаа авах хэрэгтэй байна гэхээр нь би Эврика барилгын материалаас ороод авчих тооцоог нь би дансаар явуулчихая гэсэн. Удалгүй над руу залгаад 33.000 төгрөгний бараа худалдаж авлаа тооцоог нь 5090486927 дугаарын Амаржаргал гэдэг хүний данс руу хийчих гэхээр нь би тооцоог нь дээрх дансруу шилжүүлсэн. Мөн 2018 оны 11 сарын 19-ний өдрийн 11 цагийн үед Сэлэнгэ дахиад барилгын материал дутаад байна нөгөө Амаржаргал гэх хүнээс 17,000 төгрөгний бараа худалдан авлаа гэхэд нь би мөн тооцоог нь дансаараа шилжүүлсэн. Эдгээр бараанаас өөр ямар нэгэн бараа материал би Сэлэнгэ гэх эмэгтэйгээр авахуулаагүй. Амаржаргал гэх хүний данс руу мөнгө шилжүүлж өөр ямар нэг барилгын материал аваагүй ”  гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/

-Гэрч Ц.Ариунжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “....2018 оны 11 сарын сүүлээр намайг лангуун дээр байж байхад нэрийг нь мэдэхгүй зүс таних эмэгтэй над дээр ирээд барилгын материал хямд үнээр авчирч өгсөн юм. Яг ямар бараа материал авчирсаныг нь сайн санахгүй байна ямар ч байсан санаж байгаагаас хөөс, эмульс, будаг, силкон зэрэг бараа материалууд авчирч надад хямд үнээр зарсан. Хаанаас юун учиртай бараа авчирч байгаа юм бэ гэж асуухад санаа зоволтгүй миний засвар хийж байгаа айлаас илүү гарсан юм аа асуудалгүй гэж хэлээд байхаар нь би түүнээс худалдаж авсан юм. Хоёр удаа бараа материал түүнээс худалдан авсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/

-“Далай Ван аудит” ХХК-ийн 2019 оны 01 сарын 03-ний №02/02-04 дугаартай барилгын материалын нийт дүн 437000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-36-р хуудас/

-Хохирол төлсөн тухай ХААН банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 112-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.С нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эврика” барилгын материалын худалдааны төвд худалдаа эрхэлдэг Н.Амаржаргалыг “Уурхайчин багийн 3-22-р байранд засвар хийж байгаа, байрны эзэн мобайль банкаар мөнгийг нь шилжүүлчихнэ” гэж хууран мэхэлж 2018 оны 11 дүгээр сарын 18, 21-ний өдрүүдэд хоёр удаагийн үйлдлээр нийт 437,000 төгрөгийн барилгын материал авсан ба уг барилгын материалаа хямд үнээр худалдаж өөртөө ашигласан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 437,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч “Эврика” барилгын материалын худалдааны төвд худалдаа эрхэлдэг Н.Амаржаргалыг “Уурхайчин багийн 3-22-р байранд засвар хийж байгаа байрны эзэн мобайль банкаар мөнгийг нь шилжүүлнэ” гэж хуурч мэхлэн 2018 оны 11 дүгээр сарын 18, 21-ний өдрүүдэд хоёр удаагийн үйлдлээр нийт 437,000 төгрөгийн барилгын материал авч залилсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь нотлогдсон. Хохирол нөхөн төлөгдсөн, гэм буруугийн талаар маргаагүй. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэсэн саналтай байна гэжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд хэлэхдээ: Гэмшиж байна.450,000 төгрөгний торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хохирогч Н.Амаржаргал шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ.

Шүүгдэгч С.С энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  залилах гэмт хэргийн шинжтэй, санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.         

Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч С.С-г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар С.Сд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд бүрэн хэмжээгээр төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.