Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-04-15
Дугаар 2019/ШЦТ/115
Хэргийн индекс 171/2019/0111/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч С.Эрдэнэчимэг
Зүйл хэсэг 17.5.1. - Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших
Улсын яллагч Л.Оюунтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Эт холбогдох эрүүгийн 192500550082 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн С.Э

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч С.Эийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн Төрөх тасгийн хүлээн авах хэсгийн үүдэнд байрлах тавиур дээр иргэн Г.Цэрэнлхамын мартаж үлдээсэн Самсунг Ж-7 маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтэд бичигдсэн мэдүүлэг үнэн зөв. Маргах зүйлгүй гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Хохирогч Г.Цэрэнлхамын “...Тухайн үед би жирэмсэн учраас эмчийн хяналтанд байдаг байсан. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бие өвдөөд Бүсийн

Оношлогоо эмчилгээний төвийн Төрөх тасагт үзүүлж хэвтэхээр очсон. Хувцас солих өрөөнд хувцасаа сольж байх үедээ үүдний тавиур дээр өөрийн Самсунг Ж-7 маркийн гар утсаа орхиод явсан байсан. Буцаад 15 минутын дараа хувцас сольсон газраа очоод хартал миний утас байгаагүй юм. Би алдсан утсаа 2018 оны 05 дугаар сард Үйлчилгээний төвд байрладаг Самсунг фирмийн гэрээт борлуулагчаас 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Үнэлгээ гарсан үнэлгээгээр хохирлоо нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

-“Бан Хас” ХХК-ний эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 2019/э-0011 дугаартай: Самсунг Ж-7 маркийн гар утасны үнэлгээ нийт 350,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-23-р хуудас/

-Мобиком Корпораци ХХК-ийн 2019-01-10 өдрийн 18/205 дугаартай “352801095932369 IМЕ1 кодтой утсанд ашиглагдаж байгаа 99317839 дугаарын эзэмшигчийн мэдээлэл /хх-ийн 28-29-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримт  зэрэг эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, Мобиком Корпораци ХХК-ийн 2019-01-10 өдрийн 18/205 дугаартай “352801095932369 IМЕ1 кодтой утсанд ашиглагдаж байгаа 99317839 дугаарын эзэмшигчийн мэдээлэл, ломбардын хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн Төрөх тасгийн хүлээн авах хэсгийн үүдэнд байрлах тавиур дээр иргэн Г.Цэрэнлхамын мартаж үлдээсэн Самсунг Ж-7 маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр өөрийн эзэмшилд авч улмаар “Хүүгүй ломбард” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт  200,000 төгрөгийн барьцаанд тавьж үрэгдүүлж хохирогчид 350,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Эийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “бусдын эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн энэ үйлдлийн улмаас хохирогчид 350,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Эийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.         

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2018 оны 11 дүгээр сарын 25-ны

өдөр Орхон аймаг Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн Төрөх тасгийн хүлээн авах хэсгийн үүдэнд байрлах тавиур дээр иргэн Г.Цэрэнлхамын мартаж үлдээсэн Самсунг Ж-7 маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон.Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй. Хохирогч гомдолгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн дүгнэлтэд: Хулгай хийгээгүй, орхиод явсан гар утсыг авч ашигласан нь үнэн. Хохирлыг төлнө гэжээ.

Хохирогч Г.Цэрэнлхам шүүхэд оролцоогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ.

Шүүгдэгч гар утасны үнэ 350,000 төгрөгийг шүүх хуралдаанд завсарлага авч төлж барагдуулсан байх тул төлөх төлбөргүй гэж дүгнэх үндэслэл болно.

Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, хохиролын хэмжээ, гэм буруугаа хүлээж хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэн шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар Булган аймгийн Бугат сумын засаг даргын тамгын газарт ажил хийлгэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй        

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.