Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-04-17
Дугаар 2019/ШЦТ/122
Хэргийн индекс 171/2019/0117/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч И.ичинхорлоо
Зүйл хэсэг 17.3.1. - Залилах
Улсын яллагч Л.Оюунтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Х.Энхжаргал

Шүүгдэгч И.И нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Ид холбогдох эрүүгийн 1825007820036 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн И.И 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч И.Иг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрүүдийн хооронд иргэн Х.Энхжаргалаас нөхөр, дүү нарыг нь Солонгос улсад гэрээгээр ажиллах виз гаргуулж өгнө, визний шалгалтын дүнг засуулж өгнө гэж хуурч мэхлэн нийт 6,700,000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Игийн мэдүүлсэн: Хамаатны эгч маань “болно” гээд хүмүүсээс мөнгө авсан. Тэр эгч маань нас барсан. Би зуучилж өгсөн. Өмнө нь бас өөр хүмүүсээс мөнгө авсан байсан тул тэр хүмүүсийнх нь данс руу хийсэн. Би гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-хохирогч Х.Энхжаргалын шүүх хуралдаанд мэдүүлсэн: Бид 2 эртний танилууд.10 гаруй жил надаар үйлчлүүлж байгаа. Виз гаргаж өгнө гэсний дагуу мөнгө

өгсөн. Одоо гарна, ирэх 7 хоногт гарна гээд маш их удсан. Хот руу ороод байж бай гээд Цэндсүрэн хөдөөнөөс хот орж сар гаруй болсон. Нэрсийг нь шивсэн гээд л худал хэлсэн. Бүтэн 2 жил тоглосон. Би наймаа хийдэг. Энэ мөнгөө наймаандаа эргэлдүүлсэн бол хэд болох вэ. Би гомдолтой. Их хугацаа олгосон. Нөхөр нь байгаа худлаа яриад салсан гээд байгаа. 3,500,000 төгрөг өгсөн, одоо 3,200,000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг, болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-2018-5-04-ний өдөр Хаан банкаар 4,200,000 төгрөг Х.Энхжаргалын 5094485397 дугаарын данс руу шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-ийн 10-11-р хуудас/

-И.Игийн ХААН банкны депозит дансны хуулга /14-21-р хуудас/

- Хохирогч Х.Энхжаргалын “...Ичинхорлоо нь 2017 оны 08 дугаар сарын үед надад манай ээжийн дүү Солонгос улсын элчинд ажилладаг, гарах хүн байвал хэлээрэй гэж байсан. “Би өөрөө 2 хүнийг олж өгч Солонгос улсруу гаргуулсан. Чи ч бас Солонгосын виз хөөцөлдөөч нөхөр чинь хол ажилладаг юм чинь” гэсэн зүйл яриад надад итгэл төрүүлж байсан. Би хэсэг хугацаанд судлаж байгаад хариу хэлье гээд явуулсан. Ичинхорлоо миний ажил дээр ирээд виз хөөцөлдүүлэх юм уу өөр гаргах хүн байвал хэлээрэй гээд байсан. Тэгээд би ээжийн төрсөн дүү Онолбаатарын хүү Цэндсүрэнгийн материалыг хөөцөлдөөд үзье гэж бодоод Цэндсүрэнтэй холбогдож асууж тодруулахад мөнгө төгрөг байхгүй шүү дээ гэсэн. Танд мөнгө байвал миний өмнөөс өгөөч би дараа удахгүй өгнө гэсэн. Би хувиараа наймаа арилжаа хийдэг учир мөнгөтэй байсан. Тэр үед өөрөөсөө 2 сая төгрөг гаргаад 500.000 төгрөг дутаад байсан учир Цэндсүрэнгээс 500.000 төгрөг нэмж аваад 2.500.000 төгрөгийг Цэндсүрэнгийн бичиг баримтын хамтаар өгсөн. Ичинхорлоогоос асууж тодруулахад санаа зовох зүйл байхгүй л гээд байдаг байсан. Дараа нь 2018 оны 03 дугаар сард ажил дээр ирээд гэрээт ажилчин Монголоос хүмүүс авч явахаар болж байгааг өдий болтол Цэндсүрэнг хүлээлгэсэн юм чинь 3 сарын визийг нь болиод 3 жилийн гэрээт ажлаар явах хүмүүсийн бүртгэлд оруулж явуулна 6 дугаар сард эхний ажилчид явна тэр үеэр явуулна гэж байсан. Мөн дараа нь манай ажил дээр дахиж орж ирээд манай эгч надтай ярилаа, 6 сард явах хүмүүсийн нэр дээр нэмэгдээд нэг хүнийг найдвартай гаргахаар боллоо чамд найдвартай хүн байна уу гээд байхаар нь итгэл төрж нөхрөөсөө асуусан чинь чи өөрөө л мэдэхгүй юу найдвартай юм бол мөнгө өгөөд намайг хөөцөлдөөч гэхээр нь Ичинхорлоотой уулзаж асууж тодруулахад найдвартай гэж байсан. Тэр үед манай дүү Хүдэрбат Солонгос улс руу гэрээгээр гарах материалаа бүрдүүлээд шалгалтаа өгөөд нэг шалгалтандаа уначихсан байсан тул Ичинхорлоогоос асууж шалгалталдаа уначихсан аргалах боломж байна уу гэхэд би эгчээсээ асууж тодруулаад хэлье гэсэн. Тэр болно бүтнэ гэж байна сая шалгалтыг аргалахад 1.500.000 төгрөг юм байна гэхээр нь буулгаад 1.200.000 төгрөг болгооч гэхэд тэг тэг гэсэн. Тэгээд би нөхрийнхээ бичиг баримт болон Хүдэрбатын бичиг баримт мөнгөний хамтаар нийлүүлэн 4.200.000 төгрөгийг Ичинхорлоогийн дансанд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн. Цэндхүүгээс 500.000 төгрөг гарсан тэр мөнгийг Ичинхорлоо Цзндхүүгийн дансруу шилжүүлсэн. Хүдэрбатаас мөнгө гараагүй, би өөрөө мөнгийг нь гаргаж байсан....гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

-Гэрч О.Цэндсүрэнгийн “...2018 оны 01 сарын 17-ны өдөр миний хаан банкны 5270353631 тоот дансанд манай хамаатны эгч Энхжаргал гэх хүнээс 500.000 төгрөг орж ирсэн шалтгаан гэвэл эгч Энхжаргал хэлэхдээ манай найз Ичинхорлоо нь Солонгос улс руу хүмүүсийг гаргаж байгаа гэнээ чи хөөцөлдөөд үзэх үү гэсэн. Би мөнгө байхгүй шалтгаанаа хэлсэн. Тэгээд Энхжаргал эгч миний өмнөөс мөнгө төгрөг гаргаад миний бичиг баримтыг хуулбарлаж өгсөн. Энхжаргал эгч 3 сая төгрөг бүрдүүлэхэд 500.000 төгрөг дутаад байна гэхээр би эгчдээ 500.000 төгрөгийг өгсөн. Би хэрвээ бүтэхгүй бол 500.000 төгрөгийг чинь буцааж өгнө гэсэн тэгээд найз Ичинхорлоогоос нь миний дансанд 500.000 төгрөг шилжиж орж ирсэн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/

-Гэрч Б.Итгэлийн “..Манай ээж Уранчимэгийн төрсөн ах Батсайханы эхнэр Ичинхорлоо гэж хүн байдаг, бид хамаатан садангийн улсууд юм. Ичинхорлоо эгч надад хэлэхдээ 2017 оны 05 дугаар сард намайг Солонгос улс руу гаргаж өгөх нэрээр 3.000.000 төгрөг авсан. Үүнээс хойш дандаа худлаа хэлдэг байсан. Ийм учир Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл өгч байсан. Түүнээс хойш миний мөнгийг цувуулан өгсөн. Хамгийн сүүлд 1 сая төгрөгийг 2018 оны 05 сарын 04-ний өдөр өгсөн...гэсэн мэдүүлэг/хх ийн 32-р х/,

-Гэрч Ц.Эрдэнэчимэгийн ...Ичинхорлоо нь манай нөхөрт Солонгос руу 14 хоногийн дотор гаргаж өгнө гэж хэлсэн байсан. тэгээд бид 2 ярилцаж байгаад...зээл тавьж байгаад эхэндээ 1,000,000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Мөн дараа нь 1,500,000 төгрөгийг 2017 оны 11 сард данс руу нь шилжүүлсэн. Мөнгө авсан цагаас хойш худлаа яриад алга болчихоор нь Орхон аймгийн Цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн...2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 2,500,000 төгрөг Ичинхорлоогоос шилжиж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/

-Гэрч Б.Хүдэрбатын “...Би Энхжаргал эгчид 1.200.000 төгрөг өгөөгүй. Би 2018 оны 04 дүгээр сард Солонгос улсруу гарахаар виз хөөцөлдөөд нэг шалгалтандаа уначихсан байсан. Энхжаргал эгч над руу утасдаад манай найз Солонгос улсын виз гаргадаг гэнэ чиний шалгалтыг аргалаад өгчихөж чадна гэнэ 1.500 000 төгрөг гэж байна гэхээр нь одоо надад мөнгө байхгүй та аргалаад өгөөч би дараа өгье гэж хэлсэн. Энхжаргал эгч миний өмнөөс Ичинхорлоо гэх хүнд өгсөн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/

-Гэрч И.Цэвэлмаагийн “...Ичинхорлоо эгч Солонгос улс руу хүн гаргаж байгаагүй. Манай хамаатан Энхтуяа гэж байсан нас барсан, манай ээжийн дүү байгаа юм...гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

-И.Игийн ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 92-100-р хуудас/,

- Яллагдагчаар И.Игийн өгсөн ...Энхжаргалаас авсан 6,200,000 төгрөгийг би хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Өмнө нь Итгэл гэх хүнээс мөнгө авсан байсан учир 1,000,000 төгрөгийг өгсөн. Мөн Эрдэнэчимэг гэх хүнд 2,500,000 төгрөг өгсөн. Надтай ямар нэг хамтран оролцогч байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн75-76-р хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичмэл нотлох баримтууд, яллагдагчийн мэдүүлэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, мөнгө шилжүүлэн авсан банкны дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч И.И нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрүүдийн хооронд иргэн Х.Энхжаргалаас нөхөр, дүү нарыг нь Солонгос улсад гэрээгээр ажиллах виз гаргуулж өгнө, визний шалгалтын дүнг засуулж өгнө гэж хэлээд нийт 6,700,000 төгрөгийг эзэмшилдээ шилжүүлэн авч өөртөө ашигласан үйл баримт тогтоогдож байна. И.И нь “Солонгос улс руу виз гаргаж өгнө” гэсэн зохиомол байдлыг зориуд бий болгож хохирогчийг хууран мэхлэж 6,700,000 төгрөгийг нь эзэмшилдээ шилжүүлэн аваад, мөн ийм байдлаар авсан мөнгөний төлбөрт Ц.Эрдэнэчимэг, Б.Итгэл  нарт өгөх, өөрийн хэрэгцээнд зарцуулах зэргээр үрэгдүүлсэн байна.  

Шүүгдэгч И.Игийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  “бусдыг залилах” гэмт хэргийн шинжтэй, санаатай үйлдсэн, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 6,700,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч И.Иг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.        

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрүүдийн хооронд иргэн Х.Энхжаргалаас нөхөр, дүү нарыг нь Солонгос улсад гэрээгээр ажиллах виз гаргуулж өгнө, визний шалгалтын дүнг засуулж өгнө гэж хуурч мэхлэн нийт 6,700,000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь нотлогдсон. Энхтуяа гэж хүний нэрийг барьсан. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. 3,200,000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд дүгнэлт гаргахдаа: Гэмшиж байна. Саналгүй           гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Х.Энхжаргалд нийт 6,700,000 төгрөгийн хохирол учирснаас 3,500,000 төгрөгийн хэсгийг нөхөн төлсөн байх тул 3,200,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй.

Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Монгол овогт Индраабалын Ичинхорлоог Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Иг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар И.Ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сард 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.        

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Игоос 3,200,000 төгрөг гаргуулан хохирогч Х.Энхжаргал /Эрдэнэ баг 12-14 тоот ГЗ78120305/-д олгуулсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.