Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-06-12
Дугаар 2019/ШЦТ/185
Хэргийн индекс 171/2019/0170/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч Г.Төгөлдөр
Зүйл хэсэг 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                                  

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Н.Бямбагэрэл

Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Тт холбогдох эрүүгийн 1925001160140 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Т

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Г.Тийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт Н.Бямбагэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Тийн мэдүүлсэн: хэрэг тодорхой тул дахин ярихгүй. Гэм буруугаа хүлээж байгаа. Төлбөрөө төлнө гэх мэдүүлэг,

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Бямбагэрэлийн мэдүүлсэн: Би энэ хүнийг танихгүй. Бид 2-ын хооронд юу ч болоогүй байхад намайг цохиж гэмтээсэн. 768,000 төгрөгний эмчилгээний зардал гарсан. Дээд 1 шүдээ хийлгээгүй байгаа, доод 2 шүдний сувгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. 1ш шүдний имплантыг 2,000,000 төгрөгөөр хийнэ гэсэн. Хохирлоо гаргуулж авмаар байна. Эмнэлэг хийгээгүй эмчилгээнд баримт өгөхгүй  гээд байна гэх мэдүүлэг гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Н.Бямбагэрэлийн... Би тэр үед нөхөр Анхбаярыг Хишигбаяраас салгах гээд дундуур нь ороод зогсож байхад Төгөлдөр гэдэг залуу Хишигбаяр, Анхбаяр, бид гурав дээр ирээд Хишигбаяртай нийлээд Анхбаярыг зодож эхэлсэн. Би тухайн үед тэр гурвыг салгах нэлээн оролдсон боловч салж өгөхгүй байхаар нь би цагдаа дуудлаа гэж орилтол Хишигбаяр гэдэг залуу шууд гараашаас гараад зугтаасан. Тэгээд би эргээд хартал грашид хэнч байгаагүй. Төгөлдөр, Анхбаяр хоёр байсан. Би Анхбаярыг газар уначихсан байхаар нь босготол Төгөлдөр граж дотор байсан тайрдас аваад толгой дээрээ бариад та нарыг бүгдийг чинь ална гээд орилоод ирэхээр нь би нөхөр Анхбаярыг аваад гаражид тавьсан байсан автомашины араар тойрч гадагш гарах гээд явж байтал урдаас Төгөлдөр тайрдасаа бариад гарч ирэхээр нь арай цохьчихгүй байх гэж бодоод нөхрийгөө хойш нь таттал Төгөлдөр гэх залуу миний аман тус газар нөгөө тайрдасаа шидтэл миний шүд эвгүй болоод амнаас цус гараад эхэлсэн. Тэр үед Төгөлдөр гэх залуу гаражаас гараад зугтаагаад явсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 5-7-р хуудас/

 Гэрч О.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:..Нэг мэдсэн би эхнэртэйгээ, мөн Төгөлдөр бид 3 гараж дотор үлдчихсэн байсан. Энэ үед манай эхнэр намайг Төгөлдөртэй зодолдуулахгүй гээд миний урд орчихсон хаалганы ойролцоо явж байтал Төгөлдөр мод аваад манай эхнэр рүү шидчихсэн. Гэтэл манай эхнэр Бямбагэрэл нүүрээ дараад доошоо суусан. Би Төгөлдөрийн араас гаражаас гартал зугатаачихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/

 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 157 дугаартай ... Н.Бямбагэрэлийн биед нэг шүдний хугарал, дөрвөн шүдний ганхалт, доод уруулд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар нь байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”гэх дүгнэлт /хх- ийн 25-р хуудас/

 

-Хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 75-81-р хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Г.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт Их-Үүд засварын газарт бусадтай зодолдохдоо тэнд байсан эмэгтэй Н.Бямбагэрэл рүү шалтгаангүйгээр мод шидэж биед нь нэг шүдний хугарал, дөрвөн шүдний ганхалт, доод уруулд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч Г.Тийн энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Тийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                     

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 сарын 16-17-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт Н.Бямбагэрэл рүү мод шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохиролд 700,000 төгрөг төлсөн. Цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

           Хохирол төлбөрийн тухайд: Хэрэгт авагдсан баримтаар хохирогч эмчилгээнд 700,000 төгрөгний зардал гаргаснаас шүүгдэгч төлсөн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзнэ. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Г.Т-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Г.Тт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  4  сарын хугацаанд сард 112,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.        

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дэхь хэсэгт зааснаар хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

            7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.