Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-07-01
Дугаар 2019/ШЦТ/212
Хэргийн индекс 171/2019/0179/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч Б.Золбоо
Зүйл хэсэг 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

                                  

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Н.Наранчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Уранчимэг

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулга

Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Зд холбогдох эрүүгийн 1925002220155 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.З

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Зг  2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-22 дугаар байрны ард талын явган хүний гарцан дээр 8140 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1“явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж явган зорчигч Н.Наранчимэгийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Згийн мэдүүлсэн: 14-р байрны зогсоол дээрээс явж байхад явган хүний гарц дээр хохирогч гэнэт гүйж гарч ирсэн. Миний болгоомжгүйгээс болсон. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Наранчимэгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: 4-14-р байрнаас гараад Урт цагааны үзүүрт явган хүний гарцаар гарч явахад машин ирж явахаар нь урдуур нь гүйсэн. Нэг мэдэхэд газар хэвтэж байсан. Одоо биеийн байдал чимээтэй газар байж чадахгүй толгой өвддөг. Хичээлдээ явахгүй байгаа. Зуны амралтаар хичээлээ нөхөхөөр тохирсон байгаа. Дахин яс нөхөх хагалгаанд орно. Өвчин намдаах эм байнга хэрэглэж байгаа гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Уранчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:Охины биеийн байдал дунд зэрэг.Байнга эм ууж байгаа.Хагалгаанд орсон.Хичээлдээ яваагүй байгаа.Золбоо нь нэг ч удаа эргээгүй.Гомдолтой байгаа.Нэг ч төгрөг өгөөгүй байж байгаад шүүх дээр 1 сая төгрөг өгсөн.Цаашид гарах зардлаа нэхэмжилнэ.Баримтаар 2,222,800 төгрөг гарсан.Цаашид яс нөхөх хагалгаанд орно.Энэ зардал 1,350,000 төгрөгөө нэмж нэхэмжилнэ гэх мэдүүлэг  болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд... /хх-ийн 11-16-р хуудас/

-Шүүгдэгч Б.Згийн согтуурлыг шалгасан баримт /хх-ийн 17-р хуудас/

- Насанд хүрээгүй хохирогч Н.Наранчимэгийн... Тэгээд би замынхаа урдуур алхаж явж байгаад 3-22 дугаар байрны ард талын явган хүний гарцаар гарах гээд явж байтал миний баруун талаас цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хүрч ирээд мөргөсөн юм. Би биеийнхээ аль хэсэг рүү мөргүүлсэн гэдгээ одоо санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд зам дээр хэвтэж байсан, манай дүү ирчихсэн, хүмүүс намайг тойроод зогсож байсан. Намайг мөргөсөн бололтой нэг ах миний хажууд зогсоод гай боллоо доо гээд л байх шиг байсан. Тэгээд манай дүү аав руу залгаад аав маань ээжтэй хамт ирсэн. тэгээд би эмнэлэг явсан юм. Эмнэлэг рүү эмнэлэгийн машинаар явсан юм. Би тухайн замын гарц буюу цагаан шугамаар алхаад явж байсан юм.Тэгээд би эмнэлэгт очиж үзүүлээд нүүрнийхээ шархыг цэвэрлүүлсэн, хэвлийн эход харуулсан, гар болон цээжний зураг авхуулсан юм.  Тэгээд маргааш нь гэртээ байж байтал толгой өвдөөд байсан юм.Толгойны зураг авхуулсан чинь баруун талын шугаман хэлбэрийн яс хугаралттай гэж байсан юм. Тэгээд гэмтлийн эмчид үзүүлээд 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр эмнэлэгт хэвтсэн юм. 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тархины хагалгаанд орсон. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр эмнэлэгээс гарсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 241 дугаартай шинжээчийн... Н.Наранчимэгийн биед духны ясны баруун хэсэгт шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, нүүр, зүүн бугуй, баруун гарын сарвуу, бугуйнд зулгаралт, баруун хөлийн өвдөгөнд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Духны ясны баруун хэсэгт шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, нүүр, зүүн бугуй, баруун гарын сарвуу, бугуйнд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун хөлийн өвдөгөнд цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамааргадахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь ослын үед үүссэн байхыг үгүйсгэхгүй”... гэх дүгнэлт / хх-ийн 24-25-р хуудас/

-2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай замын цагдаагийн тасгийн шинжээчийн...Приус 20 маркын 8140 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Болдбаатар овогтой Золбоо нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. Явган зорчигч Н.Наранчимэг нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Приус 20 маркын 8140 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Жолооч Б.З нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна”... гэх дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/

-Гэрч С.Уранчимэгийн... “2019 оны 03 дугаар сарын 24-ний орой 19 цагийн үед гэртээ байж байтал дунд охин маань миний гар утас руу залгаад “...эгч машинд мөргүүлчихлээ шдээ...” гэж уйлахаар нь хаана вэ гэсэн чинь 3-22 дугаар байрны ард талын авто замын гарцан дээр гэж хэлсэн юм...Тэгээд охиноо эмнэлэгт үзүүлэхэд яс хугарсан зүйл байгаагүй, ер нь бол биеийн байдал нь гайгүй гэж байсан, зөвхөн толгой нь өвдөж байсан юм. Охиноо дагуулаад гэртээ харьсан юм. Эмнэлэгээс өвчин намдаах эмч бичүүлэн авсан юм. ..Тэгээд томографикийн шинжилгээ хийлгэсэн чинь баруун дух, шанаа хэсэгт шугаман хэлбэрийн яс хугаралт, цус хуралттай гэж гарсан юм. Энэ шинжилгээг Медипас эмнэлэгт явуулсан юм... Тэгээд сүүлдээ босож явж чадахгүй, толгой нь эргээд байхаар нь Медипас эмнэлэг дээр очоод үзүүлээд томографикийн хариуг дахин аваад нэгдсэн эмнэлэгийн Энхбат эмчид үзүүлсэн чинь шууд хэвт гэж хэлсэн, хүнд хүүхдийг яахаараа гэр орондоо аваад явдаг юм бэ, шууд хэвтүүл гэж хэлээд хэвтэх бичиг хийж өгсөн. Тэгээд 2019 оны 03 дугаар 27-ны өдөр хүүхдээ гэмтлийн тасагт хэвтүүлсэн юм. Тэгээд охин маань 2019 оны 03 сарын 29-ний өдөр тархины хагалгаанд орсон. Одоо охин маань биеийн байдал муу байна, хүний асаргаанд байна, сайн ярьж чадахгүй байна”... гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/

- Гэрч Ц.Намнангийн... “2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байтал манай охин Уянгаа миний гар утас руу залгаад “...эгч маань машинд мөргүүллээ...” гэж хэлсэн юм. Тэгээд эхнэр бид хоёр гэрээсээ гараад л охин дээрээ очсон юм ”... гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/

-Насанд хүрээгүй гэрч Н.Уянгын... “2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 4-14 дүгээр байранд оршин суудаг ахынхаа гэрээс өөрийн эгч Наранчимэгийн хамт гарсан юм. Тэгээд эгч маань 3-17 дугаар байрны ард байдаг дэлгүүр орж үсний хавчаар үзнэ гээд явсан... Тэгээд зам гараад явж байхад нь эгчийн баруун талаас цагаан өнгийн приус-20 маркийн машин мөргөсөн. Тэгээд би эгч дээрээ гүйж очиход эгчийн ухаан нь балартсан байсан, дух шанаа хэсэг нь шалбарсан байсан, тэгээд зүүн гараа бариад өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд би аав руугаа утсаар залгаж дуудсан юм. Тэгээд аав, ээж хоёр ирсэн, улмаар цагдаа болон эмнэлэгийн машин ирсэн юм. Би болохоор хэрэг болсон газар үлдсэн юм”... гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/

-Гэрч Б.Эрдэнэбатын... “2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн ах Эрдэнэхүүгийн эзэмшлийн 8140 УБИ улсын дугаартай приус-20 маркын тээврийн хэрэгсэлийг Золбоо ах унаад явж байсан, би жолоочийн хажуу талд сууж явсан юм. Тухайн өдөр Баянцагаан багийн тосгоны 2-21-т гэртээ байж байтал Золбоо ах хүрч ирээд “Эрдэнэхүүгийн машинтай хоёулаа город руу яваад хүнээс утас аваад ирье” гэхээр нь за за тэгье гэсэн. Тэгсэн чинь Золбоо ах Эрдэнэхүү ах дээр очиж машиных нь түлхүүрийг аваад ирсэн юм. бид хоёр манай байрны гаднаас 19 цагийн үед Эрдэнэхүү ахын машинтай хөдөлсөн юм. Тэгээд Уурхайчин багийн 3-22 дугаар байрны ард талын явган хүний гарц дээр нэг охиныг мөргөсөн юм. Тухайн үед Золбоо ах надтай юм яриад явж байсан. Гарц дөхөөд ирэхээр нь би хүн явж байна шүү гэж хэлсэн чинь Золбоо ах тэр хүнийг харсан, тэгсэн нөгөө охин гүйгээд урдуур нь ороод мөргүүлсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/

-Хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмийн хуудасны хуулбар /хх-ийн 70-87-р хуудас/

-Хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 126-145-р хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.З нь 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-22 дугаар байрны ард талын төв замын явган хүний гарцан дээр 8140 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад гарцаар гарч явсан явган зорчигч насанд хүрээгүй Н.Наранчимэгийг мөргөж биед нь духны ясны баруун хэсэгт шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд гэмтэл, нүүр, зүүн бугуй, баруун гарын сарвуу, бугуйнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, баруун өвдөгөнд цус хуралт бүхий хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Шүүгдэгч Б.Згийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд шүүгдэгч гэм буруутай,прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай байдал нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай замын цагдаагийн тасгийн шинжээчийн...Приус 20 маркын 8140 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Болдбаатар овогтой Золбоо нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. Явган зорчигч Н.Наранчимэг нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Приус 20 маркын 8140 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Жолооч Б.З нь  Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна”... гэх дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 241 дугаартай шинжээчийн... Н.Наранчимэгийн биед духны ясны баруун хэсэгт шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, нүүр, зүүн бугуй, баруун гарын сарвуу, бугуйнд зулгаралт, баруун хөлийн өвдөгөнд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Духны ясны баруун хэсэгт шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, нүүр, зүүн бугуй, баруун гарын сарвуу, бугуйнд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун хөлийн өвдөгөнд цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамааргадахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь ослын үед үүссэн байхыг үгүйсгэхгүй”... гэх дүгнэлт / хх-ийн 24-25-р хуудас/ зэрэг баримтаар хангалттай бүрэн нотлогдсон гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Зг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                     

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж явган зорчигч Н.Наранчимэгийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогчидхүнд хохирол учирсан.1,350,000 төгрөгөөр нэхэмжлэлээ нэмэгдүүлж байгаа. Цаашид гарах зардал гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэм буруугаа хүлээж байгаа. Хохирол төлнө гэжээ.      

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал,хохирол нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг зайлшгүй биечлэн эдлүүлэх шаардлагагүй байх тул хорих ял оногдуулахгүй тэнсэж хяналтын хугацаа тогтоож үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

          Хохирол тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2,222,800 төгрөгний нэхэмжлэл дээрээ 1,350,000 төгрөгний шаардлага нэмэгдүүлж нийт 3,572,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч шүүх хуралдаанаас өмнө 1,000,000 төгрөгийг төлсөн байна.Өмнөх нэхэмжлэлээс төлөөгүй үлдсэн шатахууны болон хичээлийн хоцрогдол нөхөх зэрэг зардлуудыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй тул 1,222,800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

           Шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн цаашид гарах эмчилгээний зардлын 1,350,000 төгрөгнөөс тархины ясны дутмагшил нөхөх хагалгааны зардал 750,000 төгрөгний шаардлагыг хангаж, харин “Тайхар” мэдрэлийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлэх зардал 600,000 төгрөгний хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь хагалгааны дараахь хэвтэн эмчлүүлэх зардал гэсэн утгаар нэхэмжилсэн байх боловч энэ зардлыг урьдчилан гаргуулах зайлшгүй шаардлагатай байдал нотлогдоогүйн дээр, тухайн үеийн нөхцөл байдлыг урьдчилан дүгнэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасан болно.

           Шүүгдэгч шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 1,972,800 төгрөгийг хурлаас завсарлага авч төлсөн байх тул төлөх төлбөргүй гэж дүгнэв.      

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б.З-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж,Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд тэнсэнгийн хугацаанд гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186,189 дүгээр зүйлд зааснаар Б.Зд оногдуулсан 2  жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлт, тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй,шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдаж,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэийн шаардлагаас 600,000 төгрөгний хэсгийг хэлэлцэхгүй орхиж,иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.

             7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.