Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-06-14
Дугаар 2019/ШЦТ/187
Хэргийн индекс 171/2019/0180/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн
Зүйл хэсэг 17.3.1. - Залилах
Улсын яллагч Г.Түвшинбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                                  

 

 

 

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Г.Түвшинбаяр

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эд холбогдох эрүүгийн 1925000910179 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Э.Э

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Э.Эг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Ачит” нэртэй буудалд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Г.Гэрэлтогтохын худалдан борлуулж байсан нэхий куртикийг “худалдан авна, банк орж мөнгөө аваад ирье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилаж 700.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эгийн мэдүүлсэн: Гэрэлтогтохыг Эрдэнэтэд ирэхэд нь би тосч аваад буудалд хамт хонож зарж байсан куртикнээс нь авсан. 350,000 төгрөг гэсэн. Тэр өдөртөө мөнгийг нь өгнө гэж гараад 6 хоносон. Үл ойлголцол гарч цагдаад өгсөн байсан. Надаас 1 сая төгрөг нэхсэн. Би гэм буруугаа хүлээж байна. Би куртикны үнэ 700,000 төгрөг нэмж буудлын мөнгө 260,000 төгрөг нийт 960,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Г.Гэрэлтогтохын... Би Эрдэнэсүрэнтэй 2019 оны 01 дүгээр сарын эхээр анх Орхон аймагт танилцаж байсан. Фейсбүүкээр харилцаж байхад Эрдэнэсүрэн зарж байгаа куртикийг чинь үзье гэхээр нь зургийг нь чатаар явуулсан. Шар өнгийн куртик нь таалагдаж байна гээд үнийг нь асуухаар нь 850.000 төгрөгөөр зарна гэхэд үнэ нь боломжийн юм байна авье гээд бид 2 Дархан-Уул аймагт уулзахаар болж би 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгаас гараад очтол Эрдэнэсүрэн Орхон аймагт хүрээд ир гэхээр нь ирж уулзсан. Бид 2 “Ачит” буудалд хамт хоносон. Маргааш өглөө нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зарж байсан нэхий куртикийг өмсөж үзээд таарч байна Голомт банк орж мөнгөө аваад ирье гээд өмсөөд гарсан. Би Эрдэнэсүрэнг хүлээж тухайн буудалд 6 хоносон. Гар утас руу залгахаар холбогдох боломжгүй, утсаа авахгүй, авхаараа очиж байна гээд ирэхгүй байсан. Эрдэнэсүрэн намайг Сэлэнгэ аймгийн хүн учир эргэж очихгүй бол олохгүй, хүлээгээд очихгүй юм чинь тэгээд явах байх гэж бодсон байлгүй дээ”... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/

 -Гэрч В.Майтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:..“Орхон аймагт ирсэн чинь Гэрэлтогтох “Ачит” нэртэй буудалд байсан. Уулзаад юу болсон бэ гэсэн чинь урд нь бараа зарж явахдаа нэг залуутай танилцаад фесбүүк чатаар харилцаж байсан юм. Тэгээд сүүлд зарж байсан нэхий куртикээ чатаар зургийг нь үзүүлсэн чинь авна гэж хэлээд намайг худал ярьж Орхон аймагт авч ирээд миний куртикийг өмсөөд мөнгөө авч ирнэ гээд явсан чинь алга болчихлоо гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/

-“Далай ван Аудит” ХХК-ний шинжээчийн 2019 оны 02 сарын 13-ны өдрийн 08/19 дугаартай ... Эрэгтэй куртикны үнэ 700 000 төгрөг ...” гэх дүгнэлт /хх- ийн 18-р хуудас/

 

-Хохирогчийн утасны дугаар болох 99395446 дугаарын яриа мессежний хэрэглээний жагсаалтын хуулбар /хх-ийн 36-38-р хуудас/

 

 -Шүүгдэгч Э.Эгийн Голомт банкны 1605139442 тоот дансны хуулга /хх-ийн 44-52-р хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Э.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Г.Гэрэлтогтохын худалдан борлуулж байсан 700,000 төгрөгний үнэ бүхий нэхий куртикийг “худалдаж авна, банк орж мөнгөө аваад ирье” гэж хэлээд авч явсан боловч эргэж ирээгүй,”очиж байна” гэх зэргээр худал хэлсэн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 700,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч Э.Эгийн “худалдаж авна, банк орж мөнгөө аваад ирье” гэж хэлээд авч явсан боловч ирээгүй, үнийг нь төлөөгүй 6 хоносон энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдыг залилах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. Шүүгдэгч хохирогчийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглан хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн эд зүйлийг нь өөрийн эзэмшилд авсан байна.  

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Эг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.              

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 сарын хорих ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Тэнсэж өгнө үү гэжээ.

Хохирогч Г.Гэрэлтогтоход хохирол төлөгдсөн бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ.         

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлж барагдуулсан зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Э.Эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард  166,666   төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.        

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.