Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-05-21
Дугаар 2019/ШЦТ/162
Хэргийн индекс 171/2019/0157/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч Ж.Баасансүрэн
Зүйл хэсэг 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                                

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох эрүүгийн 1925002540170 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ж.Бг 2019 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг 39б-15 тоот гэртээ эхнэр Р.Оюунжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бгийн мэдүүлсэн: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Р.Оюунжаргалын... 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2 хүүхдээ дүүгээрээ харуулаад нөхөртэйгөө хамт гэрээсээ гараад найз Түвшинжаргал болон түүний гэр бүлийн хүнтэй 4-үүлээ караокед орж пиво ууж байгаад тэндээсээ гарч суусан. Орой 22 цагийн орчим Богд гол бааранд орж пиво авч уугаад сууж байхад би ширээн дээр байсан шилтэй пивийг 2 стаканд хийчихсэн чинь нөхөр над руу уурлаад Чи надад шавхаруу хийлээ гээд дайраад байсан. Тухайн үед хамт явж байсан Түвшинжаргал нөхрийг болиулаад бид нар баар хаах үед гарцгаасан. Баарны гаднаас такси бариад бид нар шууд манайх руу явсан ба замдаа Баасанхүү над руу дайраад хэрүүл хийгээд яваад байсан. Тэгээд хашааныхаа гадаа ирээд машинаас буугаад хашаа руугаа ортол араас Баасанхүү ирээд миний үснээс зулгаагаад хашаан дотор чиртэл найз Түвшинжаргал салгаад Баасанхүүд ингэж болохгүй гэж хэлээд тэр хоёр зууралдаад үлдсэн. Би Түвшинжаргалын эхнэртэй нь хамт гэр лүүгээ орж ирээд зогсож байхад араас Баасанхүү орж ирээд Түвшинжаргал түүний эхнэр хоёрыг гэрээсээ хөөж гаргаад байшингийнхаа үүдийг цоожилсон. Тэгээд үгийн зөрөөгүй шууд хүрч ирээд модон сандал аваад миний толгой нь тус газар 2-3 удаа цохисон. Миний толгойноос цус гарсан. Баасанхүү сандалаа шидчихээд зуухны төмөрийг аваад дахиж цохих гээд байхаар нь би зуухныхаа төмрийг булааж аваад зуухан доогуур хийсэн. Тэр үед Баасанхүү арай гайгүй болоод миний толгойноос гарсан цусыг хараад би чинь юу хийж байнаа гээд миний толгойг даавуугаар боож өгөөд бид хоёр унтсан. Би Баасанхүүд зодуулснаар толгой хэсэгтээ 3 оёдол тавиулсан. Хоёр гар нилэнхүйдээ хөхөрч няцарсан, нүүр хэсэг хавдаж хөхөрсөн. Медипас болон нэгдсэн эмнэлэгт нарийн шинжилгээ өгч, эмчид үзүүлсэн ....” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7-р хуудас/

-Гэрч Р.Мөнхжаргалын...Энэ байдлаас болж гэр бүлийн зөрчилтэй харилцаатай Оюунжаргал болон хүүхдүүд нь байнга айдастай амьдардаг. Өнгөрсөн оны 7 сард хөдөө байхдаа Баасанхүү Оюунжаргалыг зодож толгойг нь хагалсан, бүх бие хөх няц болгочихсон байсан. Зүүн нүд рүүгээ байнга цохиулсаар байгаад хар толбо тогтчихсон байсан. Цагдаагийн байгууллагад хандах гэхээр дарамталдаг, дараа нь зодох шалтаг болдог. Баасанхүүгээс сална гэж хэлэхэд чамайг хаа байсан газраас чинь олж ална гэж дарамталдаг гэсэн ”гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

-Гэрч Э.Түвшинжаргалын.....”Оюунжаргал ширээн дээр шилтэй пиво байхаар нь шилэн стаканд хийгээд Баасанхүүд өгтөл Баасанхүү Оюунжаргалд хандаж ”чи надад шавхаруу хийж өглөө” гээд уурлаж байсан. Удалгүй баар хаах болохоор нь бид 4 гараад такси бариад Баасанхүүгийн гэрийн гадна ирсэн.Би эхнэр Өнөрцэцэгийн хамт таксинаас буугаад “бид хоёр явлаа” гэж хэлээд алхаад гэр рүүгээ явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/

-Гэрч Б.Өнөрцэцэгийн... Баансанхүүгийн гэрийн гадаа ирээд би таксины мөнгө өгч байтал Баасанхүү, Оюунжаргал 2 хашаан дотроо зууралдаад газар унасан байсан. Би гүйж очоод Оюунжаргалыг Баасанхүүгээс салгаад гэрт нь оруулж өгтөл араас Баасанхүү орж ирээд намайг гар гэж хэлэхээр нь би гараад явсан. Нөхөр Түвшинжаргалын хамт гэр лүүгээ явахад Баасанхүү, Оюунжаргал нар хоорондоо маргалдаж байгаа дуу чимээ сонсогдсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/

-Гэрч Т.Түвшинжаргалын  ... би 2 хүүхэдтэй нь зочны өрөөнд унтаж байхад 00 цагийн орчим Баасанхүү ах, Оюунжаргал эгч 2 гэртээ орж ирсэн. Хоорондоо чангаар яриад маргалдаад байгаа юм шиг санагдсан 10-20 минут орчим болсон. Би босоод харах гэтэл чимээгүй болохоор нь буцаад хэвтсэн ...” гэх мэдүүлэг /хх- ийн 18-19-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 291 дугаартай ... Р.Оюунжаргалын биед тархи доргилт, хуйханд дагзанд язарч урагдсан шарх, нүүр 2 гарт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана ...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/

-Хохирогч Р.Оюунжаргалын эмнэлэгт үзүүлсэн эмнэлэгийн баримт /хх-ийн 74-75-р хуудас/

-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 79-87-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг 39б-15 тоот гэртээ эхнэр Р.Оюунжаргалыг зодож биед нь тархи доргилт, хуйханд дагзанд язарч урагдсан шарх, нүүр 2 гарт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч Ж.Бгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Бгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                     

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон, өөрөө  хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдолгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.

Хохирогч Р.Оюунжаргал гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгджээ.

          Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Ж.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.        

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.