Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-07-02
Дугаар 2019/ШЦТ/213
Хэргийн индекс 171/2019/0182/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч О.Болдбаатар
Зүйл хэсэг 27.2.1. - Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах
Улсын яллагч Л.Оюунтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч З.Шинэбаатар, Б.Отгонбаяр

Хохирогчийн өмгөөлөгч Б.Цэдэндамба

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бт холбогдох эрүүгийн 1825008590012 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч О.Быг 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт Тоёота кролла маркийн 5792 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож МУ-ын ЗХД-ийн 3.7 а, 10.12 дахь заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж 34-37 ДАР улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан З.Шинэбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Отгонбаяр, Б.Туулсайхан нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Бын мэдүүлсэн: Бүх зүйл үнэн. Ангийн уулзалт болоод уусан байсан. Өглөө нь Эрдэнэт рүү ирж яваад ийм юм болсон. Зам хальтиргаатай байсан, тойрч гарах гээд амжилгүй осол гарсан. Би машинаа жолоодож явсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа маргах зүйлгүй гэх мэдүүлэг ,

-Хохирогч З.Шинэбаатарын шүүх хуралдаанд мэдүүлсэн: Гомдолтой байна.2 сарын хугацаанд акттай ажилгүй байсан. Энэ хүн өөрөө утсаа авдаггүй. Эхнэр нь ярьдаг байсан. 2 сарын цалин 4,297,671 төгрөг нэхэмжилж байна. Болдбаатар нь тухайн үед эм авч өгсөн, зураг авахуулсан гэх мэдүүлэг,

-Хохирогч Б.Отгонбаярын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гомдолтой байна. Машин одоо хүртэл засагдаагүй байгаа. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэсэн. Зардал гарсан. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа. Жил бүр эмнэлгийн үзлэг оношлогоонд ордог. Ийм зовиур илэрч байгаагүй. Эмчилгээ болон бусад зардал, цалин 5,483,000 төгрөг, машины эвдрэлийн үнэ 3,865,000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг, болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг /1-р хх-ийн 3-7-р хуудас/,

-Шүүгдэгч О.Бын согтуурлыг шалгасан,0,91% гэсэн баримт /1-р хх-ийн 11-р хуудас/

-Хохирогч З.Шинэбаатарын эмнэлэгт үзүүлсэн эмнэлэгийн хуудас болон цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, /1-р хх-ийн 16-17, 24-27-р хуудас/

-Хохирогч Б.Отгонбаярт эд зүйл /приус-20 машин/хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 28-29-р хуудас/

-Тээврийн хэрэгсэлд /ДАР 57-92 тоёота кролла/ үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 30-37-р хуудас/

-Хохирогч З.Шинэбаатарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн...2018 оны 12 сарын 02-ны өдөр Отгонбаяр, Ганбат, дүү Баянтогтох нарын хамтаар Отгонбаярын эзэмшлийн цагаан өнгийн 34- 37 ДАР улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Булган аймгийн Хялганат сумын нутгаас Дархан-Уул аймаг руу явсан. Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч явах үед эсрэг урсгалд зогсож байсан хар өнгийн Lexus 470 маркын машиныг мөргөж улмаар манай машиныг эсрэг урсгалд орж мөргөж зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас миний баруун гар хугарсан. Осол гарах үед би Отгонбаярын машиныг жолоодож явсан. Би 35 км цагийн хурдтай явж байсан. Тоёота кролла маркийн 57-92 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрэгтэй хүн жолоодож явсан...Надад эмчилгээтэй холбоотой нэхэмжпэх зүйл байхгүй, эмчилгээний зардалын мөнгө болох 210.000 төгрөг гаргаж өгсөн, Би 2018 оны 12 сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 сарын 15-ны өдөр хүртэл өвчтэй байсан, 2019 оны 01 сарын 19-ний өдөр ажилдаа орох гэсэн боловч ослын улмаас миний биед учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүй ажлаа хийх боломжгүй байх тул Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгээс лист бичиж өгсөн, иймд ажилгүй байсан хугацааны нийт цалин 3,739,471 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 38-39-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Л.Цогтгэрэлийн ....”Надад нэхэмжлэх зүйл байхгүй, миний машины эвдрэлийг Болдбаатар Туулсайхан нар бүрэн барагдуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй” гэх мэдүүлэг /1-рхх-ийн 47-р хуудас/

- Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 83 дугаартай:  Тоёота приус маркийн 3437 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Заанхүүгийн Шинэбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Тоёота кролла маркийн 5792 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Б.Туулсайхан, О.Б нар нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “ Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: Мөн дүрмийн 10.12 “өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тэвьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Замын хажууд зогсож байсан 88-84 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Цогтгэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Уг осол нь Тоёота кролла маркийн 57-92 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 10.12 дахь заалтуудыг зөрчсөнөөс осол гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 52-53-р хуудас/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 836 дугаартай: 3.Шинэбаатарын биед баруун гарын шууны ясны далд хугарал, тархи доргилт, доод эрүүнд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийгудаан хугацаагаар сарниулна. Шууны ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 89-р хуудас/

-“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Орхон аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 77-85-р хуудас/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 839 дугаартай: Д.Отгонбаярын биед тархи доргилт, цээжинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт....дүгнэлт /1-р хх-ийн 94-р хуудас/

-“Ашид билгүүн” ХХК-ний 2018 оны 12 сарын 06 өдрийн 259 дугаартай, хохирогч Д.Отгонбаярын эзэмшилийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээ нийт 3,865,000 төгрөг гэх дүгнэлт /1-р хх-ийн 99-103-р хуудас/

Хохирогч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтад мэдүүлсэн“...Осол болсон шалтгаан гэвэл эсрэг урсгалд зам дагуу байрлуулсан хан өнгийн lexus 470 маркын машиныг 57-92 ДАР улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэл нь гүйцэж түрүүлэх шиг болсон улмаар эсрэг урсгал сөрж орж ирж миний машиныг мөргөсөн. Манай машиныг Шинэбаатар жолоодож явсан, мөргөсөн машины жолооч нь эрэгтэй хүн байсан. Би бууж очоод хаалгыг нь онгойлгоход эрэгтэй хүн жолоодож явсан, хажууд нь эмэгтэй хүн сууж байсан...Миний хувьд эрүүл мэндээрээ, эд хөрөнгөөрөө хохирсон тул гомдолтой байна, хохирлыг минь барагдуулж өгнө үү ...гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 41-42-р, 226-227-р хуудас/

Гэрч Л.Ганбатын мөрдөн байцаалтад мэдүүслэн ......”Шинэбаатары найз, урд сууж явсан ба би унтаж байсан. Гэнэт түс тас гээд чимээ гарахаар нь би сэртэл бид нарын сууж явсан машиныг урдаас нь саарал өнгийн тээврийн хэрэгсэл мөргөчихсөн байсан.Гэтэл тухайн үед Шинэбаатар гар эвгүй болчихлоо гээд байсан. мөн Шинэбаатарын найз Отгонбаяр цээж өвдөөд байна эвгүй болчихлоо гээд байсан. Удалгүй цагдаа эмнэлэг ирээд бид нарыг Орхон аймаг руу аваад явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-р хуудас/

Гэрч Э.Буянтогтохын мөрдөн байцаалтад мэдүүслэн...”Отгонбаяр ахын машиныг Шинэбаатар ах барьчихсан ард нь Ганбат ах бид 2 суучихсан явсан. Би унтаж байтал гэнэт осол болох шиг болоод би Отгонбаяр ахын суудлаас араас нь толгойгоороо мөргөөд сэртэл бид нарын сууж явсан машинаас утаа гараад байсан. Би сэрээд урагшаа хартал бид нарын машиныг мөргөсөн машины жолоочийн суудал дээр эрэгтэй хүн байсан. Ингээд цагдаа эмнэлэг дуудсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-р хуудас/

Хохирогч Б.Туулсайханы  мөрдөн байцаалтад мэдүүлсэн....”Манай нөхөр О.Б зам тээврийн осол гарах үед өөрийн эзэмшлийн 57-92 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь үнэн. Гэхдээ би өөрөө эрүүл байгаад өөрийгөө жолоодож явсан гэж мэдүүлэг өгөөгүй. Нөхөр бид 2 хэн хэн халамцуу байсан. Гэхдээ нөхөр бид хоёр эмчилгээтэй холбоотой зардал мөнгийг барагдуулсан.Цаашид хуулийн дагуу гарсан зардлыг барагдуулах болно. Нэхэмжлэх зүйлгүй”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111,243-р хуудас/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай:Б.Туулсайханы биед зүүн өвдөг,баруун гарын дунд хуруунд зөөлөн эдэд цус хуралт бүхийгэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүснэ.Зүүн өвдөгний зөөлөн эдийн цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..гэх дүгнэлт/1-р хх-ийн 65-р хуудас/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 454 дугаартай: Д.Отгонбаярын биед тархи доргилт, цээжинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамааргадахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 839 дугаартай шинжээчийн дүгнэлт үнэдслэлтэй байна гэсэн дүгнэлт....дүгнэлт /1-р хх-ийн 236-р хуудас/

-Хохирогч З.Шинэбаатарын хохирлын нэхэмжлэлийн баримтууд /1-р хх-ийн 244-р хуудас, 2-р хх-ийн 1-6-р хуудас/.

-Хохирогч нарын нэхэмжлэл холбогдох баримтууд 1-р хх-ийн 244- 2-р хх-ийн 06/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичмэл баримтууд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл,гэрэл зураг,хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, бусад бичмэл баримтууд,хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч О.Б нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт Тоёота кролла маркийн 5792 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ ... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн,... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.12 “өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан 34-37 ДАР улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан З.Шинэбаатарын эрүүл мэндэд баруун гарын шууны ясны далд хугарал, тархи доргилт, доод эрүүнд зөөлөн эдэд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, Д.Отгонбаярын биед биед тархи доргилт, цээжинд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол,Б.Туулсайханы биед зүүн өвдөг,баруун гарын дунд хуруунд зөөлөн эдэд  цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.Мөн уг ослын улмаас хохирогч Б.Отгонбаярын эзэмшлийн тоёота приус 20 маркын машинд 3,865,000 төгрөгний эвдрэл хохирол учирсан байна.

Хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохиролууд шүүгдэгч О.Бын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор учирсан болох нь дээрхи нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдсон байна.Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч О.Бын, Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй,шүүгдэгч гэм бруутай байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                     

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт Тоёота кролла маркийн 5792 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж 34-37 ДАР улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан З.Шинэбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Отгонбаяр, Б.Туулсайхан нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:Гэм буруугийн талаар маргахгүй. Хохирогчийн машиныг засаж өгье гэж хэлсэн байдаг. Шүүхээр шийдүүлнэ гэсэн. Цалин гаргуулах баримтууд дутуу байна. Шүүгдэгч нь хохирогч нарт анхан шатны үзлэг оношлогооны зардлуудыг төлсөн. Цаашид гарах зардлыг төлнө. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэнэ үү гэжээ.

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байдал,гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг төлсөн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж,хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

             Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч З.Шинэбаатар 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацааны цалин 4,297,671 төгрөг, хохирогч Б.Отгонбаяр машины эвдрэлийн үнэлгээгээр эмчилгээний төлбөр 782,360 төгрөг, шүүх хурал мөрдөн байцаалтад ирсэн 2 удаагийн зардал 100,000 төгрөг, цалингийн зөрүү 735,000 төгрөг тус тус нэхэмжилсэн байна. /2-р хх-ийн 244-р хуудаст/

        Хохирогч нар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой Улаанбаатар Төмөр замын дохиолол холбооны 1-р ангийн тодорхойлолт,З.Шинэбаатарын цалингийн тооцоо, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/ 1-р хх-ийн 24-27/,үр дүнгийн шагналын тодорхойлолт,цалингийн тодорхойлолт Д.Отгонбаярын нэг сарын цалингийн тодорхойлолт, 2019 оны 2 дугаар сарын эмчийн үзлэгийн болон эмийн баримтууд/1-р хх-ийн 249,250,2-р хх-ийн 01-06/ зэрэг баримт гаргажээ.Дээрхи Улаанбаатар Төмөр замын дохиолол холбооны 1-р ангийн тодорхойлолт,цалингийн тооцоо,толорхойлолт,нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар хохирогч нар ажил эрхэлдэг болох нь тогтоогдож байна.Иймд  шүүгдэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс,түүнтэйадилтгах орлого ...хохирогчид төлөх үүрэгтэй”. Гэвч хохирогч нар гэмтлийн улмаас ажлаа хийгээгүй үеийн цалингаа нэхэмжлэхдээ эмнэлгийн чөлөөтэй байх үедээ нийгмийн даатгалын сангаас авсан цалингийн баримтыг ирүүлээгүй байх тул дутуу авсан цалин хөлсний зөрүүг тооцох боломжгүй байна.Иймд хохирогч нарын цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заалаа.

        Түүнчлэн хохирогч Б.Отгонбаярын 2019 оны 2 дугаар сард хийлгэсэн эмнэлгийн үзлэг оношлогооны болон эмийн зардлын төлбөр 782,360 төгрөгийг хангах үндэслэлгүй,шүүгдэгчийн гэм буруутай шалтгаант холбоогүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгов. Учир нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 454 дугаартай дүгнэлтээр Д.Отгонбаярын биед тархи доргилт, цээжинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана,бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 839 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна” гэсэн гэж дүгнэсэн ба 2019 оны 2 дугаар сард хийлгэсэн эмнэлгийн үзлэг оношлогоо,эмийн эмчилгээ нь 2018 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 02-нд болсон үйл баримттай холбоотой болох нь эргэлзээтэй байна.

      Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мэдүүлэгт “...Онош болон өвчний түүхийн оношийг харгалзан үзэж дүгнэлт гаргадаг.Интермэд эмнэлгийн онош архаг өөрчлөлт тул гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй...” гэж мэдүүлсэн ба Интермэд эмнэлгийн шинжилгээгээр “...хүзүүний хэвийн лордаз алдагдаж тэгширсний улмаас нугасны хөндийн өмнөд зай багассан.Мөн хүзүүний нугалам хоорондын жийргэвч с5,с5 түвшинд жигд бус цзлхийсэн, үүний улмаас зүүн талын гарах мэдрэлийн ёзоорын нүх илэрхий нарийссан” гэсэн онош тогтоогдсон тул 2018 оны 12 дугаар сарын 02-ны үйл баримттай холбоогүй үүссэн удаан явцтай архаг өөрчлөлттэй холбоотой үзлэг оношлогооны зардлыг шүүгдэгч хариуцах үндэслэлгүйюм.

         Харин хохирогч Б.Отгонбаярын 2019 оны 2 дугаар сарын 27, 4 дүгээр сарын 30-ны өдрүүдэд шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтад ирсэн зардал 100,000 төгрөг, машины хохирол 3,865,000 төгрөг зэргийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, шүүгдэгч шүүх хуралдаанаас завсарлага авч төлж барагдуулсан байна.

       Шүүгдэгч нь хохирогч З.Шинэбаатарын эмчилгээ, оношлогоонд 210,000 төгрөг зарцуулжээ..Иймд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

       Шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй,хөрөнгө битүүмжлэгдээгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, шүүгдэгчийн 231410 дугаарын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр заалаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан, 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар О.Бт оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлт, тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Шинэбаатарын 4,297,671 төгрөгний, Б.Отгонбаярын 735,000 төгрөгний нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, Б.Отгонбаярын нэхэмжлэлийн шаардлагаас 782,360 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан О.Б-ын №231410 дугаартай ВСДЕ ангилалын жолооны үнэмлэхийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.