Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-05-24
Дугаар 2019/ШЦТ/166
Хэргийн индекс 171/2019/0158/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч С.Энхтөр
Зүйл хэсэг 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч Л.Оюунтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэг

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э-д холбогдох эрүүгийн 1925002260177 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Э

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч С.Э-ийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран баг 51-01 тоот гэртээ дагавар хүү Х.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э-ийн мэдүүлсэн: Тэр өдөр ажлаас тараад 2 шил архи уусан. Нэлээд согтолттой байсан. Хүүгээ давтлага тасалсан гэсэн нь бодогдоод цээж рүү нь цохиж алгадсан. Болсон явдал үнэн. Миний буруу. Урьд нь зодож байгаагүй. Архинаас боллоо гэж бодож байгаа. Цаашид архи уухаа болъёо гэж бодож байна гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: -Хүнийг саатуулах тухай тогтоол /хх-ийн 7-р хуудас/

-Насанд хүрээгүй хохирогч Х.М-ийн..Тухайн өдөр би ээжтэйгээ гэртээ байсан.  Тэгсэн чинь манай хойд аав Энхтөр согтуу орж ирээд ээжтэй маргалдаад байсан. Би тухайн үед зурагт үзээд сууж байтал миний урд ирээд суусан.Тэгэхээр нь би хойд аав Э-ийг холд гээд толгойг нь гараараа хажуу ийш нь түлхсэн. Гэтэл ээжид аав өө хардаа энэ удахгүй намайг зодлоо гээд байсан. Энэ үед ээж гал тогооны өрөөндөө орсон чинь манай хойд аав Энхтөр араас нь ороод ээжтэй маргалдаад байсан. Ингээд ээж муу ус асгах гээд гараад явсаны дараа эргэж орж ирээд намайг зурагтаа унтраа одоо унт гэхээр нь би зурагт үзэж байна та холдооч гэтэл чимээгүй миний хажууд ирсэнээ ажлынхаа гутлаар миний бөөр лүү өшиглөхөөр нь би орон дээр унаад хөнжлөө нөмрөөд хэвтээд өгсөн. Гэтэл аав миний хөнжлийг хуулж аваад нүүр лүү нэг удаа цохиод мөн элэг буюу хэвлий хэсэг рүү гараа хүчтэй цохисон. Гэтэл ээж гаднаас орж ирээд аавтай маргалдаж байгаад намайг цагдаа дууд гэхээр нь би цагдаа дуудсан. Гэтэл аав би та нарыг дараа ална даа гэж хэлчихээд гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

-Гэрч Х.Халтархүүгийн .. Би 2019 оны 03 сарын 26-ны өдөр өөрийн хүү М-ийн хамт гэртээ байж байтал манай нөхөр Энхтөр гаднаас согтуу ирэхээр нь би хоол хийчихсэн байсан тул хоолоо идчихээд амар гэтэл би хоол идэхгүй гээд байсан. Тэгэхээр нь би аргалж байгаад хоолыг идүүлчихээд унтуулах гэтэл / намайг цуг архи уусан хүмүүстэйгээ андуураад байх шиг санагдсан/ надтай маргалдаад байсан. Тухайн үед манай хүү Мөнхнаран зурагт үзээд сууж байтал Энхтөр зурагтаа болиоч гэхээр нь би Энхтөрийг болиулаад гал тогооны өрөөнд оруулсан. Улмаар Энхтөр гал тогооны өрөөнд надтай бага зэрэг маргалдаад байсан. Тэгэхээр нь би муу ус асгах гээд гараад гадаа явж байтал хүүхэд уйлах шиг болохоор нь эргээд ороод иртэл Мөнхнаран уйлчихсан ээжээ намайг аав зодоод гэхээр нь хүүгээ хартал нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь би Энхтөрийг яаж байгаа юм бэ гээд түлхээд гал тогоо руу оруулсан. Энэ хооронд манай хүү цагдаа дуудсан байсан...Энхтөр мөнхнаран бид хоёроос уучлалт гуйж эвлэрсэн. Одоо гаргасан санал гомдол байхгүй ”гэсэн мэдүүлэг /хх-ийн 19, 20-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 сарын 18-ны өдрийн 256 дугаартай ... Х.Мөнхнарангийн биед зүүн нүдний урд булан, зүүн хацар, хэвлий аюулхайд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүрдээ нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар нь байна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хх- ийн 27-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч С.Э нь 3 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран баг 51-01 тоот гэртээ дагавар хүү Х.М-г зодож цохин биед нь зүүн нүдний урд булан, зүүн хацар, хэвлий аюулхайд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч С.Э-ийн энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн БаянӨндөр сум Наран баг 51-01 тоот гэртээ дагавар хүү Х.Мөнхнаранг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдолгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Аав нь уучлалт гуйсан, өмнө нь зодож байгаагүй гэсэн гэжээ. Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 4 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар С.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сард 225,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ          Д.АРИУНЦЭЦЭГ 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.