Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-06-25
Дугаар 2019/ШЦТ/203
Хэргийн индекс 171/2019/0194/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч Ж.Баярхүү
Зүйл хэсэг 11.4.2.1. - Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                           

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч У.Оюунтөгс

Хохирогчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох эрүүгийн 1925001660127 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Б

 

  Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Ж.Бг 2018 оны 09 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд багийн 33-1 тоотод хамтран амьдрагч У.Оюунтөгсийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 30-01 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч У.Оюунтөгсийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэг өгөхгүй гэсэн.

-Хохирогч У.О-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг биеэрээ  мэдэрсэн. Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй. Энэ хүн хүүхдэд маань бас ширүүн хандаж байсан. Би сэтгэл санаа бие махбодиороо хохирсон. Гэвч энэ хүнээс нэхэмжлэх зүйлгүй. Нэг хоёр цохихоос эхэлсэн. Гарын яс хугарах, 2 хавирга хугарах асуудал гарч байсан. Сүүлд нь тархи толгой хагалсан. Архины их хамааралтай хүн. Янз бүрээр хэл амаар доромжилдог. Би асар их доромжлолыг үзсэн. Анх энэ хүнд хүчиндүүлж танилцаж байсан. Уучлал гуйгаад амьдарна гэсэн тул гэртээ оруулж байсан. Танхай балмад, гэр бүлийн хүмүүжилгүй хүн. Би 71 настай аав, 2 хүүхдийн хамт амьдардаг. Аав хүүхдүүд маань маш их айдаст байдаг. Аавын амыг скочдож байсан. 100% хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг маань зодож хоол ундыг нь булааж, нясалж, авч шиддэг. Хэргээс хойш архи дарс нэхэж чамтай амьдарна гэж ярьдаг. Би одоо итгэж чадахгүй. Нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Хохирогч У.О-н... ”2018 оны 09 дүгээр сарын 12,13-ны үед байх, би өдрийг нь сайн санахгүй байна. Би ажилтай явж байхад манай хамтран амьдрагч Баярхүү “Оюу толгой”-д ажил хийж байгаад ирлээ, буудалд байна хүрээд ир гээд байсан. Тэгэхээр нь би очоогүй юм. Ингээд шөнө би гэртээ унтаж байтал Баярхүү согтуу орж ирээд намайг утсаа авсангүй гээд хэрүүл өдөөд байхаар нь Баярхүүг” чи тэр чигтээ явахгүй яасан юм” гэтэл Баярхүү надтай маргалдаж байгаад би Баярхүүг яв гээд түлхсэн чинь намайг эргээд түлхэж унагаагаад миний баруун тал руу 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босч ирээд Баярхүүг гаргах гээд цуг гартал үүдний довжоон дээр мөн намайг баруун талаар түлхэж унагаасан. Ингээд би цагдаа дуудлаа гэсэн чинь Баярхүү зугтаагаад явсан. ...2018 оны цагаан сараар Баярхүү намайг зодож гарын савхан яс хугалж байсан. Би тухайн үед Баярхүүг надаас уучлалт гуйхаар нь цагдаад мэдэгдээгүй”.... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

-Гэрч Ц.Уртнасангийн... "Б, О хоёр хамтран амьдраад 1 жил гаран болж байгаа бөгөөд Баярхүү нь байнга архи уудаг. Архи уусан үедээ агсам согтуу тавьж Оюунтөгсийг өнгөрсөн жил зодож гарынх нь шууг цуулж байсан. Мөн өнгөрсөн намар намайг хөдөө байхад Оюунтөгсийн хавиргыг нь хугалж байсан. Энэ байдлуудыг нь цагдаад мэдэгддэггүй байсан. Ер нь Баярхүү архи уухаараа агсам согтуу тавиад Оюунтөгсийг цохиж зодоод байдаг юм”... гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/

-Насанд хүрээгүй гэрч О.Маралын... “Б ах манай ээжтэй 2 жил орчим амьдрахдаа зөндөө олон удаа архи ууж ирж ээжтэй маргалдаж байсан ба ээж 2-3 удаа цагдаад дуудлага өгч байсан. Энэ үед ээжийн биед гэмтэл бэртэл учирсан зүйл харагдаж байгаагүй. Харин 2018 оны 09 сард Баярхүү ах согтуу ирчихээд ээжтэй маргалдаж байгаад ээжийг багана, зуух хоёрын дундуур цохиж унагаагаад хавирга руу нь өшиглөсөн ба ээж Баярхүү ахыг хавирга хугалчихлаа гэж байсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/

2019 оны 01 дүгээр сарын сарын 08-ны өдрийн 81 дугаартай шинжээчийн... У.О-н биед хуйх, баруун мөр, зүүн гуя, баруун шанаанд зөөлөн эдэд 7 тооны цус хуралт, зүүн бугалганд 1 тооны шалбархай, баруун талын 8, 9 дүгээр хавирганы суганы арын шугамаар далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Хоёр хавирганы хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.  Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Хавирганы хугарал болон зүүн гуяны гадна талд үүссэн цус хуралт нь хуучин гэмтлүүд болно, бусад гэмтэл нь шинэ гэмтлүүд байна”... гэх дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/

-2019 оны 05 дугаар сарын 02-ны 317 дугаартай нэмэлт шинжээчийн... У.О-н биед зүүн гарын шууны ясанд хугарал үүсч байсан гэмтэл нэмж тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Хуучин гэмтэл байна. Гэмтэл нь тухайн үедээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдах гэмтэл байжээ. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй”... гэх дүгнэлт /хх-ийн 149-150-р хуудас/

-Цагдаагийн газрын мэдээллийн нэгдсэн сүлжээнээс Ж.Бд холбогдох гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх мэдээллийг бэхжүүлэх зорилгоор бичмэл нотлох баримтыг хуулбарлан авч  үзлэг хийсэн тухай тэмдэглэл  /хх-ийн 69-79-р хуудас/

-Эд зүйл баримт бичиг гомдол мэдээллийг хүлээн авсан  тухай тэмдэглэл /хх-ийн 120-142-р хуудас/

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай  прокурорын 5/23 дугаар тогтоол  /хх-ийн 162-р хуудас/

-Хохирогч  У.О-н  .....”Би тухайн өдөр гэртээ байж байтал миний хамтран амьдрагч Ж.Б найзаараа хүргүүлээд манайд ирсэн. Улмаар миний утсаар хүн рүү ярьж байснаа би төмөр тушаагаад мөнгөтэй болчихно надад нэг шил архи аваад өгчих гээд гуйгаад байхаар нь би дэлгүүрээс зээлээд 0,500 грамм Ерөөл нэртэй архи авч өгсөн. Ингээд би охин Маралыг хувцаслаад хичээлд нь явуулах хооронд Баярхүү тэр архийг уусан. Ингээд би охиноо хичээлд нь явуулсан хойгуур би Баярхүүг гэртээ харь гэтэл уурлаад чи намайг хөөлөө яагаад намайг хөөгөөд байгаан өөр хүнтэй болчихсон  юм уу гээд намайг хардаад янз бүрээр доромжлоод байхаар нь би Баярхүүг чи намайг янхан гэж доромжилж байгаа бол эхийгээ доромжилж байгаатай ялгаагүй гээд хэлчихсэн чинь ширээн дээр байсан удирдлага над руу авч шидэхээр нь би гараад зугтаах гэтэл Баярхүү араас таягаараа татаж үлдээгээд улмаар таягаараа хөл рүү 2-3 цохиж мөн хэвлий рүү цохисон. Тэгэхээр нь би Баярхүүгээс зугатаагаад шкаф ор хоёрын завсар ортол сандал бариад таягаа тулж ирээд таягаараа толгой руу цохиод мөн сүүлд нь толгой руу сандалаар зөндөө олон удаа цохиж  толгойг 2-3 удаа олон газар хагалсан. Гэтэл энэ үед аав гаднаас орж ирээд юу болж байгаан яагаад манай охиныг зодоод байгаан яваач зайлаач гэтэл, аавыг ширээн дээр байсан аягаар толгой руу нь цохиж толгойг нь хагалсан. Ингээд Баярхүү өөрөө цагдаа дуусан. Улмаар цагдаа болон Баярхүүгийн ах ирээд Баярхүүг аваад явсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 171-р хуудас/

Гэрч  Ц.Уртнасангийн ....”Тэгэхээр нь би Баярхүүд хандаж чи араатан юм уу чамайг цагдаа дуудаж өгнө  гэтэл Оюунтөгс яах юм бэ ааваа би цагдаа дуудсан гэж хэлсэн. Тэгэл Бая ширээн дээр байсан аяга аваад миний толгой руу шидсэн. Ингээд цагдаа орж ирээд Баярхүүг авч явах гээд авч явж чадаагүй. Удалгүй ах нь орж ирээд аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 173-р хуудас/

Гэрч Ж.Б-н ......”Б над руу согтуу яриад О ээжийг янхан гэж доромжлоод байна та хүрээд ир, О намайг гаргахгүй таягийг маань гаргаад шидчихлээ гэхээр нь би Шанд байгт байдаг Оюунтөгсийнд очсон. Гэтэл тухайн үед Баярхүү, Оюунтөгс, Уртнасан нар  гурвуулаа согтуу нийлж архи уусан байдалтай байсан би Оюунтөгсийн толгойноос цус гарчихсан байсан. Улмаар би Баярхүүг чи яагаад энд ирж байгаан гэсэн чинь яадаг юм эд нар намайг хөлгүй болгочихоод одоо эд нар ингээд жаргаад сууж байна гэх зүйл яриад байхаар нь би Баярхүүг аваад гэрт нь аваачсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 178-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны  2019 оны 05 сарын  02-ны өдрийн 318 дугаартай ...У.О-н биед хуйханд 2 тоон язарсан шарх , зүүн шуу , шилбэ, өвдөг, гуя,  баруун шуу , духанд зөөлөн эдэд 6 тооны цус хуралт  бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.Язарсан шарх болон зөөлөн эдийн цус хуралтууд нь нийлээд тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д  заасны дагуу гэмлтийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чавдар алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтлүүд байна. гэх мэдүүлэг /хх-ийн 182-183-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул хууль ёсны бөгөөд, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 09 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд багийн 33-01 тоотод хамтран амьдрагч У.Оюунтөгсийг зодож биед нь хуйх, баруун мөр, зүүн гуя, баруун шанаанд зөөлөн эдэд 7 тооны цус хуралт, зүүн бугалганд 1 тооны шалбархай, баруун талын 8, 9 дүгээр хавирганы суганы арын шугамаар далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 33-01 тоотод хамтран амьдрагч У.Оюунтөгсийг зодож биед нь хуйханд 2 тооны язарсан шарх, зүүн шуу ,шилбэ, өвдөг, гуя,  баруун шуу, духанд зөөлөн эдэд 6 тооны цус хуралт  бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Б нь хамтран амьдрагч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эмэгтэй У.О-ийг 2018 оны 09 дүгээр сард зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд, хамтран амьдрагчийнхаа сэтгэл санаанд дарамт учруулан, удаа дараа бие махбодод нь халдсан шинжээрээ гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гэж үзнэ. Ж.Б нь Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх шинжтэй үйлдсэн байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн болон хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байдал тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.  

Хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдал бүрэн нотлогдсон, хэрэг шалгах ажиллагаанд хэргийн оролцогч нарын эрхийг зөрчөөгүй, нотлох баримтууд ноцтой зөрүүгүй байх тул яллах дүгнэлтийн хэмжээнд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.    

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан дүгнэлтдээ:Ж.Б хамтран амьдрагч У.Оюунтөгсийг 2018 оны 9 сард, 2019 оны 4 сард зодож эрүүл мэндэд нь хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2,11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус тус ял оногдуулан нийт 1 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах  үндэслэлтэй гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баярхүү өөрөө хүнд гэмтэл авсан. Гэр бүлийн асуудлаас болж ийм юм болсон. Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь нийлж архи уудаг байдлаас шалтгаалсан. Хөнгөн хэрэг анх удаа үйлдсэн тул тэнсэж үүрэг хүлээлгэнэ үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Зүйлчлэлд маргахгүй. Шүүгдэгч нь 2 үйлдлээр хязгаарлагдахгүй. Хохирогч түүний гэр бүлийг сэтгэл санааны дарамтад байлгасан. Энэ нөхцөл байдлыг шалгаагүй орхисон. Гэмт хэргийн шалтгаан нөхцөл ялын хувьд өөр саналгүй гэжээ.  

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих  ял оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

            Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч хохирол төлүүлэхээр нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах,11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгтжэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 1 жилийн хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 1 сар 10 хоногийн  /нэг жил, нэг сар, арав хоног/ хугацаагаар тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 1 жил  01 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.