Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-07-03
Дугаар 2019/ШЦТ/215
Хэргийн индекс 171/2019/0203/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч О.Кадалбек
Зүйл хэсэг 17.1.2.1. - Хулгайлах
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул

Шүүгдэгч О.К

 нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Кт холбогдох эрүүгийн 1925002300167 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.К

Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч О.Кийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Импайре пабын ажилчдын өрөөнд нэвтэрч Т.Одонцэцэгийн Самсунг нөт 5 загварын гар утас, бэлэн 108.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 318.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт/яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Кийн мэдүүлсэн: 2019 оны 3 сарын 27-нд согтуу явж байхдаа Импайр паб руу ороод онгорхой өрөөнөөс утас мөнгө авсан.Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-н 6-р хуудас/

-Хохирогч Т.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн …2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ажилчдын хувцас солих өрөөнөөс бэлэн 108.000 төгрөг, самсунг нөт-5 загварын гар утас зэрэг эд зүйлээ хулгайд алдсан. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд нэг эрэгтэй хүн хувцас солих өрөөнөөс гарч байгаа бичлэг хяналтын камер дээр бичигдсэн байсан бөгөөд өөр гадны хүн ороогүй. Ажилчдын өрөө онгорхой байсан.Манай байгууллагын ажилчдын хувцас солих сейфтэй байдаг.Уг сейфийг би цоожилсон байсан.Тэр хүн яаж онгойлгосныг мэдэхгүй. Миний алдсан мөнгө миний цалингийн үлдэгдэл байсан. манай байгууллага 2019 оны 03 дугаар сарын 23-24-ний өдрийн хооронд цалингаа өгсөн. Тухайн үед би 400.000 гаруй төгрөгний цалинг бэлнээр менежер Халиунаагаас авсан байсан юм. Миний сарын цалин 900.000 төгрөг байдаг. Тухайн үед миний цүнхэнд 108.000 төгрөг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/

-2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/э-0076 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /Самсунг нөт-5 загварын гар утас 210.000 төгрөг /хх-ийн 19-22 хуудас/

-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 35-38-р хуудас/

-Камерийн бичлэгт /Импайр паб/ үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 39-40-р хуудас/

-Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерийн бичлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хэргийн хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерийн бичлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгчийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Каладбек нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Импайре пабын ажилчдын өрөөнд нэвтрэн орж Т.Одонцэцэгийн хувцас сольдог шүүгээнд байсан гар цүнхнээс Самсунг нөт 5 загварын гар утас, бэлэн 108.000 төгрөгийг нууцаар авч нийт 318.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Т.О-д 318,000 эд хөрөнгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч О.Кийн,бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд зөвшөөрөлгүй,нууцаар нэвтрэн орж өмчлөх эрхэнд  нь  хууль бусаар халдаж эд зүйлийг нь авч хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, санаатай үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй,шүүгдэгч гэм буруутай байна.

Шүүгдэгч О.К нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Кхадалбекийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.    

         Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч О.К гэм буруутай болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Зүйлчлэлд маргахгүй, гэм буруугаа хүлээж байгаа. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.     

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан үзээд хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.     

Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан боловч түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” заалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэсэн болно. Шүүгдэгч шүүхийн хэрэг хэлэлцэх ажиллагаанд саад учруулж 2 удаагийн шүүх хуралдаанд “архидан согтуурсан” шалтгаанаар ирээгүй ба урьд хулгайн хэрэгт шийтгүүлж ял эдэлж байсан байна.

           Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Т.Одонцэцэг шүүх хуралдаанд оролцохгүй гомдол саналгүй хохирлоо бүрэн барагдуулсан гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

   1.Шүүгдэгч О.К-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч О.Кийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Кид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

           4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Кид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                       

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.