Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-07-01
Дугаар 2019/ШЦТ/211
Хэргийн индекс 171/2019/0200/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч А.Галмөрөн
Зүйл хэсэг 11.1.2.4. - зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн;
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

                                 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Гд холбогдох эрүүгийн 1925001000159 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Г

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч А.Гг 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хуримт” зочид буудлын 304 тоотод Б Ган-Очирын хоолойн тус газар нь архины хагархай шилээр зүсэж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ггийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байгаа. Цус гараад алчуураар боож байсныг санаж байна. Өмнөхийг нь санахгүй байгаа юм. Архины шилээр цохисон. Шилийг хагалснаа санахгүй. Ийм зүйл болсонд харамсаж байна гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 4-8-р хуудас/

-Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 10-11-р хуудас/

-Хохирогч Б.Ган-Очирын мөрдөн байцаалтад өгсөн...Эхнэр Энхмаа болон Одонтуяа бид нар одоо хаашаа явах талаар ярилцаад бүгд ээж аавтайгаа хамт амьдардаг хүмүүс учраас архи уугаад гэр рүүгээ ороод хэрэггүй байх гэж ярилцаад буудалд хонохоор болж “Хуримт” зочид буудалд өрөө авч орсон. Энхмаа бид хоёр гараад гаднаас 1 шил 0.75 литрийн Соёрхол архи, 1 ширхэг 2,5 литрийн том пиво аваад өрөөнд орж дөрвүүлээ хувааж уусан. Ингээд би нилээн муудаад байхаар нь би унтахаар хэвтсэн. Энхмаа, Одонтуяа хоёр арай гайгүй байсан. Галмөрөн бас нилээн муудчихсан байсан. Нэг сэрсэн чинь Галмөрөн Одонтуяа хоёр маргалдаад байх шиг байсан. Г Одонтуяатай унтах гээд тэрнээс болж маргалдаад байхаар нь би босоод| Г дээр очоод чи яагаад байгаа юм бэ зүгээр унтаач гэж хэлтэл Г миний өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь би Одонтуяаг босгоод Энхмаатай унтуулчихъя гээд Энхмаагийн ор руу босгоод явуулсан. Тэгтэл Г нүцгэн босч ирээд манай эхнэр Энхмаа руу дайраад чи хэдэн төгрөгөөр биеэ үнлэдэг вэ чамд хэдийг өгөх юм бэ гээд дайрч байгаад ус буцалгагч аваад Энхмаа руу шидтэл шанааг нь хальт шүргээд өнгөрсөн.Тэгэхээр нь би босоод Г-г яаж байгаа юм бэ гээд нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохитол Г хойшоогоо болоод над руу буцаж дайрхаар нь би зөрүүлээд Г-г хүзүүгээр нь тэврээд орон дээр дартал Г гараараа миний толгойг цохиод байсан. Тэр үед Энхмаа намайг болиоч наадахдаа зодуулаад байх юм босооч гэж хэлэхээр нь би Галмөрөнг тавиад боссон.Тэгээд нөгөө талын орон дээр сууж байхад Г хувцсаа өмсөөд миний урд талд ирэхээр нь за одоо тайвширчих гэж хэлтэл гар нь хүзүү рүү явах шиг болтол миний хүзүү зүсэгдээд цус гарч байсан. Тэгээд гараараа хүзүүгээ бариад үзтэл цус их хэмжээгээр гараад тогтохгүй байхаар нь эмнэлэгт боолт хийлгүүлсэн байгаа. Галмөрөнг шил хагалж байгаа дуу чимээ огт сонсогдоогүй.Хаанаас шилний хагархай авсныг нь сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/

-Гэрч М.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...”Дотогшоо ортол өндөр залуу нь ванны алчуураар өөрийнхөө хүзүүг ороочихсон хүзүүнээс нь нилээн их хэмжээний цус гарсан байдалтай орон дээр сууж байсан ба надтай орж ирсэн залуу намхан биетэй залууг аваад буудлын өрөөнөөс гараад явсан. Би тухайн үед энд юу болсон талаар асуухад тэнд байсан 2 эмэгтэйгийн 1 нь хамт орсон залуу маань надтай маргалдаж байгаад уурандаа манай найзын хүзүү рүү нь архины шил хагалаад хагархай шилээр нь зүсчихсэн гэж хэлсэн. гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/

- Гэрч Б.Энхмаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн....”Гэтэл гэрэл унтраад удаагүй байхад Одонтуяа Галмөрөн хоёр муудалцаад байхаар нь миний нөхөр босоод тэр хоёр дээр очоод Одонтуяаг наашаа хүрээд ир бид хоёртой хамт унтчих гэж хэлсэн чинь Галмөрөн босч ирээд намайг янхан гэх мэтээр хэлээд доромжлоод байсан. Миний нөхөр чи юу гээд байгаа юм бэ унт гээд Галмөрөнг ор руу нь түлхээд нуруу руу нь хоёр удаа цохисон. Тэгсэн чинь Галмөрөн уурлаад босоод ирсэн. Тэр үед шил хагарах чимээ гараад Галмөрөн бид гурав руу ойртож ирээд миний нөхрийг нэг юмаар цохих шиг болсон чинь цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь гэрэл асаасан чинь миний нөхрийн хүзүүнээс нь цус гарчихсан Галмөрөн гартаа архины шилний хоолой хэсгийг барьчихсан зогсож байсан бөгөөд намайг хэл амаар доромжилоод байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

-Гэрч А.Одонтуяагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...”Тэр үед Энхмаа цонхны харалдаа зогсож байсан ба би буцаад Галмөрөн дээр очтол Галмөрөн босоод гартаа архины шил барьчихсан явж байгаад өрөөнд байсан жижиг бор түмбүүчикэн дээр архиныхаа шилийг цохиод хагалсан. Тэгээд гартаа барьж байсан архины хагархай шилийг бариад шууд Ган-Очирын байсан өрөө рүү нь явж ороод Ган-Очирыг орон дээр сууж байхад Галмөрөн урд нь очсон. Ган-Очир Галмөрөнг цаашаагаа өрөө рүүгээ орж амар гэж хэлээд цааш нь хоёр гараараа түлхтэл Галмөрөнгийн гар нь Ган-Очирын толгой хэсэг рүү нь хүрэх шиг болсон. ...Тэгээд Энхмаа цонхны хажууд зогсож байснаа орилоод Одноо гэрлээ асаагаач гэж орилохоор нь би сандраад шууд гэрлийг нь асаатал Ган-Очирын зүүн талынх нь хүзүүнээс нилээн их хэмжээний цус гарч байгаа нь харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн 135 дугаартай, Б.Ган-Очирын биед хүзүүнд зүсэгдэж урагдсан шарх, гүрээний судасны бүрэн биш урагдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д заасны дагуу 'змтлийн хүнд зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/

-Хохирогч Б.Ган-Очирын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай эмнэлэгийн хуудасны хуулбар /хх-ийн 48-57-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад бичмэл баримтууд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч А.Г нь 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 7-ны өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хуримт” зочид буудлын 304 тоотод архидан согтуурсан үедээ хувийн шинжтэй маргаанаар шалтаглан архи шил хагалан Б.Ган-Очирын хоолойн тус газарт нь зүсэж биед нь хүзүүнд зүсэгдэж урагдсан шарх, гүрээний судасны бүрэн биш урагдал бүхий хүнд гэмтэл хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч А.Ггийн, хамт байсан Б.Ган-Очиртой маргах үедээ ууж байсан архиныхаа шилийг орны тумбочканд цохиж хагалаад хагархай хэсгээр нь Б.Ган-Очирын хүзүү хэсэгт зүсэж хүнд хохирол учруулсан хүний эрүүл мэндийн эсрэг энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй,шүүгдэгч гэм буруутай байна. Архины шилийг зориуд хагалж ирмэг үзүүртэй болгон хэрэглэж хүний эрүүл мэндийг хүндээр хохироосон байх тул тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Гг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                     

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 7-ны өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хуримт” зочид буудлын 304 тоотод архины шилийг хагалж зэвсгийн чанартай болгон хэрэглэж Б Ган-Очирын хоолойн тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохиролд 1,200,000 төгрөг төлсөн. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: Гэм буруугаа хүлээж байгаа. Маргаангүй. Хохирол төлсөн гэжээ.

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” заалтыг хэрэглэн хуульд заасан доод хэмжээний хорих ялын гуравны хоёроос багагүй хэмжээний ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

           Хохирол төлбөрийн тухайд:Хохирогч Б.Ган-Очир нь шүүх хуралдаанд оролцохгүй гомдол саналгүй гэж шүүхэд мэдэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хохирогч эмчилгээнд 1,200,000 төгрөгний зардал гаргасныг шүүгдэгч төлсөн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн 4 ширхэг шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч А.Г-г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гг 3 /гурав/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилний хагарсан ёроол хэсэг 1 ширхэг, шилний хагархай 4 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧИД                             Ц.АЛТАНГАДАС

                                                                                       Ж.БАЙГАЛМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.