Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-07-09
Дугаар 2019/ШЦТ/220
Хэргийн индекс 171/2019/0212/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч Д.Эрдэнэбат
Зүйл хэсэг 17.1.1. - Хулгайлах
Улсын яллагч Л.Оюунтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                             

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-ад холбогдох эрүүгийн 1925002020198 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Э

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Э-ыг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-1-117 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Өсөн арвижих” барьцаалан зээлдүүлэх газраас А.Ариунаагийн эзэмшлийн самсунг  жи-7 загварын гар утсыг долгион бууруулагчийн хамт хууль бусаар, нууцаар хулгайлан авч 499,000 мянган төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эын мэдүүлсэн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг, болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

- Хохирогч А.Ариунаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн... “Би Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулбаг багийн 5-1-117 тоотод байрлах “Өсөн-арвижих” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын 2 номерт ломбардын үйл ажиллагаа явуулдаг юм. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 цаг 50 минутын үед хамт суудаг Цэцэгмаагаар дусал хийлгэчихээд цай уух гээд 6 номерийн өрөөнд очоод халуун ус аягандаа хийж аваад буцаад өрөөндөө ирсэн чинь миний гар утас байхгүй байсан юм. Уг утсыг манай том хүү Анхбаяр 2018 оны 08 дугаар сард шинээр нь авч өгсөн юм. Тэгээд би ломбардны хяналтын камерийг шүүсэн чинь хоёр эрэгтэй хүн орж ирээд нэг нь урт куртектэй, хар малгайтай, туранхай биетэй, 30-40 орчим настай, өндөр залуу нь гараа оруулаад авч байгаа бичлэг харагдаж байгаа юм. Ингээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэгээд би гар утсаа маргааш нь буюу 2019 онь 03 дугаар сарын 14-ний өдөр Төртүвшин мөрдөгчөөс хүлээн авсан юм. Камерийн бичлэгээс харахад өндөр залуу гар утсыг аваад явж байгаа бичлэг харагдаж байгаа”... гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

-2019 оны 03 дугаар саоын 14-ний өдрийн 2019/э-0056 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн: самсунг жи-7 гар утас 499,000 төгрөг гэх дүгнэлт/... хх-ийн 21-24-р хуудас/

-Иргэний нэхэмжлэгч Х.Анх-Оргилын мөрдөн байцаалтад мэдүүлсэн... “Би 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед ажил дээрээ байж байхад зүс таних Ийгаа гэж дууддаг буюу Эрдэнэбат нэг залуугийн хамт орж ирээд гар утас худалдаж авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би ямар маркийн гар утас юм бэ гэсэн чинь жи-7 загварын гар утас байсан. Тухайн үед үзүүлсэн гар утас нь ямар нэгэн гэргүй, шилэн наалтгүй, ард нь ямар нэгэн юм наагаагүй утас үзүүлсэн. Тэгээд намайг 150.000 төгрөгөөр авах уу гэхээр нь үгүй ээ тэгж авахгүй гэсэн чинь тэгвэл 100.000 төгрөг, дээр нь нэг ширхэг нокиа өгчих гэж хэлсэн тэгэхээр нь тэгье гэж хэлээд худалдаж авсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл... /хх-ийн 32-р хуудас/

-Гэрч С.Мөнхбаярын мэдүүлсэн... “2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-1 дүгээр байрны гадна явж байхад зүс таних нэрийг нь мэдэхгүй дүү нэг залуугийн хамт явж байсан. Тэгээд надтай ойр зуурын юм яриад дүү нь шартаад үхлээ ганц юм аваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрт байсан 6000 төгрөгөөрөө ганц шил 0.5 граммийн стандарт архи авч өгөөд бид гурав хувааж уусан юм. Тэгээд би тэр хоёрт хандаж “...ахад нь 100.000 төгрөгний хэрэг байна миний тэтгэвэрийн виза карт зэрэг эд зүйлийг ломбарданд тавих хэрэгтэй байна...” гэхэд миний зүс таних залуутай хамт явж байсан залуу би тавиад өгье гэж хэлээд 5-1 дүгээр байранд байдаг ломбард руу дагуулаад явсан. Тэгээд тэр залуу миний бичиг баримтыг аваад ломбардны хүмүүсээс асуухад авахгүй гэж хэлэхээр нь би бичиг баримтаа буцааж аваад гадагшаа гарах гээд хаалган дээр очтол нөгөө залуу 2 номерийн ломбарднаас нэг эд зүйл аваад миний хажуугаар гараад явсан. Намайг гадаа гарахад байхгүй байсан, би тэр залууг танихгүй, ямар эд зүйл авсаныг нь мэдэхгүй байна”... гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/

- Самсунг Жи-7 гар утсыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл... /хх-ийн 37-38-р хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, дүрс бичлэгийн хуурцаг, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.Э нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-1-117 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Өсөн арвижих” барьцаалан зээлдүүлэх газраас А.Ариунаагийн эзэмшлийн самсунг жи-7 загварын гар утсыг долгион бууруулагчийн хамт нууцаар авч бусдад 100,000 төгрөгөөр худалдаж мөнгийг өөртөө зарцуулсан, хохирогчид 499,000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 Шүүгдэгч Д.Эын энэ үйлдлийн улмаас хохирогчид 499,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Д.Эын, бусдын эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын өмчлөх эрхэд халдсан “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч гэм буруутай байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-1-117 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Өсөн арвижих” барьцаалан зээлдүүлэх газраас А.Ариунаагийн эзэмшлийн самсунг жи-7 загварын гар утсыг долгион бууруулагчийн хамт хууль бусаар, нууцаар хулгайлан авч 499.000 мянган төгрөгний хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Хохирол төлөгдсөн. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 сарын хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэжээ.

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Зүйлчлэлд маргахгүй, гэм буруугаа хүлээж байгаа. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.     

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                  

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, нөхцөл байдал тогтоогдоогүй.

          Хохирол төлбөрийн  тухайд: Хохирогчийн самсунг жи-7 маркийн гар утасыг буцаан өгсөн бөгөөд гар утасны долгион буруулагчийн үнэ болох 149,000 төгрөг, иргэний нэхэмжэгч Х.Анх-Оргилд учирсан 100,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

             Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Эад оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.