Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-07-17
Дугаар 2019/ШЦТ/226
Хэргийн индекс 171/2019/0042/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч Э.Дугарай Э.Нямбай
Зүйл хэсэг 17.1.2.4. - Хулгайлах
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр

Шүүгдэгч Э.Д, Э.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Н, Э.Д нарт холбогдох эрүүгийн 1825007220520 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Д

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Н

Орхон аймгийн Прокуророос Шүүгдэгч Э.Д, Э.Н нарыг бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны шөнө Орхон аймаг Жаргалант сумын нутаг “Долоон хайлаастын адаг” гэх газар байх 20 га хашаажуулсан талбайгаас 2440 ОРХ улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгсэл ашиглаж 16 ширхэг боодол ногоон тэжээлийг хулгайлж 120,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Нгийн мэдүүлсэн: Ах Д-г дуудаж гишүү ачилцаад өг гээд авч явсан. Гишүүгээ ачиж буулгачихаад үлдсэн гишүүгээ ачих гээд явсан. Буцах замдаа тариан талбайн хажуугаар явж байхад тэр хашаанд үхэр орсон байсан. Өвс авъя гэхэд ах болохгүй гэсэн. Би тэгэхэд нь орхисон өвс юм бишүү гээд ачиж авсан. Нойтон өвс байсан. Гишүүн дээрээ ачаад төв ороод маргааш нь өвсөө ачиж Эрдэнэт рүү гарч яваад машин эвдэрсэн. Машинаа хашааны гадаа нь тавиад гараараа зөөж гаргаж байгаад машиндаа ачсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д-гийн мэдүүлсэн: манай дүү гишүү ачсан. Замын хажууд торон хашаанд өвс байсан, мал орсон байсан. Тэр өвсийг машиндаа зөөж ачсан. Ачиж авчираад манай хаашанд буулгасан. Би тэр өглөө үхэрт явж байхад тэр өвсөнд мал орсон байхаар нь авсан. Тэгээд өвсийг маргааш нь бүгдийг Нямбай аваад явсан гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч С.Цацралын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 10 сарын 12-ны өдөр Жаргалант сумын Жаргалант багийн Долоон хайлаастын адаг гэх газар байх 20 га хашаажуулсан талбайд тарьсан овъёосоо хураахаар комбайн оруулсан. Тэгээд 20 орчим боодол ногоон тэжээл буюу толгойтой овъёос боож тавьсан. Боож тавьсан ногоон тэжээлээ хашаандаа үлдээсэн байсан. Тэгээд маргааш өглөө нь 06 цаг болж байхад хашаандаа иртэл миний уясан уяаг тайлаад хашааны хаалгыг нээсэн байсан. Хашаанд маань олон тооны адуу, үхэр орсон байсан. Мөн урд өдөр бэлдсэн байсан 20 орчим боодол нэг бүртээ 50-60 орчим кг жинтэй ногоон тэжээлийг маань хулгайч авсан байсан. Миний хулгайд алдсан овъёос маань хоёр хэсэг газраас хураасан овъёос байгаа юм. Нэг хэсэг нь бага зэрэг шаргал өнгөтэй, нөгөө хэсэг нь ногоон өнгөтэй байгаа. Бүгд овъёосны толгойтой байгаа. Преслэгч машины том боодол боодог хэмжээн дээр нь тавьж боолгосон. Том хэмжээтэй боодол байгаа. ...Тухайн үед өвс преслэн боох ажлыг Г.Түвшинтөр хийж байсан, би 20 орчим боодол өвс бэлдсэн байна гэж бодсон. Гэхдээ Г.Түвшинтөр преслэн хурааж байсан учраас яг хэдэн боодол өвс байсан талаар сайн мэдэж байгаа гэсэн мэдүүлэг /хх 20-24 ху/,

Хохирогчийн 2 дахь удаагийн мэдүүлэгт:... “Жаргалант сумын зүүн хойд талд буюу Долоон хайлаастын адаг гэх газарт байрладаг нийт 20 га газар байгаа. Энэ газрыг би эзэмшээд 10 гаран жил болж байна. 15 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээ гарсан байгаа. Гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Гэрчилгээний хуулбарыг хэрэгт хавсаргаж өгнө. 2018 оны 06 сарын эхээр 20 га талбайн 10 га талбайд ногоон тэжээл буюу овъёос, үлдсэн 10 газарт нь тариа будаа тарьсан. Ногоон тэжээлийг тарихад 10 гаран сая төгрөгийн зардал гарсан. Г.Түвшинтөр гэж залуу миний хүүгийн найз, тэр утгаараа миний ажилд туслаж байсан юм. Түүнээс Г.Түвшинтөрөөс мөнгө санхүү гараагүй. Бүх зардал надаас гарсан. Газар дээр хамгаалалт тор, хаалга бүгд байгаа. Өнгөрсөн онд 16 ширхэг ногоон тэжээлийг хулгайд алдаж хохирлоо бүрэн хүлээж авсан, гомдолгүй болно”... гэх мэдүүлэг /хх- ийн 223 хуудас/

-Гэрч Г.Түвшинтөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би өөрийн хуурай ах Цацралын хамт Жаргалант сумын хөдөө Долоон хайлааст гэх газар 20 га газарт ногоон тэжээл тарьсан юм. Цацрал ах бид хоёр тарьсан ногоон тэжээлээ 2018 оны 10 сарын 12-ны өдөр комбайнаар хураасан юм. Эхний өдөр байсан болохоор бид хоёр 15-16 боодол өвс бэлтгээд орой харанхуй болсон болохоор ажлаа зогсоож бэлтгэсэн боодолтой өвснүүдээ талбай дээрээ үлдээгээд явсан. Тэгээд маргааш өглөө ирсэн чинь манай ногоон тэжээл тарьсан талбайн хаалгыг онгойлгоод дотор нь байсан 15-16 боодол ногоон тэжээлийг маань бүгдийг нь хулгайч аваад явсан байсан. Цацрал ах бид хоёр ойр орчмоор нь хайсан боловч портер машины мөрнөөс өөр зүйл олдоогүй. Мөн манай ногоон тэжээл тарьсан талбайд үхэр мал орчихсон байсан. Тухайн үед 16 ширхэг боодол өвс бэлдээд өрж үлдээсэн гэсэн мэдүүлэг /хх 27, 34 ху/,

-Гэрч Ц.Батжаргалын... “2018 оны яг хэдэн сар гэдгийг санахгүй байна, ямарч байсан намрын улирал байсан. Тэр нэгэн өдрийн үдээс өмнө Жаргалант сумын хойд хорооллын баруун талын хэсэгт байдаг Э.Дгийн хашаанд очсон. Тэр үед Э.Дгийн хашаанд Э.Н гэж залуу ирчихсэн машин дээрээ банз, хашааны хэдэн ширхэг шургаа мод, мөн толгойтой ногоон овъёос буюу ногоон тэжээл ачсан байхаар нь Э.Нгаас хаанаас энэ тэжээлийг авсан юм гэхэд урд талын гурван замын хажуугийн фондны өвснөөс авсан юм гэж хэлсэн. Э.Нгаас одоо хаачих гэж байгаа талаар асуухад Эрдэнэт рүү гэр лүүгээ харилаа гээд машинаа асаагаад явсан. Тэр үед би сумын хэсгийн төлөөлөгч н.Бат-Эрдэнэ рүү залгаж Нямбай эндээс ногоон тэжээл өвс, мод ачаад Эрдэнэт рүү гарч байна шүү гэж хэлэхэд за ойлголоо гэж хэлээд утсаа салгасан. Тэр өдрийн үдээс хойш нь н.Бат-Эрдэнэ төлөөлөгч суман дээр ирэхдээ нөгөө машин чинь мухар буланд эвдрээд замын хажууд зогсчихсон, хүн нь байхгүй байна гэж хэлсэн. Маргааш өдөр нь С.Цацрал гэж хүн манай сумын цагдаагийн байран дээр ирж манай талбайгаас толгойтой ногоон тэжээл овъёос өвс алга болчихлоо гэсэн. С.Цацрал гэж хүнээс хэзээ алдагдсан талаар асуухад 2 хоногийн өмнө алга болсон гэж хэлсэн. Тэр үед би Цацрал гэж хүнд Э.Н гэж залуу Э.Дгийн хашаанаас өвс ачаад хөдөлсөн, н.Бат-Эрдэнэ хошууч замд машин нь эвдрээд зогсчихсон байна гэж хэлсэн гэхэд би очиж үзсэн, миний өвс мөн байна лээ, би яаж таньж байна гэхээр манай пресслэгч машин ажиллахгүй байсан учир өвсийг гараараа зангидсан юм, миний зангидсан зангилаатай өвс мөн байна лээ гэж хэлсэн. Ингээд н.Бат-Эрдэнэ төлөөлөгч Э.Нг авчирч уулзахад надад хэлсэнээс өөр зүйл ярьсан, өөр айлын өвс шатахад тэрийг зөөж байгаад авсан өвс гэж худлаа хэлсэн. Тэр айлын хүн лүү нь залгаад танай тэжээл өвс шатсан юм уу, Э.Н танай талбай дээр ажиллаж байгаад оронд нь боодолтой ногоон тэжээл өвс авсан юм уу гэхэд манай өвс бага зэрэг шатах нь шатсан, гэхдээ Э.Н ажиллаагүй, Э.Нд би ногоон тэжээл өвс өгөөгүй гэж хэлсэн. С.Цацралын талбай хаана байдгийг мэднэ. Талбайг хамгаалсан тойрсон төмөр торон хашаатай”... гэх мэдүүлэг /хх-ийн 224-225-р хуудас/

            -2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2018/э-0316 дугаартай “Бан хас” ХХК-ний эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт / нэг боодол өвс 7.500 төгрөг, 16 боодол нь 120.000 төгрөг / хх-ийн 39-43-р хуудас /

            -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 5-8-р хуудас /

            -Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 13-19-р хуудас /

            -Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай С.Цацралд олгосон хуулбар, МУ-ын иргэнд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар... /хх-ийн 228-232-р хуудас/.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Эдгээр хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгчийн яллагдагчаар  мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Д, Э.Н нар  2018 оны 10 дугаар сарын 12-ны шөнө Орхон аймаг Жаргалант сумын нутаг “Долоон хайлаастын адаг” гэх газар байх С.Цацралын эзэмшлийн 20 га хашаажуулсан талбайгаас 16 ширхэг боодол ногоон тэжээлийг 2440 ОРХ улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгсэлд ачиж зөөн хашаандаа аваачиж хэрэглэсэн, үүний улмаас С.Цацралд 120,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын энэ үйлдлийн улмаас хохирогч С.Цацралд эд хөрөнгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байна.Шүүгдэгч нар үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байна.

Шүүгдэгч Э.Д, Э.Н нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны шөнө Орхон аймаг Жаргалант сумын нутаг “Долоон хайлаастын адаг” гэх газар байх С.Цацралын эзэмшлийн 20 га хашаажуулсан талбайгаас 16 ширхэг боодол ногоон тэжээлийг 2440 ОРХ улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгсэл ашиглан зөөж хашаандаа аваачсаны улмаас С.Цацралд  120,000 төгрөгийн хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” хэргийн шинжтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нарын үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Цацралын мэдүүлэг , гэрч Г.Түвшинтөр, Ц.Батжаргал нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохиролын хэмжээ бага боловч уг өвсийг тарих хураахад гарсан шууд бус зардал хохирол тооцогдоогүй болон, шүүгдэгч нарын үйлдлийн шинж байдал,санаа зорилго зэргээс дүгнэлт хийгээд гэмт хэрэг мөн гэж дүгнэсэн болно.Шүүгдэгч нар уг талбайн хажуугаар мод ачиж явахдаа хашаанд хадаж боосон өвс байгааг хараад хулгайлж авах санаа төрж зориуд буцаж очиж авсан ба гэр нь өвс байгаа газраас хол зайтай/шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт 7-8 км орчим гэж мэдүүлсэн/,өвснүүд нойтон хүнд учир машинаар зөөхгүйгээр эзэмшилдээ бүрэн оруулах боломжгүй байсан тул Э.Н нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлдээ ачиж авч явсанаар санаа зорилгоо гүйцээж хулгайн хэрэг төгссөн гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч мэтгэлцэхдээ: Шүүгдэгч нар хүний юмыг зөвшөөрөлгүй авснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч зөвшөөрөлгүй авсан болгон гэмт хэрэг болохгүй. Учрах саадыг арилгах зорилгоор гэдгийг юу гэж ойлгох вэ гэдэг нь маргаантай. Мөн гэмт хэрэг хэзээ дуусав гэдгийг анхаарах ёстой.хашааг давж ороод өвсийг гадагш нь гаргаж шидсэнээр хэрэг дууссан. Торон хашааг давуулж гаргаж хаяснаар хэрэг дууссан. Харин тээврийн хэрэгсэлд ачсан нь хэрэг дууссаны дараахь үйлдэл тул тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэхгүй. Захиран зарцуулах боломж нээгдэж мэдэлдээ авсанаар хулгайн гэмт хэрэг дуусдаг. Хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч нар бүлэглэн машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай. Э.Нг 2 жил 6 сарын хугацаагаар, Э.Дг 2жил 3 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчийг хууль бусаар өөрийн мэдэлд шилжүүлж захиран зарцуулах боломж үүссэнээр дуусгавар болдог. Энэ хэргийн тухайд шүүгдэгч нар хохирогчийн өмч болох боодолтой өвснүүдийг торон хашаанаас нь гаргаж машиндаа ачиж явснаар мэдэлд нь шилжиж гэмт санаа зорилго нь төгссөн байх тул яллах дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзнэ. Шүүгдэгч нар 2440 ОРХ дугаартай тээврийн хэрэгслийг гэмт санаагаа гүйцээхийн тулд учрах саадыг арилгах зорилгоор ашигласан байна.

Шүүгдэгч Э.Н, Э.Д нар нь бусдын эзэмшлийн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Н, Э.Д нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

      Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.        

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал, шүүгдэгч нарын хувийн байдал  зэргийг харгалзан дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” заалтыг хэрэглэж хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь  үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч нарын хувийн байдал,үйлдсэн хэргийн шинж байдлыг харгалзан оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.                

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Э.Нгийн “дээрхи тээврийн хэрэгслийг Булган аймгийн н.Мөнхөө гэдэг хүнээс худалдан авсан. Нэр дээрээ шилжүүлж аваагүй байсан” гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 118-р талд авагдсан тус тээврийн хэрэгслийн эзэмшигч  Б.Батмөнхийн “2007 онд Портер маркийн 2440 ОРХ улсын дугаартай машиныг худалдаж аваад 2011 онд Булганы Сэлэнгэ сум руу зарсан” гэсэн тодорхойлолт зэргийг үндэслэн гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан 2440 ОРХ улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгслийг шүүгдэгч Э.Нгийн эзэмшлийнх гэж үзэх үндэслэлтэй байна. Гэвч тухайн тээврийн хэрэгслийг автомашины задаргаанд өгсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Т.Энхбаярын “...Э.Н гэх залуу 2018 оны 11 сарын эхээр манай задаргааны газар 2440 ОРХ улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн мотор нь зад цохисон, хроп нь эвдэрсэн машин авч ирсэн. Тухайн үед тооцоо хийж авсан” гэсэн мэдүүлгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нгаас үнэлгээний дагуу 500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байна.                

         Хохирол төлбөрийн тухайд: Энэ хэргийн улмаас хохирогчид 120,000 төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүгдэгч нарыг хохирол төлбөргүй гэж үзэв.

         Хохирлын хэмжээг шинжээчээс үнэлгээ тогтоосон дүгнэлтэд үндэслэсэн бөгөөд шинжээчийн үнэлгээ тогтоох ажиллагаа хууль зөрчсөн,үнэлгээг хийх журам зөрчсөн гэх үндэслэл  тогтоогдоогүй болно.  Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдаж, шүүгдэгч нарыг цагдан хоригдсон тус тусын 59 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцохоор заалаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахьхэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н,Э.Д нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялааршийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н, Э.Д нарын эдлэх 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н, Э.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тус тус цагдан хорьсугай.

  5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н, Э.Д нарын цагдан хоригдсон 59 хоногийг эдлэх ялын хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэч Э.Н-гаас 500.000 /таван зуун мянган/ төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.