Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-06-27
Дугаар 2019/ШЦТ/206
Хэргийн индекс 171/2019/0205/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч С.Мэндзул
Зүйл хэсэг 17.3.1. - Залилах
Улсын яллагч Г.Түвшинбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                                 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал

Улсын яллагч Г.Түвшинбаяр

Шүүгдэгч С.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мд холбогдох эрүүгийн 1925002100209 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.М

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч С.Мыг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн И.Булганаас Герман улсад үйлдвэрлэгдсэн “Well Star Byas” брендийн тураах аппарат захиалж авч өгнө гэж хуурч мэхлэн Б.Цагаан-Эрдэнэ гэх хүний 5031179382 дугаарын Хаан банкны дансаар 1.112.850 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байгаа. Тураах аппарат авч өгнө гэж мөнгийг нь аваад захиалга хийгээгүй гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- ...Хохирогч И.Булганы "... 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дахин уг эмэгтэйгээс Герман улсын “Well Star Byas” гэсэн нэртэй брендийн тураах аппарат авахаар 1,112,850 төгрөгийг Хаан банкны 5031179382 тоот данс руу шилжүүлсэн. Захиалга өгөхөд 14 хоногийн дотор ирнэ гэсэн бөгөөд уг хугацаа өнгөрсний дараа түүний гар утас болон Facebook-ийн чат руу нь миний захиалсан бараа ирсэн үү, бараагаа авах гэсэн юм гэж холбогдоход таны барааг захиалсан удахгүй ирнэ хүлээж байгаараа гэж хэлсэн. Анх бараа захиалсан өдрөөс хойш нэг сарын хугацаа өнгөрхөөр нь би дахин Мэндзул руу холбогдож яасан бэ бараагаа авмаар байна чи миний барааг захиалаагүй юм биш үү гэж асуухад таны барааг захиалах гэсэн боловч уг аппарат Герман улсад гараагүй байна уучлаарай таны мөнгийг бага багаар үрсээр байгаад дуусгачихлаа гэхээр нь би 14 хоногийн дотор миний хохирлыг барагдуулаарай гэж хэлсэн юм. Үүнээс хойш Мэндзул нь миний гар утсыг авахгүй, Facebook-ийн чат руу нь чат бичихээр хариу өгөхгүй явсаар өдий хүрсэн.” гэх мэдүүлэг  /хх-ийн 6-7-р хуудас/

 -Гэрч С.Саруулын "... Манай Well Star Byas” ХХК нь 2019 оны 01 дүгээр сард албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2018 оны 12 дугаар сарын сүүлээр манай компани тураах аппарат зарж байгаагүй. 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс тураах аппаратны захиалга авч нээлтээ хийж оруулж ирж эхэлсэн. Манай компанид Сандагдоржийн Мэндзул гэдэг хүн ажилладаггүй. Манайхаас бараа захиалахдаа “Web Star biz” гэсэн сайтаар орж захиалгаа хийгээд манай компаний Худалдаа хөгжлийн банкны 470024122 тоот дансанд төлбөрөө төлөөд захиалгаа хийдэг. Энэ данснаас өөр дансанд тушаах боломжгүй. Бараа худалдан авах боломжгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/

- Гэрч Б.Цагаан-Эрдэнийн “... Би Хаан банкны 5031179382 тоот дансыг эзэмшдэг. Мэндзул тухайн үед хүнд тураах аппарат захиалж өгөх гэж байгаа юм чиний данс руу мөнгө орно шүү гэж хэлсэн. Тухайн үед миний карт Мэндзулд байсан. тэгээд хэзээ мөнгө орж ирсэн талаар сайн мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/

-Хохирогч И.Булганы 5096211196 тоот ХААН банкны дансны хуулга /хх-ийн 14-р хуудас/

- Facebook-ийн чат руу бичсэн гэх 12  хуудас баримт  /хх-ийн 15-26-р хуудас/

-Хохирол төлж барагдуулсан  баримт /хх-ийн 35-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар  өгсөн мэдүүлэг, бусад бичмэл баримтууд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, бичмэл баримтууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.М нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн И.Булганаас “Герман улсад үйлдвэрлэгдсэн “Well Star Byas” брендийн тураах аппарат захиалж авч өгнө” гэж хэлээд Б.Цагаан-Эрдэнэ гэх хүний 5031179382 дугаарын Хаан банкны дансаар 1,112,850 төгрөгийг шилжүүлэн авсан боловч аппаратыг захиалж авч өгөөгүй, мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 1,112,850 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байдал тогтоогджээ.

Шүүгдэгч С.Мын, бусдын өмчлөх эрхийн эсрэг, хууран мэхэлж 1,112,850 төгрөгний өмчлөх эрхийг шилжүүлэн авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “залилах” гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч гэм буруутай байна.

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                     

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн И.Булганаас Герман улсад үйлдвэрлэгдсэн “Well Star Byas” брендийн тураах аппарат захиалж авч өгнө гэж хуурч мэхлэн Б.Цагаан-Эрдэнэ гэх хүний 5031179382 дугаарын Хаан банкны дансаар 1.112.850 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохиролд 1.112.850 төгрөг төлсөн тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

           Хохирол төлбөрийн тухайд: Хэрэгт авагдсан баримтаар хохирогчид 1,112,850 төгрөгний хохирол учирсаныг шүүгдэгч төлсөн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч С.М-ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар С.Мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 166,666 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.