Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-06-20
Дугаар 2019/ШЦТ/194
Хэргийн индекс 171/2019/0195/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч М.Бадар-ууган
Зүйл хэсэг 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч Л.Оюунтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                                 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 1925003320213 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч М.Быг 2019 оны 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-16 дугаар байрны хойд талын таксины зогсоол дээр иргэн Д.Балдандоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бы мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байгаа гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Д.Балдандоржийн “...Би 2019 оны 05 сарын 07-ны өдөр гэртээ гудамжныхаа таньдаг ахтай нэг шил архи уучихаад гэртээ унтаж байгаад орой 23 цаг өнгөрч байхад ажпын газрын Хатанзориг ахтай уулзах гээд гэрийнхээ ойролцоогоос такси аваад Город руу орж ирээд Уурхайчин баг 3-16 дугаар байрны такси зогсоол дээр зогсож байтал миний хөлсөлж явсан такси руу 2 залуу юм шидчихээд нэг такси руу ороод уусан. Гэтэл миний хөлсөлж явсан таксины жолооч буугаад нэгийг нь бариад авсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор намхан залууг нь бариад авсан чинь намайг 2-3 удаа цохиод авахаар нь би хойшоогоо зайгаа авсан чинь намайг хавсарч унагаагаад толгой руу өшиглөсөн.Тухайн үед ойролцоо байсан хүмүүс нь цагдаа дуудсан юм шиг байна лээ. Би газар хэвтэж байгаад босоод ирсэн чихнээс цус гарчихсан байсан. Ингээд би эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-р хуудас/

 -Гэрч Б.Мөнхтөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн:.. “...2019 оны 05 дугаар сарын 07-ны 11 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт байдаг айлд цахилгааны ажил найз Бадар-Ууганы хамт хийгээд 02 цагийн үед ажлаа дуусгаад нэг том пиво 4-18 дугаар байранд Бадар-Ууганы хамт хувааж уучихаад гэрлүүгээ явах гээд такси барих гээд зогсож байтал шагийн архи зардаг нэг эгч юун хулгайч нар яваад байнаа гэж хэлсэн. Тэгэхээр бид хоёр хэлсэн үгийг нь тоохгүй зам гараад таксинд сууж байтал хоёр танихгүй ах бид хоёр дээр ирээд нэг нь намайг шууд цохиж аваад машинаас чирж буулгасан. Тэгэхэд манай найз Бадар-Ууган нөгөө ахыг хавсарч унагаагаад нэг удаа өшиглөсөн тэгтэл нөгөө ах босч ирэхгүй газар хэвтээд толгойнос нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 7-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 341 дугаартай ... .Д.Балдандоржийн биед зүүн чихний дэлбээнд язарсан шарх, зүүн чихний хэнгэргэнд цус хуралт, зүүн ташаанд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Язарсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадьар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь 2019-05-07 өөр үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/

-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 25-29-р хуудас /

-Хохиролд  300,000 төгрөг төлсөн баримт  /хх-ийн 49-р хуудас/

-Бичмэл нотлох баримт /Цагдаагийн газрын дуудлага хүлээн авах дэвтэр/ хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 58-р хуудас/

-Хохирогч Д.Балдандоржийн эмчилгээний төлбөрт 300,000 төгрөг хүлээн авсан гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй тухай баримт /хх-ийн 76-р  хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад бичмэл баримтууд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч М.Б нь 2019 оны 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-16 дугаар байрны хойд талын таксины зогсоол дээр иргэн Д.Балдандоржийг зодож биед нь зүүн чихний дэлбээнд язарсан шарх, зүүн чихний хэнгэргэнд цус хуралт, зүүн ташаанд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч М.Бы хүний эрүүл мэндийн эсрэг энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                     

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-16 дугаар байрны хойд талын таксины зогсоол дээр иргэн Д.Балдандоржийг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохиролд 300,000 төгрөг төлсөн. Цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна.Торгуулийг 1 сарын хугацаанд төлнө гэжээ.

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

           Хохирол төлбөрийн тухайд: Хэрэгт авагдсан баримтаар хохирогч эмчилгээнд 300,000 төгрөгний зардал гаргаснаас шүүгдэгч төлсөн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар М.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  1  сарын хугацаанд бүрэн хэмжээгээр төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.