Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-07-09
Дугаар 2019/ШЦТ/221
Хэргийн индекс 171/2019/0208/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч Д.Баянхүү
Зүйл хэсэг 17.1.2.1. - Хулгайлах
Улсын яллагч Л.Оюунтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 1925003070185 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б

Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Бг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн 3-78 тоотод оршин суух иргэн Т.Сүхбаатарын монгол гэрт хууль бусаар нэвтэрч бэлэн 123,500 төгрөг, гар утас, хувцас зэрэг 535 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлахыг завдсан, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах “Маястро” рестораны зохион байгуулагч М.Өлзийбатын өрөөнд хууль бусаар нэвтэрч бэлэн 660.000 төгрөг, гар цүнх, нүүрний крем, уруулын будаг зэрэг 120,000 төгрөгийн эд зүйл хулгайлан нийт 780,000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвижих” хүнсний дэлгүүрийн гадна байсан иргэн М.Эрдэнэбаярын 63-77 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос гар цүнх хулгайлан цүнхэн дотор байсан монетон бөгж, монетон хос ээмэг, монетон гинж, кулон 1,030,000 төгрөгийн эд зүйл, бэлэн 20,000 төгрөг, цүнх, түрийвч

цүнхний халаасанд байсан 160,000 төгрөгийг хулгайлан нийт 1,240,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бгийн мэдүүлсэн: Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээж байна. Тэтгэвэрээ хөөцөлдөх гэж ирээд таньдаг хүмүүс таарч архи уусан. Авсан мөнгө цаасаа яаснаа бодоод олохгүй байгаа. 3 үйлдлээр хулгай хийснээ зөвшөөрч байгаа. Хоригдож байхдаа өөрийнхөө алдааг бодоод өөрийгөө алмаар байсан. Хүүхдүүдээ бодоод байх юм. Хөнгөн ял оногдуулна уу гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 18-р хуудас/

-Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 19-24-р хуудас/

-Хохирогч Т.Сүхбаатарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед хөрш айлаа нүүлгээд гэрлүүгээ явж байхад монгол гэр амбаар хоёрын дундуур эмэгтэй хүн гарч ирэхээр нь юун хүн бэ гээд бариад авсан чинь миний хувцас хийдэг үүргэвчинд гэрт байсан эд зүйлийг хийгээд аваад гарах гэж байсан. Миний үүргэвч дотор 2 ширхэг гар утас, манай эхнэрийн гар цүнх, түрийвч 123,250 төгрөг, гар утасны цэнэглэгч, виза карт 4 ширхэг, иргэний үнэмлэх 2 ширхэг, эрэгтэй футболк 2 ширхэг, оймс 8 хос, эрэгтэй цамц 2 ширхэг, эмэгтэй цамц 1, эмэгтэй малгай 1, гар чийдэн 2, эмэгтэй гоо сайхны ком, эм зэрэг эд зүйлүүдийг хийгээд явж байсан. Цагдаа ирэхээр нь эд зүйлээ буцаан авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/

-Гэрч Д.Батмөнхийн “...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай хөрш айл нүүсэн. Тухайн өдөр нөхөр бид хоёр хөрш айлынхаа эд зүйлийг машин дээр хамжиж ачиж өгөөд 13 цагийн үед гэртээ орох гээд явж байтал манай гэрээс эмэгтэй хүн цүнх бариад гараад ирсэн. Тэгээд манай нөхөр барьж аваад цагдаа дуудсан...гэсэн мэдүүлэг/хх-ийн 36-р хуудас/

-“Далай ван аудит ” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02/02- 39 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт/хх-ийн 41-46-р х

-Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Маястро ресторанд хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 59-61-р хуудас/

-Хохирогч М.Өлзийбатын мөрдөн байцаалтад мэдүүлсэн“...Би 2019 оны 05 дугаар сарын 10-ний өглөө 09 цагийн үед ажил дээрээ ирээд өрөөндөө орж цүнхтэй эд зүйлээ тавиад гал тогооны хэсэг орж тогооч нартай өдөр болох хүлээн авалтын талаар яриад эргээд гал тогооны хэсгээс гараад өрөөндөө ортол миний гар цүнх алга болчихсон байсан. Дотор нь 670,000 мянган төгрөг, бичиг баримт зэрэг эд зүйл байсан юм. Цагдаа нар ирээд хажуу талд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн камерыг шүүж үзээд цэнхэр цамцтай хүрэн гуталтай 40 гаран насны эмэгтэй хүн болохыг тогтоосон...Миний бодоход цүнхэнд 660,000 мянган төгрөг л байсан юм. Тухайн өдөр манай ресторон хүлээн авалттай байсан юм. Уг мөнгө хүлээн авалтын урьдчилгаа мөнгө байсан. Уг мөнгийг би өөрөөсөө гаргаад байгууллагыг хохиролгүй болгосон. Бэлэн 660,000 төгрөг, хулгайд алдсан эд зүйлийн үнэ 120,000 төгрөг нийтдээ 780,000 төгрөг нэхэмжилж байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63-, 148-р хуудас/

-Гэрч А.Дуламсүрэнгийн “... 2019 оны 05 дугаар сарын 10-ний өглөө 09 цаг 30 минутын үед ажил дээрээ ирээд заалаа цэвэрлээд байж байтал манай зохион байгуулагч өрөөнөөсөө гар цүнхээ хулгайд алдлаа гэж хэлсэн юм. Тэгээд цагдаад хандсан юм. Ер нь бол манай ресторан 09:30 гээд л онгойдог юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/

-Гэрч Б.Энэбишийн “...2019 оны 05 сарын эхээр шиг санагдаж байна, тухайн үед 1-3 дугаар байрны үзүүр дээр явж байтал Баянхүү эгч ганцаараа явж байсан. Тухайн үед Баянхүү эгч согтуу явж байсан. Тэгээд надад хандаж эгч нь халтуур хийж байгаа энэ мөнгийг түр хадгалаад байж байгаарай маргааш нөгөөдрөөс ирээд авна гэж хэлсэн. Тэгээд уг мөнгийг нь тоолоод үзэхэд 200,000 төгрөг байсан. Маргааш нь билүү нөгөөдөр нь өглөө эрт 08 цагийн үед манай гэрийн хаалгыг Баянхүү эгч тогшоод мөнгөө аваад явсан. Үүнээс хойш 4-5 хоногийн дараа Баянхүү эгч цагдаа дагуулчихсан надаас мөнгөө авъя гэхээр нь та өөрөө ирж авсан шүү дээ гэсэн чинь эгч нь мартсан байна ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-р хуудас/

-“Орхон аймгийн Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Түүхийн музейн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 70-р хуудас/

-“Далай ван аудит ” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02/02- 49 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-79-р хуудас/

-Хохирогч М.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад мэдүүлсэн“...2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Аривжих” хүнсний дэлгүүрийн гадна талд өөрийн унаж явсан соната-6 маркийн саарал өнгийн 63-77 оро улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ онгорхой орхичихоод дэлгүүр дотор ороод 5 орчим минут болчихоод гарсан чинь машины урд талын сандал дээр байсан саарал өнгийн цүнх алга болчихсон байхаар нь цагдаад хандсан юм. Цагдаагийн алба хаагчид ирээд тухайн дэлгүүрийн хяналтын камерийг шалгаж үзэхэд миний машин руу 50 орчим насны эмэгтэй ороод миний цүнхийг аваад гарч байгаа бичлэг байна лээ. Тэгээд ойр орчимоор нь цагдаа нар явж байгаад цүнх болон улаан өнгийн түрийвчийг олсон юм....Миний саарал өнгийн цүнхэнд улаан өнгийн түрийвч, гэрийн түлхүүр, нүдний шил, нүүрний тос, цүнхний голын халаасанд байсан 160,000 төгрөг, түрийвчин дотор 3 ширхэг монетон бөгж, хос монетон ээмэг, монетон гинж, кулонтойгоо байсан...Дэлгүүрийн гадна байдаг нийтийн жорлонгоос цүнхээ олсон, дэлгүүрийн ар талын жалганаас түрийвчээ олсон. Ингээд цүнхээ олоход цүнхнээс зөвхөн түрийвч л алга болсон байсан. Түрийвчнээс 3 ширхэг карт, бэлэн 20.000 төгрөг, 3 ширхэг монетон бөгж, 1 хос монетон ээмэг, гинж, кулонтойгоо алга болсон юм. Ингээд миний бие 3 ширхэг монетон бөгж, 1 хос монетон ээмэг, гинж, кулоны үнэлгээг аудитын байгууллагаар үнэлүүлсэн юм. Бусад эд зүйлийг олсон учир үнэлүүлэх шаардлагагүй. Миний бие үнэлгээнд тусгагдсан 3 ширхэг монетон бөгж, 1 хос монетон ээмэг, гинж, кулон, 20.000 төгрөг 1,050,000 төгрөг нэхэмжилж байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 102-103-р х, 146-147-р хуудас/

-Гэрч Б.Хүдэрчулууны... “2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байтал манай найз Ахинбаяр, Эрдэнэбаяр, Бадрах, Баярмаа нар нь манай гэрт ирсэн юм. Тэгээд бид нар манайд нэг шил архи уусан юм. Тэгээд бид нар манай гэрээс гараад “Аривжих” хүсний дэлгүүр ороод ойр зуурын юм авсан юм. Дэлгүүрт байхдаа М.Эрдэнэбаярт хандаж “..машинаа онгойлгочих би ороод сууж байя...” гэсэн чинь машинаа удирдлагаар онгойлгосон юм. Тэгээд би машинд нь хэсэг сууж байгаад эргээд гүйгээд дэлгүүр рүү орсон юм. Тэгээд бид нар дэлгүүрээс гарч ирээд машиндаа суугаад хөдлөх гэтэл М.Эрдэнэбаяр нь миний цүнх хаана байна гээд л мэдсэн юм. Тэгээд бид нар тэрүүгээр хайж байгаад цагдаад хандсан юм. Тэгээд цагдаа ирээд тухайн дэлгүүрийн камерийг шүүсэн чинь намайг дэлгүүр рүү буцаад орсоны дараа нэг эмэгтэй машин руу ороод Эрдэнэбаярын цүнхийг аваад гарч байна лээ. Би бол яг юу алга болсоныг мэдэхгүй байна ямар ч байсан өөрсдөө болохоор ээмэг, бөгж, гинж байхгүй л гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-р хуудас/

-“Арвижих” хүнсний дэлгүүрийн гадна хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 105-р хуудас/

-“Далай ван аудит ” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02/02- 36 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 109-114-р хуудас/

-Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогчийн, гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерийн бичлэгүүд,эд зүйл хураан авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хэргийн хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг,хяналтын камерийн бичлэгүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгчийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн 3-78 тоотод оршин суух иргэн Т.Сүхбаатарын монгол гэрт нууцаар нэвтэрч бэлэн 123,500 төгрөг, гар утас, хувцас зэрэг 535,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс авч гарч яваад баригдсан, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах “Маястро” рестораны зохион байгуулагч М.Өлзийбатын өрөөнд нууцаар нэвтэрч бэлэн 660,000 төгрөг, гар цүнх, нүүрний крем, уруулын будаг зэрэг 120,000 төгрөгийн эд зүйл авч нийт 780,000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвижих” хүнсний дэлгүүрийн гадна байсан иргэн М.Эрдэнэбаярын 63-77 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос гар цүнхийг нь нууцаар авч цүнхэн дотор байсан монетон бөгж, монетон хос ээмэг, монетон гинж, кулон зэрэг 1,030,000 төгрөгийн эд зүйл, бэлэн 20,000 төгрөг, цүнх, түрийвч, цүнхний халаасанд байсан 160,000 төгрөгийг зэргийг авч нийт 1,240,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Т.Сүхбаатарт 535,000 төгрөгийн хохирол, хохирогч М.Өлзийбатад 780,000 төгрөгийн хохирол, хохирогч М.Эрдэнэбаярт 1,240,000 төгрөгийн хохирол тус тус учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч Д.Бгийн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад зөвшөөрөлгүй, нууцаар нэвтрэн орж өмчлөх эрхэнд нь хууль бусаар халдаж эд зүйлийг нь авч хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, санаатай, үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч гэм буруутай байна.

Шүүгдэгч Д.Бгийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

             Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.    

           Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Б гэм буруутай болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Зүйлчлэлд маргахгүй, гэм буруугаа хүлээж байгаа. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.     

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...” заалтыг хэрэглэж хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж биечлэн эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

          Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.     

           Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Т.Сүхбаатар шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, хохирлоо бүрэн барагдуулсан гэж шүүхэд мэдэгдсэн ба 535,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг шүүгдэгчээс хураан авч хүлээлгэн өгсөн тухай баримт, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 18-р хуудас/ хэрэгт авагдсан байна. Мөн хохирогч М.Өлзийбатад учирсан 780,000 төгрөгийн хохирол, хохирогч М.Эрдэнэбаярт учирсан 1,050,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж,шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцохоор заалаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгийн цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

           5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

            7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                       

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.