Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-06-26
Дугаар 2019/ШЦТ/204
Хэргийн индекс 171/2019/0204/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч Ч.Эрхэмбаяр
Зүйл хэсэг 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч Л.Энхтайван
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

         

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од

Улсын яллагч Л.Энхтайван

Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Эт холбогдох эрүүгийн 1925003680249 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Э

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ч.Эыг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Молор-Эрдэнэ” зочид буудлын 411 тоот өрөөнд Д.Далайбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Эын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байгаа. Миний үйлдлийн улмаас гэмтэл учирсан нь үнэн. Тоглож байхад орж ирээд “надтай тоглох, үзэх хүн байна уу гээд байхаар нь  гаргаж өрөөнд нь оруулаад нэг цохисон. Хөмсөгнөөс нь цус гарсан гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 6-10-р хуудас/

-Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/

- Хохирогч Д.Далайбаярын “...Тэр өрөөнд байсан үл таних залууд толгой болон нүүрэн тус газартаа цохиулсны улмаас ухаан балартсан. ...Би толгойдоо 5 оёдол тавиулсан. ...Намайг Э гэдэг хүн зодсон байсан. Би Э-тэй Улаанбаатар хотод уулзсан бөгөөд Э миний эмчилгээний зардал болох 800,000 төгрөгийг төлсөн. Надаас уучлалт гуйсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх- ийн 14-16-р хуудас/

- Гэрч Ж.Амаржаргалын ...Орой 01 цаг 10 минутын үед биллъяарднаас хүмүүсээ гаргахад 411 тоот өрөөнд байсан залуу доошоо бууж ирсэн. Тэгээд тэр залуугийн зүүн хөмсөгнөөс цус гоожсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/

-Гэрч Б.Соёл-Эрдэнийн ... Орой 00 цаг өнгөрч байхад 411 тоот өрөөнд байсан хүн биллъяардны өрөө рүү орж нөгөө хүмүүстэй маргалдсан юм шиг байна лээ. Доошоо бууж ирэхдээ зүүн байсан байх хөмсөг нь сэтэрчихсэн байсан. Тэгээд би нөгөө биллъяарданд тоглож байсан залуучуудыг та нар хүн зодчихсон байна шүү дээ гэсэн чинь нэг залуу наад залуу чинь өөрөө орж ирээд бид нартай хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би цохисон юм гэсэн. Тэгээд би тэр цохисон гээд байгаа залууг чамайг хэн гэдэг юм бэ гэсэн чинь  өөрийгөө Эрхэмбаяр гэж хэлж байсан. Тэгээд би тэр цохиулсан ахаас танд цагдаа дуудаж өгөх үү гэсэн чинь хэрэггүй надад ямар нэгэн номдол санал байхгүй цагдаа дуудаад хэрэггүй гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/

-Шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 363 дугаартай....Д.Далайбаярын биед хуйх болон нүүрэнд 3 тооны зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шуунд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3үсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн бусад гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хуйхны зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.Шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 45-р хуудас/

-Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл/ “Молор-Эрдэнэ” зочид буудлын бүртгэлийн дэвтэрийн хуулбар /хх-ийн 79-80-р хуудас/

-Хохирогч Д.Далайбаярын санал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт /хх-ийн 91-р хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад бичмэл баримтууд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Молор-Эрдэнэ” зочид буудлын 411 тоот өрөөнд шүүгдэгч Ч.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Далайбаярыг “тоглож байхад саад боллоо” гэсэн шалтагаар зодож биед нь хуйх болон нүүрэнд 3 тооны зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шуунд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч Ч.Эын хүний эрүүл мэндийн эсрэг энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                     

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Молор-Эрдэнэ” зочид буудлын 411 тоот өрөөнд Д.Далайбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

           Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн эмчилгээнд 800,000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ч.Э Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Ч.Эт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 сарын хугацаанд сард 183,333 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.