Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-02-20
Дугаар 2019/ШЦТ/58
Хэргийн индекс 171/2019/0047/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч Н.Дөлгөөн, Т.Анартуяа, Х.Эрхэмбаяр, Л.Мөнгөн
Зүйл хэсэг 20.7.1. - Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
Улсын яллагч Ц.Мөнхтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                                  

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг

Улсын яллагч Ц.Мөнхтуяа

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Даваасүрэн, Ч.Баасанжав, Ч.Ганчимэг, С.Түмэнбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, О.Сарантуул

Шүүгдэгч Н.Д, Т.А, Х.Э, Л.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д, Т.А, Х.Э, Л.М нарт холбогдох эрүүгийн 1825006820551 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.Э

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.А

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.М

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Д

 Орхон аймгийн Прокуророос, өсвөр насны шүүгдэгч Н.Дийг 2018 оны 9 дүгээр сард Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг делта-9 тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамалыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэж, Орхон аймаг Баян Өндөр сумын Уурхайчин багийн 3-16-72 тоотод, Хүрэнбулаг багийн 4-16 дугаар байрны 1 -р орцны 2 давхарт хадгалсан,

 -Өсвөр насны шүүгдэгч Л.М, Х.Э, Т.А нарыг бүлэглэн 2018 оны 9 дүгээр сард Орхон аймаг Жаргалант сумын нутгаас делта-9 тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамалыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, Орхон аймаг Баян Өндөр сумын зэст багийн 1-1-104 тоотод хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Н.Дий мэдүүлсэн: Анх зун хотод хүүхдүүдийн ярианаас мэдээлэл авсан. Тэгээд 2018 оны 9 дүгээр сард ганцаараа Улаантолгой руу явж өвс түүгээд гэртээ, дараа нь 4-16-р байрны 2 давхарт хадгалсан. Тэр газраа цагдаа нарт зааж өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 05-нд цэцэрлэгийн хашаанд А бид 2 хэрэглэсэн. Оргилтамир хүн харж байсан. Интернетээс зургийг нь харж тэр өвсийг түүсэн. Хар тамхи гэж ойлгож байгаагүй. Мансууруулж гоё болгодог гэж л ойлгож байсан. Ар гэртээ асуудал үүсгэсэндээ харамсаж байна. Маш их гэмшиж байна. Энэ жил сургуулиа төгсөх гэж байгаа гэх мэдүүлэг,

-өсвөр насны шүүгдэгч Т.Агийн мэдүүлсэн: 2018 оны 9 дүгээр сард хичээл эхлээд удаагүй байхад Э, М бид 3 Улаантолгой руу өвс түүхээр явсан. Төлөвлөөгүй, ярьж байгаад л явсан. Яг ямар өвс болохыг сайн мэдэхгүй багцаалдаж түүсэн. Торны талаар түүсэн. Тэнд ургадаг юм шиг байна лээ гэж Э хэлсэн. Манай тагтан дээр хадгалсан. Ээж юм цэвэрлэж байгаад хаясан байсан. 10 дугаар сарын 05-нд Д-ний хамт хэрэглэсэн. Хар тамхины талаар сургууль дээр сургалт сурталчилгаа явагдаж байгаагүй. Буруу зүйл хийснээ маш сайн ойлгож ухамсарласан. Сонирхож л татсан гэх мэдүүлэг,

-Өсвөр насны шүүгдэгч Х.Эын мэдүүлсэн: 2018 оны 9 дүгээр сарын эхээр М, А бид 3 Улаантолгой руу явж өвс түүгээд 1-1-р байранд А-гийнд хадгалсан. Багш нарын баярын өдөр 4-18-р байранд хэрэглэсэн. Өвсний тухай мэдээллийг интернетээс авсан. Эрүүл мэндэд хортойг мэдээгүй. Анх зуслангаас ирээд хэрэглэсэн. Улаантолгойн ногооны талбайгаас торны талаар түүгээд Анартуяагийнд хадгалсан. Хатаад жаахан болсон байсан. Би авснаа дуустал хэрэглэсэн. Бусад хүүхдүүдэд өгөөгүй. Тэрнээс хойш хэрэглээгүй, цаашид хэрэглэхгүй. Хууль бус болохыг мэдсэн, дахин хэрэглэхгүй. Бусад хүүхдүүдэд үлгэрлэнэ гэж бодож байна гэх мэдүүлэг,

-Өсвөр насны шүүгдэгч Л.Мий мэдүүлсэн: Улаантолгойгоос торны талаар түүсэн. Хувааж авсан. Би авсаныгаа 4-20-р байрны орцонд хадгалсан байсан чинь байхгүй болсон байсан. 2018 оны 9 дүгээр сард хэрэглэсэн. Инээд хүрээд байдаг. Одоо хэрэглэхгүй байгаа. Донтох шинж мэдэгдэхгүй зүгээр байгаа. Хууль бус болохыг мэдсэн. Цаашид хэрэглэхгүй. Буруугаа ойлгож гэмшиж байна  гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хэргийн газар /20 дугаар цэцэрлэгийн хашаанд/ үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 6-10-р хуудас/

-Өсвөр насны яллагдагч нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор тестер ашигласан тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн хамт /хх-ийн 16-25-р хуудас/

- Өсвөр насны яллагдагч нарын мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 26-33-р хуудас/

 -Насанд хүрээгүй гэрч Сарангоогийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ....2018 оны 10 сарын 05-ны 12 цагийн орчим Хүрэнбулаг баг 4-14 дүгээр байрны 8 давхар болон 9 давхарын шатны голд зогсож байгаад А Эбэ бид 3 өвс татаж хэрэглэсэн. Тухайн үед Мансууруулах төрлийн ургамалыг А, Эбэ нар халааснаасаа гаргаж ирээд татсан. А өнгөгүй гялгар уутанд маш бага хэмжээтэйг гаргаж ирсэн. Тэгсэн чинь Эбэ нь бас бага хэмжээний мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх ургамал гаргаж ирсэн. Тэгээд тэр 2-ын гаргаж ирсэн ургамалыг нийлүүлээд жижиг цоолсон ундааны саванд хийгээд утаа гарахаар нь тугалган цаасаар сороод татсан. Бид нар тухайн байранд 30 минут болоод гарсан. ... Хичээл тараад би гэр рүүгээ харьсан чинь А

 86216668 дугаарын утсаар залгаад “уулзах уу” гэсэн. Би “хаана байгаан” гэсэн чинь “Ирээдүй одод гэх сургуульд байна” гэхээр нь яваад очсон чинь миний урдаас тэр 3 гараад ирсэн. Гарч ирэхдээ А, Д нэг бандитай гуйваад гараад ирсэн. Тэгээд би урдаас нь очоод А сугадаад аваад 3-23 дугаар байрны хажууд явж байхад Д гэх банди нь “надад эм байгаа чи уух уу” гэж асуухаар нь би “уухгүй” гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 38 дугаар хуудас/,

-Насанд хүрээгүй гэрч М.Оргилтамирын мөрдөн байцаалтад мэдүүлсэн... Д бид 2 нэг сургуульд хамт сурдаг. Тухайн өдөр багш нарын баярын өдөр байсан ба Д-ний хамт хичээл тарчихаад А-тай уулзах гээд 4 дүгээр сургууль дээр очсон. Дөлгөөн халааснаасаа уутанд хийчихсэн байсан хатсан ургамал гаргаж ирээд татна гээд Уурхайчин багийн урд талд байх цэцэрлэгийн хашаанд очоод Д, А нар хатсан ургамлыг ундааны хуванцар сав цоолоод татсан. Гэхдээ гадаа салхи ихтэй байсан болохоор бараг татаагүй, Би тэр ургамалаас сороогүй. Намайг хүн харж байгаарай гэхээр нь би хол зогсож байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 45 дугаар  хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10559 дугаартай: ... шинжилгээнд ирүүлсэн Дөлгөөнөөс хураан авсан 30 гр өвс мэт зүйл гэж хаягласан гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидраканнабинол / ТНС/ нь НҮБ-ын “1971 оны сэтгэцэт нөлөөт бодисын тухай" конвенцийн 2-р жагсаалтанд багтдаг ... гэх дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 57-58 дугаар хуудас/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 сарын 15-ны өдрийн 10558 дугаартай ... 1 ширхэг шилэн савтай ирүүлсэн шээсний дээж хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Нарантуяа Дөлгөөн ФА01311510 дугаартай шинжилгээний дээжинд /РСР фенциклидин /- синтетик гаралтай сэтгэцэд нөлөөт бодис, тетрагидраканнабинол / ТНС/ -ны /олсны ургамал/ агууламж тус тус илрэв. /РСР фенциклидин, тетрагидраканнабинол / ТНС/ нь НҮБ-ын “1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтанд багтдаг ... гэх дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 61-62 дугаар хуудас/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 10555 дугаартай ... шинжилгээнд ирүүлсэн Түмэнбаяр Анартуяа ФА01272801 гэж хаягласан шилэн савтай шээсэнд тетрагидраканнабинол / ТНС/ илэрсэн... гэх дүгнэлт /хх-ийн 69-70 дугаар хуудас/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ... 2018 оны 11 сарын 15-ны өдрийн 10557 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн “Халиун овогтой Эрхэмбаяр” гэсэн хаягтай шээсний дээжинд РСР фенциклидин /-синтетик гаралтай! сэтгэцэд нөлөөт бодис, тетрагидраканнабинол / ТНС/ -ны /олсны ургамалын агууламж тус тус илрэв ...гэх дүгнэлт / хх-ийн 73-74 дүгээр хуудас/

-Өсвөр насны шүүгдэгч Х.Эын яллагдагчаар өгсөн ... Би 2018 оны 09 сарын эхээр Жаргалант сум ордог жижиг тэргэнд суугаад Жаргалант сум ороод ногооны талбай дээрээс мансууруулах төрлийн ургамалыг Мөнгөн, Анартуяа нарын хамт түүгээд Орхон аймагт авч ирсэн. ... түүсэн ургамалаа Анартуяагийн гэрийн болкон дээр хадгалсан... гэх мэдүүлэг / хх-ийн 92 дугаар хуудас/,

-Өсвөр насны шүүгдэгч Т.Агийн яллагдагчаар өгсөн... 4-14 дүгээр байрны орцны Э Сарангоо нарын хамт анх удаа татаж үзсэн. Тухайн үед Э болон би халааснаасаа уг ургамалыг гаргаж ирсэн. ... Бид нар Ирээдүй одод сургуулийн харалдаа ирэхэд Дөлгөөн халааснаасаа нунтаг ургамал гаргаж ирээд Оргилтамирын хамт 0,5 литрийн цагаан өнгийн хуванцар савыг цоолоод дээр хадгалсан... гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар хуудас/,

-Өсвөр насны шүүгдэгч Л.Мий яллагдагчаар өгсөн ... би 2018 оны 09 сарын эхээр Э А нарын хамт Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах тариалангийн талбай дээрээс мансууруулах төрлийн ургамалыг түүсэн. Түүх санааг бид 3 ярилцаж байгаад гаргасан ... гэх мэдүүлэг / хх-ийн 101-102 дугаар хуудас/

-Өсвөр насны шүүгдэгч Н.Дий яллагдагчаар өгсөн... 2018 оны 09 сарын сүүлчээр Жаргалант сумын ногооны талбай руу ганцаараа явж очоод мансууруулах төрлийн ургамалын зургийг нь харж байгаад түүсэн... түүсэн ургамалаа өөрийн гэр болох 3- 16-70 тоотод гэрийнхээ болконд авч ирсэн. Тэгээд маргааш нь Хүрэн булаг багийн 4-16 дугаар байрны 1 дүгээр орцны 2 давхарт байрлах тогны шийдний хажууд нууж тавьсан... гэх мэдүүлэг / хх-ийн 106-107 дугаар хуудас/.

Мөн шүүгдэгч нарын хувийн байдлын баримтуудыг шүүгдэгчийн өмгөөлөгч нар шинжлэн судалсан болно.

Дээрхи гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Н.Д нь 2018 оны 9 дүгээр сард Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг делта-9 тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамалыг худалдаалах зорилгогүйгээр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс түүж бэлтгэн Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-16-72 тоотод гэртээ болон Хүрэнбулаг багийн 4-16 дугаар байрны 1-р орцны 2 давхарт тус тус хадгалсан,уг өвсийг татаж хэрэглэсэн,

 -Өсвөр насны шүүгдэгч Л.М, Х.Э, Т.А нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сард Орхон аймаг Жаргалант сумын нутгаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг делта-9 тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамалыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн 1-1-104 тоотод Т.Агийн гэрт хадгалсан, уг өвсийг татаж хэрэглэсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйл /өвс мэт цагаан ууттай зүйл/ хураан авсан тухай тэмдэглэл, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч дүгнэлт гаргахдаа: Шүүгдэгч Д нь  2018 оны 9 дүгээр сард “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг делта-9 тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамалыг худалдаалах зорилгогүйгээр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс түүж бэлтгэн Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-16-72 тоотод гэртээ болон Хүрэнбулаг багийн 4-16 дугаар байрны 1-р орцны 2 давхарт 10 дугаар сар хүртэл тус тус хадгалсан, шүүгдэгч Л.М, Х.Э, Т.А нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сард Орхон аймаг Жаргалант сумын нутгаас делта-8 тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамалыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн 1-1-104 тоотод А-гийн гэрт хадгалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Интернетээс мэдээлэл авч, бусдыг даган дуурайсан байдал харагдаж байна. Хар тамхины хор аюулын талаар бүрэн ойлголт байхгүй байна. Аргын хувьд нарийссан шинжтэй. Тунгалаг цаасаар ороож, усны сав цоолж татсан байдаг. Гэр бүлийн байдал тогтворгүй, эцэг эхийн хараа хяналт сул харагдаж байна. Шүүгдэгч нарын үйлдэл нь өөрсдийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Дөлгөөнийг 1 жил хорих, Л.М, Х.Э, Т.А нарыг тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх саналтай. Мөн мансууруулах бодисын хэрэглээний донтолтын эсрэг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах саналтай гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул шүүхийн хэлэлцүүлэгт: Өсвөр насны шүүгдэгч Д, А нар гэм буруутай тул яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Сургуулийн сурагчид, энэ насны сэтгэхүйн онцлог байна. Бусдыг даган дуурайх, орчны нөлөөнд автсан байдал харагдаж байгаа. Хувийн байдлын хувьд эвдрээгүй, сургуулийн тэргүүний сурагчид байгаа. Өөрсдөө ойлголттой болсон гэж үзэж байгаа. Цаашидын ирээдүйг нь бодож ялыг хойшлуулж өгнө үү гэжээ.

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт: Э, М нар гэм буруугаа хүлээж байгаа. Энэ талаар маргаангүй. Насанд хүрээгүй байгаа онцлогийг харгалзан оногдуулсан ялыг биелүүлэхийг хойшлуулна уу. Сургуулиа төгсөх шаардлагатай гэжээ.

Шүүгдэгч нарын эдгээр үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байна.

Шүүгдэгч нар нь делта-9 тетрагидроканнабинолын төрлийн сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох өвсийг худалдах зорилгогүйгээр өөрсдөө түүж бэлтгэн, хадгалсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтаар хангалттай бүрэн нотлогдож тогтоогджээ. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Э, Т.А, Л.М, Н.Д нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн  тусгай ангийн ...20.7 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/...гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байх бөгөөд шүүгдэгч нарын хэрэг хариуцах чадварын тухайд эргэлзээтэй баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд: Өсвөр насны шүүгдэгч нарын насны онцлогоос шалтгаалан аливаа мэдээллийн сөрөг талыг тунгаан бодохгүйгээр ухамсаргүйгээр бусдыг даган дуурайх, сонирхох байдлаар хандаж үйлдсэн байх ба нөгөө талаар, сургууль болон эцэг эх, нийгмийн зүгээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор нөлөөний талаар системтэй мэдлэг олгох, хууль тогтоомж сурталчилах, тайлбарлан таниулах ажиллагаа хийхгүй байгаа нь нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.  

Нэгдсэн Үндэсний Байгууллагаас /НҮБ/ 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид зааснаар “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт уг конвенцийн I, II, III, IV  жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд Тухайн бодис нь:1) хараат байдлыг үүсгэх чадвартай бөгөөд 2) төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, эсхүл хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах чадвартай; эсхүл I, II, III, IV жагсаалтад орсон аль нэг бодисын адил урвуулан хэрэглэхэд хүргэх буюу хортой үр дагавар үүсгэх чадвартай... гэжээ.Монгол Улс уг конвенцэд 1999 онд нэгдэн орсон бөгөөд Мансууруулах бодисуудын тухай 1961 оны конвенцэд 1991 онд нэгдсэн байна.

Монгол Улсын МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ хуулийн 3.1.1-д“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг гэж,  3.1.2-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хуваарилах, худалдах, хэрэглэх, тээвэрлэх, хадгалах, устгах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх талаар энэ хууль, бусад хууль тогтоомжоор тогтоосон үйл ажиллагааг гэж, 3.1.4-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд” гэж хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэгддэг бодисыг ойлгоно гэж тус тус заасан.

Мөн хуулийн 13.1.-д мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх; 13.1.8-д мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хадгалах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зэргийг хориглоно гэж заасан тул эдгээр олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжид заасныг зөрчсөн аливаа үйлдлийг хууль бус гэж үзнэ.

           Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал, насны байдал, сургуульд суралцдаг байдал зэрэг шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршигийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж  заасныг баримтлан хуульд заасан хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

          Шүүгдэгч  Н.Дий хувьд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч Х.Э, Т.А, Л.М нарын хувьд бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байгааг дурьдах нь зүйтэй.

          Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0,5 литрийн цэвэр усны сав 1 ширхэг, 1 ширхэг шүдэнз, хүрэн өнгийн 1 ширхэг чихэр, 0,65 грамм өвс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар заалаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х.Э, Т.А, Л.М нарыг бүлэглэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Д-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э, Т.А, Л.М нарыг тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Дийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8,5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э, Т.А, Л.М нарт оногдуулсан тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж тус бүр 7 сарын хугацаагаар, шүүгдэгч Н.Дд оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 6 сарын хугацаагаар тус тус эдлэх ялын хугацааг тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт  оногдуулсан хорих ялыг сургалт -хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,8.1 дүгээр зүйлийн 3, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг  тус бүр 6 сарын хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тус тус тогтоосугай.

5.Эрүүгийн хууийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар тогтоолын биелэлтийг хойшлуулсан хугацаанд шүүхээс оногдуулсан хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.

 6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д, Т.А, Х.Э, Л.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   7.Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, хязгаарлалт тогтоосон хугацаанд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,5 литрийн цэвэр усны сав 1 ширхэг, 1 ширхэг шүдэнз, хүрэн өнгийн 1 ширхэг чихэр, 0,65 грамм өвс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

  9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.