Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-06-28
Дугаар 2019/ШЦТ/207
Хэргийн индекс 171/2019/0206/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч М.Гантөгс
Зүйл хэсэг 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч Г.Түвшинбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                               

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа

Улсын яллагч Г.Түвшинбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Гөд холбогдох эрүүгийн 1925003650229 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн М.Г

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч М.Гийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 2-3 тоотод 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Г.Гансүхийн зүүн гуя, баруун шуу хэсэгт хайчаар зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Гийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байгаа. Хэл амаар доромжлоод байхаар нь тэгсэн байх. Согтуу байсан. Уурандаа тэгсэн байх гэх мэдүүлэг,

-Хохирогч Г.Гансхүхийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ...Г манай гэрт жаахан халамцуу ирсэн...шартаж үхлээ гээд... тэгээд дэлгүүрээс 0,75 гр архи аваад Овоотын 2-3 тоотод Батжаргалынд очсон. Ингээд архиа уугаад Гантөгс нэлээд согтсон ба би жаахан согтсон. Бид 2 маргасан. Г гарч явснаа буцаж орж ирэхдээ дээлийнхээ ханцуйнд нэг юм нуугаад байсан бөгөөд миний хажууд ирээд нэг юм гаргаж ирээд зүүн хөлний гуя хэсэгт хатгасан. Тэгээд хартал гарт нь хайч байсан. Би хайчийг нь булааж авах гэтэл миний баруун гарын шуу хэсэгт хайчаараа зүссэн. Тэгээд би гэрээс гараад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хуудас/

-Гэрч Б.Батжаргалын .мөрдөн байцаалтад мэдүүлсэн...Гантөгс уурлаад гэрээс гарч яваад эргэж орж ирээд ханцуйнаасаа нэг юм гаргаж ирээд шууд Гансүхийн хөлний гуя хэсэгт хатгасан. Гансүх булааж авах гэж байгаад гараа зүсүүлсэн ..." гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 361 дугаартай “... Г.Гансүхийн биед зүүн гуя, баруун шуунд 2 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана ...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 2-3 тоотод 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Г.Гансүхийн зүүн гуя, баруун шуу хэсэгт хайчаар зүсэж биед нь зүүн гуя, баруун шуунд 2 тооны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогджээ.

Шүүгдэгч М.Гийн, бусдын эрүүл мэндэд санаатай халдаж гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч гэм буруутай байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                     

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Г.Гансүхийн зүүн гуя, баруун шуу хэсэгт хайчаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохиролд 500,000 төгрөг төлсөн тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал,хохирол төлсөн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн эмчилгээнд 500,000 төгрөгний зардал гаргаснаас шүүгдэгч төлсөн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч М.Г-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар М.Гөд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3  сарын хугацаанд сард 166,666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.        

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.