Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-06-28
Дугаар 2019/ШЦТ/209
Хэргийн индекс 171/2019/0207/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч М.Ариунтунгалаг
Зүйл хэсэг 17.5.1. - Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших
Улсын яллагч Л.Оюунтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                         

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ат холбогдох эрүүгийн 1925004100251 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.А

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч М.Аийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хүлэг хүнсний захын махны 2-4 тоот лангуун дээр иргэн Б.Уянгын мартаж үлдээсэн Самсунг С-9 плас загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Аийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/

-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/

- Хохирогч Б.Уянгын мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...Би 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хүлэг хүнсний захын махны 2-4 тоот лангуунуудын түрээсийн мөнгийг хурааж авч явж байгаад 2-4 дүгээр лангууны худалдагчаас мөнгө авах үедээ Самсунг С-9 плас загварын гар утсаа лангууных нь урд тавьчихаад мартаад явчихсан байсан. Би хүнсний захаас гараад Цах худалдааны төврүү орох гэж явж байгаад өөрийн гар утсаа халааснаасаа авах гэтэл байхгүй болохоор нь Хүлэг хүнсний захын лангуун дээр тавьсанаа санаад буцаад ортол байхгүй байсан. Тэгээд гар утас руугаа залгахад дуудаад авахгүй байснаа сүүлдээ холбогдох боломжгүй гэсэн хариу өгөхөөр нь Хүлэг хүнсний захын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд ягаан өнгийн куртик өмссөн эмэгтэй миний гар утсыг лангуун дээрээс авч байгаа дүрс бичлэг байсан. ....Надад гомдол санал байхгүй, өөрийнхөө эд зүйлийг хүлээж авсан учраас гомдол санал байхгүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/

-Гэрч Ж.Наранчимэгийн ...Би өөрийн охин Ариунтунгалагийн хамт 2019 оны 06 сарын 03-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Хүлэг хүнсний зах орж хоолны мах авах мах үзэж явтал манай охин намайг араас дагаад гаръя гэхээр нь юу болов гэтэл охин маань надад юу ч ярилгүй гэртээ ирсэн. Гэртээ очсоны дараа охин Ариунтунгалаг надад нэг хар өнгийн гар утас үзүүлээд лангуун дээр байхаар нь авчихсан гэж үзүүлэхээр нь яаж байгаа юм буцаагаад байсан газар нь аваачаад тавь гэж хэлээд охиноо загнасан...гэсэн мэдүүлэг/ хх-ийн 15-р хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019-0 6-06-ны өдрийн №519/061 дугаартай Самсунг С-9 маркийн гар утасны үнэлгээ 2,000,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/

-Шүүх сэтгэц эмгэг судлалын №46 тоот... магадлуулагч М.А нь сэтгэцийн хувьд DS;F70.1 төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол зан төрхийн өөрчлөлт өвчтэй. Энэ өвчний учир ХЧТА-60 хувьтай сэтгэц, өрхийн эмчийн хяналтанд байдаг. М.А нь хэрэг учрал болох үед дээрх сэтгэцийн өвчтэй байсан. Өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож удирдах чавдартай байсан. М.А нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх болон эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай гэх дүгнэлт /хх-ийн 24-рхуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны байх бөгөөд дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай баримт  зэрэг нотлох баримтаар М.А нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хүлэг хүнсний захын махны 2-4 тоот лангуун дээр иргэн Б.Уянгын мартаж үлдээсэн Самсунг С-9 плас загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 2,000,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч М.Аийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид  заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй,шүүгдэгч гэм буруутай байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хүлэг хүнсний захын махны 2-4 тоот лангуун дээр иргэн Б.Уянгын мартаж үлдээсэн Самсунг С-9 плас загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа маргаангүй. Утсыг буцаан өгч хохиролгүй болсон. Торгох ялыг урт хугацаагаар хэсэгчилж өгнө үү. Шүүгдэгч ажилгүй гэжээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Аийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.              

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм буруу,хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.  

Шүүгдэгчийн сэтгэцийн байдлын талаар Шүүх сэтгэц эмгэг судлалын №46 тоот дүгнэлтээр магадлуулагч М.А нь сэтгэцийн хувьд DS;F70.1 төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол зан төрхийн өөрчлөлт өвчтэй. Энэ өвчний учир ХЧТА-60 хувьтай сэтгэц, өрхийн эмчийн хяналтанд байдаг. М.А нь хэрэг учрал болох үед дээрх сэтгэцийн өвчтэй байсан. Өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож удирдах чавдартай байсан. М.А нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх болон эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай гэх дүгнэлт гарсан байна.

         Хохирогч Б.Уянга шүүх хуралдаанд оролцоогүй, хохирлоо барагдуулсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн бөгөөд алдагдсан гар утсыг буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй,хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч М.А-г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар М.Ат оногдуулсан 450,000 төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сард 45,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.

            7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,иргэний нэхэмжлэгч,хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.