Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2020-06-09
Дугаар 1078
Хэргийн индекс 105/2020/1030/Э
Шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэрэнчимэдийн Мөнхтулга
Шүүгдэгч Ө.Д
Зүйл хэсэг 17.1.1. - Хулгайлах
Улсын яллагч Л.Галав
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

   2020        06           09                                   2020/ШЦТ/1078

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Б.Тэргэл,

Улсын яллагч Л.Галав,

Шүүгдэгч Ө.Д, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Ө.Д холбогдох эрүүгийн 2006 01781 1342  дугаар хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ө.Д нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатарсайханы 984 тоотод оршин суух хаягтай иргэн Э.Энхцэцэгийн гэрээс Самсунг галакси А-70 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Дэлгэрдалай мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Энхцэцэгийн мэдүүлэг /хх-11/, гэрч Н.Цээпилмаагийн мэдүүлэг /хх-13/, гэрч С.Баттогтохын мэдүүлэг /хх-18/, яллагдагч Ө.Дий мэдүүлэг /хх-49/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 492 дугаартай дүгнэлт /хх-38-40/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ө.Д нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатарсайханы 984 тоотод оршин суух хаягтай иргэн Э.Энхцэцэгийн гэрээс Самсунг галакси А-70 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Энхцэцэгийн “...2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би Тонко нийтийн байрны 1 тоот гэрээсээ Самсунг А-70 маркийн гар утсаа алдсан юм. Тэгэхэд манайд манай нөхрийн дүү Ө.Д хоносон юм. Өглөө гараад явахдаа Самсунг А-70 маркийн гар утас байхгүй байхаар нь манай нөхрийн дүү аваад явсныг мэдсэн, тэгээд араас нь утасдаад утсаа авахгүй байсан. Тэгээд таг чиг алга болчихсон. Ө.Д нь өмнө нь мэр сэр хулгай, авто осол зэрэг хэргүүдэд холбогдож байсан. Ө.Д нь сэтгэцийн хяналтанд байдаг хүүхэд байгаа юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 18-ны шөнө Чингэлтэй дүүрэгт явж байсныг олж авсан. Тэгтэл миний Самсунг А-70 маркийн гар утсыг “Заан” гэдэг нэртэй ломбарданд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай 300.000 төгрөгөөр тавьсан байсан..” /хх-11/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Цээпилмаагийн “...2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 11-12 цагийн хооронд би ажил дээрээ байж байхад 20-21 насны эрэгтэй Самсунг А-70 маркийн гар утас бариад барьцаанд тавих гэж ирсэн. Тухайн гар утас барьсан хүүхэд утсаа барьцаанд тавих гэж байсан юм аа гэж хэлсэн. Манай ломбарданд гар утас авахдаа хэдэн шаардлагатай бөгөөд тухайн хүний өөрийн гар утасынхаа кодыг мэдэж байна уу, бичиг баримт нь бүрэн байна уу, утас дээр нь байгаа хадгалсан нэр байна уу, хэрэглэж байгаа гар утас дээр нь өөрийнх нь зураг байна уу гэдгийг шалгаж авдаг. Харин Дөлгөөн гэдэг хүүхэд бол энэ бүх шаардлага хангасан байдалтай утас бариад орж ирсэн учраас 300.000 төгрөгөнд  барьцаанд тавьсан. Тэрнээс хулгайн гар утас барьсан хүн андашгүй мэдэгддэг. Утасныхаа кодыг мэдэхгүй, утсаа кармалсан байсан байдаг юм. Тийм гэр утас бол авдаггүй. Бид нар өөрсдөө хулгайн эд зүйл авах юм бол өөрсдөө асуудалд орно гэдгээ мэдэж байгаа учир гэмт хэргийн замаар олдсон гар утсыг манай барьцаалан зээлдүүлэх газар авдаггүй...” /хх-13/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Баттогтохын “...2020 оны 03 дугаар сарын 16-ны өглөө ажилдаа яваад орой гэртээ ирээд амарч байхад манай талийгаач ахын төрсөн хүүхэд болох Дөлгөөн манай гэрт орж ирээд ахаа танай гэрт өнөөдөр хоночихъё гэж асуухаар нь юм бодолгүй тэг тэг гэж зөвшөөрөөд гэртээ хонуулсан бөгөөд манай гэрт эхнэр хүүхдүүд байсан. Дөлгөөн эхнэрийн унтаж байсан орны хажууд газар унтаж байсан. Ингээд маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 17-ны өглөө 07 цагийн үед ажил дээрээ очоод байж байх үед эхнэр 08 цагийн үед хүний утсаар утасдаад “Миний гар утас алга болчихсон байсан, Дөлгөөн чинь аваад явчихсан байна гэж хэлсэн. Тухайн үед манайд гэр бүлээс гадны хүн гэвэл Дөлгөөн ирж унтаж амраад явсан. Намайг өглөө 07 цагийн үед ажилдаа явах үед Дөлгөөн босчихсон сууж байсан. Харин эхнэр, хүүхдүүд унтаж байсан...” /хх-18/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ө.Д ий  “......Тэгэхээр нь гэрт нь хоноод өглөө явахдаа гэрээс эгчийн А-70 маркийн гар утсыг авч гарсан. Намайг эгчийн гар утсыг авч явах үед эгч, хүүхдүүдтэйгээ унтаж байсан, харин авга ах ажилдаа явсан байсан. Би гар утсыг авч гараад офицерийн тэнд байдаг ломбарданд 300.000 төгрөгөөр өөрийн иргэний үнэмлэхээр барьцаанд  тавьсан. Тухайн гар утас нь ямар нэгэн код байхгүй байсан. Би ломбарданд тавихдаа утсан код цоож хийгээд бас утсан дээр байсан эгчийн зурагнуудыг устгаад өөрийнхөө утсыг барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн. Би 2020 оны 03 дугаар сарын 17-ны өглөө гэрээс авч гарсан. Би 300.000 төгрөгөөр 200.000 төгрөгийг Батхишиг /Батаа/ гэгч хүнд өгсөн. Үлдсэн 100.000 төгрөгийг би үрсэн. Би 100.000 төгрөгөөр хувцас авч өмссөн, интернет тоглоом гэх мэт ойр зуурын зүйлд мөнгө үрээд дууссан. Би хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчид холбоотой төлбөр мөнгөний асуудал байхгүй...” /хх-19/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Иймд шүүгдэгч Ө.Д нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатарсайханы 984 тоотод оршин суух хаягтай иргэн Э.Энхцэцэгийн гэрээс Самсунг галакси А-70 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 760.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ө.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрх байдлаар шүүгдэгч Ө.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ө.Д нь хохирогч Э.Энхцэцэгт төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ө.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ө.Дий үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, оюун ухааны хөнгөн хомсдолтой, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.Дд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр шийдвэрлэв.

 

          Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1723 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн, нийтэд тустай ажил хийлгэх нийт ялын хэмжээг 480 цагаар тогтоох нь зүйтэй.  

 

          Шүүгдэгч Ө.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Ө.Дийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 09-ний хүртэл цагдан хорьсон нийт 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

          1. Ц овогт Ө.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.Дийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШТЦ/1723 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Дд ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Дд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Ө.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийтэд тустай ажил хийлгэх ялын нийт хэмжээг 480 цагаар тогтоосугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ө.Дий цагдан хорьсон 1 хоногийг эдлэх ялд оруулан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 472 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоосугай.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 8 цагын ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

          7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, цагдан хоригдсон 1 хоногтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

          9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.