Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2021-01-27
Дугаар 90
Хэргийн индекс 186/2021/0017/Э
Шүүх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Пүрэвээгийн Ариунболд
Шүүгдэгч С.Т
Зүйл хэсэг 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч И.Ариунсанаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

                                                                               

 

 

 

 

   

    2021        01          27                                2021/ШЦТ/90

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч И.Ариунсанаа,  

шүүгдэгч С.Т /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлттэй/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Сэргэлэнгийн Тт холбогдох эрүүгийн 2011 01589 1046 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 58 дугаар байрны 26 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Сэргэлэнгийн Т,  /РД:ТЕ94082435/, 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Т нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо нутагт дэвсгэрт 2020 оны 08 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө иргэн Б.Банзрагчтай маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд “...зүүн шүдний ухархайн доод ханын хугарал, тархины доргилт, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

Шүүгдэгч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байдаг Соёл урлагийн их сургуулийн хажууд манай найз Адьяажав танихгүй 3 эрэгтэй хүнтэй ойрхон хоорондоо юм яриад гараас нь бариад зогсож байсан. Би яваад очиход Адьяажав “эд нар зүгээр бие засуулахгүй, өдөөд байна” гэж хэлсэн. Тэгээд танихгүй 3 эрэгтэй хүнтэй Адьяажав, Бямбарагчаа, Батмандах бид 4 маргалдсан. Бямбарагчаатай пиджактай залуу заамдалцаад зогсож байхдаа “миний гинж таслаад, цамц урчихлаа” гэж уурлаад салахгүй байхаар нь очиж салгахад миний футболкоос пиджактай залуу зуурсан. Тэгээд би тэр залуутай заамдалцаад зогсоход миний мөр рүү цохисон. Тэгээд миний уур хүрээд пиджактай залуугийн нүүрний хацар, шанаа хэсэг рүү баруун гараараа 3-4 удаа цохиод, дараа нь баруун хөлөөрөө гуя хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Би тэр залууг цохиж, өшиглөж байхад жижиг биетэй залуу голоор орж ирж бид 2-г салгах гэж оролдоод дийлээгүй. Тэгээд би пиджактай залууг орхиод шууд машинд суухад Адьяажав дотор сууж байсан. Тэгээд тэндээс машинтайгаа хөдлөөд явсан....” гэх /хх-ийн 38-41х/,

                Хохирогч Б.Банзрагч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн үед Дөлгөөн, Бамбуу нар уулзаад “Хүнсний 4” дүгээр дэлгүүрийн хажуу талд байдаг “Түмэн зоог” нэртэй газар сууцгаагаад нэг нэг шилтэй пиво уусан. 00 цаг өнгөрөөд тухайн газраас гараад урлангийн их сургуулийн хажуу баруун талд зам гарах гээд явж байтал нэг гудамжинд шээгээд зогсож байсан. Тэгэхээр нь тухайн залууг болиоч гэсэн чинь ямар хамаатай юм үхсэндээ томроод байгаа юм гэсэн. Гэтэл цаанаас нь 3 залуу ирээд яагаад томроод байгаа юм гэсэн. Гэтэл нэг нь намайг барьж аваад миний нүд рүү цохисон. Нэг нь манай найз Дөлгөөний нүүр лүү цохиод уруул хавдсан байсан. Би утсаа гаргаж ирээд цагдаа руу залгахад миний утсыг булааж аваад шидсэн. Тэгээд тэд нар машинд суугаад явах гээд байхаар нь би цагдаа ирэхээр учраа олъё гээд явуулахгүй гээд нэгийг нь бариад авахад бүгдээрээ бууж ирээд тал талаас зодоод байсан. Тэгээд намайг зодож байгаад машиндаа суугаад явсан. Би утсаар машины зургийг нь авсан. 73-73 УБР улсын дугаартай “BMW” загварын автомашин байсан. 24, 25 орчим насны хүмүүс байсан байх гэж бодож байна. Зүүн нүд хавдсан юм харахгүй байна. Толгой маш их өвдөж байна. Баруун талын мөр өвдөж байна. Хүзүү гар шалбарсан байна. Утасны шилэн наалт хагарсан байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би нэг шил пиво уусан...”гэх /хх-ийн 12-16х/,

Гэрч Б.Батмандах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 21:30 цагийн үед Соёл Урлагийн Их  Сургуулийн гадаа найз Т, Адъяажав, Бямбарагчаа нартай уулзаад “Мишээл экспо”-ийн “OMNI” баар луу 73-73 УБР, найз Бямбарагчаа өөрийн 66-67 дугаартай машинтай явсан, тэгээд дөрвүүлээ баар ороод 2 шил 1 литрийн виски ууж үйлчлүүлж байгаад баар хаахад 00 цагийн орчим гарцгаасан, тэндээсээ дуудлагын 2 жолооч дуудаад Соёл Урлагийн Их  Сургуулийн хажууд 58 дугаар байр луу явсан. Адъяажав түрүүлээд дуудлагын жолоочтой, араас нь бид 3 явсан юм. Бид нарыг очиход Соёл Урлагийн Их  Сургуулийн баруун талд явган зам дээр үл таних 3 залуу Адъяажавыг тойроод зогсчихсон, харахад дээрэлхүүлж байгаа мэт зогсож байсан, тэгэхээр нь бид 3 машинаасаа буугаад юу болоод байгаа юм бэ гэтэл пиджак өмссөн залуу шууд Бямбарагчаа руу дайраад хоорондоо заамдалцаад ганц 2 цохилцоод байсан. Хажуугаас нь хамгийн өндөр залуу нь зодоон хийх гээд байхаар нь би тэр залууг цааш нь холдуулаад хоорондоо маргалдаад ноцолдсон, ноцолдож байхад намайг газар унагачихаар нь босож ирээд түүний нүүр хэсэгт нь нэг удаа цохисон, тэр залуу ч бас газар унасан байх, тэгээд хэсэг ноцолдож байгаад одоо больцгооё, дэмий юм дэмий шүү дээ гээд ярилцаад учир зүйгээ олсон, энэ үед Адъяажав, нөгөө үл таних 3 залуугийн нэгэнтэй юм яриад байх шиг байсан. Т Бямбарагчааг салгах гэж байгаад сүүлдээ зодоонд оролцож байх шиг харагдсан, би наана нөгөө өндөр залуутай юм яриад зогсож байсан болохоор сайн анзаарч хараагүй, тэгээд бид нарыг татаж чангаагаад явуулахгүй байсан, ер нь хүчээр шахуу бүгд машиндаа суугаад явцгаасан. Тэр залуу /пиджактай/ эхлээд Бямбарагчаатай муудалцаад харилцан зодолдсон, сүүлд Т салгах гээд очиход түүний хувцаснаас барьчхаад явуулахгүй байсан учраас Т харилцан цохилцоод байх шиг байсан, яг хаана нь хэд нь хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Надтай зууралдсан залууд ил харагдах гэмтэл, шарх учраагүй, надад ч бас гэмтэл шарх учраагүй, бид 2 хэсэг хоорондоо маргалдаж байгаад салсан, нөгөө пиджактай залуугийн хамраас нь цус гарсан байсан, өөр сайн анзаарч хараагүй, Бямбарагчаа хүзүү орчим улайгаад шалбарсан байсан. Тийн футболк ханцуй хэсгээр нь урагдсан, ил харагдах гэмтэл, шарх харагдаагүй. Бусад нь зодоонд оролцоогүй учраас гэмтэл аваагүй. Би гадуураа цагаан өнгийн футболктой, Т өнгө өнгийн эрээн футболктой, ер нь шар өнгө давамгайлсан, ямар нэгэн бичиггүй футболктой, Бямбарагчаа хар өнгөтэй, урт ханцуйтай, гурвалжин захтай, даавуун цамцтай, Адъяажав малгайтай, хар нимгэн богино куртиктэй байсан. Бид нар нэлээн халамцуу байсан, Адъяажав бид нараас арай их согтуу, үл таних залуучууд ч гэсэн халамцуу байх шиг байсан. Би болсон үйл явдлыг санаж байна. Би сайн мэдэхгүй байна. Бид нарыг очиход Адъяажавыг 3 залуу тойроод зогсчихсон байсан. Адъяажав өөрөө бид нарт хэлэхдээ бие засах гээд байж байтал үл таних 3 залуу хажуугаар өнгөрөхдөө мөрлөсөн, тэгээд цаашаа явах гэтэл хөөе гээд татаж чангаагаад маргалдсан гэж хэлсэн, хэн нь мөрөөлснийг мэдэхгүй байна. Би тэр 3 залуугийн хамгийн өндөр залуутай нь хэсэг маргалдаж ноцолдсон, ер нь тэр пиджактай, хохирогч гэх залуу болон Т, Бямбарагчаа нар зодолдоод байсан, энэ асуудлыг надтай маргалдсан залуу болон Адъяажав, түүнтэй юм яриад зогсож байсан нэг залуу нь харсан мэдэж байгаа. Бид нар ер зодоон цохион хийгээд явдаг хүмүүс биш л дээ эдгээр залуучууд өөрсдөө л өдөж байгаад ийм асуудал болсон, би хохирогч гэх залууд гар хүрээгүй...” гэх /хх-ийн 23-24х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд:

Б.Банзрагчийн зүүн нүдний ухархан доод ханын хугарал, тархи доргилт, баруун хацар, хүзүү, цээж, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.4-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх-ийн 30х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч С.Т нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо нутагт дэвсгэрт 2020 оны 08 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө иргэн Б.Банзрагчтай маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд “...зүүн шүдний ухархайн доод ханын хугарал, тархины доргилт, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав. 

Хохирогч Б.Банзрагч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...шүүгдэгч С.Т хохирол, хор уршгийг арилгахаа бүрэн илэрхийлж, хохирол төлбөрөө төлсөн тул өөр гомдол, санал хүсэлтгүй...” гэсэн тул шүүгдэгч С.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч , Боржигон овгийн Сэргэлэнгийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.