Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2021-02-01
Дугаар 100
Хэргийн индекс 186/2020/0870/Э
Шүүх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Пүрэвээгийн Ариунболд
Шүүгдэгч Г.А
Зүйл хэсэг 17.3.2.2. - Залилах
Улсын яллагч Г.Ууганбаатар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

.    

                                                                               

 

 

 

 

2021            2           01                                  2021/ШЦТ/100

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

хохирогч Н.Үржинсүрэн, түүний өмгөөлөгч Ч.Атарболд,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганзоригийн Ат холбогдох эрүүгийн 2011 01209 0921 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, үлээвэр найрал хөгжмийн удирдаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо Нуурын 7-74 тоотод оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Боржигон овогт Ганзоригийн А /РД:ПИ99061013/,

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэзгт холбогджээ.                                                           

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.А нь “400 толгой хонь авчихлаа мөнгийг нь шилжүүлээрэй” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Н.Үржинсүрэнгээс 2020 оны 05 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 08-ны хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нарантуул-2" худалдааны төв дээр байхдаа шилжүүлсэн 62,550,000 /жаран хоёр сая таван зуун тавин мянга/ төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

-мөн Хан-уул дүүргийн 15 дугаар хороо “Туул нэг” хотхоны 90 тоот орон сууцыг манай эгчийн байр хажуу өрөө түрээслүүлнэ түрээсийн мөнгөө шилжүүлчих хэмээн Б.Ундрахыг хуурч 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 150,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 150,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 20,000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны 5031759668 тоот данс руу шилжүүлэн залилан авч Б.Ундрахад нийт 320,000 төгрөгийн хохирол буюу 2 удаагийн үйлдлээр нийт 62,870,000 төгрөгийн их хэмжээний хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь  

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

НЭГ:  Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... 2020 оны 1 дүгээр сараас 7 дугаар сарын хооронд Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0165 дугаар ангид хөгжмийн салаан даргаар ажиллаж байхдаа би 2020 оны 05 дугаар сараас эхлэн Баян-Өлгий аймагт махны худалдаа наймаа эрхэлдэг ченж нартай холбогдож махны худалдаа ажлынхаа хажуугаар эрхэлж эхэлсэн. Тэгээд махны хэд хэдэн ченж нартай танилцан үхэр,адуу, хонины гулууз мах ченж нараас зээлээр худалдан авч Улаанбаатар хот болон Ховд аймаг руу махны ченж нарт зээлээр мах худалдан борлуулдаг байсан. Тэгж байгаад 2020 оны 05 дугаар сард Үржинсүрэн гэх Улаанбаатар хотод махны ченжийн ажил эрхэлдэг хүнтэй холбогдоод мах худалдан борлуулах болоод Үржинсүрэн ахад Баян-Өлгийд 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 5 тонн хонины гулууз мах байна урьдчилгаа мөнгийг нь төлбөл махыг 1 кг-ыг нь 5,800 төгрөгөөр тооцоод худалдана гэсэн Тэгээд Үржинсүрэн ах зөвшөөрөөд нийт 5 тн махны 29,000,000 төгрөгөөс надад урьдчилгаа болох 11,000,000 төгрөгийг өөрийн 5099911900 дугаарын данснаас миний 5031759668 дугаарын дансруу шилжүүлсэн. Би уг мөнгийг аваад Үржинсүрэн ахад 5 тн махыг Баян-Өлгий аймагт махны ченж хийдэг Мукран гэх хүнээс худалдан аваад надад өгсөн 5197062454 гэх дансруу шилжүүлсэн махны мөнгийг төлж дууссан. Тэгээд Үржинсүрэн ах руу 5 тн махыг Баян-Өлгийгөөс ачаад Улаанбаатар хотруу явуулсан. Уг махыг Улаанбаатар хотоос манай манай аав Ганзориг болон Үржинсүрэн ах нар тосож аваад махыг Үржинсүрэн ах аваад махны үлдэгдэл мөнгө болох 18,000,000 төгрөгийг мах ачиж явсан жолоочийн 5180589852 дугаарын дансруу шилжүүлсэн байсан. Тэгээд жолооч миний 5031759668 дугаарын дансруу өөрийн тээврийн хөлс болох 1,100,000 төгрөгийг хасаад үлдсэн мөнгийг шилжүүлсэн. Түүний дараа 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймагт байх ченжээс хямдхан хонины мах зарна гэснийг би сонсоод махыг очиж үзэхэд маш сайн үхрийн мах 1 кг нь 7,500 төгрөг гээд хямдхан үнэтэй 4 тн гаруй мах байсан. Тэгээд би энэ тухай Үржинсүрэн ахтай холбогдоод энд хямд мах гараад ирлээ хоёулаа авья гэж хэлэхэд Үржинсүрэн ах зөвшөөрөөд миний дансруу 40,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг өрөндөө төлөөд мөнгөгүй болсон юм. Тэгээд би Үржинсүрэн ахын мөнгийг үрчихсэн болохоор дахиад мах зээлээр авч Үржинсүрэн ахад махыг явуулах гээд Баян-Өлгий аймгийн сумуудаас хямдхан мах хайгаад явж байхад надруу Улаанбаатар хотоос махны ченж байна хямдхан мах явуулж байгаа юм уу авах гэсэн юм  гэж хэлсэн. Тэгээд би мах бол байхгүй хямдхан амьд мал бол байгаа гэж хэлээд бид нар хоорондоо утсаар ярилцаж байгаад би хямдхан малтай айлаас сураглаж өгье гэхэд тэр хүн зөвшөөрөөд би чамд малын мөнгө гээд 40,000,000 төгрөг шилжүүлье чи уг мөнгийг аваад малаа хямдхан аваад байж байгаарай бид нар өөрсдөө очоод малаа аваад явна гэж яриад 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр миний данс руу 5135392339 дугаарын данснаас 20,000,000 төгрөг түүний дараа 5025978962 дугаарын данснаас 18,000,000 төгрөг дахин 5135392339 дугаарын данснаас 2,000,000 төгрөг нийт 40,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Би Үржинсүрэн ахад мал худалдана гэж худлаа хэлээд нийт 62,550,000 төгрөг авсан ...” /1-р хх-ийн 160-165х/,

Хохирогч Н.Үржинсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Г.Ат 2020 оны 05 дугаар сарын сүүлээс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мөнгө шилжүүлсэн. Аав нь ч мөн сүүлдээ нийлж худал хэлсэн. “...Миний таньдаг жолоочоос мах ирж байгаа миний дүү түр хүлээж байгаарай...” гэх мэтээр ярьдаг байсан. Миний мөнгийг өгөхгүй мах ирэхгүй байхаар нь би “Туул ван” гэдэг хотхонд Г.Атой очиж уулзсан. Тэгэхэд надад би 2 Өвөр Монгол хүнтэй амьдарч байна. Энэ хоёроос мөнгө авч өгнө гэсэн. Би гэрийнх нь гадаа Г.Аын аавруу нь залгахад мах ачигдаад замдаа явж байна маргааш 11 цагт буулгаж өгнө гэж хэлсэн. Би Г.Аыг аавтай хамт залилсан биш байгаа гэж бодож байна. Одоо 62,550,000 төгрөгөө нэхэмжилж байна. Гомдолтой байна гэв

Хохирогч Н.Үржинсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Атой хамтран ойр зуурын махны худалдаа наймаа хийж эхэлсэн ба 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр А надтай холбогдоод Баян-Өлгий аймагт 20 тн хонины мах байна гэхээр нь зөвшөөрөөд хонины мах авна гэхэд надад махны урьдчилгаа 40,000,000 төгрөг болох байх гэхээр нь би өөрийн 5099911900 дугаарын данснаас 40,000,000 төгрөгийг Аын 5031759668 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд махаа хүлээж байтал 2 хоногийн дараа А холбогдоод нөгөө махыг Ховд аймгийн ченж нар ирээд аваад явсан байна, бүтэхгүй болчихлоо таны мөнгийг буцаагаад явуулъя гээд өөрийн данснаас 4 хуваагаад 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд үүн дээр нэмээд ажлыг чинь алдагдуулчихлаа гээд 1,000,000 төгрөгийг өөрийн сайн дураараа надад шилжүүлсэн. Тэгээд удалгүй 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр А над руу фэйсбүүкээр Баян-Өлгий аймагт малчин казак айл дээр байна, энд 100 гаруй үхэр мал байна гээд бичлэг хийж явуулаад энд мал авах гээд үнэ тохирох гээд байна та авах уу? гээд асуугаад байхаар нь би тухайн үеийн ханшаар тохирвол авна гээд зөвшөөрсөн. Тэгсэн удалгүй надад 400 толгой хонь авахаар тохирчихлоо одоо ачиж байна гээд том оврын автомашин дээр хонь ачсан 2-3 шаланзны зураг явуулахаар нь би итгээд үнэхээр хонь ачсан байна гэж бодсон. Тэгсэн А надад та урьдчилгаа мөнгөө явуулаарай гэсэн. Тэгэхээр нь би тухайн үедээ надад мөнгө байхгүй болохоор нь хамт ажилладаг Даваасүрэнгээс түр зээлээд Даваасүрэнгийн 5720401587 дугаарын данснаас 5,000,000 төгрөгийг Аын данс руу шилжүүлсэн. Түүний дараа 1,500,000 төгрөгийг өөрийн данснаас мөн махны урьдчилгаа гээд А руу шилжүүлсэн. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөн Даваасүрэнгийн 2099801919 дугаарын данснаас 5,000,000 төгрөг шилжүүлээд махаа хүлээгээд байж байсан ба Аоос мах ирж байна уу гэж асуухад энд сумаас гарах гэхээр мах зарж байгаа малчин тооцоогоо 100 хувь хийж байж машинуудыг хөдөлгөнө гээд явуулахгүй байна гээд надад хэлээд байхаар нь итгээд би өөрт байсан 30,000,000 төгрөгийг өөрийн данснаас Аын данс руу явуулсан.Тэр үед А надад би үлдэгдэл мөнгийг хүнээс хэлээд авчихлаа шүү та маргааш надад өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн байсан. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр А надтай холбогдоод махны мөнгөний үлдэгдлийг шилжүүлээрэй гэхээр нь би өөрийн данснаас 20,000,000 төгрөгийг Аын данс руу шилжүүлсэн. А надад махаа аваад Улаанбаатар хот руу явж байна гээд надтай холбогдоод яриад байсан. Тэгж байснаа 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр надад мал ачиж явсан машин замдаа саатчихлаа сэлбэгийн мөнгө байвал өгөөч гээд надаас 1,000,000 төгрөг авсан. Тэгээд мал ирэхийг хүлээгээд Эмээлт дээр 2 хоноод орой нь А луу яриад мал яасан бэ? гэж асуухад би Улаанбаатар хотод ирээд өөр хүнд зарчихсан, надад одоо мах байхгүй гэхээр нь би мөнгөө авъя гэхэд А надад БНХАУ руу 5,000 ямаа гаргаж худалдах зөвшөөрөл авах авлигын мөнгөнд малаа зарсан мөнгөө өгчихлөө, та санаа зоволтгүй энэ ажил бүтэх юм бол та уг махнаас олох байсан ашигтай чинь хамт танаас авсан мөнгийг өгнө гээд байсан. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөнгө байвал өгөөч, хоолны мөнгө гээд байхаар нь 50,000 төгрөгийг Алтан- Очирын данс руу шилжүүлсэн. Тэгэхээр нь би Ат итгээд хэсэг харсан боловч мөнгийг өгөхгүй одоо өгнө гээд над дээр ирэхдээ Ланд 200, Жи 500, Лексус 570 зэрэг автомашинуудыг унаад банкин дээр хужаа нартай уулзаад явж байна гэх зэргээр яриад байсан ба аавынхаа Ландкруйзер 200 маркийн 78-77 гэх дугаарын автомашиныг зараад өгнө гээд байхаар нь итгээд байсан боловч сүүлдээ худлаа болохыг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэгээд би нийтдээ Ат мал худалдаж авахаар нийт 62,550,000 төгрөгийг дансаар шилжүүлэн бусдад залилуулсан байна” гэх /1-р хх-ийн 23-24/,

Гэрч Ө.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр манай найз Үржинсүрэн над руу залгаад мах авах юм байгаа юм аа А гэх хүнд 5,000,000 төгрөг шилжүүлэх гэсэн юм чи шилжүүлчих гэсэн тэгээд манай найз Үржинсүрэн надад 5031759668 гэсэн данс өгсөн тэгээд би өөрийн 5720401587 гэсэн данснаас 5,000,000 төгрөг явуулсан. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай найз Үржинсүрэн чи Ат нэмээд 5,000,000 төгрөг явуулчих гэхээр нь би өөрийн 5099801919 дугаарын данснаас А гэх хүний 5031759668 гэсэн дансанд 5,000,000 шилжүүлсэн” гэх /1-р хх-ийн 33х/,

Гэрч Х.Цэрэндэжид мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Бид хоёр танилцаад нэг жил болох гэж байна. Баян-Өлгий аймагт цэргийн ангид ажилладаг талаар нь сайн мэдэхгүй байна. Ер нь амралтаараа ирж очоод байдаг юм. 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн үед шаргал өнгийн ланд 200 уначихсан манай аавын машин гэж хэлээд хоёулаа Баян-Өлгийгөөс мах ачуулаад гурав хоноод ирнэ гэж хэлсэн, тэгээд тэр өдөртөө хотоос 13 цагийн үед гараад маргааш өглөө нь 10 цагийн үед Баян-Өлгий аймагт очсон, тэгээд “Күй” гэсэн зочид буудалд буугаад гурав хоносон, Аын найз гэх Максим гэх залуутай тэр хоёр ажлаа амжуулаад яваад байсан би хамт яваагүй буудалдаа байгаад байсан 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мах, мал бүтсэнгүй хүмүүстэй наймаа таарсангүй гээд хот руу буцаад 2020 оны 06 дугаар сарын 01-ний 00 цаг өнгөрөөгөөд хотод орж ирсэн. Би гэртээ буусан маргааш, нөгөөдөр хоёр нь ажлаа амжуулаад явж байна гэж утсаар ярьсан. Маргааш нь утас нь холбогдохгүй байгаа гээд надтай миний утас руу залгаж ярьсан. Сэлэнгэ яваад мал мах ачуулчхаад ирье, хүмүүстэй тохирсон байгаа ачих машинаа явуулсан гэж ярьж байсан. 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Аын аав нь над руу залгаад Үржээ гэдэг хүнээс мөнгө авсан байна, наад унаж яваа машин нь миний машин бишээ, манай аавын машин гэж яриад явсан байна. Чи ирэхээр нь ахдаа хэлээч гэсэн, тэгээд өчигдөр 00 цагийн үед их согтуу орж ирсэн тэгээд би унтуулсан юм. Өглөө нь 05 цагийн үед аав нь 25-н буудалд ирсэн байна гэж утсаар ярихаар нь би аваад гараад очъё гэсэн, тэгтэл А би аавтайгаа утсаар ярья гээд аавтайгаа утсаар яриад би жоохон сэргэж байгаад очъё гэж хэлсэн тэгээд өдөр 13 цагт босоод цагдаа дээр ирсэн... ” гэх /1-р хх-ийн 35х/,

Гэрч Б.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сард манай хүү А надруу залгаад манай даргын 6 тн хонины гулууз мах байна, та мах худалдан авах хүн байна уу? асуугаад мэдээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би ойр орчмын хүмүүстэй хэлэхэд надад Үржинсүрэн гэх махны ченж хүний дугаарыг өгсөн. Тэгээд би Үржинсүрэн гэх хүнтэй утсаар ярьж байгаад хүү Атой холбож өгсөн ба Үржинсүрэн нь манай хүү Атой хоорондоо ярьж байгаад урьдчилгаа 11,000,000 төгрөгийг төлөөд 5 тн хонины гулууз мах авч байсан юм. Уг мах нь Баян-Өлгийгөөс ирэхэд би өөрөө тосож аваад Үржинсүрэнгийн зооринд хүлээлгэн өгсөн. Тэгээд Үржинсүрэн махны үлдэгдэл мөнгийг мах ачиж ирсэн жолоочийн данс руу шилжүүлэн өгч байсан. Тэгээд тухайн үедээ А тэр хоёрын тооцоо дууссан. Түүнээс хойш би дахин харьцаагүй харин манай хүү Атой харилцаж байсан байна” гэх /1-р хх-ийн 38х/,

Гэрч М.Ариунболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр манай “Ариунгүрэн” автомашин түрээсийн газраас манай дүү Ариунбаттай автомашин түрээслэх гэрээ байгуулан Ланд круйзер 200 маркийн 78-77 УБЗ маркийн шаргал өнгийн автомашиныг түрээслэн авсан. Тэгээд тухайн үед Ат барьцааны мөнгө байхгүй тул жолооч авахаар болсон юм. Тэгээд манай дүү Ариунбат намайг А гэх хүний жолоочоор хамт яваарай гэж хэлсэн тэгээд би А гэх хүнтэй танилцсан юм. А нь Баян-Өлгий аймагт очоод махны наймаа хийнэ гээд махны ченж нартай уулзаад яваад байсан. Тэгээд байж байхад 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймагт Улаанбаатар хотоос мах авахаар захисан байсан гэх хүмүүс нь ирээд махны мөнгөө нэхээд унасан. Тэгсэн А надад та 25,000,000 төгрөг байвал надад зээлээч би цагийн дараа буцаагаад өгөхдөө 1,000,000 төгрөгний хүүтэй өгье эсвэл найзаасаа зээлэх мөнгө байвал аваад өгөөч би Баян-Өлгийгөөс мах ачуулсан байгаа тэгээд уг махыг Улаанбаатар хотод очиход Эмээлтээс хүмүүс тосож аваад мөнгийг шилжүүлчихнэ санаа зоволтгүй гээд байсан. Тэгэхээр нь би итгээд найз Мөнхнарантай 88870666 дугаарын утсаар холбогдоод найздаа 25,000,000 төгрөг байвал зээлээч, мөнгөний хэрэг гараад байна, хүүтэй нь хамт цагийн дараа буцаагаад өгье гэхэд Мөнхнаран надад зөвшөөрсөн. Тэгээд би Аын хэлсний дагуу 5031759668 дугаарын дансыг Мөнхнаранд өгсөн ба Мөнхнаран өөрийн 5026321122 дугаарын данснаас 10,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг нийт 6 удаагийн үйлдлээр шилжүүлсэн байсан. Тэгээд А мөнгөө аваад хэрхэн юунд зарцуулсан талаар сайн мэдэхгүй байна, миний гадарласнаас Улаанбаатар хотоос ирсэн хоёр ченж залууд мөнгийг өгч байсан Тэгээд А мөнгө авсны дараа мөнгийг цагтаа өгөөгүй ба 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай найз Мөнхнаран мөнгөө нэхээд байхаар нь Ат хэлэхэд А удахгүй өгнө гэж хэлээд замдаа хүмүүстэй утсаар яриад яваад байсан. Тэгж байгаад 15 цагийн үед Мөнхнарангийн өгсөн 5420111071 дугаарын данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараа үлдэгдэл мөнгийг найз охиноороо өөрийнхөө аав Ганзориг руу мах зарна гэж яриулаад 6,500,000 төгрөг аваад Мөнхнарангийн өгсөн 5420111071 дугаарын данс руу 5,000,000 төгрөг, 5420111515 дугаарын данс руу 1,000,000 төгрөг зэргийг шилжүүлж Мөнхнарангийн өрийг төлж дуусгасан..” гэх 1-р /хх-ийн 40х/,

Гэрч Д.Даваасамбуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...А надад Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд манай компанийн 80 үхэр байгаа мөн дахин 300 хонь зарна гээд надад зургийг явуулаад махны мөнгөний урьдчилгааг яаралтай явуулчихаа гээд байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр А гэх хүний 5031759668 дугаарын данс руу өөрийн эхнэр Бүрэнжаргалын 5135392339 дугаарын данснаас 20,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг өөрийн 5025978962 дугаарын данснаас 18,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 23- ны өдөр эхнэр Бүрэнжаргалын 5135392339 дугаарын данснаас 1,500,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эхнэр Бүрэнжаргалын 5135392339 дугаарын данснаас 5,000,000 төгрөг нийт 46,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би мах ирнэ гээд ирэхгүй удаад байхаар нь би Аоос махаа нэхэхэд намайг хүлээлгэж байгаад гэнэт манай аавд байсан үхрийн цул махаа зарчихлаа, та манай компанийн үхэр, хонь байгаа Баян-Өлгийд ирээд аваарай гэсэн. Тэгээд би Баян-Өлгий аймаг ороод Атой уулзахад Цагааннуур гэх тосгонд авчраад нэг хөгшин хүнээс мах худалдан авч өгөх гээд байхаар нь би ер нь энэ худлаа яриад байна гэж бодоод Аоос мөнгөө нэхэхэд 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр миний 5025978962 дугаарын данс руу өөрийн 5031759668 дугаарын данснаас 6,900,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 6,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг нийт 8 удаагийн үйлдлээр 44,000,000 төгрөгийг надад буцаан өгсөн. Одоо надад 2,500,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Тэгээд би өөрөө Баян-Өлгийгөөс өөрөө мах худалдан авахаар болоод Аоос салсан юм... Надад 2,500,000 төгрөгийн үлдэгдэл дутуу байгаа гэхдээ уг мөнгийг би Атой тохиролцоод иргэний журмаар гаргуулан авна, цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй...” гэх /1-р хх-ийн 44х/,

Г.Аын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-47,48/,

 Г.Аын Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 50-57х/,

Н.Үржинсүрэнгийн Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 60-86х/,

Автомашин түрээслэх гэрээ /1-р хх-ийн 88-91х/,

Х.Цэрэндэжидийн Хаан банкны дансны хуулга /1-р хх 93-ийн 101х/,

Ярианы бичлэг, дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 109х/,

ХОЁР:  Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 07 дугаар сарын дундуур санагдаж байна, би байр түрээслэхээр болоод “үнэгүй.мн” сайтаас байрны зар харж байхад “Онч глобал” үл хөдлөх зуучлалын компаниас 3 өрөө байр түрээслэнэ гэсэн байсан. Тэгэхээр нь би уг компанитай холбогдоод Хан-Уул дүүргийн “Туул нэг” хотхоны 90 тоотод байх 3 өрөө байрыг 6 сарын хугацаатайгаар 1 сарын 1,000,000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ хийсэн юм. Тэр өдөртөө тэр байрандаа орсон ба би 10 хоногийн дараа байрны ус тогны мөнгө төлөхөд хүндрэлтэй байсан тул “Онч глобал” үл хөдлөх зуучлалын компанийн ажилтан залуутай 88106062 дугаарын утсаар холбогдоод хажуу өрөөндөө өөр хүн оруулж болох уу? гэж асуусан чинь болох байлгүйдээ гэхээр нь зар тавьлаа гэж хэлээд би фейсбүүк ордоггүй утастай байсан болохоор таньдаг Оюун-Эрдэнэ гэх миний байрлаж байсан буудлын ресепшн эмэгтэйтэй холбогдоод “хажуу өрөө түрээслүүлнэ гэсэн” зар тавиад өгөөч гэхэд Оюун-Эрдэнэ зөвшөөрөөд фейсбүүкээр зар байршуулсан. Тэгээд түүний дараа над руу Ундрах гэх хүн залгаад хажуу өрөө түрээсэлмээр байгаа талаараа ярихаар нь би “Туул ван” хотхоны 90 тоотод байх 3 өрөө байрыг үзүүлэхээр болоод уулзаж байрыг үзүүлээд уг байрыг өөрийн байр байгаа юм, ганцаараа байгаа болохоор ханьдаа хүн байвал зүгээр байна гээд 1 сарын 300,000 төгрөгөөр Ундрах гэх хүнд түрээслэх талаар ярихад Ундрах эгч зөвшөөрөөд надаас байрны түлхүүрийг аваад байрны 1 сарын төлбөрийн урьдчилгаа гээд 150,000 төгрөгийг өөрийн 5021236550 дугаарын данснаас миний 5031759668 дугаарын данс руу шилжүүлсэн ба тэр өдрийнхөө орой байранд нүүж ирсэн юм. Түүний дараа нь надад дахин байрны төлбөр гээд 150,000 төгрөг болон 20,000 төгрөгийг өөрийн 5021236550 дугаарын данснаас миний 5031759668 дугаарын данс руу ээлжлэн шилжүүлсэн. Би Ундрах эгчтэй хамт 10-аад хоног байсан юм. Тэгээд байж байхад байрны эзний дүү залуу байраа эргэж ирсэн ба би тухайн үед байрны эзэнд хажуу өрөөндөө хүн оруулсан талаараа хэлээгүй байсан ба тухайн үед ганцаараа байсан. Тэгсэн тэр залуу хажуу өрөөндөө хүн орсон байхыг хараад уурлаад одоо боль, тог усны мөнгөө хийхгүй байж одоо гар, түрээсийн мөнгөө хүртэл төлөөгүй удаж байна, одоо мөнгө төгрөг авахгүй байр чөлөөлөөд гараарай гэхээр нь гарна гэсэн. Тэгээд тэр оройдоо би хөдөөнөөс мал авчрах ажил гараад явсан ба тэр үед байрны эзэн ирээд байрны хаалганы голыг сольсон байсан. Тэгсэн над руу Ундрах эгч утсаар болон чатаар залгаад байрандаа орж чадахгүй байна гэж ярьсан ба тухайн үед нь би ээж хаалганы гол сольчихсон байна” гэж худлаа хэлсэн юм. Тэгсэн Ундрах эгч байрнаас гарлаа мөнгө шилжүүлээрэй гэхээр нь би одоохондоо боломжгүй байна, 3-4 хоноод мөнгийг шилжүүлнэ гэж хэлсэн боловч би шилжүүлээгүй ба Ундрах эгч байрнаас гарсан....” /2-р хх-ийн 16-17х/,

Хохирогч Д.Ундрах мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ:  “...2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр цахим хаягаараа түрээсийн байрны зар группэд ороод үзэхэд “Bold Oyuka” гэх цахим хаягаас “зайсанд хажуу өрөө түрээсэлнэ” гэсэн зарын дагуу энэ хаяг руу нь мессенжерээр мессеж бичсэн чинь надаа 99913716 дугаартай холбогдоорой гэхээр нь тус дугаар луу холбогдоход нэг эрэгтэй хүн зайсанд ирээ гэхээр нь очиж уулзахад 21 насны А гэх залуу манай эгч хажуу өрөөгөө түрээслэх гэж байгаа бага насны хүүхэдтэй та тэрийг харж өгч чадах уу гэхээр нь би хүүхэд харж чадахгүй зүгээр хажуу өрөө түрээсэлж сууна гэсэн.Тэгсэн чинь А гэх залуу тэгвэл та манай хажуу өрөөг түрээслэх үү гэхээр нь зөвшөөрөөд Хан-Уул дүүргийн 15-р хороо “Туул нэг” хотхоны 90 тоотод очиж хажуу өрөөг үзээд нэг сарын 300,000 төгрөгөөр түрээслэхээр болсон.Тэгээд маргааш орно гээд ярилцаад явсан.Тэгээд намайг гадуур явж байхад А гэх залуу 19:00 цагийн үед над руу залгаад түрээсийн мөнгөө шилжүүлчих гэхээр нь 22:00 цагийн үед өөрийн Хаан банкны 5021236550 тоот данснаас А гэх Хаан банкны 5031759668 тоот дансанд шилжүүлсэн. Тэгээд уг түрээсийн байрандаа нүүж орж амжихгүй явж байгаад 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тус байрандаа нүүж очоод түлхүүрээ авч үлдэгдэл 150,000 төгрөгөө дансаар шилжүүлсэн. 2020 оны 07 дугаар сарын 18-нд гадуур явж байхад А гэх залуу над руу залгасан байсан.Тэгээд би А руу буцааж залгахад байрныхаа цоожны голыг солиулсан түлхүүр өгөх гээд зөндөө залгасан. Би хөдөө маханд явах ажилтай болчихлоо таван шар дээр байна та ирээд түлхүүрээ авчих уу гэхээр нь за за би тэгвэл өнөөдөр найзындаа очоод хоночихъё гэсэн. Тэгээд А нь маргааш ирэхгүй болохоор 99913716 дугаар руу нь хэд хоног мессеж бичихэд удахгүй очно гэх мэтчилэн янз бүрийн шалтаг хэлээд байсан. ...Тэгээд би байрны эзний утасны дугаарыг олоод 99161147 холбогдоход манай байрыг түрээсэлсэн хүн маань түрээсээ өгөхгүй болохоор нь цоожны голоо солиод доторх эд зүйлийг барьцаалсан. Манай байрыг түрээсэлсэн залуу 7 хоногийн өмнө сарын 1,200,000 төгрөгөөр түрээслэхээр тохирчхоод мөнгөө өгөхгүй байсан юм гэсэн. Тэгэхээр нь гэрээгээ үзүүл гэхэд уг байрны эзэн гэх эмэгтэй гэрээ байгуулсан байгаа “Онч глобал” гэх зуучлалын компани наад хүнийг чинь олж өгсөн юмаа. Би уг зуучлалын компаниас мөнгөө гаргуулж авна гээд явсан.Тэрнээс хойш Атой холбогдоход миний байраа та цоожны голыг нь солиулаад өөрийнхөө юмнуудыг авчихаа би хөдөө жаахан удах юм шиг байна гэхээр нь цоожных нь голыг солиулж өөрийнхөө эд зүйлээ аваад үүдэнд жижүүрт түлхүүр үлдээлээ гээд байрны эзэн гэх эмэгтэй болон А нарт хэлсэн” гэх /1-р хх-211-212/,

Хохирогч Д.Ундрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Би тэр А гэдэг залуутай байр түрээслэх ямар нэгэн гэрээ байгуулаагүй. А гээд байгаа залууг огт танихгүй, байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу л очиж уулзсан. Би уг нь тэр залуутай 300,000 төгрөгөөр байраа түрээслүүлэхээр тохирсон байсан юм. Би байрны түрээсэнд өгсөн 320,000 төгрөгөө авмаар байна” гэх /1-р хх-222/,

Гэрч Б.Оюун-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай зочид буудалд А нь 2020 оны 06 дугаар сард өрөө авч бараг cap болсон. Тэгээд А нь 2020 оны 07 дугаар сард “Туул нэг” хотхонд байр түрээсэлнэ гэдэг зар тавиад өг гэхээр нь би өөрийн цахим хаяг болох “Bold Oyuka” хаяг дээрээ тус зарыг оруулсан. Тэгсэн чинь А та өөрийнхөө утасны дугаараа тавьчих гэхээр нь би өөрийнхөө 95965893 дугаараа тавьсан. Хүмүүс асуухаар нь миний 99913716 дугаарыг өгчхөөрэй гэсэн. Тэгээд зарын дагуу хүмүүс байнга яриад байхаар нь тус зарыг устгасан. Аын 99913716 гэсэн дугаар ямар учиртай гэвэл А нь манай буудалд байхдаа гадуур явж байгаад автомашинтай мөргөлдсөн чинь хүмүүс байнга залгаад хэцүү байна, танд түр барьчихаар дугаар байна уу гэхээр нь 99913716 дугаараа түр өгсөн. Тэгээд А миний дугаарыг өгөөгүй залгасан чинь холбогдох боломжгүй байхаар нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 99913716 дугаараа сэргээсэн” гэх /1-p хх-223/,

Гэрч С.Ариунзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр миний утас руу 88106062 дугаарын утаснаас залгаад “Онч глобал”-аас ярьж байна гээд нэг залуу байраа түрээслүүлсэн үү гэхээр нь танайхтай гэрээтэй юм уу гэж асуусан чинь гэрээ байхгүй байраа түрээслүүлнэ гэвэл тухайн үед хүнд үзүүлээд гэрээгээ хийж болно гэсэн. Тухайн үед би өөрөө Замын-Үүд явсан байсан болохоор “Онч глобал”-ын тэр залуутай дүү Ариунбуяныг уулзуулсан. Тэр хоёр уулзаад түрээсийн гэрээг байгуулж дүүгээс түлхүүрийг авсан. Тэрнээс хойш байрны түрээсийн мөнгөө өгөхгүй болохоор “Онч глобал”-ын Дашням гээд байсан залуу руу ярьсан чинь хүнд түрээслүүлсэн гэж хэлсэн.Тэгтэл 99913716 дугаарын утаснаас залгаад байрыг түрээсэлсэн хүн байна манай 2 хөгшин тэрэг нь эвдрээд орж ирж чадахгүй байна. Тэр 2 байранд суух юм, ороод ирэхээр нь мөнгийг чинь шилжүүлнэ гээд тэрнээс хойш 7 хоног энэ хариултыг хэлж явсан...” гэх /1-р хх-232/,

Хохирогч Д.Ундрахын Г.Атой харилцсан талаарх чатны хуулбарууд /1-р хх-ийн 201-209/,

Мобикомоос 99913716 дугаарын сэргээсэн төлбөрийн баримт, ярианы билл /1-р хх-226-231/,

Д.Ундрахын Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 241х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Аыг “400 толгой хонь авчихлаа мөнгийг нь шилжүүлээрэй” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Н.Үржинсүрэнгээс 2020 оны 05 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 08-ны хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нарантуул-2" худалдааны төв дээр байхдаа шилжүүлсэн 62,550,000 /жаран хоёр сая таван зуун тавин мянга/ төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

-мөн Хан-уул дүүргийн 15 дугаар хороо “Туул нэг” хотхоны 90 тоот орон сууцыг манай эгчийн байр хажуу өрөө түрээслүүлнэ түрээсийн мөнгөө шилжүүлчих хэмээн Б.Ундрахыг хуурч 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 150,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 150,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 20,000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны 5031759668 тоот данс руу шилжүүлэн залилан авч Б.Ундрахад нийт 320,000 төгрөгийн хохирол буюу 2 удаагийн үйлдлээр нийт 62,870,000 төгрөгийн их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний үйлчлүүлэгч нь 2 удаагийн үйлдлээр гэмт хэрэгт холбогдсон. Нэгдүгээрт хохирогч Н.Үржинсүрэнд 62,550,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Ундрахад байрны түрээсийн мөнгө залилж авсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудалд маргаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээгээр тогтоосон мөрдөн шалгах шалгах ажиллагаа хуулийн хүрээнд хийгдсэн эсэх талаар эргэлзэж байна. Г.А нь Төрийн байгууллагад ажиллаж байгаад ажлаасаа гарч 2020 оны 02 дугаар сараас махны махан бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдаа эрхэлж ашиг олох зорилготой байсан. Улмаар хохирогч Н.Үржинсүрэнтэй холбогдож мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар иргэний эрх зүйн харилцаа үүсгэж нэг удаа тохирсон ёсоор мах махан бүтээгдэхүүн нийлүүлж, нэг удаа авсан мөнгөө эргүүлэн өгч байсан. Гэтэл улсын яллагч зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд 3 зүйлээр хэргийн нотолбол зохих байдлыг тогтоох шаардлагатай. Тодруулбал тус хуулийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон 1.6-д заасан гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн шалгаагүй байна. Г.Аын тухайд хүнээс мөнгө авсан түүнийгээ төлөх нь үнэн боловч шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэр гаргана. Зохиомол байдал зориудаар бий болгосон нь ямар хэлбэрээр нотлогдон тогтоогдож байна вэ. Гэрч Ганзориг, Ариунболд, Даваасамбуу нарын мэдүүлэг, видео бичлэг зэргээс харахад анхнаасаа Н.Үржинсүрэнгээс 62,550,000 төгрөг авах гэж хөдөө орон нутаг руу явж бичлэг хийж залилсан мэт ойлгогдож байна. Гэтэл Г.А нь Баян-Өлгий аймагт мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх ажлаар явсан. Хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудсанд авагдсан гэрчийн мэдүүлгээр зохиомол байдал зориудаар бий болгосон гэж үзэх боломжгүй байна. Энэ хэрэгт хамтран гүйцэтгэгч байгааг шалгасан уу? Бичлэгт гарсан залуу, малчин ямар учиртай вэ. Даваасүрэнгийн үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн үү гэдгийг тогтоох ёстой. Хохирогч Н.Үржинсүрэн нь мах бэлтгэн нийлүүлэх компанид ажилладаг тухайн мөнгө компанийх гэж шүүгчийн асуултад хариулсан. Үүнээс харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хэрэгт оролцох ёстой хохирогч мөн үү гэдэг нь эргэлзээтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, мөн хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлээгүй зэрэг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй олон зүйл орхигдсон гэж үзэж байна. Эд мөрийн баримтаар шинжлэн судалсан дүрс бичлэгт тусгагдсан этгээдийг нэг бүрчлэн судлах хэрэгтэй. Н.Үржинсүрэнгээс 62,550,000 төгрөг авах гэж Баян-Өлгий аймаг явж видео бичлэг хийгээгүй шүү дээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Иймд хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж байна....” гэх хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь энэ хэрэгт шалгавал зохих зүйлийг бүрэн шалгасан, нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэж анхан шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээр маргаагүй болохыг дурдав.

Шүүгдэгч Г.А нь хохирогч Д.Ундрахад гэмт хэргийн улмаас учирсан  хохирол болох 320,000 төгрөгийг төлсөн баримт хавтаст хэрэгт авагдсан тул хохирогч Д.Ундрахад төлөх төлбөргүй,

 харин шүүгдэгч Г.Аоос 62,550,000 төгрөгийг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 72 дугаар байр 22 тоотод оршин суух, Боржигон овгийн Ням-Осорын Үржинсүрэн /РД: ЧА86013079/-д олгуулахаар шүүх шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгч Г.Ат ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлбөр төлөгдөөгүй болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6,9 дүгээр зүйлд заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/392 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 3 сар 10 хоногоор тогтоож,  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Аын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 126 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлон ирүүлээгүй болохыг дурдав.

Нотлох баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Ганзоригийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6,9 дүгээр зүйлд заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 3 сар 10 хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Аын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 126 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аоос нийт 62,550,000 төгрөгийг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 72 дугаар байр 22 тоотод оршин суух, Боржигон овгийн Ням-Осорын Үржинсүрэн /РД: ЧА86013079/-д олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хавтаст хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.