Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүхийн тогтоол
Огноо 2016-09-06
Дугаар 98
Хэргийн индекс 156/2016/0072/Э
Шүүх Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэрэнчимэдийн Мөнхтулга
Шүүгдэгч Б.Ганзориг
Зүйл хэсэг 215.4. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

2016.9.6                                            98

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Хэргийн индекс:156/2016/0072/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Уянга, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Шүүх хуралдаанд:
Иргэдийн төлөөлөгч:            М.Отгонжаргал,
Нарийн бичгийн дарга:        Б.Алтансувд,
Улсын яллагч:                Ц.Цэен-Ойдов, 
Хохирогч:                О.Ганцогт,
Шүүгдэгчийн  өмгөөлөгч:         Ж.Батбаатар,
Шинжээч:                Т.Мөнхжаргал,
Шүүгдэгч:                Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулж,

Хэнтий аймгийн Прокурорын газраас:
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1978 оны 05 сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, 38 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр,  2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 2-р хороо 4 хэсгийн 192 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,  Зоригт овогт Баттунгалагийн Ганзориг  /РД:СГ78052910/ холбогдуулан Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201623000068  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ганзориг нь 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Устын ам” гэх газар 59-26 УНК улсын дугаартай “Стана” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5–д заасан замын хөдөлгөөнд оролцогч нь /жолоочийг хамааруулан ойлгоно/ бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино
Мөн дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна,
Мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,
Мөн дүрмийн 2.3б-д хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,
Мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 3.5 дахь хэсэгт заасныг зөрчин “тухайн автомашины хойд тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьж явсан нь автомашин шарвасан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж автомашинд зорчиж явсан Г.Баттунгалаг, Г.Сайнжаргал нарын амь насыг хохироож, Э.Тайшир, Б.Мөнх-Оргил, М.Наранцэцэг нарын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Б.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтад өгсөн: ... Шөнө Цэнхэрмандал сум өнгөрөөд Хэрлэнгийн гүүр дөхөж явахад үүрээр гэнэт ойчсон. Тухайн үед юу болж байгааг мэдээгүй. Би өөрөө хотод гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Би Ганзориг ахтай хуурай ах дүү болохоор түүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн мэдүүлэг /хх- 20-21 х/
Хохирогч С.Батбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 3 сарын 05-ны өдөр Баянмөнх сумаас Улаанбаатар хотын хооронд тээвэр хийдэг Ганзориг гэдэг жолоочийн “Стана” маркийн машинд өөрийн үхэр хонины махыг ачиж явсан юм. Тухайн үед надтай хамт манай төрсөн дүү Ганганчимэг, бэр Наранцэцэг мөн Ганзоригийн ээж Баттунгалаг, дүү Тайшир, Сайнжаргал мөн сумын Мөнх-Оргил бид нар явж байсан. Шөнө Цэнхэрмандал сум өнгөрөөд Хэрлэнгийн гүүр дөхөж явахад засмал зам цастай хунгартай болчихсон байх шиг харагдсан. Тэгээд тэр замаар гарахдаа жолоодлого алдсан уу яасан шарваад гэнэт ойчсон. Машин онхолдоод машинаас гараад ирэхэд Ганзоригийн ээж Баттунгалаг, дүү Сайнжаргал нар нас барсан байсан. ....Миний бие зүв зүгээр байсан гэсэн  мэдүүлэг. /хх- 32-33 х/
Хохирогч О.Ганцогтын мөрдөн байцаалтад өгсөн: Ганзориг манай төрсөн хамгийн том ах бөгөөд Баянмөнхөөс Улаанбаатар хот хоёрын дунд тээвэр хийдэг юм. 2016 оны 3 сарын 05-ны өдөр Баянмөнх сумаас хот руу явахдаа ээж Баттунгалаг, дүү Сайнжаргал нарыг авч явсан бөгөөд Тайшир, Батбаатар, Мөнх-Оргил, Наранцэцэг, Ганганчимэг нар явж байсан. Тэгээд Цэнхэрмандал сумын нутагт явж байгаад зам цастай хальтиргаатай байгаад хунгар цасанд орж гуядуулаад ойчсон. Би байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Тэр ослоос болж манай төрсөн ээж Баттунгалаг, мөн дүү Сайнжаргал нар нас барсан. Гомдол саналгүй гэсэн  мэдүүлэг /хх- 35-36 х/
Хохирогч М.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би хувийн ажлаар Ганзоригийн машинд сууж явсан. Тэгээд 2016 оны 3 сарын 06-ны үүрээр Цэнхэрмандал сумын нутагт унтаж явтал гэнэт машин онхолдсон. Миний хувьд 6 сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Одоо нэмээд 1 сая гаруй төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Шүүгдэгч Ганзоригоос .....төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг маань барагдуулаад өгвөл гомдол тэмцэл байхгүй гэсэн мэдүүлэг /хх- 41-42 х/
Насанд хүрээгүй хохирогч Э.Тайширын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Ганзориг ахын “Стана” маркийн автомашинд сууж Улаанбаатар хот явсан. Тэгээд замд шөнө унтаад явж байхад гэнэт юу болсныг мэдэхгүй машин ойчоод өгсөн байсан. Надад гомдол байхгүй гэсэн мэдүүлэг /хх- 44х/
Иргэний нэхэмжлэгч С.Ганганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 3 сарын 05-ны орой Баянмөнх сумаас “Стана”  маркийн машинтай Ганзориг гээд манай сумын жолоочтой хамт хот руу явсан юм. Үүрээр байх би унтаж байхад Цэнхэрмандал сум өнгөрөөгөөд гэнэт юу болсныг мэдэхгүй машин онхолдож бид нар осолд орсон. Надад гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх- 39х/ 
Шүүгдэгч Б.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хэрэг болдог өдөр өөрийн ээж, ах дүү нараа суулгаад явж байсан. ... Гэнэт л машин шарвах шиг болсон. Тэгтэл осол гарсан. Маш хурдан болж өнгөрсөн. Би маш их харамсаж байна гэсэн мэдүүлэг. 
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 09шэ/008 тоот 
-Г.Баттунгалагийн биед дагзны баруун талд гурвалжин хэлбэрийн ясны сул сэлтэрхий, баруун хацар яс, нүдний ухархай, суурь ясны цөмөрсөн хугарал, 2 талын чамархай хэсэгт сактай, зүүн 2-7-р хавирганы хугарал, баруун 1-7-р хавирганы хугарал, баруун өвдгөнд язарсан шарх, зүүн шилбэнд зулгаралт, хуйх, хэвлийд цус хуралтуудтай гэмтлүүд тогтоогдлоо. 
-Талийгаачийн дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал автомашинд мөргөгдөх, цохигдох, унах үед үүсэх боломжтой
-Талийгаач нь дээрхи гавал тархины гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ гэсэн дүгнэлт /хх- 48 х/
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 09шэ/007
-Г.Сайнжаргалын биед зулайн зүүн талд гурвалжин хэлбэрийн ясны сул сэлтэрхий, цөмөрсөн хугарал, хуйханд язарсан шарх, цус хуралтуудтай гэмтлүүд тогтоогдлоо. 
-Талийгаачийн дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал автомашинд мөргөгдөх, цохигдох, унах үед үүсэх боломжтой
-Талийгаач нь дээрхи гавал тархины гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ гэсэн дүгнэлт. /хх- 53 х/

Шүүх эмнэлгийн  үзлэг хийсэн     2016 оны 5 сарын 02-ны өдрийн №41 тоот
1.Э.Тайширын биед суурь ясны хугарал, духны баруун ар хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун дух хэсгийн субарахнойдаль зайн цус харвалт, баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, тархи доргилт, толгой, нүүрний хэсэг, чихний ар хэсгүүдийн зулгарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 
3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт /хх- 71 х/
 
Шүүх эмнэлгийн  үзлэг хийсэн     2016 оны 5 сарын 02-ны өдрийн №39 тоот 
1. Б.Мөнх-Оргилын биед суурь ясны хугарал, баруун талын дагз ясны суурь хэсгээс зулай хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, дагзны баруун талын хатуу хальсан дээрх  цусан хураа, сээрний Тh-8-9-р нугаламын шахагдсан хугарал, цээжний баруун талын 8, 9, 10-р хавиргануудын далд хугарал, тархи доргилт, толгойн хуйхны хэсгийн язарсан шарх, нүүр, 2 хацар, эрүү, 2 гар, нурууны хэсгүүдийн зулгарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий  гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт /хх- 84 х/
 
Шүүх эмнэлгийн  үзлэг хийсэн 2016 оны 5 сарын 02-ны өдийн     №47 тоот
1. М.Наранцэцэгийн биед цээжний хөндийн битүү гэмтэл, баруун, зүүн уушигны эдийн няцрал, цээжний цус, хий хуралдалт, уушигны авчилт, олон хавирганы хугарал, цээжний зүүн талын 4, 5,6, 7, 8-р хавиргануудын суганы урд шугамаар, суганы арын 5, 6, 7, 8-р хавиргануудын хоёрлосон хугарал, сээрний Тh5, 6, 7-р нугаламуудын шахагдсан хугарал, бүсэлхүйн L1-р нугаламын баруун хөндлөн сэртэн ясны зөрөөтэй хугарал, зүүн эгэмний ясны зөрөөтэй далд хугарал өвчүү ясны зөрөө багатай хугарал, зүүн дал ясны зөрөө багатай хугарал, тархи доргилт, толгойн хуйхны язарсан шарх, зөөлөн эдний няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт /хх- 101 х/

Замын цагдаагийн шинжээчийн 2016 оны 5 сарын 04-ний өдрийн 
Монгол улсын  Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлйин  1.5 дахь хэсэгт заасан замын хөдөлгөөнд оролцогч нь /жолоочийг хамааруун ойлгоно/ бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 9.1 дэх хэсэгт  заасан жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2 дахь хэсэгт  жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 2.3.б-д хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх мөн дүрмийн 2-р хавсралтын 3.5-д заасныг зөрчин “тухайн автомашины хойд тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьж явсан нь автомашин шарваж улмаар онхолдон осолд ороход нөлөөлсөн гэсэн дүгнэлт . /хх-104 х/ 
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-8х/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-13, 47-57х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Ганзориг нь 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Устын ам” гэх газар 59-26 УНК улсын дугаартай “Стана” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5–д заасан замын хөдөлгөөнд оролцогч нь /жолоочийг хамааруулан ойлгоно/ бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,
Мөн дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна,
Мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,
Мөн дүрмийн 2.3б-д хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,
Мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 3.5 дахь хэсэгт заасныг зөрчин “тухайн автомашины хойд тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьж явсан нь автомашин шарвасан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж автомашинд зорчиж явсан Г.Баттунгалаг, Г.Сайнжаргал нарын амь насыг хохироож, Э.Тайшир, Б.Мөнх-Оргил, М.Наранцэцэг нарын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, прокуророос зүйлчилсэн зүйлчлэл тохирсон байх тул  эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хохирогч Б.Мөнх-Оргил, С.Батбаатар, О.Ганцогт, О.Ган-Өлзий, насанд хүрээгүй хохирогч Э.Тайшир , иргэний нэхэмжлэгч С.Ганганчимэг нар нь шүүгдэгч Б.Ганзоригоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг тэдэнд төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ганзориг нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон болон уг хэргийн хохирогч нар нь түүний төрөл, садангийн хүмүүс байсан бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж харамсаж буй зэрэг хувийн нөхцөл байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 215  дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 00704055 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон 0815009 тоот татварын гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож,  тээврийн хэрэгслэлийн эд анги болох хөндлөн татуурга буюу тягийг устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290,  294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Зоригт овогт Баттунгалагийн Ганзоригийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 2 /хоёр/  хүний амь насыг хохироож, 3  /гурав/ хүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгч Б.Ганзоригийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч,  03 /гурав/  жил 04  /дөрөв/  сар  10  /арав/ хоногийн хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Ганзоригт оногдуулсан 03  жил 04 сар  10 хоногийн  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон татварын гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож,  тээврийн хэрэгслийн эд анги болох хөндлөн татуурга буюу тягийг устгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба  түүний  биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

6. Шүүгдэгч Б.Ганзоригийг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 

7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах болон эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Ганзоригт авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 


            ДАРГАЛАГЧ                        Ц.МӨНХТУЛГА

   ШҮҮГЧ                Л.УЯНГА

   ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.