Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүхийн тогтоол
Огноо 2016-09-06
Дугаар 99
Хэргийн индекс 156/2016/0109/Э
Шүүх Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэрэнчимэдийн Мөнхтулга
Шүүгдэгч Д.Оюунбат
Зүйл хэсэг 181.3. - Танхайрах
Улсын яллагч Я.Санчир
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

2016.9.6                                             99

 

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/0109/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Уянга, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Шүүх хуралдаанд:
Иргэдийн төлөөлөгч:            М.Отгонжаргал,
Нарийн бичгийн дарга:        А.Цэрэндулам,
Улсын яллагч:                Я.Сансар, 
Хохирогчийн
 хууль ёсны төлөөлөгч:        Д.Оюунтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:         Г.Баярсайхан,
Шүүгдэгч:                Д.Оюунбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулж,

Хэнтий аймгийн Прокурорын газраас:
Хэнтий аймгийн Өндөрхаан хотод  1966 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг Хийдийн 03-13 тоотод  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 2012 онд Хэнтий аймгийн Сум дундын 1-р шүүхийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт  зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлсэн Боржигон овогт Доржсүрэнгийн Оюунбатад /РД:СЭ66050679/ холбогдуулан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3  дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201623000213  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Оюунбат нь согтуугаар 2016 согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг Хийдийн 3-13 тоотод өөрийн гэртээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Т.Энхсайханыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн Т.Энхсайханы нуруун тус газар нь хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: 
Хохирогч  Т.Энхсайханы мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 7 сарын 26-ны орой өөрийн хамтран амьдрагч Соёлгэрэлтэй хамт хөдөөнөөс ирсэн.  Тэгээд Оюунбат ахын гэрт ороход Оюунбат ах байсан. Бид хоёр тэдний гэр рүү орохдоо Жаргал эгчийг дагуулж орсон бөгөөд тэнд хоол идэнгээ архи уухаар болоод Оюунбат ах бид хоёр архины мөнгө хувааж гаргаад дэлгүүрээс архи авч уусан. Уугаад сууж байхад Жаргал эгч Оюунбат хоёр муудалцаад Оюунбат ах Жаргал эгчийг ална гээд цагаан төмөр иштэй хутга бариад босоод Жаргал эгч рүү дайрсан. Би Оюунбат ахыг боль гээд урд талаас бариад авахад миний дээгүүр гараа явуулаад зүүн дал руу хутгаараа дүрсэн. Би тэгэхээр нь арай гэж булаацалдаж байгаад хутгыг нь салгаж авсан. Намайг зүгээр байхад Оюунбаатар согтуурч агсам тавьж хутгалсанд гомдолтой байна гэсэн мэдүүлэг. /хх-12-13х/
Гэрч А.Соёлгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: Хөдөөнөөс Энхсайхан бид хоёр ирээд Оюунбат гэх айлд орсон. Энхсайхан, Оюунбат, Жаргал бид нар байсан. Би тэднийд будаатай хуурга хийж байхад Энхсайхан, Оюунбат, Жаргал нар архи хувааж уугаад сууж байхдаа Оюунбат, Жаргал хоёр муудаж маргасан. Оюунбат Жаргалыг хутгалж ална гээд цагаан өнгийн төмөр бариултай хутга аваад дайрсан. Манай нөхөр Энхсайхан боль гээд болиулахад Энхсайханд Оюунбат уурлаад түүний зүүн дал руу барьж байсан хутгаараа дүрсэн  гэсэн мэдүүлэг. /хх-16 х/
Гэрч Д.Ариунжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 7 сарын 27-ны өдөр Энхсайхан, Соёлгэрэл нарын хамт Хийдийн сууринд явж байхад Оюунбатын гэрийн хажууд Оюунбаттай таарсан. Оюунбат манайх руу оръё гээд тэдний гэрт ороод Соёлгэрэл будаатай хуурга хийгээд Оюунбат, Энхсайхан хоёр мөнгө гаргаж архи аваад түүнийг Оюунбат, Энхсайхан бид гурав хувааж уусан. Оюунбат хоолны шүүгээнээсээ цагаан иштэй хутга бариад намайг ална гээд өөдөөс дайрсан. Тэгэхээр нь би гараад зугатаасан Энхсайхан Оюунбатыг боль гээд тэврээд авахад дал руу нь барьж байсан хутгаараа дүрсэн гэсэн мэдүүлэг. /хх-18х/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай хүү Энхсайхан утсаар яриад хийдийн сууринд хүнд даландаа хутгалууллаа гэж хэлсэн. Би тэгээд хаана байгаа талаар нь асууж цагдаад энэ талаар өөрийн биеэр очиж дуудлага өгөөд цагдаа дагуулаад хийдийн сууринд зааж өгсөн хаяганд нь очиход манай хүү нэг жижиг байшин дотор сандал дээр суучихсан ар дал хэсгээс нь цус гараад цамц нь нэвтэрсэн байсан. Хажууд нь түүний хамтран амьдрагч А.Соёлгэрэл гээд хүүхэн мөн цаад орон дээр нь нэг согтуу хүн унтаж байсан бөгөөд юу болсон талаар асуухад Соёлгэрэл нь хэлэхдээ энэ орон дээр согтуу унтаж байгаа Оюунбат Жаргал гэдэг хүүхэнтэй муудаад түүнийг ална гэж хутга аваад дайрахаар нь Энхсайхан болиулсан чинь Энхсайханы даланд хутгалсан гэж хэлсэн. Одоо миний хүүгийн биеийн байдал муу байгаа. Эмнэлэгт хэвтэхэд 368000 төгрөгийн зардал гарсан. Энэ төлбөрөө нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг. /хх-15 х/ 
Шүүгдэгч Д.Оюунбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хэрэг болдог өдөр буюу 7 сарын 27-ны өдөр Энхсайхан, Соёлгэрэл хоёр хөдөөнөөс ирлээ гээд манайд орж ирсэн. Бид нар хоол хийж идэнгээ 1 шил архи авч ууцгаасан. Ариунжаргал манайд бас ирсэн. Би архи уусан согтуу байсан болоод л Энхсайханыг хутгалсан. Буруу зүйл хийснээ мэдэж байгаа надад хөнгөн ял оноож өгнө үү гэсэн мэдүүлэг.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 169 дугаартай
1.Т.Энхсайханы биед цээжний хэнхэрцэгийн зүүн ар хэсгийн хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт. /хх-32 х/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх- 3-7х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Оюунбат нь согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг Хийдийн 3-13 тоотод өөрийн гэртээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Т.Энхсайханыг илтэд үл хүндэтгэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн түүний нуруун тус газар нь хутгалж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шинжээчийн дүгнэлт,  гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Оюунбатад холбогдох хэрэгт прокуророос зүйлчилсэн зүйлчлэл тохирсон байх тул  эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч Д.Оюунтуяа нь шүүгдэгч Д.Оюунбатаас эмчилгээний зардалд  368000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ тухай нотлох баримтууд хэрэгт авагдаагүй шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээний зардал, хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтуудаа хуульд зааснаар бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчийн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь ял хүндрүүлэх нөхцөлд тооцсон болно.

Шүүгдэгч Д.Оюунбатын эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290,  294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Доржсүрэнгийн Оюунбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Оюунбатыг  05 /таван/  жил 01 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оюунбатад оногдуулсан 05 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оюунбатын цагдан хоригдсон 40 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлж эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэххэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн төмөр бариултай хутга 1 ширхэг, Монгол стандарт нэртэй архины шил, хохирогч Т.Энхсайханы өмсөж явсан цамц, малгай хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба  түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Оюунбатад  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 


            ДАРГАЛАГЧ                        Ц.МӨНХТУЛГА


     ШҮҮГЧ                   Л.УЯНГА


     ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.