Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-09-07
Дугаар 101
Хэргийн индекс 180/2016/0113/Э
Шүүх Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Уянга
Шүүгдэгч Н.Дүгэрсүрэн
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 


                                     
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Хэргийн индекс:180/2016/0113/Э

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанаар

Нарийн бичгийн дарга:            А.Цэрэндулам, 
Улсын яллагч:                                    Ц.Цэен-Ойдов,
Хохирогч:                     Т.Мягмардорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:             Г.Баярсайхан,
Шүүгдэгч                                                    Н.Дүгэрсүрэн нарыг оролцуулан 
 
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Дүгэрсүрэнд холбогдох 201623000227 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч  хянан  хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харъяат, 1963 оны 08 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, яс үндэс баяд, ам бүл2 эхнэрийн хамт, Эвийн хүч ХХК-д тракторчин ажилтай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Шар тал гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ширчиг овгийн Нинагийн Дүгэрсүрэн  РД: СГ63082317/,

Шүүгдэгчийн  холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Н.Дүгэрсүрэн нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн Хурх тосгоны “Бор үзүүр” гэх газарт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 2.7.а-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах 

D:\2016 Мөнхномин\шийтгэх тогтоол\шийтгэх тогтоол 215.3 Дүгэрсүрэн.docx
ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”,  мөн дүрмийн 2.3.в-д заасан “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 21.8.ж-д заасан “Согтуу хүнийг мотоциклоор тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж ард нь сундалдаж явсан Я.Сэргэлэнцогтын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдаанаар дараах бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Т.Мягмардоржийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  ... Талийгаач Сэргэлэнцогт нь манай аавын төрсөн дүүгийн хүүхэд байгаа. Талийгаачийн эхнэр нь Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд хүүхдүүдийн хамт амьдардаг ба Сэлэнгэ аймгаас Хэнтий аймагт очиж байцаан шийтгэх ажиллагаанд оролцох боломжгүй байгаа тул намайг хохирогчоор тогтоолгох хүсэлт гаргасан. Иймд би уг хэрэгт хохирогчоор орно..талийгаачийн ээж, эхнэр хүүхдүүд нь намайг хохирогчоор оролцуулахаар тохирч би хуралд орж байна. Талийгаач эхнэрээсээ хэсэг тусдаа байж байгаад осолд орохын өмнө хамт амьдарч байсан. Талийгаачийн хоног хураах өдөр нь шүүх хуралтай давхцсан тул ээж нь шүүх хуралдаанд оролцохгүй намайг оролц гэсэн. Талийгаач, энэ Дүгэрсүрэн 2 сайн найзууд байсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,
Гэрч С.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Манай хөдөө гэр Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурх тосгоны нутаг “Бор үзүүр” гэх газарт байдаг. 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өглөө гэртээ байж байхад Дүгэрсүрэн, Сэргэлэнцогт 2 Хурх тосгон явж байгаа гээд манай гэрээр ороод гарсан. Тэгэхдээ Дүгэрсүрэн, Сэргэлэнцогт 2 архи уучихсан байсан. Манай гэрт ирэхдээ 1 шил архитай ирсэн. Тэр 2-ын авчирсан архийг манай гэрт хувааж уусан. Дүгэрсүрэн, Сэргэлэнцогт 2 мотоцикльтой явж байсан. Дүгэрсүрэн өөрөө мотоциклио барьж явсан. Сэргэлэнцогт нэлээн согтсон байсан. Дүгэрсүрэн манай гэрээс манай гэрээс явахдаа Сэргэлэнцогтыг согтсон байна, ард суувал унах байх гэсэн чинь Сэргэлэнцогт өөрөө явна гэсээр ард нь суугаад явсан. Манай гэрээс Дүгэрсүрэн мотоциклио бариад хөдөлсөн. Дүгэрсүрэн Сэргэлэнцогтыг бодвол арай гайгүй согтуу байсан ...  гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Гэрч Б.Уянгын мөрдөн байцаалтад өгсөн:  ... 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 14 цаг 30 минутанд ажил дээрээ байхад манай компанид хавар ажиллаж байсан Дүгэрсүрэн ах ганцаараа мотоцикльтэй ирээд Сэргэлэн нас барчихлаа гэж хэлсэн. Би та тоглоод байгаа юм уу гэхэд юу гэж ийм юмаар тоглодогийн гээд их айж, сандарч, цочирдсон шинжтэй уйлчихсан байсан бөгөөд түүнээс архи үнэртэж байсан ба хөл дээрээ зүгээр явж байсан. Би аав руу залгаж хэлье гэхдээ “та яагаад хэргийн газраас мотоциклио хөдөлгөж байгаан бэ гэхэд юм хэлээгүй ... Тэгээд Дүгэрсүрэн ах мотоциклио бариад яваад өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,
Гэрч Ч.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн:  ... Дүгэрсүрэн, Сэргэлэнцогт  нар манай гэрт ирээд манай талийгаачийг өнгөрөхөд ирж амжаагүй гээд ирсэн. Манай нөхөр нас бараад 20 хонож байна. Ирээд юм яриад уйлж байгаад буяны мөнгө гээд 5000 төгрөг өгөөд надад үнсүүлээд гараад явсан. Манай гэрт ирэхдээ Дүгэрсүрэн мотоциклио бариад ирсэн. Манай гэрээс гарч явахдаа ч гэсэн Дүгэрсүрэн мотоциклио бариад байсан. Гэхдээ нэх согтуу байгаагүй Сэргэлэнцогт ард нь суугаад явсан. ... манай гэрт Сэргэлэнцогт, Дүгэрсүрэн нарыг ирэх үед тэр 2-оос архи үнэртэж байсан, хоорондоо хэрэлдэж маргалдаагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
Гэрч С.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:  ... Зам тээврийн осол болсон газар очиход мотоцикль дээрээс унасан хүнийг үзэхэд нас барсан байсан. Хөшиж эхэлсэн байсан. Хамт байсан хүнийг үзэхэд согтуу архи ханхалсан, сандарсан байсан...гэсэн мэдүүлэг /хх 26 тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91 тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93 тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5 дугаар тал/, 
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7, 9 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт: Хэнтий аймаг дахь шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн №2016.41 дугаартай, Дүгнэлт: 1.Талийгаач Я.Сэргэлэнцогтын биед тархины 2 тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорхи хэсэгчилсэн цус харвалт, гавлын дух, чамархай, 2 нүдний ухархай ясны шугаман хугарал, дух, хамрын ясны цөмөрсөн бяцрал хугарал, дээд эрүү ясны хугарал, нүдний зовхи, дух, хөмсөг, чамархайн цус хуралт, зулгарсан шарх, хуйхны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, 2.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2, 3.1.3-д зааснаар уярах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба шууд үхэлд хүргэх гэмтэл болно. Харин нүдний зовхи, дух, хөмсөг, чамархайн цус хуралт, зулгарсан шарх, хуйхны цус хуралт бүхий гэмтлүүд нь хөнгөн зэргийн үхэлд нөлөөлөөгүй гэмтэл болно, 3.Талийгаач Я.Сэргэлэнцогтод шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг эмгэг хууч өвчин тогтоогдсонгүй, 4.Шинжилгээнд ирүүлсэн Я.Сэргэлэнцогтын цогцосноос авсан гэх цусанд 3,3 промилли, ходоодны шингэнд 4,7 промилли,шээсэнд 3,2 промилли спиртийн алкоголь илэрсэн нь хүнд зэргийн согтолтын хэмжээ болно, 5.Талийгаач Я.Сэргэлэнцогтын гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьялалтай байна, 6.Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. /хх-ийн 48 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №6904 дугаартай дүгнэлтэнд: 1.Шинжилгээнд ирүүлсэн Н.Дүгэрсүрэн 45/эр 08.05 гэж хаягласан цусанд 1,7% спиртийн агууламж илрэв, 2.Цусанд илэрсэн 1,7 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна. /хх-ийн 56 хуудас/
Шүүглэгч Н.Дүгэрсүрэнгийн сэжигтнээр болон яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 77-78/ зэрэг нотлох баримтууд болно. 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд, шүүгдэгч Н.Дүгэрсүрэнг согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн Хурх тосгоны “Бор үзүүр” гэх газарт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 2.7.а-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”,  мөн дүрмийн 2.3.в-д заасан “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 21.8.ж-д заасан “Согтуу хүнийг мотоциклоор тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж хойно нь сундалдаж явсан Я.Сэргэлэнцогтын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах нь зүйтэй гэж үзэв. 
Шүүгдэгч Н.Дүгэрсүрэн нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан  хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. 
Хохирогч Т.Мягмардорж нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй. 
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэргийг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзсан бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ширчиг овгийн Нинагийн Дүгэрсүрэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дүгэрсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Дүгэрсүрэнд оногдуулсан 3 жил, 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Дүгэрсүрэнгийн улсын дугааргүй “Мустанг-5” мотоциклийг түүнд буцаан олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн шүүгдэгч Н.Дүгэрсүрэнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг тоолсугай.

6. Шүүгдэгчийн биеийн байцаалт шүүхэд ирээгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай. 
7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Н.Дүгэрсүрэнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил, 6 сарын хорих ялыг тэнсэж,  3 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар хянан харгалзах хугацаанд тэнсэгдсэн ялтан Н.Дүгэрсүрэнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурдсугай.  

9. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Дүгэрсүрэнд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Л.УЯНГА 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.