Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2020-05-05
Магадлалын дугаар 2020/ДШМ/548
Хэргийн индекс 185/2020/0204/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Гансүхийн Есөн-Эрдэнэ
Шүүгдэгч Б.Б
Зүйл хэсэг 27.10.1. - Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Ч.Батбаатар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Дагиймаагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох 1903013980036 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Э овгийн Бийн Б, 1975 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хорооллын 4А байрны 23 тоотод оршин суух бүртгэлтэй;

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн шүүхийн 1996 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 398 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

            Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 11 цаг 34 минутын орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 16 дугаар сургуулийн зүүн хойд талын замд “ Toyota Estima” загварын 96-08 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 62 настай, эмэгтэй Н.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э овогт Бийн Быг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батсуурийн Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлаж, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.А нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Дагиймаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж хуульд өөрчлөлт орсон. Б.Бын хувьд өмнө нь 1996 онд ял шийтгэл эдэлж дууссан тул одоо ял шийтгэлгүйд тооцно. Мөн тухайн гэмт хэргийг анх үйлдсэн үеэс эхлэн шууд эмнэлгийн болон бусад тусламжийг даруй үзүүлсэн. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байхад энэхүү нөхцөл байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна. Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.Быг ялаас чөлөөлөх санал гаргахад улсын яллагч уг саналыг эсэргүүцээгүй байдаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Быг ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. ...” гэв.

            Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн ба уг гэмт хэрэгт хорих ял оногдуулах заалт байхгүй. Иймд ялаас чөлөөлөх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 11 цаг 34 минутын орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 16 дугаар сургуулийн зүүн хойд талын замд “ Toyota Estima” загварын 96-08 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Аийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Аийн "...Явган хүний гарцаар гарч явтал ... уулзвараар баруун гар тийш ... эргэж байсан автомашины жолооч автомашиныхаа урд хэсгээр миний биеийн баруун сүүж орчим хүчтэй мөргөж унагасан. ...Тэгээд босох гэтэл хөл хөдөлж болохгүй байсан. ...Түргэн тусламжийн эмч ирж миний биеийн байдлыг үзчихээд шууд Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд ... өвдөгний үений хагалгаанд орсон. ..." /хх 14/,

Б.Бын яллагдагчаар өгсөн "...Засмал замын явган хүний ... гарцаар гарч явсан явган зорчигч настай эмэгтэй гарч ирж, би уг эмэгтэйг хараад жолоодож явсан автомашиныхаа тоормозыг гишгэсэн боловч автомашиныхаа урд буферын хэсэгт мөргүүлэн засмал зам дээр уначих шиг болсон. ..." /хх 72-73/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 336 дугаартай "...Н.Аийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ..." /хх 59-60/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 178 дугаартай "...Шинжээчийн 336 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Н.Аийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ..." /хх 63/,

Тээврийн цагдаагийн албаны 16 дугаартай "... “Toyota Estima” загварын 96-08 УНГ улсын дугаартай автомашины жолооч Батсуурь Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх: 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна..." /хх 53-54/ гэх дүгнэлтүүд,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-6/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Быг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Бын “Toyota Estima” загварын 96-08 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа явган зорчигч Н.Аийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Дагиймаагийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж хуульд өөрчлөлт орсон. ... Б.Бын хувьд өмнө нь 1996 онд ял шийтгэл эдэлж дууссан тул одоо ял шийтгэлгүйд тооцно. Мөн тухайн гэмт хэргийг анх үйлдсэн үеэс эхлэн шууд эмнэлгийн болон бусад тусламжийг даруй үзүүлсэн. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ...Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.Быг ялаас чөлөөлөх санал гаргахад улсын яллагч уг саналыг эсэргүүцээгүй байдаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Быг ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хэрэглэхээр зохицуулан хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.Б нь “явган хүний гарц” дээр явган зорчигчийг тээврийн хэрэгслээр мөргөн гэмтэл учруулсан гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан түүнд оногдуулсан торгуулийн ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ буюу түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас явган зорчигч Н.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал, нөгөө талаас түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бд торгуулын ял оногдуулсан атлаа уг торгуулийн ялыг ямар хугацаанд төлөхийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зааж өгөөгүй нь ойлгомжгүй болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаас үзэхэд, шүүх хуульд заасан 90 хоногоос дээш хугацаагаар тогтоосон хугацаанд оногдуулсан торгуулын ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож болохоор байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Дагиймаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолыг тогтоолын:

тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Дагиймаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2020.03.13 213 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Загдаагийн Болдбаатар Б.Б 27.10.1.