Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-03-02
Тогтоолын дугаар 120
Хэргийн индекс 186/2019/0612/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч О.А
Зүйл заалт 17.1.1. - Хулгайлах
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

О. А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 637 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1099 дүгээр магадлалтай О.А-т холбогдох 1911016030728 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Э.Шинэзориг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, О овогт О-н А-.

 

            О.А- нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 39 дүгээр гудамжны 671 тоот хашааны гадна талд байсан Ч.С-н эзэмшлийн “Тоёото приус-20” загварын тээврийн хэрэгслийн янданг учрах саадыг арилгах зорилгоор дорцов, уртасгагч, цаасны хутга, домкрат зэрэг багаж буюу тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.А-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэж өөрчилж,

шүүгдэгч О.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-т 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.А-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

            Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.А- гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Надад холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх байдлаар миний эрх зүйн байдлыг дордуулж, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосонд туйлын харамсаж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү” гэв.

 

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс

зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд тус магадлалдаа “...тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдэгт... тухайн эд хөрөнгийг авахад шаардлагатай зориулалтын багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж хамаарна...” гэж “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн” буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдгийг хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тайлбарлажээ. О.А-ийн гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан гэх дээрх багаж, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхээр зориудаар тусгайлан хийж бэлтгэсэн, хэлбэрт оруулж засаж тохируулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт болон эд мөрийн баримт хавтаст хэргийн материалд авагдаагүй бөгөөд дээрх хуулийн тайлбараас үзэхэд дорцов, уртасгагч иш, цаасны хутга, домкрат зэрэг багаж хэрэгсэл нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэх ойлголтод хамаарахгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Сайнбаяр нь О.А-ийг гэмт хэрэг үйлдэхдээ ямар багаж, хэрэгсэл ашигласан гэдгийг нь болон хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг нь шууд хараагүй, мэдээгүй байдаг. Харин О.А- нь дээрх багаж хэрэгслийг ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч, мэдүүлдэг боловч “...яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, “...яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2, 9 дүгээр хэсгүүд болон мөн хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд нотлох баримт, эд мөрийн баримт тэдгээрийг цуглуулж, бэхжүүлж, шинжлэн судлах талаар дэлгэрэнгүй зохицуулсан байдаг.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү” гэв.

 

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “О.А-т холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учрал саадыг арилгах зорилгоор гэдэг нь бусдын эд хөрөнгийг хулгайлахад тухайн багаж хэрэгслийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүйгээс гадна, өмчлөгч болон бусад этгээдэд мэдэгдэхгүйгээр, нууцаар үйлдэхийн тулд гэмт үйлдлээ хөнгөвчлөх, түргэвчлэх зорилгоор ашигласан, үүнийг гэмт этгээд гэмт хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан бодож төлөвлөсөн, бэлтгэсэн нөхцөл байдлыг ойлгоно. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан гомдлыг үндэслэн О.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

О.А- нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 39 дүгээр гудамжны 671 тоот хашааны гадна “Тоёото приус-20” загварын тээврийн хэрэгслийн янданг дорцов, уртасгагч, цаасны хутга, домкрат зэрэг багажийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хулгайлан авч бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан багаж хэрэгслийг тусгайлан бэлтгэсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шийдвэр нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

 

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх О.А-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

 

Мөн түүний үйлдсэн гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэсний зэрэгцээ шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэсэн байх тул уг шийдвэрийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх “...Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эсрэг болон сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох нь зүйтэй.

 

Дээрхээс гэмт хэрэг үйлдсэн арга гэдэг нь тухайн этгээдээс өөрийн гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан, Эрүүгийн хуульд заасан тодорхой үйлдлийн илрэх хэлбэр байдаг бөгөөд энэ нь гэмт хэргүүдийг хооронд нь ялган зүйлчлэх гол шалгуур юм.

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч О.А-ийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэх ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд ямар нэгэн багаж хэрэгслийг зориулалтын дагуу ашигласан байдлыг тусгайлан бэлтгэсэн зүйл хэрэглэсэн гэж үзэхгүй тул дорцов, уртасгагч, цаасны хутга, домкрат зэргийг ашигласан үйлдэл бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулах эсэхийг хэргийн нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай авч үзэх нь зүйтэй болно.

 

Шүүгдэгч О.А- нь гэмт хэрэг үйлдэхдээ  буюу автомашины янданг тайлж авахдаа ашигласан гэх дорцов, уртасгагч иш, цаасны хутга, домкрат зэрэг багаж, хэрэгслүүд нь өөрийн гэсэн онцлог зориулалтын дагуу үйлдвэрлэгддэг бөгөөд тэдгээрийг дээрх гэмт хэрэг үйлдэхээр зориудаар тусгайлан хийж бэлтгэсэн, хэлбэрт оруулж засаж тохируулсан мөн зориулалтаас нь өөрөөр ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тухайн багаж хэрэгсэл нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэх ойлголтод хамаарахгүй болно.

 

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн “...шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү”, түүний өмгөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулах” агуулгатай гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 637 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1099 дүгээр магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч О.А- болон түүний өмгөөлөгч Э.Шинэзориг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг тус тус хангаж шийдвэрлэсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2019.08.19 637 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Пүрэвээгийн Ариунболд О.А 17.1.1.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2019.10.31 1099 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Мөнхөөгийн Пүрэвсүрэн О.А 17.1.2.4.