Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2018-01-19
Дугаар 165
Хэргийн индекс 142/2017/01257/И
Шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жамъяанчойжилын Сэмжид
Нэхэмжлэгч Ц.Б
Хариуцагч Б.М ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөдөлмөрийн хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2018/00165

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Л.Нарангэрэл, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Тахиа овогтой, Цэндийн Батсүхийн нэхэмжлэлтэй,

/Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14 дүгээр баг, Говил дэнжийн 16, А-20 тоотод оршин суух, регистрийн дугаар ТЕ73122917/

 

            Хариуцагч: “Бэрэнметалл” ХХК-д холбогдох

/Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 50 дугаар байр, 16 давхарт байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011437120, регистрийн дугаар 5756448/

 

            Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй улмаас ажилгүйдлийн тэтгэмжид авах байсан 1.595.280 төгрөгийн учирсан хохирол, бусад зардалд 147.701 төгрөг, нийт 1.742.980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, иргэдийн  төлөөлөгч Д.Мөнгөнчимэг, иргэдийн төлөөлөгч Д.Мөнгөнчимэг, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Батсүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Бэрэнметалл” ХХК-д 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд нийт 1 жил, 3 сар ажиллаж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажлаасаа халагдсан. Байгууллагаас миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй улмаас би 2 сар 2 хоног ажилгүй байсан хугацааны тэтгэмжээ нийгмийн даатгалын хэлтсээс авч чадаагүй учраас байгууллагаас учирсан хохирол болох 1.595.280 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн уг хэрэг Хан-Уул дүүргийн шүүхэд шилжсэн учраас би Орхон аймгаас Улаанбаатар хотод ирэх шаардлагатай болж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдөр ирж, очисон зардалд 147.700 төгрөг, нийт 1.742.980 төгрөгийг “Бэрэнметалл” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Анх шүүхэд 2.378.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан хэдий боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, багасган 1.742.980 төгрөг болгосон бөгөөд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд зааснаар ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас тухайн нутаг дэвсгэрт байгаа Хөдөлмөр эрхлэлтийн алба, бирж байхгүй бол нийгмийн даатгалын газарт олгоно гэж заасан. Манай компани Ц.Батсүхийн нийгмийн даатгалын шимтгэлийг аль хэдийн төлсөн. Ц.Батсүх нь манай компанид 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажилласан. Энэ хугацааны бүх нийгмийн даатгалын шимтгэлийг манайх зохих журмын дагуу бодолт, бичилтийг нийгмийн даатгалын дэвтэр дээр хийж өгөөд Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтэст шимтгэлийг бүрэн төлж шилжүүлсэн тухай албан бичиг болон шилжүүлсэн тухай банкны баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Үүнээс манайх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэдэг нь нотлогдож байгаа. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтой тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай буюу шүүхэд хандсан эсвэл өвчтэй бол түүнийгээ нотлоод 3 сар хүртэл хугацааны дотор тухайн оршин суугаа газрынхаа нийгмийн даатгалын хэлтэст хүсэлтээ өгөөд ажилдгүйдлийн тэтгэмж авах бүрэн боломжтой. Үүний дагуу манайхаас ажил олгогчийн хувьд дэвтрийн баталгаажилт болон төлбөр төлсөн баримтуудаа ажилтанд өгсөн. Ингэснээр Ц.Батсүх нь сүүлийн 9 сард тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг авах эрх нь үүсдэг. Энэ эрхийг нь нийгмийн даатгалын хэлтэс баталгаажуулалт хийгээд, сүүлийн 9 сараас эхлээд тамга дарж баталгаажуулж өгсөн. Гэхдээ өмнөх саруудын бичилтийг яагаад баталгаажуулаагүй вэ гэдэг нь тухайн байгууллагын буюу нийгмийн даатгалын хэлтсийн буруутай ажиллагаа яригдаж байгаа. Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг аль хэдийн төлсөн байхад танай байгууллага хүний хөдөлмөрлөх эрх, хуулиар олгогдсон ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг зөрчиж төлсөн шимтгэлийн баталгаажилтыг хийж, тамга дарахаас татгалзах эрхгүй, хууль  зөрчиж байна гэж шаардсаны эцэст 2017 оны зөвхөн 9 сарынх дээр тамга дарж өгсөн. 2016 оны 9 дүгээр сараас 12 сар хүртлэх шимтгэлийн төлөлт хийгдсэн учраас үүнийг баталгаажуулах бүрэн боломжтой. Энэ тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Тийм учраас манайх энэ нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт хийгдсэнээс хойш авах ажилгүйдлийн тэтгэмжийг өгөх ёстой хариуцагч биш. Тийм учраас Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтэс болон дээд шатны байгууллагад нь хандаж гаргуулж авах эрх нь нээлттэй гэж үзэж байна гэв. 

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Ц.Батсүхийн нэхэмжлэлтэй, “Бэрэнметалл” ХХК-д холбогдох, ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйн улмаас ажилгүйдлийн тэтгэмжид авах байсан учирсан хохиролд 1.595.280 төгрөгийн, бусад зардалд 147.701 төгрөг, нийт 1.742.980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“Бэрэнметалл” ХХК-ийн захирлын 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 49 дүгээр тушаалаар Ц.Батсүх нь “Бэрэнметалл” ХХК-ийн Цахилгааны инженер албан тушаалд томилогдож, талууд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, “Бэрэнметалл” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 90 дүгээр тушаалаар “...Ц.Батсүхийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн” талаар талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Ц.Батсүх нь 2000 оны 01 дүгээр сараас 2016 оны  4 дүгээр сар хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд ажил олгогч “Бэрэнметалл” ХХК-иас Нийгмийн даатгадын шимтгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан үүргээ зөрчиж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан журмын дагуу ажилтан Ц.Батсүхийн “Цахилгааны инженер албан тушаалд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр томилогдсоноос хойш ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацааны” нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь хавтаст хэргийн 10-12 дугаар талд авагдсан Ц.Батсүхийн 1374669 дугаар Нийгмийн даатгалын дэвтэр, Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Төлбөрийн даалгавраар “...Бэрэнметал ХХК-иас Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн төвлөрсөн санд Ц.Батсүхийн нийгмийн даатгалын шимтгэлд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2.472.860 төгрөгийг” нөхөн төлсөн тухай баримт, Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2545 дугаар албан бичгээр “...ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй” гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу даатгуулагч Ц.Батсүх нь ажил олгогч “Бэрэнметалл” ХХК-ийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйн улмаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ алдсан болох нь дээрх баримтуудаар нотлогдож байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Батсүх нь ажил олгогч “Бэрэнметалл” ХХК-иас учирсан хохирлоо шаардах эрхтэй юм.

 

            Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2545 дугаар албан бичгээр “...Ц.Батсүхийн өргөдлийн хариуг шийдвэрлэв. Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тул даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө. Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөн олгох боломжгүй...” гэснийг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.5, 6 дугаар зүйлийн 6.2, 16 дугаар зүйлийн 16.1, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг үндэслэн “нэхэмжлэгч Ц.Батсүх нь 15 жилээс дээш хугацаагаар шимтгэл төлж ажилласан тул ажилгүйдлийн тэтгэмжийг сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар хувиар” буюу “2017 оны 7, 8, 9 сарын (800.000 төгрөг+695.652 төгрөг+1.348.101 төгрөг):3=947.917 төгрөгийн сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 947.917 төгрөгийг х 70 хувь:100 хувь=663.541 төгрөгийн нэг сард ногдох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг 663.541 төгрөг:21.2 өдөр=31.299 төгрөгийн нэг өдөрт ногдох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажлын 51 хоногоор тооцоход 1.596.249 төгрөг”-ийг нэхэмжлэгч Ц.Батсүх нь хариуцагч “Бэрэнметалл” ХХК-иас шаардах эрхтэй хэдий боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу “...ажилгүйдлийн тэтгэмжид 1.595.280 төгрөг гаргуулж өгнө үү” гэснийг үндэслэн хариуцагч “Бэрэнметалл” ХХК-иас ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйн улмаас ажилгүйдлийн тэтгэмжид авах байсан 1.595.280 төгрөгийн учирсан хохирлыг гаргуулан нэхэмжлэгч Ц.Батсүхэд олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            2. Нэхэмжлэгчийн “...2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохоор Орхон аймгийн Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод ирж, буцсан галт тэрэгний үнэ 16.200 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод ирж, буцах галт тэрэгний үнэ 18.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан УБТЗ-ын Зорчих эрхийн тасалбараар нотлогдож байх тул 34.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Батсүхэд олгох нь зүйтэй байна.

 

            Харин “...3 өдрийн ажлын чөлөө авсан тул цалин 104.334 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Бэрэнметалл” ХХК-иас ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйн улмаас ажилгүйдлийн тэтгэмжид авах байсан учирсан хохиролд 1.595.280 төгрөг,  бусад зардалд 34.200 төгрөг, нийт 1.629.480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Батсүхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 113.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

            Нэхэмжлэгч Ц.Батсүх нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, багасгасныг хариуцагч тал гардан авч, шүүх хуралдаанд хариу тайлбараа гаргаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх явуулах талаар хүсэлт гаргасныг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.5, 6 дугаар зүйлийн 6.2, 16 дугаар зүйлийн 16.1, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч “Бэрэнметалл” ХХК-иас ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйн улмаас ажилгүйдлийн тэтгэмжид авах байсан учирсан хохиролд 1.595.280 төгрөг,  бусад зардалд 34.200 төгрөг, нийт 1.629.480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Батсүхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 113.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Батсүхийн ажилгүйдлийн тэтгэмжид авах байсан учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, түүний 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр төлсөн 5.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Бэрэнметалл” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 40.474 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулж, 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Батсүхэд олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                    Ж.СЭМЖИД

 

                                    ШҮҮГЧИД                                                       Л.НАРАНГЭРЭЛ

 

                                                                                                            Д.ЭНХЦЭЦЭГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.