Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-07-22
Дугаар 2044
Хэргийн индекс 101/2019/02148/И
Шүүх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баярсайханы Ундраа
Нэхэмжлэгч БТ ХХК
Хариуцагч Д.Д
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2019/02044

 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Нэмүт групп 304 тоотод байрлах “Б Т ” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:5802547/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороолол, 13 дугаар хороолол, Глоб 29 дүгээр байр, 21 тоотод оршин суух, Алаг адуут Дашхүүгийн Дэлгэрцэцэг /регистрийн дугаар: ЕС63101801/-д холбогдох,

 

“Зээлийн гэрээний үүрэгт 1,560,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Б Т ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож АА/00146 тоот зээлийн гэрээ байгуулан тухайн өдрөө 2,000,000 төгрөгөө авсан. Ингээд хариуцагчид зээлийн гэрээний хугацаанд нийт 2,960,000 төгрөгийн үүрэг үүсэнээс хойш нийт 1,840,000 төгрөг төлсөн боловч гэрээний хугацаа дуусахад 1,120,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,120,00 төгрөг, алданги 480,000 төгрөг, нийт 1,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тооцоолол буруу байсныг залруулж 40,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, нийт 1,560,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэв.

 

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компаниас 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн.

2018 оны 8 дугаар сарын 03-нд 160,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 10-нд 180,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 01-нд 180,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 10-нд 200,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 24-нд 1,200,000 төгрөгийг тус тус байгууллагын өгсөн 5163108730 дугаарын данс руу өөрийн Хаан банкны 5027259210 дугаарын данснаас нийт 1,920,000 төгрөгийг шилжүүлсэн.

Нэхэмжлэлд шаардаж буй үнийн дүнг хуулийн дагуу тооцон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б Т ” ХХК нь хариуцагч Д.Дт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 1,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 1,560,000 төгрөг болгон багасгаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлээр шаардаж буй мөнгөн дүнг хуулийн дагуу тооцон шийдвэрлэнэ гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг “Б Т ” ХХК нь Д.Дтэй 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр АА/00146 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, 2,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, зээлдэгч зээлээ төлж дуусах боломжит хугацаанаас хамаарч 7 хоногийн 56,000 төгрөг 14 хоногийн 94,000 төгрөг, 21 хоногийн 126,000 төгрөг, 30 хоногийн 160,000 төгрөгийн хүүтэй, 30-с дээш хоногийн хугацаанд зээлээ хаагаагүй бол нэг сар бүр 160,000 төгрөгийн хүүтэй байхаар зээлийн хүүг тохиролцжээ.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2.-т “Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно.” гэж заасан бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээгээр тохирсон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв зээл, түүний хүүг хугацаандаа төлөөгүй бол гэрээний дагуу алданги төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тус тус заасан тул хариуцагчаас зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алдангийг гаргуулна.

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд 1.2., 1.4.-т тус тус зааснаар 6 сарын хугацаанд, 960,000 төгрөгийн хүү, нийт 2,960,000 төгрөгийг төлөх үүрэгтэй ба зээлээс нийт 1,920,000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 03-нд 160,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 10-нд 180,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 01-нд 180,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 10-нд 200,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 24-нд 1,200,000 төгрөгөөр тус тус төлсөн байх тул үлдэх 1,040,000 төгрөгийг зээлийн гэрээний 1.7-д зааснаар алданги 520,000 төгрөгийн хамт нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 286 дүгээр зүйлийн 286.3, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Д.Дээс 1,560,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б Т ” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Б Т ” ХХК нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 40,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дээс улсын тэмдэгтийн хураамжид 39,910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б Т ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг  танилцуулсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.