Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-09-05
Дугаар 2343
Хэргийн индекс 101/2019/02473/И
Шүүх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баярсайханы Ундраа
Нэхэмжлэгч И У ХХК
Хариуцагч Л.Б
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Эд хөрөнгө хөлслөх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2019/02343

     Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27-133 тоот хаягт байрлах “И У” ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Саруул хороолол, 113 дугаар байр, 65 тоот хаягт оршин суух Батнаа овогт Л.Б д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,221,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчдийн өмгөөлөгч Д.Ганпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “И У” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “И У” ХХК нь хариуцагч Л.Бтай 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулан барилгын туслах материал пум /хэв/ болон булан нийт 1032 ширхэгийг нэг бүрийг хоногийн 220 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, шилжүүлсэн. Хариуцагчийн зүгээс манай материалыг хүлээн авч барилгын үйл ажиллагаандаа хэрэглэж байсан ба 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2,869,960 төгрөг, улмаар талууд харилцан тохиролцож түрээсийн гэрээг цааш үргэлжлүүлэн сунгасан бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар түрээсийн төлбрөийн үлдэгдэл 7,351,740 төгрөг, нийт 10,221,700 төгрөг болсон бөгөөд хариуцагч өнөөдрийг хүртэл дээрх төлбөрийг төлөөгүй байна. Манай компани дээрх төлбөрийг төлөхийг удаа дараа мэдэгдсээр байхад төлбөр төлөхөөс илт зайлсхийж, удахгүй төлн, хүлээж бай гэх мэтээр нэхэмжлэгчийг хохироосоор байна.

Иймд Л.Баас Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,221,700 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөсөн эсэх талаараа шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “И У” ХХК нь хариуцагч Л.Бд холбогдуулан, Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт нийт 10,221,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй хариуцагч Л.Быг тус шүүхийн шүүгчийн захирамжаар шүүхэд албадан ирүүлж 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгсөн.

Гэвч хариуцагч Л.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн талаараа шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

Мөн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг хариуцагч мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан, түүний эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэв.

Талууд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 18-075 дугаартай “Барилгын туслах материал түрээслэх гэрээ” байгуулж, түрээслүүлэгч “И У” ХХК нь түрээслэгч Л.Бд зам барилгын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж, барилгын туслах бараа материал болох пум, булан буюу эд хөрөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар түрээслүүлэхээр харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Хариуцагч нь шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж буй 10,221,700 төгрөгийн тооцоог үгүйсгэж нотлоогүй тул гэрээний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2,869,960 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар түрээсийн төблрөийн үлдэгдэл 7,351,740 төгрөг, нийт 10,221,700 төгрөгийн тооцооллыг нэхэмжлэгч гаргасныг үгүйсгэх боломжгүй байна.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан, хариуцагч Л.Баас 10,221,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И У” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Баас 178,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И У” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.