Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-03-27
Дугаар 00362
Хэргийн индекс 142/2019/00243/и
Шүүх Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Батжаргалын Дэлгэрцэцэг
Нэхэмжлэгч Д.До
Хариуцагч Эрдэнэт-Ус Дулааны түгээх сүлжээ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

                   2019 оны 03 сарын 27 өдөр

             Дугаар 142/ШШ2019/00362

           Орхон аймаг

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

              Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт оршин суух, Б овогт Дгийн До-ийн нэхэмжлэлтэй,

                                  

            Хариуцагч: “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-д  холбогдох,

 

            ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.999.9799 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 18-нд хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 142/2019/00243/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.До, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.До шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.До намайг Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг миний бие эс зөвшөөрч Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1091 дүгээр шийдвэрээр миний гаргасан нэхэжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр намайг цахилгааны албаны даргын ажилд томилсон.  Шүүхийн шийдвэрээр миний ажилгүй байсан хугацааны цалинг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалинг тооцож олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговроо гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Иргэн Д.Догийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Л.Б миний бие хариуцагч “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэсэн тайлбар гаргаж байна. Учир нь цахилгааны албаны дарга Д.Догийн нэхэмжлэлтэй Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 142/ШШ2018/01091 шийдвэр 2018 оны 11 дүгээр сарын 12-нд гарч, энэхүү шийдвэрийг биелүүлэн 2019 оны 01 дүгээр сарын 18-нд ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй гэнцэх олговрыг олгосон болно. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1091 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр гарч Д.Дог хуучин ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоосон байсан. Тухайн үед хуулийн зөвлөх нь Баттулга гэдэг хүн байсан. Баттулга нь шүүхийн шийдвэрийг гардаж аваад удирдах албан тушаалтандаа танилцуулаагүйгээс болж давж заалдах хугацаа өнгөрсөн байсан. Би хуулийн зөвлөхөөр ажилд томилогдож шүүхийн шийдвэрийг даргад танилцуулж шийдвэрийн биелэлтийг биелүүлэх үү? гэж асуухад арай болоогүй байна гэсэн. Тэгээд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж Д.Дог ажилд нь эгүүлэн тогтоосон. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгосон. Д.До нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ажлаа хийгээгүй учраас цалин хөлс буцааж олгох боломжгүй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах болсон үндэслэл бол 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон байсан. Хариуцагч байгууллагын хариу тайлбараас харахад нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг өгчихсөн юм шиг тайлбар гаргасан байсан. Одоо бол энэ хугацааны цалинг олгох нь үндэслэлгүй юм гэж тайлбарлаж байна. Бид бол анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд орох хүртэл хугацааны цалинг бодож нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ хугацаанд ажилдаа орох гэж өргөдөл, гомдлоо өгөөд холбогдох хүмүүстэй нь уулзаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх гүйцэтгэх хуудас бичүүлж ажилдаа орохыг хүлээж байсан. Тухайн үед хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй. Өөрсдөө шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байж хуулийн зөвлөх рүүгээ буруугаа чихэж шүүхийн шийдвэр гарсныг мэдээгүй байсан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ талаархи мэдээллийг хуулийн зөвлөх болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгууллагын удирдах албан тушаалтандаа өгч байх ёстой. Нэхэмжлэгч бол тэр мэдээллийг хуулийн зөвлөхийн өмнөөс хангалттай өгч байсан. Гэтэл одоо мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэг мөн энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн нэг өдрийн цалинг 60602 төгрөгөөр тогтоосон байдаг. Ажилгүй байсан хугацааг 49 хоногоор тооцож 2999799 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч ажил хийгээгүй юм чинь ажилгүй байсан хугацааны цалин олгох боломжгүй гэж байна. Нэгэнт шүүхийн шийдвэр гараад түүнээс хойш цалин бодогдсон байгаа учраас Хөдөлмөрийн тухайн хуульд зааснаар цалин хөлсөө олгох ёстой. Нэхэмжлэгч ажилд орсноос хойш ажилгүй байсан хугацааны цалингаа авъя гэсэн байдлаар байгууллагадаа хандсан. Багасгасан байдлаар өгье гэсэн байдлаар хандсан учраас тохиролцож чадаагүй. Тиймээс нэхэмжлэл гаргасан. Хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.До нь хариуцагч “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.999.799 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг гаргаж мэтгэлцэж байна.

 

  Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.До нь тус шүүхэд  2018 оны 07  дугаар сарын 02-ны өдөр “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай  нэхэмжлэл гаргаж, түүний нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан хэлэлцээд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1091 дугаар шийдвэрээр Д.Дог “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн цахилгааны албаны даргын ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5.878.470 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1091 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Дог цахилгааны албаны даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ба нэхэмжлэгч Д.Дог “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б-07 дугаартай тушаалаар 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс цахилгааны албаны даргын ажилд  эгүүлэн томилсон нь тогтоогдож байна.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” болохыг заасан байх бөгөөд зохигчийн хооронд үүссэн ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилсэн буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан маргаанд 3 сарын хугацааг баримтлахаар байна.

 

Нэхэмжлэгч Д.До нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан ажилдаа орж ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул түүнийг шүүхэд нэхэмжлэл гаргахад баримтлах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

 

Хариуцагч байгууллагын итгэмлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгосон. Д.До нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ажлаа хийгээгүй учраас цалин хөлс буцааж олгох боломжгүй” гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх ба  түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлэхгүй хөдөлмөрийн эрх зүйн харилцаан дахь түүний эрхийг ажил олгогч зөрчсөн хэвээр байсан болох нь нэхэмжлэгч Д.Дог урьд эрхэлж байсан цахилгааны албаны даргын ажилд 2019 оны 01 сарын 18-ны өдөр эгүүлэн тогтоосон хариуцагч байгууллагын даргын Б-07 дугаартай тушаал болон зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биеүүлээгүй ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасан байх ба Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн  1091 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Д.Догийн сарын дундаж цалинг 1.302.960 төгрөг, өдрийн 60.602 төгрөг гэж тооцож шийдвэрлэснийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.До нь 2018 оны 11 сарын 12-ны өдрөөс 2019 оны 01 сарын 18-ны хооронд нийт 47 хоног ажилгүй байсан ба түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 47*60602=2848294 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 151505 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, дээрх цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж, дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагч Эрдэнэт Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д даалгах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч  “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-иас улсын тэмдэгтийн хураамж 60522 /жаран мянга таван зуун хорин хоёр/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дод олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ, ОНӨХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.848.294 /хоёр сая найман зуун дөчин найман мянга хоёр зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дод олгож, нэхэмжлэлээс үлдэх 151.505 /нэг зуун тавин нэг мянга таван зуун тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Д.Догийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос 2018 оны 11 сарын 12-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж, дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагч “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-д даалгасугай.

  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч  “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-иас улсын тэмдэгтийн хураамж 60522 /жаран мянга таван зуун хорин хоёр/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дод олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.