Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-01-06
Дугаар 91
Хэргийн индекс 102/2017/02653/И
Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунбаатарын Мөнхцэцэг
Нэхэмжлэгч Я.Б
Хариуцагч ЭЦК ХХК нар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

 

Нэхэмжлэгч: дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, гудамж,  дүгээр байр, 19 тоот хаягт оршин суух, Б овогт Яд Б /РД:Ц3/-ын нэхэмжлэлтэй,

 

 

Хариуцагч:  дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр хороолол, гудамж,  дүгээр байр,  тоот хаягт оршин байх, Э ХХК /РД: 4/,

 

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, гудамж,  байр, 132 тоот хаягт бүртгэлтэй, Харчуу овогт Ду Б/ /РД:РЮ55060411/,

 

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, дүгээр хороо,  дүгээр хороолол, гудамж,  дүгээр байр,  тоот хаягт оршин суух, Харчуу овогт Б Г /РД/ нарт холбогдох,

 

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 150.000.000 төгрөг гаргуулах, хөрөнгө оруулалт болон хохиролд 501.000.000 төгрөг гаргуулах тухай,

 

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 113.900.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Амармэнд, хариуцагч бөгөөд хариуцагч нарын төлөөлөгч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Бат-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Б нь Эцконстракшн ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 1.400 м.кв газар эзэмшдэг, газар дээр компанийн хувьцаа эзэмшигч Д.Б түүний хүү Б.Гтой тохиролцож, 1.152 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай хөрөнгийг өөрсдийн хөрөнгөөр барьж, байгуулсан. 2017 оны хавар Эцконстракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б, хүү Б.Гын хамт Я.Бтай уулзаж, хувьцаагаа зарахыг гуйж, ятгасан. Я.Б 130.000.000 төгрөг өгвөл компанийн 50 хувийг өгөхийг зөвшөөрсөн. Д.Б, Б.Г нар Я.Бт 30.000.000 төгрөг өгч, 100.000.000 төгрөгтэй холбогдуулан гэрээний үүргээ шилжүүлж, Б.Г хариуцлага хүлээхээр болсон. 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэрээний эцсийн хугацаа байхаар тохирч, гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. Б.Г гэрээний үүргээ биелүүлээгүй, үлдэх 100.000.000 төгрөгийг өгөөгүй. Я.Б тухайн объектыг барьж байгуулахад нэлээд хөрөнгө гаргасан. н.Отгоннямаас 290.000.000 төгрөг зээлж, бусдад өр төлсөн. Б.Гыг 100.000.000 төгрөг төлөөгүйгээс их хэмжээний өрөнд орсон. 290.000.000 төгрөг дээр хүү, алданги, долларын зөрүү нэхэмжилж, Я.Баас 501.000.000 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Я.Б Б.Гын буруугаас 501.000.000 төгрөгийн өрөнд орсон тул уг мөнгийг нэмж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Я.Б, Б.Г нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 100.000.000 төгрөг, хугацаа хэтэрсэн алдангийг хуульд нийцүүлж үндсэн гэрээний 50 хувь болох 50.000.000 төгрөгийн алданги нэхэмжилсэн. Б.Гоос зээлийн гэрээний үүрэгт 150.000.000 төгрөг гаргуулж өгнө үү. Барилга барихад оруулсан хөрөнгө 130.000.000 төгрөг, тоног төхөөрөмж худалдаж авсан үнэ 160.000.000 төгрөг, хүү алданги валютын зөрүү 211.000.000 төгрөг нийт 501.000.000 төгрөгийг хариуцагч Эцконстракшн ХХК-иас гаргуулж өгнө үү. Д.Б компанийн захирал учраас Эцконстракшн ХХК-иас нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэлээ. Хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаа нотлох ёстой. Талууд харилцан тохирч худалдах худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээгээр сольсон. Хууль зөрчсөн, нийтийн зан суртахуунд харшилсан хэлцэл байгуулаагүй. Ямар учраас дүр үзүүлсэн хэлцэл байгуулагдсан гэдгээ нотлох ёстой. Гэтэл нотолж чадсангүй. Хариуцагч тал зээлийн гэрээ байгуулж, Я.Бт зээл өгсөн. Тэр мөнгөө нэхэмжилж байна гэлээ. Энэ үндэслэлгүй болох нь дараах байдлаар нотлогдоно. Жишээ нь: 2013 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Их засаг Их сургуулийн хажуугийн газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан. 2013 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Д.Бгаас Я.Бын дансанд 20.000.000 төгрөг шилжсэн. Нийт 150.000.000 төгрөгөөр газраа зарж, дансаар 110.000.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэх мөнгийг Я.Б бэлнээр болон бусад байдлаар авсан. Я.Бт зээл олгосон асуудал байхгүй. Зээл авсан бол дахин гэрээ байгуулж зээл авах шаардлага байхгүй. Хариуцагч талын газрын мөнгийг зээлийн мөнгө гэж тайлбарлаж 120.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хоёр хүний хооронд хамтарч ажиллах гэрээ байгуулагдсан. Эцконстракшн ХХК-ийг байгуулж, хувьцаа эзэмших болсон. Я.Б барилгад 300.000.000 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Б.Гын гуйлтаар компанийн 50 хувийн хувьцааг 130.000.000 төгрөгөөр зарсан. Хувьцаа худалдах худалдан авах гэрээний дагуу шаардсан 130.000.000 төгрөг болон сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 130.000.000 төгрөгийн харилцаа тусдаа асуудал. Б.Г Эцконстракшн ХХК-д 210.000.000 төгрөгийн хөрөнгө оруулсан. Эдгээр хүмүүс гэрээний дагуу 50, 50 хувийн хөрөнгө оруулалт хийсэн. Иймд Я.Б хувьцаагаа 130.000.000 төгрөгөөр зарсан, 130.000.000 төгрөг авах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Эцконстракшн ХХК-ийн нэрээр 160.000.000 төгрөгийн тоног төхөөрөмж орж ирсэн. Гаалийн татвар бага төлөхийн тулд үнээ бага болгосон. Багаар бодоход тоног төхөөрөмж 130.000.000 төгрөгөөр орж ирсэн байдаг. Хариуцагч нэхэмжлэгчийг тоног төхөөрөмж муутгасан гэж тайлбарлалаа. Шинжээчийн дүгнэлтээр ковшны шил хагарсан, бусад тоног төхөөрөмж нэг ч ашиглагдаагүй боодолтойгоо байгаа. Иймд Я.Бын нэхэмжилсэн 160.000.000 төгрөг үндэслэлтэй байна. Б.Г анхнаасаа хэлсэн амандаа хүрч мөнгөө өгсөн бол Я.Б бусдаас хүүтэй мөнгө зээлж 500,000,000 төгрөгийн хохирол амсахгүй байх байсан. Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаанаас гадна, хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн. Хамтран ажиллах гэрээний дагуу талууд тэнцүү хөрөнгө оруулж, тэнцүү ашиг хүртэх ёстой. Б.Г хувьцаа худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулсан өдрөө Эцконстракшн ХХК-ийн нэр дээр 90.000.000 төгрөг авсан байсан. Б.Г Я.Быг хуурч компанийн хувьцааг зээлийн гэрээ байгуулж авчихаад, зээлийн барьцаанд тавьсан. Одоогийн байдлаар объект зарагдсан. Зээл олгосон газар объект түрээсэлж байсан. Талуудын хувьцаа худалдах худалдан авах гэрээний үүргийг шилжүүлж, зээлийн гэрээ болгосон нь хууль зөрчөөгүй байна. Энэ эрхийнхээ дагуу 100.000.000 төгрөг зээлийн гэрээний дагуу мөнгө шаардаж нийт 150.000.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. Эрх зүйн үндэслэлийн тухайд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.6, 210 дугаар зүйлийн 210.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 236 дугаар зүйлийн 236.1.3 зэрэг болно. Гаалийн мэдүүлгээр тоног төхөөрөмжийг хамгийн багаар бодоход хэдэн төгрөгөөр орж ирсэн нь тодорхой харагдана. Шинжээч зах зээлийн ханш, одоогийн ханш гэсэн 2 үнэлгээ гаргасан нь бага гарсан. Дахин шинжээч томилуулах шаардлагатай байсан ч хэргийг хурдан шийдүүлэхийн тулд тийм хүсэлт гаргаагүй. Газрыг 150.000.000 төгрөгөөр зарсан болох нь Б.Гын тайлбараар нотлогдоно. Б.Г шүүхэд анхны өгсөн тайлбараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед өөрчилсөн байсан. Газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ байгуулсан өдөр Д.Бгаас мөнгө шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байх тул маргаангүй. Зээлийн гэрээ байгуулсан бол зээлдэгч нар нэхэмжлэгчээр орж ирэх ёстой байсан. Гэтэл тийм шаардлага гараагүй, 2013 онд барилгын ажил эхлүүлсэн болох нь Б.Гын тайлбар, Я.Бын хавтаст хэрэгт өгсөн баримтуудаар нотлогддог. Сүүлд өгсөн зуурмагийн баримт 60.000.000 төгрөг, Я.Бын гар бүртгэлээр 130.000.000 төгрөг болсон. Гэрээний нэг тал 250.000.000 орчим төгрөгийн хөрөнгө оруулсан болох баримтаар тогтоогдож байна. Б.Гын тухайд шүүхэд үнэн зөв тайлбар өгөх ёстой, илт улайхгүйгээр худал тайлбар өгч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Компанийн хувьцаатай холбогдсон 100.000.000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээ. Гэрээний үүргийн гүйцэтгэлд 50.000.000 төгрөгийн хүү алданги нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох үүрэгтэй. Гэтэл нотлогдохгүй зүйл нэхэмжилж байна. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс зээл үүссэн. Гэрээнд талууд хувьцааны үнийг 500.000 төгрөг байхаар тодорхойлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. 130.000.000 төгрөгөөр үнэлсэн гэж бичээгүй. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзвэл Б.Год 100.000.000 төгрөг шилжүүлсэн баримт байдаггүй. Нэхэмжлэгчийн 500.000 төгрөгийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг 100.000.000 төгрөгийн үнэтэй зээлийн гэрээ гэж тодорхойлж байгаа нь үндэслэлгүй байна. Я.Б Эцконстракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан, эрх бүхий албан тушаалтан байгаагүй. Компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулах, компанийн эд хөрөнгө захиран зарцуулах этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтан гэнэ. Хэрэгт авагдсан гаалийн бичгээс тоног төхөөрөмж 160.000.000 төгрөгийн үнэтэй биш, 49.000.000 төгрөгийн үнэтэй болох нь тодорхой харагдана. Тусгай зөвшөөрөлтэй шинжээч тоног төхөөрөмжийг 52.000.000 төгрөгийн үнэтэй гэж тогтоосон. Эцконстракшн ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан, хувьцаа эзэмшигч, ТУЗ-ын тоног төхөөрөмж худалдаж авна гэсэн шийдвэр байдаггүй. Эцконстракшн ХХК-ийн нэрээр байгуулсан хэлцэл байдаггүй. Компанийн зүгээс тоног төхөөрөмж худалдаж авсан, санхүүгийн баримт байдаггүй. Зөвхөн Я.Б Эцконстракшн ХХК-ийн тоног төхөөрөмж гэх тайлбар байдаг. Анх тоног төхөөрөмжийг хилээр оруулж ирээд Я.Б өөрийнхөө эзэмшилд авсан, өнөөдрийг хүртэл эзэмшилд байгаа. Шүүхийн журмаар үзлэг хийхэд Я.Бын эзэмшилд тоног төхөөрөмж байгаа болох нь тогтоогдсон. Я.Б ч өөрийн эзэмшилд байгаа талаар маргаагүй. Эцконстракшн ХХК уг тоног төхөөрөмжийг хэзээ ч эзэмшиж байгаагүй, албан ёсоор бүртгэсэн бүртгэл байхгүй. Я.Б өөрийн эзэмшилд байгаа зүйлийг Эцконстракшн ХХК-иас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Я.Б Эцконстракшн ХХК-д 160.000.000 төгрөгийн хөрөнгө оруулсан хийсэн, уг мөнгөө нэхэмжилж байна гээд холбогдох баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл баримтуудад Я.Бын нэр байдаг, Эцконстракшн ХХК ашигласан болох нь харагддаггүй. Я.Бын гаргасан зуурмагийн баримтаар Эцконстракшн ХХК-ийн барилгад зуурмаг ашигласан нь харагддаггүй. Нэхэмжлэгч хэн ашигласан нь тодорхойгүй баримт өгчихөөд 160,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Я.Б Б.Гыг зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүйгээс бусдаас зээл авч, 501.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилж байна. Хохирол нэхэмжилж гэж байгаа бол Б.Гын буруутай үйлдэл, эс үйлдэл байх ёстой. Хариуцагч нараас гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй, зээлийн гэрээ нотлох баримтаар тогтоогдоогүй байхад их хэмжээний хохирлын асуудал ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрээр Я.Баас төлбөр гаргуулахаар шийдсэн. Шүүхийн шийдвэрээр гарсан мөнгийг хариуцагч нараас авч барагдуулна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өр төлбөртэй тул хүнд үзүүлэх зорилгоор байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Я.Б Б.Г нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, Д.Бгийн зээлүүлсэн 20.000.000 төгрөг, Б.Гын зээлүүлсэн 93.390.000 төгрөг, нийт 113.390.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Гэтэл үүргээ биелүүлж, шаардлагаа нотолж чадсангүй. Нэхэмжлэгч талын гаргасан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д шаардлага хангахгүй байна. Баримтууд хэрэгт хамааралгүй байна. Нэхэмжлэгч тал 130.000.000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн бол хувьцаа худалдах худалдан авах болон зээлийн гэрээний аль нэгийг бичих ёстой. Гэтэл огт бичээгүй. 100.000.000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээний дагуу Б.Г мөнгө шилжүүлж өгөөгүй гэдгээ зөвшөөрч байна. Энэ гэрээ бодитоор байгуулагдаагүй, хүчин төгөлдөр бус юм. Я.Б эзэмших эрхтэй газар худалдах эрхтэй эсэх, төрийн өмчлөлийн газрыг 150.000.000 төгрөгөөр үнэлж, худалдах эрх эсэх нь тодорхойгүй. Мөн 180 м.кв газар 150.000.000 төгрөгт хүрэх юм уу, газар бэлэглэлийн гэрээг шилжсэн. Хуульд зааснаар бэлэглэлийн гэрээ хариу төлбөргүй байх ёстой. Бэлэглэлийн гэрээнд газрыг 10.000.000 төгрөгийн үнэтэй гэж бичсэн. 150.000.000 төгрөгөөр газар зарсан бол Я.Б газар 10.000.000 төгрөг гэж гарын үсэг зураад нотариатаар батлуулсан нь эргэлзээ төрүүлж байна. Я.Б барилгад 130.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гээд олон баримт өглөө. Баримтууд 2013 оны 11 сарынх буюу компани байгуулагдаагүй, газаргүй, барилга баригдаж эхлээгүй үеийнх байна. Ийм баримтуудаар зуурмаг авч, хөрөнгө оруулсан гэдгээ нотолж чадахгүй байна. Гаалийн баримт, шинжээчийн дүгнэлтээр тоног төхөөрөмж 40.000.000 төгрөгөөр орж ирсэн нь тогтоогдож байхад 160.000.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Тоног төхөөрөмж өнөөдрийг хүртэл Я.Бын эзэмшилд байж, ашиглаж байгаа. Я.Б өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа зүйлийн мөнгийг компаниас авна гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч тал мөнгө зээлсэн гэх н.Энхжаргал, н.Баатар нар тусдаа нэхэмжлэл гаргах ёстой гэлээ. Тэдгээр хүмүүс Б.Год мөнгө өгөх ёстой байсан, Б.Г данс өгч шилжүүлсэн гэж гэрчийн мэдүүлэг өгсөн. Зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага байхгүй. Амаар тохиролцож болно. Гүйлгээний утга дээр зээл гэж бичээгүй бол зээл биш болно гэж байхгүй. Я.Б Б.Гын буруугаас бусдаас мөнгө зээлсэн гэж хохирлын мөнгө нэхэмжилж байна. Хэрэгт Я.Б Б.Гын буруугаас зээл авч, хохирсон баримт байхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч Я.Б нь хариуцагч Эцконстракшн ХХК, Д.Б, Б.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 150.000.000 төгрөг гаргуулах, хөрөнгө оруулалт, хохиролд 501.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Б.Г нь нэхэмжлэгч Я.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 113.900.000 төгрөг гаргуулах болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч Д.Бд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

 

 

Нэхэмжлэгч Я.Б нь хариуцагч Б.Гоос 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 100.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 50.000.000 төгрөг, нийт 150.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан ба энэхүү зээлийн гэрээ нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдлийг зээлийн гэрээгээр төлөхөөр тохиролцсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Я.Б, хариуцагч Б.Г нар нь 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Эцконстракшн ХХК-ийг 1.000.000 төгрөгийн дүрмийн сантайгаар 50, 50 хувийн хувьцааг эзэмшихээр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Я.Б нь өөрийн эзэмшиж байсан Эцконстракшн ХХК-ийн 50 хувийн хувьцааг хариуцагч Д.Бд компанийн эзэмших эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, шилжүүлсэн байна. Энэхүү хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд үнийн дүнг тодорхой бичээгүйн улмаас талуудын хооронд маргаан үүсчээ. Нэхэмжлэгч Я.Б нь өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцаагаа хариуцагч Д.Бд 130.000.000 төгрөгөөр худалдаж, 30.000.000 төгрөгийг авч, үлдэх 100.000.000 төгрөгийг хариуцагч Б.Г зээлийн гэрээний үүрэг болгон төлөхөөр тохирсон боловч төлөөгүй гэж тайлбарлаж байна.

 

Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримт, утасны яриа зэргээс хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнэ нь 130.000.000 төгрөг байсан гэж дүгнэлээ. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгэгч Д.Б нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар гуравдагч этгээдээр буюу өөрийн хүү Б.Гоор төлүүлэхээр үүргээ шилжүүлжээ.

 

Хариуцагч Б.Г нь үүргийг гүйцэтгэхдээ нэхэмжлэгч Я.Бтай харилцан тохиролцож компанийн эзэмших эрх шилжүүлэх, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүрэг болгон өөрчилж, уг зээлийн гэрээгээр Б.Г нь 100.000.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүүгүйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон, 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн байна.

 

Иймд шүүхээс зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэж, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын байгуулсан гэрээний 2.5 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Я.Б гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс буюу 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш алданги нэхэмжлэх эрхтэй, хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул алданги төлөх үүрэгтэй байна.

 

Хугацаа хэтэрсэн хоног нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр хүртэл 994 хоног хэтрүүлсэн байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар нэг хоногийн алдангийн хэмжээг тогтооход 100.000.000 х 0.1 % = 10.000 төгрөг, хэтрүүлсэн хугацаагаар тооцоход 95.424.000 төгрөг болохоор байх ба нэхэмжлэгч нь алдангийн хэмжээг 50.000.000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын хэмжээ 50 хувиас хэтрэхгүй хуулийн шаардлагад нийцжээ.

 

Иймд хариуцагч Б.Гоос 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 100.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 50.000.000 төгрөг, нийт 150.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.Бт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

Нэхэмжлэгч Я.Б нь хариуцагч Элс цамхаг констракнш ХХК-иас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах 1.400 м.кв талбай бүхий газар дээр үйлдвэрийн зориулалттай 1.152 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөөр барихад нэхэмжлэгч Я.Б нь тухайн барилгад 130.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, 160.000.000 төгрөгийн үнэ бүхий үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Бүгд Найрамдах Хятад Ард улсаас оруулж ирсэн, хөрөнгө оруулалтын дээрх мөнгийг цаг тухайд нь төлөөгүйн улмаас бусдаас зээлсэн мөнгөө хугацаа хэтрүүлж хүү, алданги, ханшийн алдагдал зэргээс болж 211.000.000 төгрөгийг төлж хохирсон гэж нийт 501.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 

Эцконстракшн ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны газар дээр 2 давхар үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө баригдсан боловч бүрэн ашиглалтад ороогүй болох нь үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь энэхүү үл хөдлөх хөрөнгийг барихад бетон зуурмаг, замын боржур зэргийг худалдан авч, төлбөрийг нь хувиасаа төлсөн гэж 130.000.000 төгрөгийг шаардсан боловч хэрэгт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар бетон зуурмагийг 2013 оны 10, 11 дүгээр сард авсныг уг барилгад хэрэглээгүй гэж үзэхээр байна. Учир нь Эцконстракшн ХХК-ийг 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, газар эзэмших эрх Эцконстракшн ХХК-д 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрээр үүссэн болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргээр нотлогдож байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан өгсөн баримтаар 130.000.000 төгрөгийн зардал гарсан болох нь ч тогтоогдохгүй байна.

 

 

 

Тоног төхөөрөмж буюу бетон хольц зуурах тоног төхөөрөмж иж бүрдлээр, урдаа шанагатай ачигчийг 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Эцконстракшн ХХК-ийн нэрээр Монгол улсад оруулж ирсэн болох нь хэрэгт авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, татвар төлсөн баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь эдгээр тоног төхөөрөмжийг 160.000.000 төгрөгийн үнээр оруулж ирсэн гэх боловч гаалийн мэдүүлэгт бетон хольц зуурах тоног төхөөрөмжийн иж бүрдлийг 150.000 юанийн үнэтэйгээр, урдаа шанагатай ачигчийг 11.366 ам.доллар 47 центийн үнэтэйгээр мэдүүлж, нийт 6.916.507 төгрөгийн татвар, хураамжийг төлсөн байна. Тоног төхөөрөмж орж ирсэн үеийн ханшаар тооцоход бетон хольц зуурах тоног төхөөрөмжийн иж бүрдэл 150.000 юань х 292 төгрөг 18 мөнгө, нийт 43.827.000 төгрөгийн, урдаа шанагатай ачигч 11.366 ам.доллар 47 цент х 1.825 төгрөг 34 мөнгө, нийт 20.747.672 төгрөг 35 мөнгөөр оруулж иржээ. Мөн шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр эдгээр тоног төхөөрөмж нь 52.993.887 төгрөг 44 мөнгөний үнэ цэнэтэй байх тул нэхэмжлэгч 160.000.000 төгрөгөөр худалдаж авснаа нотолж чадахгүй байна.

 

Шинжээчийн үнэлсэн 52.993.887 төгрөг ч бай, нэхэмжлэгчийн өөрийнх нь гаальд мэдүүлсэн 64.574.672 төгрөг ч бай ийм хэмжээний хөрөнгөөр хариуцагч Эцконстракшн ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

 

Учир нь Эцконстракшн ХХК-ийг байгуулсан нэхэмжлэгч Я.Б, хариуцагч Б.Г нар нь компанидаа тэнцүү хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байх бөгөөд 2017 оны 5 дугаар сард нэхэмжлэгч Я.Б нь өөрийн өмчлөлийн 50 хувийн анхны үнэ нь 500.000 төгрөгийн үнэтэй хувьцаагаа 130.000.000 төгрөгөөр худалдахдаа өөрийнх нь болон хариуцагч Б.Гын оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд компанийн хувьцааны үнэ өссөн гэж дүгнэхээр байх тул тоног төхөөрөмжийн үнийг компаниас шаардах эрхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, эдгээр тоног төхөөрөмж компанийн хөрөнгө болсны үр дүнд компанийн нэгж хувьцааны үнэ нэмэгдсэн байна.

 

 

 

Хариуцагч компани нь нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгчид учирсан гэх 211.000.00 төгрөгийн хохирлыг Эцконстракшн ХХК хариуцах үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч ханшийн алдагдал, алданги, хүү зэрэгт 211.000.000 төгрөгийг бусдад төлж хохирсон гэж шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас нотлох баримтаар өгсөн боловч эдгээр баримтаар нэхэмжлэгч 211.000.000 төгрөгийг үндсэн үүрэг дээр нэмж төлсөн болох нь тогтоохгүй байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6899 дугаартай зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шийдвэрт Я.Баас С.Отгонням нь 139.684.000 төгрөг шаардснаас 89.684.000 төгрөгөөс татгалзаж, 50.000.000 төгрөг төлөхөөр эвлэрсэн байх бөгөөд энэхүү төлбөр нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаатай яаж хамаарч байгаа, үнийн дүн яаж 211.000.000 төгрөг болсон нь тодорхойгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 229.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Эцконстракшн ХХК-иас 501.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Я.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Бгаас шаардах зүйлгүй гэж татгалзсан тул хариуцагч Д.Бд холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

 

 

Хариуцагч Б.Г нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардаж байна.

 

Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ энэхүү гэрээг хууль зөрчөөгүй, дүр үзүүлээгүй, хүчин төгөлдөр гэж дүгнэн, гэрээний дагуу төлбөр гаргуулж шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

 

Хариуцагч Б.Г нь нэхэмжлэгч Я.Баас 93.390.000 төгрөгийг зээлсэн гэж шаардаж байна. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хаан банк дахь харилцах дансны хуулгаас харахад 2013 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр П.Энхжаргалын данснаас 30.000.000 төгрөг, 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр П.Баатарын данснаас 30.000.000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б.Гын данснаас 10.000.000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 10.000.000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 10.000.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 390.000 төгрөг тус тус шилжиж, нэхэмжлэгчийн дансанд орсон байна. П.Энхжаргал, П.Баатар нар нь гэрчээр мэдүүлэхдээ өөрсдийнх нь шилжүүлсэн мөнгө бол Б.Гын мөнгө гэж мэдүүлсэн байх тул тэдний шилжүүлсэн 60.000.000 төгрөгийг хариуцагч Б.Гын шилжүүлсэн мөнгө гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэгч рүү шилжүүлсэн 93.390.000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд 2015 онд өгөх ёстой байсан ч өгөхгүй байгаа тул шаардаж байна гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь энэ мөнгө нь миний өмчлөлийн газрыг худалдаж авсан үнэ болох 150.000.000 төгрөгийг төлбөрийг хувааж шилжүүлсэн мөнгө ба би зээл аваагүй гэж маргаж байна.

 

Хэдийгээр хариуцагч нэхэмжлэгчид 93.390.000 шилжүүлсэн байх боловч зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Нэгд, талуудын хооронд анх 2013 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Их Засаг их сургуулийн хажууд байрлах, нэхэмжлэгчийн өмчлөлийн 180 м.кв газрыг худалдах, худалдах авах гэрээ байгуулагдаж, 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч Б.Гын өмчлөлд дээрх газар шилжсэн болох нь газар өмчлөх эрхийн гэрчилгээ, талуудын 2 удаа байгуулсан гэрээгээр тогтоогдлоо. Мөн анх гэрээ байгуулсан 2013 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн, шилжүүлсэн мөнгөө буцаан шаардаж байгаагүй, 93.390.000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу 2015 онд авах ёстой байсан бол 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дутуу төлбөр болох 100.000.000 төгрөгөөс хасч тооцоогүй зэрэг нь нэхэмжлэгчийн газрын төлбөрт авсан гэх тайлбартай нийцэж байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Гын зээлийн гэрээний төлбөрт 93.390.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

 

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Я.Баас 20.000.000 төгрөгийг зээлсэн гэж шаардаж байна. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн болон хариуцагчийн Хаан банк дахь харилцах дансны хуулгаас харахад Д.Б нь 2013 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлжээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэгч рүү шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд 2015 онд өгөх ёстой байсан ч өгөхгүй байгаа тул шаардаж байна гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь энэ мөнгө нь миний өмчлөлийн газрыг худалдаж авсан үнэ болох 150.000.000 төгрөгийг төлбөрийг хувааж шилжүүлсэн мөнгө ба би зээл аваагүй гэж маргаж байна.

 

Хэдийгээр хариуцагч нэхэмжлэгчид 20.000.000 шилжүүлсэн байх боловч зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Нэгд, талуудын хооронд анх 2013 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн хаягт байрлах, нэхэмжлэгчийн өмчлөлийн 180 м.кв газрыг худалдах, худалдах авах гэрээ байгуулагдаж, 2013 оны сарын өдөр хариуцагч Б.Гын өмчлөлд дээрх газар шилжсэн үйл баримт дээр тогтоогдсон бөгөөд 20.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан 2013 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн, шилжүүлсэн мөнгөө хариуцагч шаардаж байгаагүй, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дутуу төлбөр болох 100.000.000 төгрөгөөс хасч тооцоогүй зэрэг нь нэхэмжлэгчийн газрын төлбөрт авсан гэх тайлбарыг үгүйсгэж чадахгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Д.Бгийн зээлийн гэрээний төлбөрт 20.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 3.412.950 төгрөг төлөхөөс 1.065.900 төгрөг, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжид 1.540.800 төгрөг төлөхөөс 724.900 төгрөг төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан дутуу төлсөн тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тохирох тэмдэгтийн хураамжийг тооцон, хариуцагч Б.Гоос гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.