Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-02-19
Дугаар 598
Хэргийн индекс 102/2019/03964/И
Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунбаатарын Мөнхцэцэг
Нэхэмжлэгч Б.Э
Хариуцагч ИДГ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөдөлмөрийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,  дүгээр хороо, 15 дугаар хороолол, Мэргэжилтэн  дугаар байр,7 тоот хаягт оршин суух, Их шавь овогт БаярЭ /РД:Е/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, байр,  давхарт байрлах, И дентол групп ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9.557.323 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, мэргэжлийн диплом гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адъяатогтох, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Хүрэлсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Зулаа нар оролцов.

                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2487 дугаартай шийдвэрээр Б.Э намайг И дентал групп ХХК-ийн нүүр амны согог заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоож, харин ажилласан хугацааны дутуу авсан 1.800.000 төгрөгийн цалин нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд миний бие 2019 оны 4 дүгээр ажилласан үеийн дутуу авсан цалин 853.969 төгрөг, ажлаас хууль бусаар халагдсан 2019 оны 5 дугаар сарын 05-наас шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны цалин 8.703.354 төгрөг, нийт 9.557.323 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж өгнө үү. Дээрх тооцооллыг хийхдээ нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилт дээр болон Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн актаар тогтоосон дутуу бичигдсэн цалинг нэмж тооцон, нийт 12 сарын хугацаагаар тооцон нэг сарын цалин хөлсийг 1.815.876 төгрөг гэж тооцсон. Иймд дутуу авсан болон аваагүй цалин хөлс 9.557.323 төгрөгийн цалинг нөхөн гаргуулж, дээрх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Мөн миний Эрүүл мэндийн Шинжлэх ухааны Их сургуулийн 2013 оны Нүүр ам судлалын их эмчийн бакалаврын дипломыг эх хувиар хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу урьд авч байсан цалин хөлсний дунджаар нэг сарын дундаж цалин хөлсийг тооцоход 1.853.966 төгрөг болж байгаа бөгөөд ажилгүй байсан хугацааны нийт цалин 8.703.354 төгрөг, ажиллаж байхдаа дутуу авсан цалин 853.969 төгрөг, нийт 9.557.323 төгрөгийн цалин гаргуулж, уг дүнгээс шимтгэл тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч И дентал групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2487 тоот шийдвэрээр Б.Эыг ажилд нь эгүүлэн тогтоосон. Эмч нь имплантын эмчилгээний багт орж ажилласан үр дүнгээр нэмэгдэл авдаг. Энэ хугацаанд эмчийн ажлаа хийгээгүй тул хөдөлмөрийн гэрээнд зааснаар цалин хөлсийг 800.000 төгрөгөөр тооцон төлөх боломжтой. Мөн энэ дүнгээс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөхийг зөвшөөрч байна. Бакалаврыг дипломыг гаргаж өгөх боломжтой. 4 дүгээр сард дутуу авсан гэх 853.969 төгрөгийн цалинг зөвшөөрөхгүй. Цалингийн тооцоо хийхэд 20.000 төгрөгийн цалин олгохоор гарч байсан тул энэ мөнгийг зөвшөөрч байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цалин хөлс шаардах эрх дээр маргаан байхгүй. Дундаж цалин тооцсон хэсэгт маргаж байгаа. Сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцдог боловч ажиллаагүй хугацааны цалинг багасгах боломжтой гэж үзэж байна. 4 дүгээр сард дутуу авсан цалинг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн тул дахин шаардах эрхгүй гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч И дентал групп ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны болон дутуу авсан цалин хөлс 9.557.323 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, мэргэжлийн диплом гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээнд заасан хэмжээгээр цалинг тооцох үндэслэлтэй, ажил үүрэг гүйцэтгээгүй хугацаанд имплант хийгээгүй учраас нэмэгдэл цалин авах эрхгүй гэж цалин хөлсний хэмжээний талаар маргаж байна.  

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

И дентал групп ХХК-ийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/68 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар нүүр амны согог заслын эмч Б.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2487 тоот шийдвэрээр түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Нэгэнт шүүхийн шийдвэрээр ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасан.

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэг сарын үндсэн цалинг 800.000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дэвтрийн хуулбараас харахад түүний нэг сарын цалин хөлсийг 1.000.000 төгрөгөөр тооцон шимтгэл төлж ирсэн байна. Гэвч Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 02-06-205/13 тоот шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай актаар нэхэмжлэгчийн цалин хөлсний дутуу тооцоог гаргаж, улмаар хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд энэхүү үйл баримт тогтоогдлоо.

Иймд дундаж цалин хөлс тооцох журмын дагуу нэхэмжлэгчийн цалин хөлсийг тооцоход 1 дүгээр сард 1.227.133 төгрөг, 2 дугаар сард 1.000.000 төгрөг, 3 дугаар сард 3.295.722 төгрөг, нийт гурван сарын цалин 5.522.855 төгрөг, 1 дүгээр сард ажилласан ажлын 21 хоног, 2 дугаар сард ажилласан ажлын 14 хоног, 3 дугаар сард ажилласан ажлын 20 хоног, нийт ажлын 55 хоног ажилласан байх тул нэг өдрийн цалин 100.415 төгрөг болж байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2019 оны 5 дугаар сард ажлын 20 хоног, 6 дугаар сард ажлын 20 хоног, 7 дугаар сард ажлын 20 хоног, 8 дугаар сард ажлын 22 хоног, 9 дүгээр сард ажлын 15 хоног, нийт ажлын 97 хоног, ажилгүй хугацааны цалин хөлсний олговорт 100.145 төг х 97 хоног = 9.740.255 төг гаргуулахаар шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч нь дундаж цалин хөлсөө 12 сараар тооцож, 8.703.354 төгрөг гаргуулахаар шаардсан тул уг дүнгээс холбогдох суутгалыг хийлгэн хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 4 дүгээр сард дутуу авсан цалин гэж 853.969 төгрөг гаргуулахаар шаардсан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2487 тоот шийдвэрээр уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нь дутуу авсан гэх цалин хөлсийг шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн Шинжлэх ухааны Их сургуулийн 2013 оны Нүүр ам судлалын их эмчийн бакалаврын №18145 бүртгэлтэй, D201308578 дугаарын диплом нь хариуцагчид байгаа бөгөөд гаргаж өгөхөд татгалзахгүй гэсэн тул хариуцагчаас дипломыг эх хувиар нь гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийн дагуу хариуцагчаас 154.204 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.