Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-02-17
Дугаар 563
Хэргийн индекс 102/2019/04057/И
Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунбаатарын Мөнхцэцэг
Нэхэмжлэгч Б.Б
Хариуцагч Р.А
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 6 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Бууралт овогт Батбаярын Б /РД:У/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 63б байр, 16 тоот хаягт оршин суух, Хатигин овогт Рэн А /РД:ЖЯ3/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж,  байр, 16 тоот хаягт оршин суух, Сом овогт гийн Ц /РД:Г1/ нар холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэцэг, хариуцагч Р.А, М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь Дорнод аймагт ажиллаж байгаад Дотоод хэргийн их сургуульд 2 жилийн хугацаагаар суралцахаар Улаанбаатар хотод ирж эхнэр хүүхэдтэйгээ амьдрах шаардлага гарсан учраас зарын дагуу хариуцагч нартай холбогдож, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 9.000.000 төгрөг зээлж, зээлийн хүүнд хариуцагч нарын орон сууцанд 17 сар амьдрахаар тохирч, зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ байгуулсан байдаг. Орон сууц хөлслөх гэрээг байгуулахдаа эд хөрөнгө хүлээлгэн өгөх акт үйлдсэн байдаг. Уг актанд талууд гарын үсгээ зуран эд хөрөнгийг хүлээлгэн өгч, авалцсан байдаг. Зээлийн болон түрээсийн гэрээний хугацаа дуусч Б.Б нь орон сууцын эд хөрөнгийг бүрэн бүтэн байдлаар нь хариуцагчид хүлээлгэн өгч, хариуцагчаас зээлдүүлсэн мөнгөө шаардахад хариуцагчид одоогоор зээлсэн мөнгийг төлөх боломжгүй байна, орон сууцыг өөр хүнд түрээслүүлээд түрээсийн мөнгөнөөс өгье гэсэн хариу өгсөн ч одоо болтол бүрэн төлөөгүй. Б.Б нь Хөвсгөл аймагруу томилолтоор явсан. Ингээд хариуцагч нарт Хөвсгөл аймаг руу томилолт аваад явж байгаагаа хэлж мөнгөө шаардахад хариуцагчид ямар нэг шалтаг, шалтгаан хэлсээр байгаад өнөөдрийг хүртэл мөнгө өгөөгүй байдаг. Үндсэн зээлийн төлбөр болох 9.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг хариуцагч өгсөн байдаг. Үлдсэн 7.000.000 төгрөг нь дээр гэрээнд заасны дагуу алданги тооцож, 3.500.000 төгрөг, нийт 10.500.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч М.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Б гэдэг хүнтэй орон сууц түрээслэх гэрээ хийсэн байдаг. Анх гэрээг хийх гэж ирэхдээ бид нар 2, 3 айлтай уулзаад ирлээ байраа ингэж хөлслүүлдэг хүн байдаггүй юм байна гэж хэлж байсан. Манайх тухайн үед уг байрыг түрээслүүлдэг байсан. Бид нар хүнээс хүүтэй мөнгө зээлэх хэмжээний ядарсан хүмүүс байгаагүй. Би хүүтэй мөнгө зээлж хүүний оронд нь байранд нь сууна гэсэн зарын дагуу Б.Б руу ярихад уулзъя эгчээ уулзаад яръя гэсэн. Уулзаад бид нар 2, 3 газраар явж байна, авгай удахгүй төрнө гэхээр нь тухайн үедээ жирэмсэн авгайг нь бодоод манай байранд суувал суу, манайх ингээд суларч байгаа энэ байранд суу гэж хэлээд оруулсан байдаг. Байранд оруулахын өмнө Б.Бтай гэрээ хийсэн уг гэрээний барьцаанд байрны эд хогшлуудыг хүлээлгэж өгсөн. Гэрээний хугацаа дуусч манайх байраа хүлээж авахаар очиход Б.Бын эхнэр бид нар хуулийн хүмүүс та нар яаж харьцахаа бодоорой. Энэ хэргийг яаж ч шийдэж чадна шүү гэж хэлж байсан. Тэгээд манай Тоёота маркын Эстима автомашиныг зарна гээд фэйсбүүкдээ байнга нийтлэл оруулдаг болсон, би утсаар яриад яагаад ингэж байгаа талаар асуутал тантай ярих юм байхгүй гэсэн. Бид нар байрандаа ороод эвдрэл гэмтлийн талаар хэлэхэд, үгүй, тийм зүйл байхгүй бид нар эвдлээгүй гэдэг байсан. Анх Б.Быг байранд орж байхад Солонгосоос 1.200.000 төгрөгөөр авч байсан хөргөгч шүү гэж хэлж байсан, байрандаа буцаж ороход хөргөгч ажиллахгүй байсан, нэхэмжлэгч хүн авчирч ирж янзлуулах гэсэн ч засагдаагүй. Мөн түлхүүрээ орхисон байсан болохоор хаалганы голыг эвдлээд орчихсон одоо хаалганы чинь голыг сольж өгнө гэсэн боловч одоо болтол сольж өгөөгүй. Манай хаалга номин супермаркетын хамгийн үнэтэй хаалга байсан. Бид нар анх уг байранд орж байхдаа өндөр өртөгтэй засвар хийж орж байсан. Галтогооны өрөөний чулуун тавцан хагарсан, ус маш олон удаа алдсан байсан. Бид нарыг анх очиход нэхэмжлэгчийн эхнэр нь хүүхдээ тэвэрчихсэн юу юугүй гарах гээд яараад байсан тэр үед хүүхдийг нь өрөвдөөд байр хүлээлцэхдээ эд хөрөнгөө шалгаж аваагүй, нэхэмжлэгчийн эхнэр ажиллаж байгаа гээд манай нөхрийг байр хүлээлгэж өгсөн актан дээр хүчээр зуруулчихсан байсан . Дараа нь ийм асуудал үүсэхийг тэр хүн мэдэж байсан 10-аад хоногийн дараа цонх хагархай, маш олон удаа ус алдсан, паркетин шал цөмөрсөн байсан нь эдэлгээний явцад мэдэгдсэн. Миний хувьд орон сууцны эд хөрөнгийг барьцаалж зээл авсан болохоос биш зээлийн хүүнд түрээслүүлэх гэрээ байгуулсан гэхэд хэцүү. 9.000.000 төгрөгийн 6 хувийн хүү нь 540.000 төгрөг. Энэ мөнгөөр хотын төвд 2 өрөө байр хөлслөх боломжгүй. Тухайн үед би нөхрөөсөө ч зөвшөөрөл авалгүйгээр энэ хүмүүст өгсөн нь миний буруу, эцэс сүүлд нь ийм байдлаар бид нарт хандаад шүүх цагдаа гэж байгаад нь гомдолтой байна. Бид 2 зээлийн үндсэн үлдэгдэл болох 7.000.000 сая төгрөгийг төлөх хэмжээний ажилтай, бизнестэй хүмүүс. Гэтэл бид 2-ын хохирлыг төлөх талаар санал санаачлага гаргахгүй, мөн бид 2-ын өмгөөлөгч авах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна. Б.Бын хувьд надад 9.000.000 төгрөг зээлчихээд байранд маань үнэгүй 15 сар амьдарч, сүүлд нь дахиад 10.500.000 төгрөг нэхэмжилж байгааг нь ойлгохгүй байна гэв.

Хариуцагч Р.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Б гэдэг хүнтэй гэрээг хийж, нэг нутаг усны хүн болохоор итгээд оруулсан. Бид нар тухайн үед уг байрыг түрээслээд явж байсан, миний хувьд хүнээс мөнгө зээлээд, зээлийн хүүнд нь байраа үнэгүй ашиглуулах сонирхол байгаагүй. Урьд хүнээс сар болгон төлбөрийг нь аваад суулгаж байсан тэр мөнгө минийх болж байсан учир нь байраа ашиглуулсаны үр дүнд би төлбөр авдаг байсан. Гэтэл Б.Баас мөнгө зээлээд байрандаа үнэгүй суулгасан хэрнээ буцаагаад мөнгө төлөх ойлголт тухайн үед байгаагүй. Гэхдээ тийм гэрээ бол хийгдсэн. Дараа нь байрнаас гараад эд хогшил хүлээлцэх явцад гэр бүлийн хүн н.Мөнх-Эрдэм над дээр орж ирээд маш яаралтайгаар намайг ойлгож амжаагүй байхад өрөөнүүдээр дагуулж явуулаад гялс гарын үсэг зуруулсан. Би хүний үгэнд их автамтгай хүн тул байр хүлээн авч байх үедээ сайн шалгаж чадаагүй. Тэр үед манайх уг байранд шууд буцаж ороогүй хэд хоногийн дараагаас орсон байдаг. Байр хүлээн авч байхдаа эд хогшлын эвдрэл гэмтлийг шууд хараад мэдэх боломжгүй дараа нь өөрсдөө амьдарч байж эвдрэл гэмтлийг мэдсэн. Нэхэмжлэгч талаас ганц удаа хөргөгч засуулахаар хүн дуудсан байдаг ч уг хөрөгч нь засагдаагүй байдаг. Бид 2 дараа нь уг хөрөгчийг ашиглах шаардлага гараад өөрсдөө хөргөгч засдаг хүн дуудахад завсарчин нь уг хөргөгчний моторыг сольж өгсөн тэр баримт нь хавтаст хэрэг авагдсан байгаа. Энэ мотор яагаад эвдэрсэн юм бол гэж асуухад гэр орчны бохирдол тоос шороо орсноос болсон, ажиллуулаад ерөөсөө хөргөгчний ойр орчмыг цэвэрлэдэггүй, байнга тоос шороотой байснаас болсон гэсэн. Бидний хувьд байрандаа үнэгүй суулгаад, буцаад мөнгийг нь төлөөд сүүлд нь өөрсдөө маш их хэмжээний эд хөрөнгөөр хохирч байна. Гэтэл нэхэмжлэгч тал үндсэн мөнгөн дээрээ алданги гээд тооцож нэхэмжлэл гаргасан байна. Бидний хувьд 2.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдсэн 7.000.000 төгрөгийг өгөх боломж бол байсан, гэхдээ бид 2 нэхэмжлэгч талд бидний байрыг анх түрээслэж байх үеийнх шиг болгоод өг тэгвэл мөнгийг чинь өгье гэсэн. Гэтэл нэхэмжлэгч тал өөрсдийн эрх ашгийг бодоод манай эрх ашгийг ерөөсөө бодоогүй. Би 2-3 удаа эвлэрэх гэж үзсэн байдаг. Өөрийн нэр дээрх Тоёота маркын Эстима машиныг ав, хөдөө гадаа явдаг сайн машин байгаа эсвэл надад зуслангийн байшин байгаа тэрийг аваад зар гэх мэтээр эвлэрэх гэж удаа дараа оролдсон. Гэтэл нэхэмжлэгч талаас нэг ч удаа өөрсдийн эвдэлсэн зүйлийг засаад өгье гэж холбогдож байгаагүй. Хэрвээ ганц удаа ч болов тэгж холбогдсон бол өнөөдөр байдал ийм дээрээ тулахгүй байсан гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Р.А, М.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 3.500.000 төгрөг, нийт 10.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нь орон сууц хөлслөхдөө эд хөрөнгөд хохирол учруулсан тул хохирлыг суутган үлдэж, зөрүүг өгөх боломжтой гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б нь Г.Мөнх-Эрдэмийн хамт хариуцагч Р.А, М.Ц нартай 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 9.000.000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийн хүүнд хариуцагч нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 63б байрны 16 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний хугацаанд хөлслүүлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээ бичгээр байгуулжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4-т гэрээний хугацаанд хүү, мөн гэрээний 2.7-д хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцжээ.

Энэхүү зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нар нь зээлдэгч М.Ц, Р.А нарын өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нар нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, уг хугацаанд хүүний төлбөрт өөрсдийн өмчлөлийн орон сууцаа хөлслүүлэх үүргийг харилцан хүлээсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б нь гэрээ байгуулагдсан 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч нарт 3.000.000 төгрөгийг бэлнээр өгч, гэрээнд заасан М.Цгийн харилцах дансанд 6.000.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлэн өгч, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөн тул зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар нэхэмжлэгч Д.Б нь зээлдэгч нарын өмчлөлд мөнгө шилжүүлэх зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байна. Энэ нь зохигчдын тайлбар, мөнгө хүлээн авсан болон шилжүүлсэн баримтаар тогтоогдлоо.

Зохигчид дээрх зээлийн гэрээ байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Р.А, М.Ц нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 63б байрны 16 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг Б.Б, Г.Мөнх-Эрдэм нарт зээлийн гэрээний хугацаагаар буюу 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд сарын 540.000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, гэрээ байгуулсан өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн байна.

Зээлийн болон орон сууц хөлслөх гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр дуусч, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч тал орон сууцыг хариуцагч талд байр хүлээлцэх актаар хүлээлгэн өгчээ.

Зээлийн гэрээний хүү төлөх үүргээ хариуцагч нар нь орон сууц хөлслөх гэрээний хөлс авах эрхээр тохиролцож гэрээний хугацаанд хүү төлөх, хөлс төлөх үүрэг бүрэн хэрэгжиж дууссан байх бөгөөд талуудын хооронд орон сууцыг хөлслөхдөө эд хогшил, орон сууцанд гэмтэл, ердийнхөөс илүү элэгдэл үүсгэж засвар хийлгэх шаардлагатай болсон гэх үндэслэлээр хариуцагч нар нь засварын зардал төлсний дараа зээлийн мөнгийг буцаан өгнө гэсэн үндэслэлээр маргаан үүссэн байна.

Хариуцагч нар нэхэмжлэгчид зээлийн гэрээний төлбөрөөс 2.000.000 төгрөгийг төлж, 7.000.000 төгрөгийн үлдэгдэл байгаа талаар маргаагүй болно.

Энэхүү мөнгийг төлөхгүй татгалзлаа хариуцагч нар нь орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлслөн авсан орон сууц, эд хогшилд хохирол учруулсан бөгөөд засварлах зардлыг төлөөгүй тул зээлийн төлбөрийг төлөхгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Учир нь хариуцагч орон сууц хөлслөх гэрээний талаар шаардлага гараагүй, нэхэмжлэгч нь тус гэрээний үүргийн зөрчлийн талаар маргаантай байх тул шүүхээс харилцан тооцох боломжгүй юм.

Иймд шүүх зөвхөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан талуудын шаардлага, татгалзлыг шийдвэрлэсэн болно.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч нь Б.Б, Г.Мөнх-Эрдэм нар нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид бөгөөд мөн хуулийн 241.6 дахь хэсэгт зааснаар Б.Б нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардсантай холбоотойгоор хамтран үүрэг гүйцэтгүүлэгч Г.Мөнх-Эрдэмийн өмнө ногдох хэсгийг төлөх үүрэг хүлээх тул зээлийн гэрээний төлбөрийн үүргийг бүхэлд нь Д.Б шаардсан нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Харин Р.А, М.Ц нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

Хугацаа хэтэрсэн хоног нь 2018 оны 8 дугаар сарын15-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл 459 хоног хэтрүүлсэн байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар нэг хоногийн алдангийн хэмжээг тогтооход 7.000.000 х 0.3 % = 21.000 төгрөг, хэтрүүлсэн хугацаагаар тооцоход 9.639.000 төгрөг болохоор байх ба нэхэмжлэгч нь алдангийн хэмжээг 3.500.000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын хэмжээ 50 хувиас хэтрэхгүй хуулийн шаардлагад нийцсэн байна.

Гэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэсэн заалтыг баримтлан анзын хэмжээг багасгахад нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй гэж дүгнэж, хугацаа хэтрүүлсэн алдангид 1.500.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 1.500.000 төгрөг, нийт 8.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Буянямд олгож, үлдэх 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан дүнд тохирох тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.