Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-01-07
Дугаар 113
Хэргийн индекс 102/2019/02528/И
Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунбаатарын Мөнхцэцэг
Нэхэмжлэгч С.Т
Хариуцагч Б.М
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, дугаар хороо, Шинэ хотхон,дугаар байр,  тоот хаягт оршин суух, Борн овогт Сах Т /РД:Ч6/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо,  байр,  тоот хаягт оршин суух, Бэовогт Сүтын М /РД:ЧБ824/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 122.223.150 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагч С.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сар дуустал С.Т нь С.Мгийн Хаан банкны 5077184833 дугаартай данс руу нийт 245.377.150 төгрөг шилжүүлсэн байдаг. Уг мөнгөнөөс С.М 148.714.000 төгрөг төлсөн ч үлдэх мөнгийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 9 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа зээлдүүлсэн 15.000.000 төгрөг гаргуулах, 10.560.000 төгрөгийн эд хөрөнгийг үндэслэлгүй авсан гэж 25.560.000 төгрөг гаргуулахаар нэмсэн. Иймд С.Мгаас нийт 122.223.150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй учраас хүү яригдахгүй. Нэхэмжлэгч хариуцагчид өгөх ёсгүй мөнгө өгсөн учраас авъя гэж нэхэмжилж байна. Мөнгө өгч, авалцсаар 96.000.000 төгрөгийн зөрүү гарсан, тэр мөнгийг авахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхойлж байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хоёр 5-6 жил найз нөхдийн холбоотой байсан. С.Т манай нөхөр болон надаас орон сууц барьж байгаа, барилгын компанид мөнгө хэрэгтэй байна гэж удаа дараа мөнгө зээлж, төлдөг байсан. С.Т зээлсэн мөнгөө бүрэн төлөөгүйгээс манай гэр бүлийн хүн Чингэлтэй дүүргийн Цагдаад гомдол гаргаж, шалгуулж байгаа. Би ломбард ажиллуулдаг. Энэ хүнээс мөнгө зээлэх шаардлага байхгүй. С.Т надаас бэлэн болон дансаар олон удаа мөнгө зээлж байсан. Хүний санаад оромгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байна. С.Т хүний санаад оромгүй мөнгө нэхэмжилж байна. Надаас авсан мөнгөө өгөөгүй байгаа гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн агуулга, шаардлага, үндэслэлээ нотолж чадсангүй. 24.000.000 төгрөг, зарсан бэлэглэсэн нь мэдэхгүй 10.560.000 төгрөгийн асуудал ярьдаг. Нэхэмжлэгч эрүүгийн хэргийг яаж удаашруулах уу, нөхрөөс нь авсан 155.000.000 төгрөгтэй яаж дүйцүүлэх үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөнгө шилжүүлсэн бол буцааж тийм хэмжээний мөнгө шилжүүлэх ёстой юм шиг агуулгатай нэхэмжлэл гаргасан. С.Т С.Мд 245.000.000 төгрөг шилжүүлсэн юм бол яагаад нөхрөөс нь мөнгө зээлсэн юм бэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах гэхээр Иргэний хэрэг үүссэн гээд ажиллагаа хийдэггүй. С.Тийн нөхрөөс нь мөнгө авчихаад эхнэрт нь мөнгө шилжүүлдэг үйлдэл бизнес биш. Энэ бол залилан. С.Т мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр орлого, найзаас нь, Тунгаа, найз нь, баярлалаа, ого гэж бичдэг байсан. Шүүгчийн нэхэмжлэгч тал зээл олгосон бол гүйлгээний утга дээр зээл гэж бичихгүй яасан юм бэ гэдэг асуулт зөв. Булхай нь баригдахад хүүгээ авахгүй гэж буцсан. Ё.Ганцоож, С.Т, С.М нарын данс бүгд холилдчихсон. Шалгах нотой зүйл байсан. Гэхдээ утасны бичлэг гарч ирснээр хэн хэнээс мөнгө зээлсэн нь тодорхой болсон. С.Т утасны бичлэгт хүүгийн дарамтанд орсон гэдгээ хэлсэн. Талуудын хооронд бодит үйлдлээр хэлцэл хийгдсэн. С.Т С.Мгаас мөнгө зээлж, итгэл авч эргэлдүүлж мөнгө олдог. С.Т амьдралын болон санхүүгийн эх үүсвэрээ С.М, Ё.Ганцоож нараас олж авсан. Олон хавар нэгтээ гэж явцын дундын баригдсан. Мөнгөтэй харьцахад нэг бол өрөнд орно, нэг бол ашиг гардаг учраас асуудал тодорхой. С.Т С.Мд хүү төлсөн. С.Мд С.Таас мөнгө зээлэх шаардлага байгаагүй. Эрүүгийн хэрэг дээр С.Т Ё.Ганцоожоос дансаар нийт 155.000.000 зээлсэн. С.Т зохиомол байдлыг зориудаар бий болгосон. Нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч С.Мд холбогдуулан 122.223.150 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлсэн мөнгөө төлөөгүй, үнэт эдлэл, эд зүйлийг үндэслэлгүй авсан, зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй байж хүү авсан зэрэг үндэслэлээр 122.223.150 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа гэж тайлбарлав. Хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, үнэт эдлэл аваагүй, харин булган шуба, цүнх, ноолууран пальтог нийт 5.000.000 төгрөгт тооцон зээлийн төлбөртөө авсан, нэхэмжлэгчид дансаар болон бэлнээр мөнгө зээлдүүлж байсан бөгөөд зээлийн хүү зээлийн төлбөрөө нэхэмжлэгчээс дансаар авч байсан, одоо зээлийн дутуу төлөлт 12.500.000 төгрөг байгаа гэж бүхэлд нь эс зөвшөөрсөн тайлбар гаргаж байна.

Шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлдүүлэгч нь хариуцагч С.М, зээлдэгч нь нэхэмжлэгч С.Т байсан байна гэж дүгнэлээ.

С.Т нь Хаан банкны 5019682180 тоот төгрөгийн харилцах данс эзэмшдэг бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд хариуцагч С.Мгийн эзэмшдэг Хаан банк дахь 5077184833 тоот төгрөгийн харилцах дансанд 240.225.150 төгрөг шилжүүлсэн байна. Харин С.Мгийн 5077184833 тоот харилцах данснаас нэхэмжлэгч С.Тийн 5019682180 тоот данс руу 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 148.714.000 төгрөг шилжүүлжээ.

Харилцан шилжүүлсэн гүйлгээний утга дээр хэн аль нь зээлдүүлсэн болон зээл төлсөн талаар тодорхой дурдаагүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар хариуцагч нь бэлнээр хэдэн төгрөг зээлдүүлсэн, хүүнд хэдэн төгрөг авснаа нотолж чадаагүй болно.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээ байхгүй байх тул зээлийн хүү гэж авсан мөнгөөр хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492. 1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны гүйлгээний зөрүү нь 91.511.150 төгрөг байх ба зээлийн хүүнд болон төлөх ёсгүй мөнгийг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарласан боловч 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч руу шилжүүлсэн 24.000.000 төгрөг нь хариуцагчийн нөхөр болох Ё.Ганцоожид төлөх ёстой мөнгийг эхнэрийнх нь дансаар дамжуулж төлсөн гэж зохигчид тайлбарласан, мөн Ё.Ганцоожоос нэхэмжлэгч С.Тийн дансанд 2018 оны 4 дүгээр сарын 13ны өдөр 24.000.000 төгрөг шилжүүлсэн зэргээс энэ гүйлгээ нь Ё.Ганцоожид хамааралтай байх тул 91.511.150 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн нэхэмжлэгч С.Т нь хариуцагчийн ажиллуулдаг Гартаам Агат ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх төвөөс 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй тус тус зээлсэн байх бөгөөд эдгээр зээлийн хүүнд нийт 2.780.000 төгрөгийг хариуцагчийн дансаар төлсөн гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул дээрх мөнгөнөөс 2.780.000 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй байна. Ийнхүү зөрүү мөнгө болох 91.511.150 төгрөгөөс 24.000.000 төгрөг, 2.780.000 төгрөгийг тус тус хасч тооцоход 64.731.150 төгрөг үлдэж байна.

Хариуцагч дээрх үлдэгдэл төлбөрийн хэдийг зээлийн төлбөрт, хэдийг хүүнд тооцож авснаа нотолж чадахгүй байх тул ийм хэмжээний үнийн дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь 15.000.000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн гэж шаардаж байх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар хариуцагчид мөнгө хүлээлгэж өгснөө нотолж чадаагүй тул зээлийн гэрээний төлбөр гаргуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

Хариуцагчид 10.560.000 төгрөгийн үнэ бүхий 14 нэр төрлийн үнэт эдлэл, эд зүйлсийг өгсөн тул үнийг нь гаргуулна гэж шаардсан боловч дээрх эд зүйл бодитоор байсан эсэх, ийм үнэтэй болохыг нотолсон баримт болон хариуцагчид хүлээлгэж өгсөн талаар ямар нэгэн баримт байхгүй байна. Харин хариуцагч нь зээлийн төлбөртөө тооцож булган шуба, ноолууран пальто, матрын арьсан үүргэвч зэргийг 5.000.000 төгрөгөөр үнэлж авсан гэж зөвшөөрсөн тул хариуцагч нь 5.000.000 төгрөгийн эд зүйлээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.

Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагчийг 69.731.150 төгрөгийн мөнгөн хөрөнгө болон эд хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52.492.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.