Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-02-17
Дугаар 564
Хэргийн индекс 182/2019/02512/И
Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунбаатарын Мөнхцэцэг
Нэхэмжлэгч ЧХА ХХК
Хариуцагч И ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,5 дугаар хороо, Махатма Гандигийн гудамж 25, Модерн таун хотхон,  тоот хаягт байрлах, ЧХАХХК /РД:5069/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар дугаар хороо,  дугаар хороолол,  байр, 65 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг,  дугаар хороо, Туулын 1, Хүтөвд байрлах, И ХХК /РД:538/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 53.218.700 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, Г.Мөнхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтангэрэл, М.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЧХАХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И ХХК нь манай компанитай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нүүрс худалдах, худалдан авах тухай СНА20141001-10 тоот гэрээг байгуулан, 1тн нүүрсийг 60.000 төгрөгөөр нийт 100.000 тн нүүрсийг нийлүүлэхээр тохиролцсон. ЧХАХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, нийт 5508,58 тн буюу 306.249.300 төгрөгийн нүүрс нийлүүлсэн ба хариуцагч И ХХК нь 53.218.700 төгрөгийн төлбөрийг одоо хүртэл төлөөгүй. Хариуцагч манай компанитай нүүрсний хэмжээ болоод үнийн дүн дээр маргадаггүй. Хариуцагч тал нь манай нийлүүлсэн нүүрсний зарим хэсэг нь чулуутай байсан тул үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй гэж маргаж байна. Гэтэл хариуцагч тал гэрээний дагуу нүүрс нийлүүлж байхад ямар нэг гомдол гаргаж байгаагүй. Хариуцагчтай тохиролцож, 1 тн нүүрсийг 45.000 төгрөгөөр тооцохоор болж, сүүлд нийлүүлсэн нүүрсийг 45.000 төгрөгөөр тооцсон. Иймд үлдэгдэл төлбөр 53.218.700 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч И ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 2014 онд манай компанитай байгуулсан 10 тоот гэрээг баримтлан гаргасан байдаг. Манай компани нэхэмжлэгч компанитай маш удаан хугацааны найрсаг харилцаатай байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч талтай итгэлцэл дээр тогтож үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд ганцхан удаа гэрээ байгуулсан байдаг. Гэтэл энэ гэрээ байгуулсан үед ийм маргаан гарч байгаа нь хачирхалтай байна. Манай захирал энэ гэрээг байгуулж байхад өмнөх үйл ажиллагаагаа бодож шууд гарын үсгээ зурсан байдаг. Гэтэл уг гэрээг шүүхийн ажиллагаа явагдаж байх хугацаанд хэт нэг талыг барьсан давуу тал олгосон байсныг мэдсэн. Иймд манай талаас нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгож, ямар үндэслэлээр 50.000.000 төгрөг шаардаж байгаа, уг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх байгаа юу гэдэгт эргэлзэж байна. Манай талаас нэхэмжлэгч талд гэрээний дагуу нийт үнийн дүнгээс 218.521.100 төгрөг төлсөн байдаг. Манай талаас нэхэмжлэгч талд доголдолтой бараа ирж байна, ийм бараанууддаа анхаарал тавихыг удаа дараа шаардаж, уг бараа бүтээгдэхүүн нь ердийн ханшнаас хэт дээгүүр байна гэсэн хүсэлтээр нэгж үнийг 45.000 болгож байсан. Гэвч нэхэмжлэгч талаас доголдолтой бараа нийлүүлсээр байсан. Уг доголдолтой бараа нь одоо болтол байж байдаг. Иймд манай тал нэхэмжлэлийн шаардлага болох 53.218.700 төгрөгийг төлөх боломжгүй гэж бодож байна. Нэгж үнийн дүн 60.000 төгрөгөөс 45.000 төгрөг болж буурсан талаар нэхэмжлэгч тал тодорхойлж өгөөгүй. Хэрвээ барааны үнийг буулгасан талаар талууд тохиролцсон нь тогтоогдвол талууд хоорондоо байгуулсан гэрээний дагуу гэрээнд өөрчлөлт оруулж хавсралт хэсэгт оруулах ёстой байсан боловч гэрээнд ямар нэг өөрчлөлт ороогүй. Иймд манай тал нэхэмжлэлийн шаардлага болох 53.218.700 төгрөгийг өгөх үндэслэл байхгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЧХАХХК нь хариуцагч И ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 53.218.700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь доголдолтой бүтээгдэхүүний үнийг нэхэх эрхгүй, гэрээг бичгээр байгуулаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

ЧХАХХК нь И ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нүүрс худалдах, худалдах авах тухай СНА20141001-10 тоот гэрээг 1 тн нүүрсийг 60.000 төгрөгөөр, нийт 100.000 тн нүүрс нийлүүлэхээр, гэрээний хугацаа 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаатайгаар байгуулжээ. Энэхүү гэрээний дагуу 2014 онд 3.899,88 тн нүүрсийг 60.000 төгрөгөөр тооцон нийлүүлсэн байна.

Улмаар хариуцагч талын хүсэлтээр амаар харилцан тохиролцсоны үндсэн дээр цаашид нийлүүлэх 1 тн нүүрсийг 45.000 төгрөгөөр тооцохоор болсон байна.

Нэг тонн нүүрсний үнэ 45.000 төгрөг болсон талаар зохигчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь сүүлд нийлүүлсэн нүүрсний төлбөрөө 45.000 төгрөгөөр тооцжээ.

Зохигчид 2014 оны 10 сарын 01-ний өдрийн нүүрс худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан талаар маргаж байх бөгөөд хариуцагч нь бичгийн гэрээгээ цуцалж, цаашид амаар тохиролцсоны дагуу нүүрсээ нийлүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөртэй тэнцэх хэмжээний доголдол байгаа учраас төлөхгүй гэж маргаж, нэхэмжлэгч нь гэрээндээ бичгээр үнийн талаар өөрчлөлт оруулаагүй боловч дээрх гэрээний дагуу нийлүүлэлт хийгдсэн гэж бичгээр байгуулсан гэрээг үндэслэн шаардаж байна.

Талуудын байгуулсан гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл түүнийг хавсралтаар оруулна. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь гэрээний салшгүй нэг хэсэг болно гэж заасан байх ба гэрээний үнэд өөрчлөлт оруулсан талаар хавсралт үйлдээгүй байна.

Хэдийгээр гэрээний үнэд оруулсан өөрчлөлтийг бичгээр хийгээгүй байх боловч худалдах, худалдан авах гэрээ нь хэлбэрийн хувьд бичгээр байгуулахыг шаардахгүй бөгөөд гэрээний үнийн өөрчлөлтийн талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэгч нь энэхүү үнийг баримталж төлбөрөө шаардаж байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж зааснаар хариуцагчийн гаргасан гэрээний үнийн саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул бичгээр байгуулсан гэрээндээ үнийн өөрчлөлт оруулсан байна гэж дүгнэлээ.

Хариуцагчийн татгалзал нь гэрээг бичгээр байгуулаагүй болон доголдолтой холбоотой гэх боловч доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргахад гэрээг заавал бичгээр байгуулсан байхыг шаардахгүй. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар доголдлыг илүүлснээс хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргаж худалдан авагч нь доголдолтой барааг солиулах, гэрээг цуцлах, доголдлыг өөрийн зардлаар арилгаж, зардлаа төлүүлэх эрхтэй байсан. Гэвч хариуцагч нийлүүлсэн нүүрсийг хүлээн авч, гомдлын шаардлага гаргаагүй, 6 сарын хугацаа нь дууссан байна.

Улмаар гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан тул хариуцагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар доголдолтой хэсгээр үнэ бууруулахаар шаардах эрхтэй байсан боловч шаардаж байсан баримт байхгүй байна. Мөн хариуцагч талаас худалдан авсан нүүрс нь доголдолтой болох, доголдолтой хөрөнгийн хэмжээ, үнэ өртөг нь нэхэмжлэлийн үнийн дүнтэй тэнцүү болох, доголдлын талаар нэхэмжлэгчид шаардлага тавьж байсан болохоо тус тус баримтаар нотолж мэтгэлцээгүй болно.

Шүүх хуралдаанд хариуцагч нь хүлээн авсан нүүрсний хэмжээ, төлсөн төлбөрийн хэмжээний талаар маргаагүй тул 53.218.700 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна гэж дүгнэн хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан бөгөөд талуудын байгуулсан гэрээний талаар шаардлага гаргах хугацаа гэрээнд зааснаар 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дуусахаар байжээ. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7-т Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж зааснаар хариуцагчийн хамгийн сүүлд төлбөр төлсөн 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хугацааг шинээр тоолохоор байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан гэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.