Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-02-05
Дугаар 435
Хэргийн индекс 102/2019/03194/И
Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунбаатарын Мөнхцэцэг
Нэхэмжлэгч А6Х
Хариуцагч Н.Ч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, хороолол, 131/5 дугаар байр,  тоот хаягт оршин суух, Батх овогт Алрэлийн Хор /РД:УП99/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, дугаар байр,  тоот хаягт оршин суух, Хэ овогт Нийн олд /РД:ЧЗ/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 1.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Зулаа нар оролцов.

                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Х би 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өөрийн өмчлөлийн 39-29 УБ улсын дугаартай Кавасаки Нинжа 250 маркийн мотоциклоор Буянт-Ухаа чиглэлээс Сонсголонгийн зам руу орохоор Нисэхийн аюулгүйн тойрогт зөв эгнээ байр эзлэн шилжин ороод явж байтал 4 дүгээр эгнээ буюу аюулгүйн тойрогт шахаж явсан Тоёота Хариер маркийн машин гэнэт Яармагийн зам руу шилжиж намайг дайрч унагаж, улмаар зогсолгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлж, Яармагийн замын хамгийн зүүн гар талын 4 дүгээр эгнээнд очиж зогссон. Уг зам тээврийн ослын зөрчил зохих журмын дагуу явагдаж осолд холбогдогч Н.Чын буруутай гэдэг нь 100 хувь тогтоогдож, холбогдох акт, шийтгэврийн хуудас гарсан боловч уг этгээд нь элдэв арга мэх хэрэглэн бултан зайлж, хохирол барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн тул нэхэмжлэл гаргаж байна. Иймд үнэлгээгээр тогтоогдсон 1.295.000 төгрөг, эмчилгээний зардал болон бусад зардалд 205.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Чын шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 3 дугаар сарын 12-нд Хан-Уул дүүргийн Буянт Ухаа орчмын хэсэгт аюулгүйн тойрогт А.Х нь өөрийн эзэмшлийн мотоциклоор замын хөдөлгөөний дүрмийг зөрчин миний унаж явсан автомашиныг ирж мөргөсөн болно. Тухайн үед Хан-Уул дүүргийн Замын цагдаад ослын талаар дуудлага өгч, ахмад Б.Мөнхдалай хэргийн газарт үзлэг хийсэн боловч хэргийн газрыг буруу зуран дараагийн шатны мөрдөн байцаагч ахмад Х.Эрдэнэтуулд шилжсэн. Үйл явдлын талаар болсон бүх зүйлийг амаар тайлбар өгсөн боловч мөрдөн байцаагч мэргэжлийн ур чадвар гаргалгүй, нэг талыг барьж, сайн судлалгүй яаруу сандруу өөрийн үзэмжээр дүгнэлт гарган, намайг гэм буруутайгаар шийдвэр гаргасан болно. Ахмад Х.Эрдэнэтуулын дүгнэлттэй миний санал нийлээгүй тул удирдах байгууллагуудад гомдол гаргасан болно. А.Х нь үйл явдал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад цагдаагийн гаргасан дүгнэлтийн дагуу 1.500.000 төгрөгийн хохирол нэхэмжилж шүүхэд хандсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн эцэг эх осол гарах үед байгаагүй байж байсан мэтээр худлаа ярьж, ноцтой гэмт хэрэгтэн мэтээр хүн гүтгэж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч нь гэнэт л машины урдуур орж ирээд осол болсон. А.Хын буруугаас зам тээврийн осол гарсан тул хохирлыг төлөхгүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

           

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч Н.Чод холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1.295.000 төгрөг, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 205.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь зам тээврийн осол нэхэмжлэгчийн буруугаас гарсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Н.Ч нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 15 минутын үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нисэхийн аюулгүйн тойрог замд Тоёота Хариер маркийн 59-49 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа нэхэмжлэгч А.Хын жолоодон явсан Кавасаки маркийн 39-29 УБ дугаартай мотоциклийг мөргөж, жолооч А.Хын эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учруулжээ. Хариуцагчийн гэм буруутай үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь Замын Цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 0015608 дугаартай Шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.

Хэдийгээр хариуцагч зам тээврийн осол нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж гарсан, холбогдох удирдлагад нь гомдол гаргаад шийдвэрлэгдээгүй байгаа гэж татгалзсан боловч түүний татгалзал баримтаар нотлогдоогүй, зөрчил шалган шийдвэрлэх явцад болон шийтгэлийн хуудсаар торгох хариуцлага хүлээлгэсэн талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу гомдол гаргаж, шийдвэрлүүлээгүй, шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болж, торгуулийг хариуцагч төлсөн зэргээс хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3370 тоот шинжээчийн дүгнэлтээр, нэхэмжлэгчийн эзэмшлийн Кавасаки маркийн 39-29 УБ дугаартай мотоциклд 1.295.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 200 тоот Автомашин техникийн үнэлгээний тайлангаар тус тус тогтоогдлоо.

Иймд нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас учирсан эрүүл мэндийн хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу тус тус шаардах эрхтэй, хариуцагч хохирлыг төлөх үүрэгтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч эд хөрөнгөд учирсан хохирлоо мотоциклоо засварлаагүй байгаа гэж тайлбарлаж, Хас үнэлгээ ХХК-ийн тайлангаар тооцон, 1.295.000 төгрөгийг шаардсан бөгөөд хариуцагч энэхүү үнэлгээний талаар маргаагүй тул үнэлгээний тайлангаар эд хөрөнгөд учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжлэгч 205.000 төгрөг шаардсан бөгөөд хэрэгт суга таяг авсан 45.000 төгрөг, компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн 340.000 төгрөг, нийт 385.000 төгрөгийн зардал гарсан баримтыг нэхэмжлэгчээс гаргаж өгсөн боловч 205.000 төгрөгийг шаардаж байх тул шаардсан хэмжээгээр хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 1.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.