Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-01-20
Дугаар 283
Хэргийн индекс 102/2019/03732/И
Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунбаатарын Мөнхцэцэг
Нэхэмжлэгч А
Хариуцагч УБТЗ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөдөлмөрийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, Бэ дугаар гудамж, 71 тоот хаягт оршин суух, Тух овогт  Алтм /РД:О475/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-42, өөрийн байранд байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, Т.Энхбаатар, гэрч Ц.Тулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оны 10 сард Улаанбаатар Төмөр замд ажилд орсон. 2019 оны 5 дугаар сараас эхлэн урсгал засварын мастерын ажлаа хүлээлгэн өгөөд цэцэрлэгийн гадна болон дотор заслын ажил хийх болсон. Гадна засварын ажлыг хугацаанд нь хийх боломжгүй болоод ажилчид хайж байсан. Тэр үед нэхэмжлэгч н.Бат-Эрдэнэ, н.Түмэндэлгэр нарыг танилцуулж, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ажлаа эхлүүл гэдэг чиглэл хүлээн авсан. Ерөнхий инженер Х.Алтанзул нэхэмжлэгчид ажилчдад хяналт тавь гэж үүрэг болгосон. Ажлаа 2019 оны 8 дугаар сарын 31-нд хүлээлгэж өгсөн. Тэгээд 2019 оны 9 дүгээр сард орсон борооноор н.Бат-Эрдэнэ, н.Түмэндэлгэр нарын хийсэн оохор нь урссан. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан н.Бат-Эрдэнэ, н.Түмэндэлгэр нарын дутуу ажлын гүйцэтгэлийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Д.Ад хариуцуулж, алдагдлыг цалингаасаа төлөхгүй бол ажлаас хална гэж хэлээд бичиг бичүүлж авсан. Тэгээд 2019 оны 10 сард ажлаас халсан. Үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байгаа учраас ажилд эгүүлэн тогтоолгож, өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Д.Аын хувьд Улаанбаатар Төмөр замд 2009 онд ажилд орсон. 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ажил хариуцах хүнийг сонгох тушаалаар түүнийг мастерын ажилд түр томилсон байдаг. Гэтэл тэрээр ажил хариуцах хугацаандаа өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүрэг гүйцэтгэсэн. Н.Бат-Эрдэнэ, н.Түмэндэлгэр нартай амаар тохирч ажил хийлгэсэн ба уг ажил нь гүйцэтгэлийн чанар муу байснаас байгууллагад 3.574.800 төгрөгийн хохирол учирсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. 2019 оны 10 дугаар сард ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээний 5.3.9-д заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.А нь Улаанбаатар Төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний ангийн урсгал засвар ба тохижилтын хэсэгт мастераас ажиллаж байгаад Барилга ашиглалт, үйлчилгээний ангийн даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б-82 тоот тушаалаар мөн өдрөөс зам шугам хариуцсан ажилтан 5 дугаар зэрэгтэйгээр ажиллуулахаар томилжээ.

Улмаар Улаанбаатар Төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б-224 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ангийн даргын удирдан хийсэн шуурхай хурлын шийдвэрийг үндэслэн Д.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгч нь сахилгын ноцтой зөрчил гаргаагүй, хариуцуулсан ажил биш бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг хариуцахгүй, гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтан биш тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийг Ирээдүй цэцэрлэгийн гадна фасадны ажлыг хийх явцдаа технологийн дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй, өөрийн буруугаас материалын үргүй зардал гарсан нь тогтоогдсон тул Д.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.9-д заасан ноцтой зөрчилд хамаарч байсан тул ажлаас халсан нь үндэслэлтэй гэж татгалзаж байна.

Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б-224 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх буюу гаргасан зөрчлийг шалгасан материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдох ёстой.

2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тус ангийн даргын удирдан хийсэн шуурхай хурлын тэмдэглэлд Ирээдүй цэцэрлэгийн гадна фасадны ажилд гологдол гарсан талаар хэлэлцсэн байх бөгөөд 3.875.000 төгрөгийн материалын үргүй зардал гарсан талаар танилцуулжээ.

Тус шуурхай хурлаас өмнө 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр тус ангийн даргын удирдан хийсэн хурлын тэмдэглэлд хохирлын хэмжээг тогтоох, холбогдох хүмүүсээс тодорхойлолт авах талаар шийдвэрлэж, нэхэмжлэгчээс хохирлыг барагдуулах талаар тодорхойлолт гаргаж өгсөн байна.

Гэвч материалын үргүй зардал гарсан асуудал нь нэхэмжлэгчийн шууд буруутай үйл ажиллагаатай, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ технологийн дагуу хэрэгжүүлээгүйтэй холбоотой болох нь тогтоогдохгүйгээс гадна тухайн материалын зардал нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй илүү хамааралтай, тус гэрээг нэхэмжлэгч эрх мэдлээ хэтрүүлж байгуулсан гэж үзэх боломжгүй, гэрчийн мэдүүлэг, гэрээнд зурагдсан гарын үсэг, хурлаар хэлэлцсэн байдлаар нэхэмжлэгч гэрээний нэг талыг санал болгосон байна.

Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй байх тул хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б-224 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалттай нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Д.Аыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний үйлчилгээний 2 дугаар ангийн шугам зам хариуцсан ажилтан ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан авахаар шаардах эрхтэй байна.

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу тооцоход 7 дугаар сард 11.735.221 төгрөг 37 мөнгө, 8 дугаар сард 1.289.870 төгрөг 92 мөнгө, 9 дүгээр сард 1.393.121 төгрөг 40 мөнгө, нийт гурван сарын цалин 4.418.213 төгрөг 69 мөнгө, 7 дугаар сард ажлын 17 хоног, 8 дугаар сард ажлын 22 хоног, 9 дүгээр сард ажлын 21 хоног, нийт ажлын 60 хоног, нэг өдрийн цалинг 73.636 төгрөг 90 мөнгө байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2019 оны 10 сард ажлын 20 хоног, 11 дүгээр сард ажлын 19 хоног, 12 дугаар сард ажлын 22 хоног, 2020 оны 1 дүгээр сард ажлын 13 хоног, нийт ажлын 74 хоног, ажилгүй хугацааны цалин хөлсний олговорт 73.636 төг 90 мөн х 74 хоног = 5.449.130 төг 60 мөнгө /холбогдох суутгалыг хийх/-ийг гаргуулах үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийн дагуу хариуцагчаас 102.136 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2020.03.27 210/МА2020/00713 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Шаравын Оюунханд Д.А УБТЗ ХНН