Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-21
Дугаар 001/ХТ2016/00756
Хэргийн индекс 101/2015/05890/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Б.Байгалмаа
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

 Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Байгалмаа нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан, зээлийн төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа зах зээлийн үнээс хямдаар үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Төлбөр төлөгч Б.Байгалмаа төлбөрт хураагдсан өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх алба шинжээч томилж, эд хөрөнгийг үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх заалтад нийцсэн байна.

Шинжээчийн үнэлсэн үнэлгээг зах зээлийн үнийн доод түвшингээр, хямд төсөр үнэлсэн гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Иймд шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлгүй гарсан гэх хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засч шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

     1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 755 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Байгалмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

                                      ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.