Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх
нарийн бичгийн даргын 2012 оны
06 дугаар сарын 08 өдрийн 61 дугаар
тушаалын 2 дугаар хавсралт
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ЦАХИМ САНГ
АШИГЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү гэрээг нэг талаас Шүүхийн Ерөнхий зөвлөл (цаашид “шүүх” гэнэ)
нөгөө талаас хэрэглэгчээр бүртгүүлж, хэрэглэгчийн нэр, нууц үг авсан этгээд (цаашид “хэрэглэгч” гэх) нар харилцан тохиролцож www.shuukh.mn буюу шүүхийн шийдвэрийн цахим сангаас шүүхийн шийдвэр болон бусад мэдээллийг татан авч, ашиглахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү цахим сан дахь мэдээллийг зөвхөн шүүхийн практик судлал, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйл ажиллагаа болон хэргийн оролцогчийн хувийн хэрэгцээнд ашиглана.
Хоёр. Шүүхийн эрх, үүрэг
2.1. Шүүх хэрэглэгчийн нэр, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллийг зөвхөн энэ шийдвэрийн цахим санг ашиглах журмын хэрэгжилттэй холбогдуулан хэрэглэгчийг олж тодорхойлох эрхтэй.
2.2. Шүүх хэрэглэгч тус бүр хэзээ, хэдэн удаа шийдвэрийн санд нэвтэрч, ямар дугаар, огноо бүхий шийдвэр татан авсан тухай мэдээллийг хянах эрхтэй
2.3. Шүүх хэрэглэгчийн талаарх мэдээллийг энэ журмын 1.2-д зааснаас бусад зорилгоор ашиглахгүй байх үүрэгтэй.
Гурав. Хэрэглэгчийн эрх, үүрэг
3.1. Иргэд, олон нийт шүүхийн шийдвэрийн цахим санд холбогдон шүүхийн шийдвэрийн талаарх мэдээллийг үзэх боломжтой бөгөөд шийдвэрийг бүрэн эхээр нь татан авах бол энэхүү гэрээтэй танилцаж, зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэгчээр бүртгүүлэх эрхтэй.
3.2. Хэрэглэгч нь энэхүү цахим сан дахь шүүхийн шийдвэрийг татан авч хэрэглэхдээ гагцхүү энэ журмын 1.2–т заасан зориулалтаар ашиглах эрхтэй.
3.3.Хэрэглэгч өөрийн нэр, хаяг бусад мэдээллийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.
3.4. Хэрэглэгчийн нэр, нууц үгээ бусдад шилжүүлэх, хэрэглүүлэхгүй байх үүрэгтэй.
3.5. Хэрэглэгч шүүхийн шийдвэрийн цахим сангаас татан авсан шийдвэрийн агуулгыг ямар нэгэн байдлаар засварлах, өөрчлөн нийтлэх, тараах, хэвлэхгүй байх үүрэгтэй.
3.6.Хэрэглэгч цахим сангаас татаж авсан шийдвэрийг Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуулиар нууцад хамааруулснаас гадна өөр бусад байдлаар төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарах аливаа мэдээ, мэдээллийг хуульд нийцээгүй, зөвшөөрөөгүй хэлбэрээр ашиглах, өөр бусдад тараах, задруулахгүй байх үүрэгтэй.
3.7. Хэрэглэгч цахим сангаас татаж авсан шийдвэрийг хувилан тараах, худалдан борлуулах, ухуулга сурталчилгааны болон бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдах зорилгоор ашиглахгүй байх үүрэгтэй.
Дөрөв. Гэрээ хүчин төгөлдөр болох
4.1. Хэрэглэгч “Би зөвшөөрч байна” гэснийг сонгож “Бүртгүүлье” гэсэн товчлуурыг дарж, бүртгүүлж нууц үг авснаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно.
4.2. Хэрэглэгч шийдвэрийн цахим санг ашиглах гэрээг байгуулснаар шүүхийн шийдвэрийн хуулбар хувийг татан авах бүрд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс тогтоосон төлбөрийг хийнэ.
Тав. Хариуцлага
5.1. Хэрэглэгч энэхүү журамд заасан үүрэг болон хориглосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд шүүх өөрийн санаачлагаар тухайн хэрэглэгчийн “шийдвэрийн цахим сан”-д нэвтрэх эрхийг хасч, хэрэглэгчийн бүртгэлийг хүчингүй болгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардана.
5.2. Энэхүү гэрээг зөрчсөнөөс бусдын учруулсан хохирлыг хэрэглэгч хариуцна.
-оОо-