Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-03-12
Дугаар 123/ШШ2019/0007
Хэргийн индекс 123/2018/0041/З
Шүүх Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бат-Өлзийгийн Хажидмаа
Нэхэмжлэгч "Ц.С.А" ХХК
Хариуцагч Төв аймгийн Эрдэнэсант сумын З.Д
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Д.Д, Д.Ч, С.Г, У.Н, Д.Ч, Ц.Ш, Л.Б, Н.М, Ж.Б, “Д.Б” ХХК, “И.Б.У” ХХК
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 12 өдөр                 Дугаар                                                  Зуунмод сум

                                              123/ШШ2019/0007

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Цээл сант агро” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга нарт  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10/45 дугаартай захирамж, Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хуралдааны  09 дүгээр тогтоол”-ыг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Цээл сант агро” ХХК-ийн захирал М.Ариунтулга, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт, хариуцагч Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхцэцэг, сумын Засаг дарга Ө.Машбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Цээл сант агро” ХХК-ийн захирал М.Ариунтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цээл Сант Агро” ХХК нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын А/186 тоот захирамжаар 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 18478250592799 гэсэн нэгж талбарын дугаартай 372 га газар, 18479248294262 нэгж талбарын дугаартай 420 га  газар, 18480550352220 нэгж талбарын дугаартай 218 га нийт 1010 га газрыг эзэмших талаар гэрээ байгуулсан. Манай компани 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Газрын албанд Газрын тухай хуулийн 36 дугаар зүйл газар эзэмших гэрчилгээний дуудлага худалдааны үнэ болох 19.457.950 төгрөг төлсөн болно. Эрдэнэсант сумын Засаг зарга 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10/45 дугаартай захирамжаар манай компанийн эзэмшиж байсан нийт 1010 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Энэ захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргавал энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшигчид мэдэгдэнэ гэснийг зөрчиж өнөөг хүртэл манай компанид мэдэгдээгүй байх тул Эрдэнэсант сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар 05-ны өдрийн 10/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Эрдэнэсант сумын газрын даамалтай эзэмших газрын талбайн хэмжээг тогтоосон актыг үйлдэн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Эрдэнэсант суманд газрын асуудал эрхэлсэн газрын даамал Мядагмаатай  байгуулсан. “Цээл Сант Агро” ХХК-иас Төв аймгийн газрын албанд газрын төлбөр болох 19.457.950 төгрөгийг тушааж өөрийн компанийн зүгээс газрын төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. Эрдэнэсант сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10/45 тоот захирамжаар Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хуралдааны 09 дүгээр тогтоолыг үндэслэн “Цээл Сант Агро” ХХК-ийн 1010 га газрын газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн тайлбар, гаргаж өгсөн нотлох баримт, хэргийн материалтай танилцах явцад Эрдэнэсант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хуралдааны 09 дүгээр тогтоолын даалгах хэсгийн 1 дэх хэсэгт “Цээл Сант Агро” ХХК-ийн 1010 га газрын тариалангийн талбайг хураан авахыг шийдвэрлэсэн болохыг мэдсэн. Эрдэнэсант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хуралдааны 09 дүгээр тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн хууль бус эрх зүйн акт гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батзоригт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2014 онд газар тариалангийн асуудлаар цаашдаа яах талаар албан ёсоор хандсан. 2014 онд манай санхүү, эдийн засгийн нөхцөл боломж тааруу байна. Засаг даргатай рабс таръя гэж санал тавихад Эрдэнэсантад рабс тарих боломжгүй гэдэг асуудлаар үйл ажиллагааг няцаасан. 2014 онд иргэдийн Төлөөлөгчийн Хуралд албан тоотыг хүргүүлсэн. 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн захирамж гарсантай холбоотой “Цээл Сант Агро” ХХК-д мэдэгдээгүй. Мэдэгдээгүй гэх үндэслэл нь танай газрын даамал гэрчийн мэдүүлэг өгсөн. Өгөхдөө худлаа ярьсан. “Цээл Сант Агро” ХХК-д М.Ариунтулга гэх этгээд үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл өнөөдөр хэнд мэдэгдсэн гээд байгаа нь ойлгомжгүй. Бид нараас цуцалсан танайх гэрчилгээгээ авчирч өг гэж нэг ч удаа шаардаагүй. 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш “Өдрийн сонинд” зар тавьсныг “Цээл Сант Агро” ХХК-д мэдэгдсэн гэж үзэж байгаа бол андуурч байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байдал үүсээд байна газрыг цуцаллаа гэдэг талаар мэдэгдээгүй.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хуралдааны 09 дүгээр тогтоолыг гаргахдаа хуульд байхгүй нэр томьёог хэрэглэсэн. Эдгээр этгээдүүдэд иргэний газрыг хураан авах эрх, эрх зүйн үндэслэл байхгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “хураах” гэдэг үг байхгүй. “Хураах” гэдэг үг байхгүй тул 09 дүгээр тогтоол илт хууль бус гэж үзэж байгаа.

Энэ газрыг авахдаа “Цээл Сант Агро” ХХК-ийн 20.000.000 төгрөгийг Төв аймгийн Эрдэнэсант сумын газрын төрийн санд төлсөн. Шударгаар 20.000.000 төгрөгийг төлөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Газрын гэрээ хуулийн дагуу хийгдсэн.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 09 дүгээр тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзсэн хууль зүйн үндэслэлээ тайлбарлая. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд сум дүүргийн Хурлын бүрэн эрхийг заасан байгаа. Хурлын төсөв батлах, нутаг дэвсгэрийн эдийн засгийн нийгмийн хөгжлийн талаар, нутаг дэвсгэрийн эдийн засгийн дунд хугацааны бодлого, жилийн эцсийн эдийн засаг, үндсэн чиглэл тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах, Засаг даргын өргөн мэдүүлснээр төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, нутаг дэвсгэрийн газар зүйн зохистой ажиллах үржил шимийг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөр батлах, нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн 2 үүрэг байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлийг сая судалж уншихад хураан авах тухай яригдсан. Хураах гэж тогтоолдоо буруу бичигдсэн, буруу хэрэглэсэн байна гэж тайлбарласан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангана гэж заасан зарчмыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан эрх зүйн акт утга агуулгын илэрхий алдаатай болсон. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар тухайн захиргааны акт гарсан цагаасаа эхлээд эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж заасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 09 тоот тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47.3, 47.2, 47.1.1-т заасныг зөрчсөн байна гэж үзэж байгаа.  Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлд сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг заасан. Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 тоот тогтоолын 1.11-т  “... мэдэгдэнэ ...” гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ гэж заасан байдаг. Илт хууль бус актыг үндэслэж, захирамж гарсан тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 09 дүгээр тогтоол, Эрдэнэсант сумын Засаг даргын захирамж хуульд нийцээгүй тул хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоол утга агуулгын хувьд алдаатай, илт хууль бус акт гарсан тул илт хууль бус актаар тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг дарга Ө.Машбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэсант сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хуралдааны 09 дүгээр тогтоол тухайн гэрээнд заасан заалт, Газрын тухай хуулийн дагуу “Цээл сант агро” ХХК-ийн 1010 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг  Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 40.1.6-д  “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол” газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасны дагуу хүчингүй болгосон. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор хураасан газрыг эргүүлээд газар тариалангийн чиглэлээр ажиллаж байсан иргэдэд хуулийн хүрээнд давуу эрхээр олгосон. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар мэдэгдэх хуудсыг тухайн үед газрын даамал байсан Мядагмаа эдний өөрсдийн холбогдоорой гэсэн утас руу нь залгаж, мессеж бичээд дараа нь тухайн газрыг хүчингүй болгож “Өдрийн сонин”-ы 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаарт зарлуулж, хүчингүй болгосныг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Тухайн үед утсаа авахгүй байхаар нь мессеж бичээд орхисон гэдэг. Нэхэмжлэгч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд газрыг хураах талаар  мэдсэн тухайгаа  албан бичгээр хариу өгсөн байдаг. Тиймээс нэхэмжлэгч тал энэ тухай мэдээгүй, мэдэгдээгүй гэж үзэхгүй,  мэдсэн байна гэж ойлгож байгаа. “Цээлсант агро” ХХК-нь газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгээ өөрсдөө хэлдэг. Ашиглах боломжгүй гэсэн хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй. Иймд хууль зөрчсөн гэж үзнэ.

Засаг дарга захирамж гаргаж газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байгаа. Хурлын тогтоол дээр “хураах” гэдэг үг буруу хэрэглэсэн гэж яригдаж байсан. Тухайн үед  Газрын 3 дугаар аяныг хэрэгжүүлж, газрыг эргэлтэд яаралтай оруул гэдэг төрөөс баримталж байгаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлсэн.  Жил болгоны эхний улиралд газар эзэмших гэрээг байгуулах ёстой байгаа. Гэтэл гэрээгээ дүгнүүлж, гэрээгээ сунгаж байгаагүй. Газрын тухай хуульд заасны дагуу төр өөрийн газраа эргэлтэд оруулж, улс орны эдийн засагт оруулах хувь нэмэр, иргэдийн амьдралын баталгааг хангах зорилгоор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол иргэдийн өмнөөс гарсан тогтоол юм. Гаргасан шийдвэр хуулийн дагуу гарсан гэж үзэж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд газар эзэмших эрхийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцсэн.  Гэрээний заалтыг бүрэн хэрэгжүүлж, орон нутагт хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг хангаж ажиллах нь газар эзэмшиж байгаа аж ахуй нэгж, иргэний үүрэг байгаа. Хууль зөрчигдвөл өөрийн гаргасан шийдвэрээ  Засаг дарга өөрөө хүчингүй болгох эрхтэй.  Энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн  тайлбартаа:   Манай хурлаас тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “з” дэх заалт, тухайн үед мөрдөгдөж байсан Тариалангийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жилээр ашиглаагүй тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас “Цээл сант агро” ХХК-ийн Цувраагийн үзүүрийн 1010 га тариалангийн талбайг хураан авах шийдвэрийг гаргасан нь хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд дээрхи тогтоолыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй болохыг уламжилж байна. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн аравдугаар хуралдааны 09 дүгээр тогтоолыг гаргах үед Захиргааны Ерөнхий хууль хэрэгжиж эхлээгүй байсан тул уг хуулийн заалтуудыг зөрчөөгүй. /2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр эхлэн дагаж мөрдсөн/. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хуралдааны 09 дүгээр тогтоолын 1 дүгээр хэсэгт “Цээл Сант Агро” ХХК-ийн газар тариалангийн газрыг хураах заалт орсон байгаа. 2 жил ашиглаагүй бол хураана гэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан, мөн газар эзэмших гэрээндээ тусгасан байгаа. Ийм учраас хуульд нийцсэн тогтоол, шийдвэр гарсан гэж үзэж байна. Тогтоолд заавал газрыг хүчингүй болгох гэсэн заалт орох шаардлагагүй гэж үзэж байна, харин газрыг хураах гэж үг андуурч бичсэн байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол Засаг даргад үүрэг өгдөг байгууллага. Газрыг хураах нь зөв гэсэн шийдвэрээ Засаг даргад өгсөн. Засаг дарга тухайн газрыг эзэмшүүлэх захирамж гаргаж, гэрээ байгуулсан хүн учир гаргасан захирамжаа хүчингүй болгох эрх нь өөрт нь байдаг тул гэрчилгээг хүчингүй болгох захирамжийг гаргасан байдаг. Нэхэмжлэгч нь газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, мөн манай хүргүүлсэн 2014 оны албан бичгээрээ ч үүнийг илэрхийлсэн байдаг. Иймд хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч  “Цээл сант агро” ХХК-иас  шүүхэд хандан “Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10/45 дугаартай захирамж, Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хуралдааны  09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг  хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбар мэдүүлэгт тулгуурлан дор дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий акт болох Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10/45 дугаартай захирамж, Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хуралдааны 09 дүгээр тогтоол нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргавал энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшигчид мэдэгдэнэ гэснийг зөрчиж өнөөг хүртэл манай компанид мэдэгдээгүй, “Цээл Сант Агро” ХХК-иас газрын дуудлага худалдааны үнэ гэж 19.457.950 төгрөгийг тушааж, газрын төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Эрдэнэсант сумын  газрын даамал Мядагмаатай газар эзэмших  гэрээ байгуулсан. Мөн Эрдэнэсант сумын Засаг дарга 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10/45 тоот захирамжийг гаргахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хуралдааны 09 дүгээр илт хууль бус тогтоолыг үндэслэж гаргасан. Учир нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Газрын тухай хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар манай газрыг хураан авах эрх хэмжээ байхгүй, “хураах” гэдэг заалт байхгүй, энэ тухайгаа бидэнд мэдэгдээгүй үүгээрээ Газрын тухай болон Захиргааны ерөнхий хууль зөрчсөн гэж.

Хариуцагч нар нь “Цээл Сант агро” ХХК нь газар эзэмших гэрээ болон Газрын тухай хуульд зааснаар 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  ашиглаагүй. “Тариалангын хоёрдугаар аян” эхэлж газрыг эргэлтэнд оруулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой байсан тул хууль, гэрээгээ зөрчсөн гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, энэ тухай манай газрын даамал тухайн үед нь утсаар мэдэгдсэн, мөн “Өдрийн сонин”-гоор дамжуулан мэдэгдсэн, нэхэмжлэгч нь мэдсэн учраас эдийн засгийн байдлаас болж газартаа тариалалт хийх боломжгүй байгаа тухайгаа албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлсэн байдаг гэж тус тус маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрхи 2 шаардлага буюу маргааны хууль зүйн үндэслэлийг авч үзвэл:

Нэхэмжлэгч “Цээлсант агро” ХХК нь  Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын  2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/186 дугаар “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар “Шандаст хонгор” ХХК-иас Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр баг Цувраагийн үзүүр гэх газарт байрших 18478250592799 гэсэн нэгж талбарын дугаартай 372 га газар, 18479248294262 нэгж талбарын дугаартай 420 га  газар, 18480550352220 нэгж талбарын дугаартай 218 га нийт 1010 га газрыг үр тариа тариалах зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг шилжүүлэн авсан байх бөгөөд /х.х 12/ сумын газрын даамал Д.Мядагмаатай 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, мөн өдөр 0293848, 0293849, 0293850 дугаар бүхий газар эзэмших эрхийн 3 гэрчилгээ олгогдож газар эзэмших эрх үүссэн болох нь хавтаст хэрэг авагдсан дээрхи захирамж, гэрээ, гэрчилгээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газрын баталгаат хэмжээ тогтоосон акт, кадастрын зураг зэрэг бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. /х.х 6-11, 15-19/

Мөн ийнхүү газар эзэмшихдээ газрын үнэ гэж Төрийн санд 19487950 төгрөгийг 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр, 2012-2014 онуудад газрын төлбөрт нийт 1459900 төгрөгийг тус тус төлсөн болох нь Төв аймгийн ГХБХБГазрын 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 07/35 тоот албан бичиг болон талуудын тайлбараар нотлогдож байна. /х.х 35-40/

1.Хариуцагч Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хуралдаанаараа “. . . Газар тариалангийн талаар баримтлах бодлого, орон нутгаас батлагдан гарсан бодлогын баримт бичгүүдийг үл тоомсорлон, байгуулсан гэрээгээ хэрэгжүүлэн ажиллахгүй байгаа аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцон ажиллах шаардлагатай байгаа болон  . . . . газар тариалангийн талаар гарсан хууль, тогтоомж, бодлого хөтөлбөр, заавар, журам, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх асуудлын талаар хэлэлцээд мөн өдрийн 09 дүгээр тогтоолын 1.1 дэх заалтаар  “Тариалангийн газрыг эзэмшигч  аж ахуйн нэгжүүдээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэн . . ., “Цээлсант агро” ХХК-ийн эзэмшил бүхий Цувраагийн үзүүрийн 1010 га тариалангийн газрыг хураан авах  гэж шийдвэрлэжээ./х.х 32-33/

Хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “  . . . бусад байгууллага, албан тушаалтанд харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж, бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ” гэж, 18.1.2-ын “з”-д “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, . . .” гэж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “. . . сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 20.2.2-д “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж  тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий 09 дүгээр тогтоолыг гаргасан байх тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь дээрхи хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд газар тариалангийн талаар төрөөс баримталж буй бодлого, Газрын тухай хууль, тогтоомж, газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг, гэрээний хэрэгжилтийн  талаар хуулийн дагуу гаргасан шийдвэр байна гэж үзлээ.

Мөн  “Цээлсант агро” ХХК-ийг  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасны дагуу 2 жил дараалан ашиглаагүй  гэсэн үндэслэлээр түүний эзэмшил бүхий 1010 га газрыг хураан авах гэж шийдвэрлэсэн байх бөгөөд  “Цээлсант агро” ХХК нь сумын Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/186 дугаар захирамжаар газар эзэмшсэнээс хойш газраа 2 жил дараалан ашиглаагүй болохоо хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул хариуцагчийг Газрын тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна, мөн  нэхэмжлэгч нь “газрыг хураах” гэсэн заалт  Газрын тухай хуульд  байхгүй тул илт хууль бус акт гэж маргах  боловч хариуцагч нь тухайн үед 09 дүгээр тогтоолд “хураах” гэсэн үг нь бичилтийн алдаа болсон гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул “хураах” гэсэн үг, бичилтээс  нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй, мөн 1010 га газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар, хэрэгт өөрөө нотлох баримтаар гаргаж өгсөн “Цээлсант агро” ХХК-иас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичиг, гэрчийн мэдүүлэг болон талуудын тайлбар зэргээр нотлогдож байх тул маргаан бүхий 09 дүгээр тогтоолыг илт хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байна.

2.Хариуцагч Эрдэнэсант сумын Засаг дарга нь маргаан бүхий  2015 оны 02  дугаар сарын 05-ны өдрийн 10/45 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаараа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааны 09 тоот тогтоолыг үндэслэн тариалангийн газар эзэмшигч “Цээлсант агро” ХХК-ийг 1010 га газрыг эзэмших хугацаандаа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй учраас эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч  ийнхүү шийдвэрлэхдээ үндэслэл болгосон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 09 дүгээр тогтоол нь дээрхи үндэслэлүүдээр илт хууль бус болох нь тогтоогдоогүй, харин “Цээлсант агро” ХХК нь эзэмшил бүхий 1010 га газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нь тогтоогдсон тул Засаг даргын  2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10/45 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг маргаан бүхий актуудын  талаар  манайд мэдэгдээгүй, шүүх дээр хэрэг үүссэнээс хойш мэдсэн гэж маргах боловч хавтаст хэрэгт авагдсан “Цээлсант агро” ХХК-иас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн  “ ... 2013, 2014 хүндэтгэн үзэх шалтгаанаар эзэмшиж буй талбайдаа үйл ажиллагаа явуулж чадаагүй” гэсэн  2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичиг /х.х 29/,  сумын Засаг даргаас 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 208 /5160/ дугаартай “Өдрийн сонин”-д  “Цээлсант агро” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон тухай нийтлүүлсэн зар мэдээлэл, гэрч Мядагмаагийн тайлбар мэдүүлэг зэргээр хариуцагч нарыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол . . . Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшигч байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгээ хүлээн  зөвшөөрч байгаа хэдий ч үр тариа тариалах боломжгүй  ямар хүндэтгэн үзэх шалтгаан байснаа шүүхэд тайлбарлаж, нотолж чадаагүй болно.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нарыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6,  47 дугаар зүйлийн 47.1.1, 47.2, 47.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж маргах боловч   Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөхөөр батлагдсан тул маргаан бүхий дээрхи захиргааны актууд гарсан 2015 онд энэхүү хуулийн заалт  хэрэгжих  боломжгүй байсан тул хариуцагч нарыг энэ хуулийн дээрхи заалтуудыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Нөгөөтэйгүүр дээрхи маргаан бүхий 2 захиргааны акт нь хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул “Цээлсант агро” ХХК-ний эзэмшиж байсан 1010 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа  2015-2016 онуудад сумын Засаг даргын шийдвэрээр зарим иргэд, аж ахуйн нэгж байгууллагад тухайн газарт эзэмшүүлж, газар эзэмших эрх үүссэн  гуравдагч этгээд болох иргэн Д.Дашдэндэв, Д.Чойсүрэн, С.Гансүх, У.Нямсүрэн, Д.Чулуун, Ц.Шаравжамц, Л.Баттунгалаг, Н.Мөнхдэлгэр, Ж.Буяндалай, “Дөлгөөн батхаан” ХХК, “Их биндэр ургац”  ХХК нарын газар эзэмших эрх хөндөгдөхгүй гэж үзлээ.

Иймд дээрхи хууль зүйн үндэслэлүүдээр маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1, 20.2.1, 20.2.2,  40 дүгээр зүйлийн,  40.1.6, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “з”-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10/45 дугаартай захирамж, Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хуралдааны  09 дүгээр тогтоол”-ыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХАЖИДМАА

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.